| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/02581/И |
| Дугаар | 101/ШШ2017/03051 |
| Огноо | 2017-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2017/03051
2017 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2017/03051
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0-р хороо Амарсанааагийн гудамж БГД. ЭМ, НДХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 0-р хороо, Эрэлийн 0 байр 0 тоотод байрлах С.Ц ХХК-д /РД:00 холбогдох,
8,129,916 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ц ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1,1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс 2014 оны 10 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 5,419,944 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна.
Тус компаний захиралд өрийг барагдуулахыг удаа дараа шаардаж байсан,харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлсэн бөгөөд удирдлагуудтай нь уулзаж шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн үр дүндээ хүрэлгүй өр авлага өсч барагдуулахад хүндрэлтэй болсон.
Иймд С.Ц ХХК-ний дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 5,419,944 төгрөг, алданги 2,709,972 төгрөг нийт 8,129,916 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Бл шүүхэд бигээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.Ц-ХХК ийг үүсгэн байгуулсан бөгөөд ерөнхий захирлын албыг хашдаг. Манай компани 2010-2014 оны 3-р улирлыг дуустал тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан. Нийгэмд үүссэн хямрал нөлөөлсөнөөс маш олон барилгын компаниудын хэвийн үйл ажиллагаа зогссон. Манай компанид ч нөлөөлж Нийгмийн даатгалын хэлтэст 5,419,944 төгрөгийн шимтгэлийн өр үүссэн.
Баянзүрх дүүргийн шүүхэд ирж нэхэмжлэлийг гардан авч байцаагч Э.С-тэй уулзаж 2017.06.25-ны дотор 5,419,944 төлж барагдуулбал алданги тооцохгүй, дурьдсан хугацаанд төлөхгүй бол 2,709,972 төгрөгийн алдангийг үндсэн төлбөрийн хамт төлөхөөр тохиролцсон болно гэжээ.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Тус компаний үйл ажиллагаанд нийгэмд үүссэн хямрал нөлөөлж үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд энэ нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлолт, ХААН банкны дансны хуулга, Татварын албаны тайлангаар нотлогдоно, иймд алданги болох 2,709,972 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыгшинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь БГД. ЭМ, НДХ нь хариуцагч С.Ц ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл
8,129,916 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь С.Ц ХХК нь нийгэмд үүссэн хямрал компаний үйл ажиллагаанд нөлөөлж байх тул алданги 2,709,972 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.
С.Ц ХХК нь барилгын засвар, засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулдаг, гүйцэтгэх захирлаар Ж.Б бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.
Хариуцагч С.Ц ХХК-нь тус компанид ажиллаж буй даатгуулагчдын 2014 оны 10 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангаа НД-8 маягтаар Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байна.
Дээрхи тайлангийн дагуу БГД-ийн НД-нХ2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл алдангийг гаргуулах тухай, Баянгол дүүргийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай мэдэгдлийг хариуцагч С.Ц ХХК-д удаа дараа хүргүүлжээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1.1,1.2-т ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна, дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус хуульчилсан байна.
Иймд хариуцагч С.Ц ХХК-аас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 5,419,944 төгрөг, алданги 2,709,972 төгрөг нийт 8,129,916 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Баянгол дүүрэг Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар С.Ц ХХК-аас 8,129,916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БГД. ЭМ, НДХ-долгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч С.Ц ХХК-аас 145,028 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ