| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2021/0050/Э |
| Дугаар | 0024 |
| Огноо | 2021-05-05 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 0024
Л.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Л /онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 197 дугаар захирамжтай, Л.Бд холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, У овогт Л-н Б.
Л.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн сумын багийн дугаар байрны орцны орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 197 дугаар захирамжаар: Шүүгдэгч Л.Бд холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж, хэргийг прокурорт шилжүүлтэл шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Газар шим” Мөөгтэй личо гэх бичигтэй шилтэй 73 гр ургамал, “Ковар” гэх бичигтэй шилтэй 25 гр ургамал, “Хаме” гэх бичигтэй шилтэй 25 гр ургамлыг хэргийн хамт хүргүүлж, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, яллагдагч түүний өмгөөлөгч гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй” бөгөөд шүүх шүүгдэгч Л.Бгийн мөрдөн байцаалтын шатанд ... 3-17 дугаар байрны ойролцоогоос олсон, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгээсээ буцаж ... 200.000 төгрөгөөр худалдан авсан гэх харилцан зөрүүтэй өгсөн 2 мэдүүлгийн алийг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэн, ямар нотлох баримтыг үндэслэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь ойлгомжгүй байна.
Хэрэгт шүүгдэгч Л.Б нь сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч биедээ хадгалсан үйл баримт тогтоогдсон ба шүүх дан ганц шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн хэргийн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Шүүгдэгч Л.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт Б гэгчээс сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдан авсан гэх мэдүүлгийн дагуу дээрх үйл баримтыг буюу Б гэгч нь бусад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдсан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж тогтоолгохоор Цагдаагийн газарт аймгийн прокурорын газарт гарган буцаан авсан хүсэлтийн хамт холбогдох баримтыг хүргүүлсэн болно.
Шүүгчийн захирамжид Л.Бгийн хамтран ажиллах этгээдээр тогтоолгох тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Л.Б нь 2021.02.03-ны өдөр аймгийн прокурорын газар хүсэлт гаргасан ба хүсэлт гаргасан өдрөө дээрх хүсэлтээ буцаан авах тухай хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг буцаан хүлээлгэн өгсөн болохоос бус гаргасан хүсэлтийг прокурор хянаад хангахаас татгалзаж шийдвэрлээгүй болно.
Шүүгдэгч Л.Б нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан болох нь хэрэгт цугларсан гэрч П.Б мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байтал шүүх гэмт хэргийг хэн үйлдсэн, хэзээ, хаана яаж, үйлдсэнийг тогтоогүй гэж дүгнэсэн нь мөн хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 197 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Л.Бд холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Бг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн сумын багийн дугаар байрны орцны орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... 3-17 дугаар байрны 1 дүгээр орцны хажуу талаас олсон ...” гэсэн боловч прокурорын яллах дүгнэлт үйлдэгдэхээс өмнө буюу 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “... Т залгасан ...Б надад өгсөн. Данс руу нь мөнгө шилжүүлсэн... надад худалдсан хүмүүсийг шалгуулах энэ талаарх нотлох баримтуудыг гаргаж үнэн зөвөөр нь гаргаж ...хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүсэлт гаргаж байна” гэсэн хүсэлтийг 6 хуудас баримтын хамт прокурорт гаргасан байна.
Гэвч Л.Б нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дээрх хүсэлтээсээ татгалзсан байх бөгөөд прокурорын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” тогтоолоор Л.Бгийн хүсэлтийг хүлээн авч, хүсэлт холбогдох баримтыг буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад Л.Б нь мөн дээрх хүсэлтийг дахин гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нотолбол зохих байдлууд нотлогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг гаргах эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол тухайн хүсэлтийг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах эсэхийг шүүх, прокурор, мөрдөгч шийдвэрлэх ёстой.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан боловч Л.Бгийн гаргасан дээрх хүсэлт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна.
Тодруулбал: Л.Б нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ургамлыг нэр дурдагдсан хүмүүсээс авсан эсэх, н.Т, н.Б болон бусад этгээдүүд энэ хэрэгт оролцоотой эсэх зэрэг асуудлыг шалгаж тогтоосны эцэст хэргийн бодит үнэнийг тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай юм.
Прокурор Ц.Л нь давж заалдах шатны шүүхэд мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбарыг ирүүлсэн бөгөөд энэ тогтоолоор ... шүүгдэгч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ өөрчилсөн гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх болон 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ... байна.
Үүнээс үзэхэд Л.Бгийн нэг үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх болон 2 дахь хэсэгт зааснаар дахин хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мэтээр ойлгогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан ... эрүүгийн хариуцлага нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ... , мөн зүйлийн 5-д заасан ... нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна ... гэсэн заалтыг тус тус зөрчихөд хүргэсэн байна.
Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 197 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР