Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00207

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Г.Төмөрчөдөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Төмөрчөдөрт холбогдох эрүүгийн 201714000328 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 2-1 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Цахар овогт Ганбатын Төмөрчөдөр /РД: ФБ97082251/

 

Шүүгдэгч Г.Төмөрчөдөр нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн 2-1 тоотод хүргэн Д.Адьяатай “төрсөн дүү Д.Ган-Эрдэнийг гэрээсээ хөөж загналаа” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар Д.Адъяаг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 27-ны орой манай дүү над руу залгаж Адъяа ах хөөгөөд байна гэсэн. Намайг очиход Адъяа ах согтуу байсан. Элдвээр хэлээд байхаар нь маргалдан хавирга руу нь 2-3 удаа цохисон. Тэгээд дүүгээ аваад явсан. Адьяа ах над руу дүүгээ авч явсангүй гээд байсан. Хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь төлбөрийг нь төлсөн. Нийт 350.000 төгрөг төлсөн. Энэ хэргийн хувьд маргах зүйл байхгүй. Би уураа барьж чадаагүйгээс ийм зүйл болсон. Үүндээ их гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Адьяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 05 дугаар сарын 27-ны орой гэртэй архи уугаад орж ирчихсэн унтах гэж байхад гаднаас Төмөрчөдөр орж ирэхээр нь би аавдаа хоол унд хийж өгөхгүй яасан юм бэ, хаагуур тэнээд байгаа юм бэ гэж хэлээд загнахад Төмөрчөдөр намайг хэвтэж байхад нүүрэн тус газарт гараараа цохиж цээж хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Төмөрчөдөр намайг өшиглөчихөөд гэрээс дүү Ган-Эрдэнийг дагуулаад гарсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд миний 3 хавирга хугарсан байхаар нь би цагдаагийн газарт хандаж өргөдөл гаргасан юм гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,

 

-Гэрч О.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би “Молор-Эрдэнэ” төв дээр жижүүрээр ажиллаж байсан. Намайг ажилтай байх хойгуур хүргэн ах Адьяа гэртээ согтуу ирээд бага хүү Ган-Эрдэнийг хөөсөн сурагтай байсан. Ган-Эрдэнэ утсаар Төмөрчөдөрт хэлэхэд Төмөрчөдөр очоод Адьяатай маргалдаж зодсон юм шиг байсан гэсэн мэдүүлэг / хх 11 ху/,

 

-Насанд хүрээгүй гэрч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 05 дугаар сарын 27-ны орой аавын төрсөн эгч Ундраагийн гэрт байсан. Шөнө гадаа харанхуй болчихсон байхад Адьяа ах согтуу орж ирээд намайг чи юу юм бэ, манай гэрээс зайл гээд над руу дайраад байхаар нь би ахыгаа дуудна шүү гэхэд танай ах хэн юм бэ, дууд чи гээд байхаар нь би утсаар Төмөрчөдөр ахын дугаар луу залгаж дуудсан. Төмөрчөдөр ах удалгүй ирээд Адьяа ахтай хэрэлдсэн. Адьяа ах газар хэвтээд Төмөрчөдөр ахтай хэрэлдээд байхад Төмөрчөдөр ах Адьяа ахыг гараараа нэг цохиод цээж хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөсөн талаар сайн санахгүй байна. Тэгээд Төмөрчөдөр ах намайг аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

 

-Гэрч О.Ундраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 05 дугаар сарын 27-ны орой нөхөр Адьяа гэртээ согтуу орж ирсэн. Тухайн үед манай гэрт Ганбатын хүү Ган-Эрдэнэ гэрт байсан ба Адьяа согтуудаа Ган-Эрдэнийг манайд юу хийж байгаа юм бэ гэх мэтээр жаахан загнасан. Тэр орой 02 цагийн үед гаднаас Төмөрчөдөр орж ирээд Адьяатай маргалдаж хэвтэж байхад нь 2-3 удаа цээж хэсэг рүү нь өшиглөчихөөд та нарыг ална шүү гэж заналхийлж дүү Ган-Эрдэнийг аваад манайхаас гарсан. Маргааш нь Адьяаг эмнэлэгт үзүүлэхэд 3 хавирга нь хугарчихсан байна гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 510 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Адъяагийн биед зүүн 5, 6-р хавирга, баруун 10-р хавирганы далд зөрөөгүй хугарал цээж, баруун чихний дэлбээнд зөөлөн эдэд цус хуралт, зүүн чихний дэлбээ, доод эрүүнд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 5 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Гурван хавирганы хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 17 ху/,

 

-Г.Төмөрчөдөрийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 23-26 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Төмөрчөдөр нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн 2-1 тоотод хүргэн Д.Адьяатай “төрсөн дүү Д.Ган-Эрдэнийг гэрээсээ хөөж загналаа” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар Д.Адъяаг зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Адьяагийн “...Гаднаас Төмөрчөдөр орж ирэхээр нь би аавдаа хоол унд хийж өгөхгүй яасан юм бэ, хаагуур тэнээд байгаа юм бэ гэж хэлээд загнахад Төмөрчөдөр намайг хэвтэж байхад нүүрэн тус газарт гараараа цохиж цээж хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн” /хх 10 ху/гэсэн, мөн гэрч О.Ганбат /хх 11/, насанд хүрээгүй Г.Ган-Эрдэнэ /хх 12/, О.Ундраа /хх 15/ нарын өгсөн гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн 5, 6-р хавирга, баруун 10-р хавирганы далд зөрөөгүй хугарал цээж, баруун чихний дэлбээнд зөөлөн эдэд цус хуралт, зүүн чихний дэлбээ, доод эрүүнд зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон 510 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Д.Адьяа мөрдөн байцаалтын шатанд “надад гомдол байхгүй. Д.Адьяа надад эмчилгээний зардал 300.000 төгрөг өгсөн” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Төмөрчөдөрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Г.Төмөрчөдөрт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Г.Төмөрчөдөр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Төмөрчөдөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.БАЙГАЛМАА