| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0130/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/132 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/132
2025 07 03 2025/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
улсын яллагч Б.Халиунгоо,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүжингоо,
шүүгдэгч Д.Найданпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Найданпүрэвт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2504000000121 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...... оны .......дугаар сарын ........-ний өдөр Төв аймгийн Ширээт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... аймгийн ........ сум, ........ дугаар багт мал малладаг, ам бүл 4, эхнэр, 5-10 насны 2 хүүхдийн хамт ........ аймгийн ......... сум, Галуут, ....... оршин суух, урьд
1.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
2.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ........овогт ................(РД:..........)
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Найданпүрэв нь 2025 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын гудамжинд тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас Г.Энхболдтой маргалдан түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, барьцалдан хашааны банз мөргөн унах зэргээр зодолдон улмаар түүний биед зулайн орой хэсэгт ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Найданпүрэв нь 2025 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын гудамжинд тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас Г.Энхболдтой маргалдан түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, барьцалдан хашааны банз мөргөн унах зэргээр зодолдон улмаар түүний биед зулайн орой хэсэгт ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.Найданпүрэвийн мэдүүлэг (хх-ийн 23-24, 34), хохирогч Г.Энхболдын мэдүүлэг (хх-ийн 11), гэрч Б.Төмөрхуягийн мэдүүлэг (хх-ийн 13), гэрч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг (хх-ийн 15), Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 180 дугаартай дүгнэлт (хх-ийн 18-19), хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 52), Г.Энхболдын Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөгт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 50), хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-5) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, ач холбогдолтой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.Найданпүрэв нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргасан ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Энхболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн (хх-ийн 11), шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 28,350 төгрөгийг төлж барагдуулсан (хх-ийн 51) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Найданпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Дагвасүрэнгийн Найданпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Найданпүрэвийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Найданпүрэвт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогч нь шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ