| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/00177/И |
| Дугаар | 101/ШШ2022/02252 |
| Огноо | 2022-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2022/02252
2022 05 13 101/ШШ2022/02252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 0 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “ЧН” ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, 0 гудамж, 0 дүгээр давхар, 0 тоот хаягт байрлах, “ТК” ХХК-д холбогдох,
33,069,356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч Я.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЧН” ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“ЧН” ААТҮГ нь цэвэр ус, халаалт, халуун усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлдэг ба Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг гэж мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-ээр зохицуулна, 13.2-т хангагч нь зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна гэж заасны дагуу “ТК” ХХК-тай “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах” гэрээ байгуулж, уг гэрээгээр “ТК” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “ШН” хорооллыг барьж ашиглалтад оруулах хугацаанд цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, үйлчилгээ үзүүлэхээр талууд харилцан тохиролцож, дээрх гэрээг байгуулсан билээ.
Энэхүү гэрээ ёсоор манай байгууллага 2014 оноос хойш “ТК” ХХК-ийг “ШН” хорооллыг барьж ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд “цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулах” үйлчилгээг үзүүлж ирсэн.
Гэтэл “ТК” ХХК нь дээрх гэрээний төлбөрийг цаг тухайд нь бүрэн гүйцэд төлөөгүйгээс талуудын хороонд “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үлдэгдэл төлбөрт 31,926,576 төгрөгийн өр төлбөр үүссэн. Уг өр төлбөрийг талууд харилцан баталгаажуулж, тооцоо нийлсэн боловч, хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрөө төлөөгүй тул энэхүү шүүхэд хандаж байна.
Харин ШН хорооллын 9а байрны В1 давхарт байрлах объектийн цэвэр, бохир усны төлбөр 1,142,780.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд “ТК” ХХК нь өөрсдийн барьж ашиглалтад оруулсан “ШН” хорооллын 9a байрны В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг боловч мөн л ашиглалтын төлбөрөө төлөөгүйгээс дээрх өр төлбөр үүссэн байна.
Харин манай нэхэмжлэгч байгууллага болох “ЧН” ААТҮГ нь Налайх дүүргийн 38,000 гаруй иргэн, 3,500 гаруй айл өрх, 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлдэг бөгөөд манай байгууллага өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болно.
Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, авлагын дэлгэрэнгүй тайлангаас нийт өрийн хэмжээнээс төлсөн хэсгийг хасахад үлдэгдэл төлбөр гарч ирнэ. Төлбөр нэхэмжилсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь өөрийн дэс дугаартай, бүртгэлд ордог учраас нотлох баримтын шаардлага хангасан, ихэнх баримтад хариуцагч гарын үсэг зурсан, зарим баримтад зураагүй байна. Усны тоолуурын заалтын зөрүүг 2017.03.15-ны өдөр гаргасан, Сангийн сайдын 2017.12.05-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан нэхэмжлэх дээр огноог урагшлуулж тавьсан гэх боловч хариуцагч тоолуурын заалтын зөрүүг нийлсэн өдөртөө нэхэмжлэхийг аваагүй гэсэн. Тэгээд тухайн үед манайд нэхэмжлэх байхгүй байсан учраас сүүлд нь маягт шинэчлэгдээд ирэхэд нь тооцоог бичсэн гэж үзэж байна.
Гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж хуульд заасан боловч хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил гэж заасан байдаг. Бид хуулийн дагуу хариуцагч байгууллагатай гэрээ байгуулсан, бид үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байгаа бөгөөд талуудын хооронд гэрээний харилцаа, тодруулбал ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна.
Төлбөрийн талаар зохицуулах зөвлөлд хандах шаардлагагүй гэж үзсэн.
Иймд хариуцагч “ТК” ХХК-иас 33,069,356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч “ТК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н нь өмгөөлөгч Я.Б-ны хамт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
“ТК” ХХК нь нэхэмжлэгч “ЧН” ААТҮГ-ын 33,069,356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна.
“ТК “ ХХК нь “ШН” орон сууцны 48 машины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 192 /48*4/ айлын орон сууцны барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр барьж ашиглалтад оруулж 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисст хүлээлгэн өгөх тухай 2015/272 дугаартай акт,
“ШН” сууцны хорооллын 1066,0 метр урт ус дулаан дамжуулах шугам хоолой, 6,5 мегаватт чадалтай ус дулаан дамжуулах төвийн барилга зэргийг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисст хүлээлгэн өгөх тухай 2015/279 дугаартай актаар тус тус захиалагч буюу ашиглагч байгууллага болох “ЧН” ОНӨААТҮГ-т шилжүүлэн өгсөн.
Манай компани нь “ЧН” ОНӨААТҮГ-тай 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулах гэрээ”-г 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 /нэг/ жилийн хугацаатай байгуулан ажилласан.
Энэхүү гэрээг хэдийгээр нэг жилийн хугацаатай байгуулсан боловч гэрээний зохицуулалтаар “ШН“ орон сууцны хорооллыг барьж ашиглалтанд оруулах хүртэл хугацаанд “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах” үйлчилгээг үзүүлэхээр тохирсон юм.
2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгөх тухай 2015/272 дугаартай акт, “ШН” сууцны хорооллын 1066,0 метр урт ус дулаан дамжуулах шугам хоолой, 6,5 мегаватт чадалтай ус дулаан дамжуулах төвийн барилга зэргийг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисст хүлээлгэн өгөх тухай 2015/279 актаар барилга байгууламж, орон сууцны хорооллыг “ЧН” ОНӨААТҮГ-ын ашиглалтад шилжүүлэн өгсөнөөр гэрээний үйлчлэл дуусгавар болсон гэж үзэх бүрэн үндэстэй.
2015 онд “ЧН” ОНӨААТҮГ-т барилга байгууламжийг хүлээлгэн өгсөнөөс хойш талуудын хооронд төлбөр тооцооны асуудал яригдаагүй байж байгаад гэнэт ийм нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан нь ойлгомжгүй байна.
Ус дулаан дамжуулах хоолой нь ашиглалтанд орсноор хангагч нь оршин суугчидтай ус ашигласны гэрээ байгуулсан мөртлөө тэдний төлөх төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийн 80, 81 талд авагдсан, 2019.10.03-ны өдрийн 2 нэхэмжлэхийг ирүүлжээ. Гэтэл эдгээр нэхэмжлэх дээр Сууц өмчлөгчдийн холбоо “ШН” гэж бичсэн байгаагаас үзэхэд тус сууц өмчлөгчдийн холбоотой төлбөрийг уг газраас нь нэхэмжлэх байтал яагаад манайхаас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч нь 2017.03.15-ны өдрийн нэхэмжлэхийг нотлох баримтаар ирүүлсэн боловч уг баримтыг хуурамч гэж үзэж байна, учир нь Сангийн сайдын 2017.12.05-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралтаар баталсан гээд дээр нь бичсээр байтал 2015 оны тооцооны үлдэгдлийг нэхэмжилсэн гэдэг ойлгомжгүй байна.
“ЧН” ОНӨААТҮГ нь өөрийн дотоодод бүртгэдэг ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл, авлага өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл байх ба үүгээр манай компанид төлбөрийн талаар мэдэгдсэн, манай талтай тооцоо нийлсэн зүйл гэж үзэхгүй. Эдгээр журналын бүртгэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
Талуудын хооронд байгуулсан “Аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулах гэрээ” нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэснээр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.
Гэрээний үүрэгтэй холбоотой харилцаанд ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэх нэхэмжлэгчийн тайлбарыг зөвшөөрөхгүй. Учир нь талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн. Гэтэл санхүүгийн баримтыг нөхөж хийнэ гэж байхгүй. Манайх барилгыг 2015 оны 5 сард улсын комисст, дараа нь нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн, бохир болон цэвэр ус хоолойгоор дамжин хэрэглэгчдэд хүрч байхад ийм зардлыг оршин суугчдаас авах байтал манайхаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Харин хоолойгоор дамждаггүй үеийн бүх төлбөрийг манайх төлчихсөн. Байрыг ашиглалтанд орох хүртэл усыг зөөврөөр авчирч, бохирыг соруулж зөөдөг байсан бөгөөд байр ашиглалтанд орсноор бохир, цэвэр ус хоолойгоор дамждаг болсон. Хоолой ашиглалтанд орсноор энэ гэрээний үйлчлэл дууссан. Хангагчаас ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны дагуу нэхэмжлэхэд дурдсан төлбөрийг тухай бүрт нь төлж байсан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу тооцоо нийлсэн зүйл байхгүй, гэрээнд хавсралт гэж байхгүй. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь манайд байгууллагатай төлбөр тооцооны асуудлын талаар маргаагүй учир Зохицуулах хороонд хандах шаардлага байгаагүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр 33,069,356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ЧН” ААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015.03.03-ны өдрийн “Аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ”-ний хуулбар, Б.А-т олгосон итгэмжлэл, ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл 1, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, “ТК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өмгөөлөгчөөр А.К-ийг оролцуулах хүсэлт, нэхэмжлэх, 2017.03.15-ны өдрийн Т-ийн усны тоолуурын заалт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд, нэхэмжлэх, ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл 1, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 3-13, 77, 80-91/ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас С.Д-д олгосон итгэмжлэл, “ТК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.М-д олгосон итгэмжлэл, З.Н-д олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас татгалзах тухай хүсэлт, “ТК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон дүрэм, З.Н-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, өмгөөлөгчөөр Я.Б-ыг оролцуулах хүсэлт, “ТК” ХХК-иас “ЧН” ОНӨААТҮГ-т гаргасан 2016.02.03-ны өдрийн 066/16 болон 2016.01.19-ний өдрийн 004/16 дугаартай хүсэлт, 2015.05.06-ны өдрийн 2015/272 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, 2015.05.07-ны өдрийн 2015/279 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, 2015.05.20-ны өдрийн ус дулаан дамжуулах төв, гадна дулаан, цэвэр усны шугам сүлжээг ашиглагч байгууллага болох “ЧН” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөх тухай акт, 2015.06.03-ны өдрийн ус дулаан дамжуулах төвд дулааны шугамд тойрох шугам хийж хүлээлгэн өгсөн тухай баримт, халаалт, дулаан хангамжийн системийн үндсэн үзүүлэлт /хх-ийн 18, 23-24, 31-36, 47-55, 66-70/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЧН” ААТҮГ нь “ТК” ХХК-д холбогдуулан 33,069,356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний дагуу хариуцагчид үйлчилгээ үзүүлсэн, хариуцагч нь 2014, 2015 онуудын төлбөр 31,926,576 төгрөг, 9А байр, В1 давхарын усны төлбөр 1,142,780 төгрөг, нийт 33,069,356 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, хуулийн дагуу үйлчилгээ үзүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарласан.
Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2015.12.31-ний өдөр дуусгавар болсон, ус дулаан дамжуулах тоног төхөөрөмжийг 2015 оны 6 сард нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, дээрх төлбөрийг шаардсан баримт ирүүлж байгаагүй, төлбөр төлөхийг шаардаж байгаагүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хэзээ, хэнд, хэрхэн хүлээлгэж өгсөн болох нь тодорхойгүй, 2017.03.15-ны өдрийн 31,926,576 төгрөгийн нэхэмжлэх нь хожим хүчин төгөлдөр болсон баримт дээр үйлдэгдсэн, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ” байгуулагдсан байх ба гэрээгээр “ЧН” ОНӨААТҮГнь стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, дулаан дамжуулах, түгээх, “ТК” ХХК нь хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны төлбөрийг сар бүрийн 25-ны дотор хангагчийн харилцах дансанд эсхүл хангагчийн кассанд төлөх, төлөөгүй тохиолдолд хэтэрсэн сар тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 4-7/
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна гэж заасны дагуу талуудын хооронд дээрх гэрээ байгуулагдсан, гэрээний талаар талууд маргаагүй.
Дээрх гэрээний талаар зохигч маргаагүй бөгөөд тэдний хооронд байгуулагдсан гэрээний агуулга, хүлээсэн үүргийн байдлаас үзэхэд нэг тал стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, дулаан дамжуулах, түгээх, нөгөө тал төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна.
Үүнээс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т: “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцааны агуулгад нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.
Харин талууд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлаж байх боловч энэхүү гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхыг шаардах бөгөөд зохигчийн тайлбар, гэрээний агуулга, тэдний харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн үүрэг, шинж байдал нь ажил гүйцэтгэх гэрээний харилцааны агуулгад нийцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар захиалагч “ТК” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2015/272 дугаартай актаар Налайх дүүргийн 0 дугаар хороо, “ШН” орон сууцны 48 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 192/48х4/ айлын орон сууцны барилга, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2015/279 дугаартай актаар Налайх дүүргийн 0 дугаар хороо, “ШН” орон сууцны хорооллын 1066,0 м урт ус дулаан дамжуулах, шугам хоолой, 6,5 мегаватт чадалтай ус дулаан дамжуулах төвийн барилгыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дээрх барилгыг ашиглагч байгууллага “ЧН” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн, ийнхүү хүлээлгэн өгсөн талаар баримт үйлдсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 52-55,66-71/
Үүнээс үзэхэд “ТК ХХК-ийн захиалгаар барьж ашиглалтад оруулсан Налайх дүүргийн 0 дугаар хороо, “ШН” орон сууцны 48 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 192/48х4/ айлын орон сууцны барилга, мөн орон сууцны хорооллын 1066,0 м урт ус дулаан дамжуулах, шугам хоолой, 6,5 мегаватт чадалтай ус дулаан дамжуулах төвийн барилгыг ашиглагч “ЧН” ОНӨААТҮГ-т 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойших хугацааны цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, дулаан дамжуулах, түгээх, нөгөө тал төлбөр төлөх талаар талуудын хооронд хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн 80-91 талд авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдоно гэж тайлбарласан боловч 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 31,926,576 төгрөгийн №000000000217 тоот нэхэмжлэх нь Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралтаар батлагдсан баримт дээр үйлдэгдсэн, 2015 оны 10 сарын ...ны өдрийн, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, мөн Сууц өмчлөгчдийн холбоо “ШН” гэх 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэх зэрэг баримтад 2 тал гарын үсэг зураагүй, хүлээлгэн өгсөн талд гарын үсэг зурсан боловч хүлээн авагч талд гарын үсэг зурагдаагүй, өдөр нь тодорхойгүй байна.
Түүнээс гадна нэхэмжлэгчийн өөрт нь хөтлөгддөг ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл болон авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтыг талууд гэрээг дүгнэсэн, ийнхүү гэрээг дүгнэсний эцэст өглөг, авлагыг тусгасан тооцоо нийлсэн баримт үйлдсэн, үүнээс гарсан үр дүнг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт гэж үзэхээргүй байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 2.2.2-т хэрэглэгч нь хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны төлбөрийг сар бүрийн 25-ны дотор хангагчийн харилцах дансанд эсвэл хангагчийн кассанд төлж барагдуулах бөгөөд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн сар тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө, 3.3.3-т Хэрэглэгч цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, дулаан дамжуулах, түгээх, нэмэлт төлбөр, үйлчилгээний хураамж, нөхөн тооцооны төлбөрөө төлөөгүй, хангагчийн шаардлага, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, дулаан дамжуулах, түгээх гэрээний заалтыг биелүүлээгүй бол төлбөрөө төлөхийг шаардах, сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргүүлэх, ...3.2.14-т “үйлчилгээний сар бүрийн төлбөрийг тухайн сарын 25-ны өдөр төлөөгүй хэрэглэгчдэд хугацаа хэтэрсэн сар тутамд төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно”, 9.8-т “хангагч нь хэрэглэгчтэй цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг жил бүр хийж, дүгнэн ажиллана” гэж тус тус заажээ.
Дээр дурдсан гэрээний заалтаас үзэхэд хангагч нь хэрэглэгч гэрээгээр хүлээсэн хэрэглээний төлбөрийг сар бүрийн 25-ны дотор төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнд төлбөрөө төлөхийг шаардах, сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргүүлэх, сар бүрийн төлбөрийг тогтоосон өдөр төлөөгүй тохиолдолд алданги тооцох зэргээр эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байна.
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон дээрх эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг хэрэглэгчийн үүргийн гүйцэтгэлд доголдол гарсан нөхцөлд гэрээнд заасан арга хэмжээг аваагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд тэрээр 2014, 2015 оны үлдэгдэл төлбөрийн шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцсэнгүй.
Түүнээс гадна хариуцагч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан: “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна” гэж заасан үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул тэрээр нэхэмжлэгчээс ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1,110,780 төгрөгийн ШН” Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хариуцан төлөх үүрэг хүлээсэн, уг үүргээ биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1-т “2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, гэрээний 9.11-т гэрээг жил бүр сунгаж, тодотгол хийнэ” гэж тусгасан байх ба талууд дээрх гэрээг сунгасан талаарх баримтыг ирүүлээгүй болно.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, гэрээг сунгасан болох нь тогтоогдохгүй байх тул дээрх өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон эрх, үүргээ хэрэгжүүлсэн талаар болон гэрээний үүрэгт шаардлага гаргасантай холбоотой баримтыг ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “ТК” ХХК-иас 33,069,356 төгрөг гаргуулах тухай “ЧН” ААТҮГазрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “ТК” ХХК-иас 33,069,356 төгрөг гаргуулах тухай “ЧН” ААТҮГазрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2022/02808 дугаар захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ