| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2018/00485/И |
| Дугаар | 148/ШШ2018/00505 |
| Огноо | 2018-10-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 148/ШШ2018/00505
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ******* сум 6 дугаар баг 3 дугаар хэсэг гудамж 9-ийн 4 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт сувилагч ажилтай, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх, ******* овогт *******ын ******* РД:/*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сум 6 дугаар баг 3 дугаар хэсэг гудамж 9-ийн 4 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* РД:/*******/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтанбагана нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие О.******* нь 2004 онд Б.*******тай танилцаж, 2006 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн гэрлэлтээ батлуулж байсан. Бидний дундаас 2005 оны 12 сарын 15-ны өдөр охин С. төрж бид хамтдаа 2004 оноос эхлэн 2010 он хүртэл хадмындаа болон айлын өрөө хөлсөлж амьдарч ирсэн. Гэвч Б.******* нь 2011 оноос гэртээ ирэхээ больж, охин бид 2-ыг тоодоггүй, гадуур өөр гэр бүлийн харьцаатай болж, танихгүй эмэгтэй хүн над руу залгаж ... Б.*******аас салаад өг, би хүүхдийг нь гаргах гэж байгаа гэх мэтээр Б.*******тай нийлж намайг байнга хэл амаар доромжилж, миний эрх чөлөөнд халдаж намайг олон удаа зодож, би Цагдаагийн байгууллагад хүртэл хандаж байсан. Энэ тухайгаа нэхэмжлэлдээ хавсаргасан байгаа болно. Би цаашдаа Б.*******тай хамтран амьдрахаас айж байна. Иймд бидний гэр бүлийг цуцалж, охин С.д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэх.
Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Би 2004 онд Б.*******тай гэр бүл болж 2005 онд охин Б. төрсөн. Одоо 13 настай. Б.******* нь хамт амьдарч байх хугацаандаа намайг зоддог байсан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, эрх чөлөөнд нь халдсан гэсэн үндэслэлээр шүүхээс 10 хоногийн хугацаанд баривчлах, 18 цаг албадан сургалтад хамруулахаар шийтгэгдэж байсан. Б.******* нь хамт амьдрах хугацаандаа гэртээ ирдэггүй, хөзрөөр мөрийтэй тоглоом тоглодог байсан. Хариуцагч Б.******* нь өөр хүнтэй жил гаран хамт амьдарч байгаад ирсэн. Хамтран амьдарч байсан эмэгтэй нь над луу залгаж Б.*******аас салаад өг би Б.*******ын хүүхдийг тээж байгаа гэж хэлсэн. Мөн охин Б.-луу залгадаг. Иймээс би охиноо өөр дээрээ авч, Б.*******аас гэрлэлтээ цуцлуулж, охиндоо тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.*******гийн тус шүүхэд гаргасан ... Б.*******аас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: О.*******, Б.******* нар нь 2004 оноос хамтран амьдарсан бөгөөд 2006 онд гэрлэлтээ батлуулсан боловч нөхөр болох Б.******* нь 2011 оноос хойш гэр орондоо ирэхгүй, өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоосон, улмаар эхнэр О.*******г хэл амаар доромжилж, эрх чөлөөнд нь халдаж, олон удаа хүчирхийлж зодсоны улмаас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай зөрчлийн шийтгэврээр 10 хоногийн хугацаагаар баривчилж, 18 цагийн албадан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулж байснаас гадна энэ тухай нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэргийн 5-8 дугаар талд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 19-20 дугаар талд авагдсан охин С.гийн шүүхэд өгсөн тайлбар зэргээр энэхүү гэр бүлийн цаашдын хамтын амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй байдал (гэр бүлийн байнгын хүчирхийлэл үйлдэгддэг) тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцалж, 2005 онд төрсөн охин С.г түүний шүүхэд өгсөн санал, тайлбар, эхийнх нь хүсэлт зэргийг харгалзан эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдвал зохино.
Хариуцагчийг шүүхэд удаа дараа утас, мэдэгдэх хуудсаар дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан хийсэн болохыг дурдвал зохино.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (175.600:х12=2.107.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 48.665 нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.1, 132.4, 132.5, 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарын 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг мөн оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 33 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14 дүгээр зүйлийн 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин С.г эх О.*******гийн асрамжинд үлдээж, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 /-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжинд 48.665 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
10. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН