Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/01456  

 

2022          03          31                                            101/ШШ2022/01456            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххх дүүргийн ххххх хороо, ххххх гудамж 00 тоот хаягт оршин байх Ж.Я.П ХХК /000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххх дүүргийн ххххххх хороо, хххххх хороолол, хххххх гудамж 000000 тоот хаягт оршин байх Х ХХК /00000/-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 1,948,725 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б , хариуцагч Х ХХК-ийн захирал Б.Г, нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 0000  дугаартай түрээсийн гэрээ байгуулж, 826 ширхэг бараа материалыг 33 хоногийн хугацаатай түрээсэлсэн. Хариуцагч тэдгээрийг буцаан өгөхдөө бараанд гэмтэл учруулсан. Энэ тохиолдолд түрээсийн гэрээний 7.4-т зааснаар төлбөрийг төлөх ёстой. Хариуцагч манайхаас бараа хүлээн авахад зарлагын, буцаан хүлээлгэн өгөхөд орлогын баримт үйлддэг. Гэмтлийн төлбөр 880,000 төгрөг болсон боловч тухайн үед хариуцагчийн гуйснаар тал үнээр нь буюу 440,000 төгрөгөөр бид хөнгөлсөн. Гэтэл хариуцагч огт төлбөрийг төлөөгүй 1 жил болсон тул одоо хөнгөлөлт үзүүлэхгүй. Иймд үндсэн төлбөр 1,229,150 төгрөг, гэрээний 7.2-т зааснаар алдангийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 1,229,150 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувиар тооцоод түүнийгээ 50 хувиар бодсон алданги 649,575 төгрөг болсон. Хариуцагч төлбөрөө гуравдагч этгээдээс шалтгаалж хоцроосон гэсэн, энэ талаар гэрээнд байхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн тухайд бид өнөөдрийг хүртэл та бүхнийг хүлээсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Х  ХХК шүүхэд болон захирал Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2 сая төгрөгийн барьцааг нэхэмжлэгчид байршуулсан бөгөөд гэмтэлд тус мөнгөнөөс хасаад 842,000 төгрөгийг төлчих гэж байсан. Энэ талаар өмнө нь майлээр ирүүлж байсан, энэ дүнг нь зөвшөөрч байна. Сүүлд нь нэмээд нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Манай төсөл бол яамны захиалгаар 2 жилийн хугацаанд хийгдэж дуусах байсан боловч Германы компани тендерт шалгарч ирсэн боловч тэр компани нь Германдаа дампуурснаа зарласан. Ковид болон гэрээний 6.6-д заасан давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж бид төлбөрийг төлж чадаагүй. Цаанаас манайд санхүүжилт орж ирээгүй ч гэсэн бид өөрсдөө тус мөнгөнөөс төлж байсан. Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга дээр уг хэлэлцээр явагдаад л байгаа. Яамны түүхэнд анх удаа ийм кэйс гараад ажил 4 жил зогсож байна. Тус байгууллагыг шүүхэд өгөх гэхээр олон улсын арбитраар шийдвэрлүүлнэ гэсэн тул болохгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгө бүхий мэйлийн дагуух мөнгийг л төлнө. Одоо тус мөнгийг дахин нугалсан байгааг зөвшөөрөхгүй. Анх тооцоо нийлсэн акт үйлдчихээд дараа нь өөр баримт гаргаж ирээд мөнгөө нэмэгдүүлж нэхэж болохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 20-079 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ, 2020.06.09-ний өдрийн Зарлагын, 2020 оны 07 дугаар сарын 12, мөн 08 дугаар сарын 04-ний өдрийн Орлогын баримтуудыг, Бараа материалыг акт, Үнийн санал, хариуцагчийн эрэн сурвалжлуулсан тухай шүүхийн шийдвэрийг тус тус /хавтаст хэргийн 7-16, 18-19 дахь тал/, Хариуцагч татгалзлаа илэрхийлж гаргасан тайлбар, компанийн гэрчилгээ, дүрэм, нэхэмжлэгчээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн тооцоолол /хавтаст хэргийн 31-40 дэх тал/ тус тус шүүхэд гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Я.П ХХК, хариуцагч Х  ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 1,299,150 төгрөг, алданги 649,575 төгрөг, нийт 1,948,725 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 842,150 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 1,106,575 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Зохигчийн хооронд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 20-079 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагджээ. Нэхэмжлэгчийн зүгээс 826 ширхэг /булан, труба, хэв зэрэг/ түрээсийн зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч ашигласан талаар зохигч маргахгүй байна. Талууд гэрээ дуусгавар болоход хариуцагч түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үед эвдэрсэн, үрэгдүүлсэн зүйлийн үнэ, тооцооллын талаар маргаж байна.

Нэхэмжлэгч гэмтсэн болон үрэгдүүлсэн түрээсийн зүйлийн жагсаалтыг шүүхэд баримтаар гаргасныг хариуцагч үгүйсгэн мөнгөн төлбөрийн үнийг нэмсэн гэж маргажээ. Хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт буй баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт хариуцагчийн урьдчилан төлсөн 5,401,500 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөгийн /нийт 7,401,500/ дүнгээс түрээсийн төлбөр 5,905,350 төгрөг, худалдсан барааны үнэ 1,822,500 төгрөг, гэмтсэн түрээсийн зүйлийн үнэ 423,000 төгрөг, үрэгдүүлсэн түрээсийн зүйлийн үнэ 92,800 төгрөгийг /нийт 8,243,650 төгрөг/ тус тус хасч үлдэх 842,150 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шаарджээ. Дараа нь гэмтсэн түрээсийн зүйлийн үнэ 457,000 төгрөгөөр нэмэгдэж /423,000+457,000=880,000/ 880,000 төгрөг болсныг нэмж /842,150+457,000=1,299,150/ 1,299,150 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч түрээсийн зүйлийг хүлээн авч барилгын ажилд ашигласан, мөн буцаан хүлээлгэж өгсөн болон гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэргийн оролцогч маргахгүй байна. Зохигчийн хооронд байгуулсан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан 842,150 төгрөгийн түрээсийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн ба энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдаж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн орлогын баримтаар тогтоогдож байна.

Тус баримтаар хариуцагч нь 60х120 харьцаатай 36 ширхэг /360,000 төгрөг/ панер, 50х120 харьцаатай 4 ширхэг /36,000 төгрөг/ панер, 40х120 харьцаатай 1 ширхэг /8,000 төгрөг/ панер, хэвний гагнуур 1 ширхэгийг /2,000 төгрөг/ гэмтээсэн нь гэрээний 7.4-т зааснаар үндсэн үнийн тал хувиар тооцоход нийт 406,000 төгрөг болж байна. Харин 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн баримтад хариуцагч тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь түрээсийн зүйлийг хүлээлцэж гэмтлийг хоёр тал баталгаажуулсан гэх боломжгүй учир тус тооцооны баримтыг үндэслэх боломжгүй. Түрээсийн зүйлийг үрэгдүүлсний үнэ 92,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан ба энэ талаархи баримтыг шүүхэд гаргаагүй, талуудыг тооцоо нийлсэн баримтаар тогтоогдоогүй байна. Гэвч хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй 842,150 төгрөгийн шаардлагад тус 92,800 төгрөгийн шаардлага хамаарч байгаа учир хариуцагчийн ийнхүү хүлээн зөвшөөрснийг үндэслэн энэ шаардлагыг хангах нь зүйтэй.

Түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой хариуцагчийн төлбөл зохих дүн нь нэхэмжлэгчийн тодорхойлсныг шүүхийн хангасан 406,000 төгрөгтэй уялдуулан тооцоход нийт /5,905,350+1,822,500+406,000+92,800=8,226,650/ 8,226,650 төгрөг болж үүнээс хариуцагчийн урьдчилан төлсөн 7,401,500 төгрөгийг хасч 825,150 төгрөгийг хариуцагч, нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч 649,575 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардаж, 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хугацаанд хамааруулсан ба хуульд нийцүүлэн дээрх хэмжээгээр шаардсан гэжээ. Түрээсийн гэрээний 7.2-т гэрээний үүргээ биелүүлээгүй талаас нөгөө тал нь алданги шаардах, алдангийн хэмжээний талаар зохицуулсан, хариуцагч төлбөрийн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч, хариуцагчаас алданги шаардсан нь үндэслэлтэй. Тооцооллын хувьд хариуцагчийн төлбөл зохих 825,150 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар тооцоход 412,575 төгрөгийн алдангийг хариуцагч төлөхөөр байна.

Иймд түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч Х  ХХК-иас 1,237,725 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Я.П ХХК-д олгож, нэхэмжлэлээс 711,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Х  ХХК /5101263/-иас 1,237,725 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Я.П ХХК /6554857/-д олгож, нэхэмжлэлээс 711,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,130 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х  ХХК-иас 34,255 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Я.П ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгон 14 хоног өнгөрснөөс хойшхи 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ЭНЭБИШ