Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1122

 

 

Б.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан         даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01183 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.У-д холбогдох

 

2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Мэргэн девелопмент” ХХК-ийн хувьцааны 40 хувийг бэлэлгэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагчид бэлэглэлийн зүйл болох 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Уболон нэхэмжлэгч Б.У бид 5580749 тоот регистртэй, "Мэргэн девелопмент ХХК-ийн хувьцааг А.У 60 хувь, Б.У 40 хувь гэсэн харьцаагаар өмчилж, хамтран үйл ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт М-Square төслийг хэрэгжүүлж, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий худалдааны төвийн барилга барьж байгаа юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилт ихээхэн хэрэгтэй байсан тул Голомт банкнаас зээл хөөцөлдөж эхэлсэн. Гэтэл манай хүсэлтийн дагуу банкнаас зээлийн судалгаа хийх явцдаа Голомт банкнаас хэрэв зээл эрсдэлд орох юм бол хувьцаа эзэмшигчид давхар хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Та нар тийм чадвар сул байгаа тул өөр чадвартай зээлдэгч олох арга бод гэсэн тул Сингапур Улсын иргэн Билли Лим Син Пау /Billy Lim Sin Раu/-гийн Баянгол зочид буудлын эзэмшил хувьцааг давхар барьцаалахаар тохирч түүний нэрээр Голомт банкнаас өндөр дүнтэй буюу 20.000.000 ам.долларын зээл авах зорилгоор, мөн өмнө нь түүнээс хувь хүнийх нь хувьд зээлж авсан байсан мөнгөнийхөө эргэн төлөх баталгаа болгож түүнд компанийн хувьцааны 70 хувийг шилжүүлэх хэрэг гарсан юм. Компанид олон хувьцаа эзэмшигч бүртгэлтэй байгаа бол түүнийгээ нэг л хүний нэр дээр шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн болзол тавьж байгаа болохоор шаардлагыг нь биелүүлэх хэрэгтэй байна гэж А.У хэлсний дагуу бид хоёр харилцан ярилцаж байгаад би А.У-д өөрийн өмчлөлийн 40 хувийн хувьцааг бүхэлд нь шилжлүүлэх гэрээ хийж, А.У нь эзэмших эрхтэй болсон 100 хувийн хувьцааныхаа 70 хувийг Билли Лим Син Паугийн нэр дээр шилжүүлэх зэрэг ажиллагаа хийгдсэн юм. Энэ бүх ажиллагааг хийхдээ компанийн зүгээс буюу хэрэгжүүлж байгаа төслийн санхүүжилтээс зээлээ эргэн төлөөд хувьцаагаа буцаан өөр өөрийн нэр дээр шилжүүлж авахаар харилцан тохиролцсон юм. Гэтэл Голомт банкны зээл бүтэхээ больсон тул Билли Лим Син Паугаас авсан зээлийн барьцааг өөрчилж баригдаж буй барилгын 2 дугаар давхрын 1000 гаруй кв.м талбайг барьцаалсан. 2013 оны 12 дугаар сард дээр дурдсан хувьцаа шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг миний бие гардан хариуцаж, Улсын бүртгэлийн албанд хандаж явах үедээ 2 гишүүнтэй гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гэрчилгээг гаргуулан өгч байсан чинь өнөөдөр гэнэт 1 гишүүнтэй гадаадын хөрөнгө оруулалтгүй компани болгоод 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр дахин шинээр гэрчилгээ авчихсан байгаа нь надад хардлага төрүүлсэн тул би хуульд заасан эрхийнхээ дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албанд хандахад “Мэргэн девелопмент” ХХК-ийн надтай холбоотой бичиг баримтын хуулбарыг гарган өгч бусдыг өгөх боломжгүй болохоо мэдэгдсэн болно. Энэ бүхэн нь А.У-ын 2013 онд ажлын шаардлагаар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан миний хувьцааг хууль бусаар өөр дээрээ бүхлээр нь бүртгүүлснийг харуулж байгаа бөгөөд А.У нь энэ үйлдлээрээ Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийснийг нотолж байгаа тул 5580749 тоот регистрт бүхий “Мэргэн девелопмент” ХХК-ийн хувьцааны 40 хувийг бэлэглэсэн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн зүйл болох 40 хувийн хувьцааг бэлэглэгч Б.У-т буцаан шилжүүлэхийг А.У-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанбилэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Алтанбилэг, А.У-н төрсөн ээж, Мэргэн девелопмент компанийг үүсгэн байгуулахаас нь эхлээд Төслийн ерөнхий менежер, Гүйцэтгэх захиралаар одоо болтол ажиллаж байна. Манай гэр бүлийнхэн үл хөдлөхийн бизнес хийхээр ярилцаад барилга барих газар судалж явсаар одоо барилгаа барьсан энэ газраа авахаар үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, ах дүү хамаатан садангуудынхаа үл хөдлөх хөрөнгүүд болон бизнесүүдээ зарж, танил тал найз нөхдүүдээсээ зээл авч хөрөнгө мөнгөө цуглуулан байж 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 тоот нийслэлийн захирамжийг үндэслэн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг охин А.У-ын нэр дээр гаргуулсан юм. Ингээд 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Мэргэн девелопмент” ХХК-ийг байгуулсан. Нэхэмжлэгчээр нэг ч зээл авахуулж хөрөнгө оруулалт хийлгээгүй. Б.У нь гүйцэтгэх захирал биш болсоны дараа 55 000 ам долларын зээл авсан байдаг. 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн эхнэр нь хуурамч бичиг хийлгэсэн байдаг. Нэхэмжлэгч болон н.Алтангэрэл нар нь мөнгө авч өгсөн байдаг ба бид энэ талыг мэдээгүй байсан. н.Батнасангийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Нэхэмжлэгчийн бодлогогүй ажиллагаанаас болоод манай компани 58 000 ам доллар төлсөн. Бэлэглэлийн гэрээг Голомтоос зээл авах гэж байсан. Банк олон бичиг баримт шаардаж байсан. Улмаар батлан даагч хэрэгтэй гэсэн. Би Ли нь батлан даах болсон. Тэгээд хөрөнгө оруулагч биш гээд гаргахыг шаардсан. Ингээд бэлэглэлээр хувьцаа шилжсэн. Бэлэглэлээр хийхэд банк зөвшөөрөөгүй бөгөөд миний охин А.У өөрийнхөө компаний 70 хувийг алдах юм гэдгээ ойлгоод больсон. Нэхэмжлэгчийг гомдоосон зүйл байхгүй. Миний охин одоо шоронд орсон. Алтангэрэл салаад зугатаад алга болсон. Уг компани нь гэр бүлийн хөрөнгө. Нэхэмжлэгч нь ямар нэг хувь нэмэр оруулаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А.У-д холбогдох 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Мэргэн девелопмент” ХХК-ний хувьцааны 40 хувийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагчид бэлэглэлийн зүйл болох 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр журнал 6984066873, 6984066839 гэсэн баримтаар урьдчилан төлсөн нийт 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл нь нэгэнт хүчин төгөлдөр байгаа бэлэглэлийн гэрээг "хүчингүй болгуулах" тухай асуудал байхад "гэрээнээс татгалзах" тухай маргааныг шийдвэрлэж байгаа мэт дүгнэлт хийсэн нь түүний шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцэж чадсангүй. Тийм ч учраас "...Үүнээс гадна нэхэмжлэгчийн компанийн хувьцааг буцаан шилжүүлэхээр тохиролцсон гэх тайлбарын дагуу уг амлалт биелэгдээгүй байх нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэлд хамаарахгүй юм. Учир нь буцаан шилжүүлэхээр тохиролцсон бол энэ нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хамаарна." гэж зөрүү ойлголттой дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн "Мэргэн девлопмент" ХХК-ийн хувьцаа эзэмшигч солигдсон дээрх бэлэглэлийн гэрээнүүд, тухайлбал нэхэмжлэгч Б.У-аас хариуцагч А.У-д компанийн хувьцааны 40 хувийг бэлэглэсэн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнээс үзэхэд гэрээний зүйл болох 40 хувийн хувьцааг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн байна. Гомдоох үйлдэлийг хөдөлбөргүй баримтаар нотлохыг шаардахдаа "...Мөн автомашин авсан гэж гүтгэсэн гэх боловч уг маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1012 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэлийг Б.У-т хамааралгүй болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг "нотлох баримт биш" гэсэн утгаар асуудалд хандсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх хариуцагч А.У нь нэхэмжлэгч Б.У-т 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхээр тохиролцсон зүйлгүй..." гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд харамсаж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүд нь "бэлэглэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бус, зүй бусаар хөндсөн" үйлдлүүд гэдэг нь илт байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.У нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Мэргэн девелопмент ХХК-ний хувьцааны 40 хувийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагчид бэлэглэлийн зүйл болох 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Мэргэн девелопмэнт ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.У, А.У нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээгээр бэлэглэгч Б.У нь Мэргэн девелопмэнт ХХК-ийн өөрийн эзэмшиж буй 40 хувийн энгийн хувьцааг бэлэг хүлээн авагч А.У-д хариу төлбөргүйгээр бэлэглэх, компанийн эрх, үүргийг А.У-д бүрэн шилжүүлэхээр тохиролцжээ.   /хх-ийн 17, 20 дугаар тал/,

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлдээ  Мэргэн девелопмэнт ХХК-ийн 40 хувийн  хувьцааг буцаан шилжүүлнэ гээд шилжүүлээгүй, компанийн үйл ажиллагаанд зориулж зээл авахуулсан боловч буцаан төлөөгүй, өрөнд оруулсан, С.Батнасангаас автомашин авсан гэж гүтгэсэн, хариуцагч А.У-ын даалгавраар авсан утсыг намайг дур мэдэн авсан гэж гүтгэсэн үйлдэл хийсэн зэргээр хариуцагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгоно гэж тодорхойлж,  Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг үндэслэжээ.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч... бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 280.3 дах хэсэгт “бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж тус тус заажээ.

            Зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнээс үзэхэд гэрээний зүйл болох 40 хувийн хувьцааг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн байхаас гадна буцаан шилжүүлэх талаар тохиролцоогүй байна. 

Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд Билли Лим Син Пау гэгч нь хувьцааг буцааж өгнө гэж хэлж байснаар талууд бэлэглэсэн 40 хувийн хувьцааг буцаан өгөхөөр тохиролцсон гэж үзэхээр байгаа боловч нэхэмжлэгч энэ үндэслэлээр шаардлага гаргаагүй тул анхан шатны шүүхийн “...буцаан шилжүүлэхээр тохиролцсон бол энэ нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хамаарна...”  гэсэн дүгнэлт үндэслэлтэй. /хх-ийн 83/

Нэхэмжлэгч нь бусдаас их хэмжээний зээл авч, компанийн үйл ажиллагаанд зориулсан, эдгээр зээлийг хариуцагч нь компанийн орлогоос төлөхөөс татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байхаас гадна  бэлэглэлийн гэрээнд компанийн үйл ажиллагаанд зориулж авсан аливаа зээлийг компаний орлогоос төлөхгүй байгаа үйлдлийн  талаар тухайлсан нөхцөл заагдаагүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 01012 дугаар шийдвэрээр Мэргэн девелопмэнт ХХК, Б.Алтангэрэл, Б.У нарт холбогдох С.Батнасангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Хариуцагч А.У-ын үйлдлийг тодорхойлох баримт байхгүй тохиолдолд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дах хэсэгт заасан хугацааны талаар дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн зохигчдын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээнд Иргэний хуулийн 279 дүгээр зүйлд заасан тусгай зориулалтын бэлэглэлийн гэрээний заалт хамаарахгүй ба хариуцагчийн ямар үйлдлийг нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэж үзэх нь нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан баримтаас тодорхой бус байна.

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.У-ын төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

                       

                                  ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД                                                                                                           

                                                                                  Н.БАТЗОРИГ