Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1121

 

 

 

 

 

Ө.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан         даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01056 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Д-ын нэхэмжлэлтэй, “ИНЕГ холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүх хянан шийдвэрлэх өдрийг хүртэл хугацаанд гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, илүү 31 цаг ажилласан хөлс 405 120 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ө.Д миний бие 2008 онд ИНЕГ-т Хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийн тасагт мэргэжилтнээр ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүйгээр ажиллаж байна. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. 2016 оноос миний бие ажилчдынхаа саналаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлыг хийж байна. Гэтэл захиргааны зүгээс нийт Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрх ашгийг зөрчөөд жилийн эцсийн үр дүн болон илүү цагийг өөрийнхөө үзэмжээр хасч, хүйтний нэмэгдэл өгөхгүй байна гэж Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Ч.Нямсүрэнтэй 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уулзсан. Миний бие Захиргаа удирдлагын газрын даргатайгаа тохироод 2018 онд тэтгэвэрээ тогтоолгохоор тохирсон тул та захиргааны ажилд бүү оролц гэж маргасанд өс санаад маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тэтгэвэрт гарах эрх үүссэн гэдгээр ажлаас халсанд гомдолтой байна. Мөн миний жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нэгжийн дарга 100 хувь өгөхөөр тодорхойлсоныг 50 хувь үндэслэлгүйгээр өөрийн үзэмжээр хасч, илүү ажилласан 31 цагийн мөнгийг олгоогүй зэрэг миний хөдөлмөрлөх эрхэнд Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга С.Нямсүрэн дур мэдэн халдаж байгаад гомдолтой байгаа болно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, илүү 31 цаг ажилласан хөлс 405.120 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Харин үндэслэлгүй хасч, дутуу олгосон үр дүнгийн шагналт цалин 230.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө. Д нь 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 53 дугаар зүйлийн 53.1, 53.2-т заасныг баримтлан Ө.Д-ыг ИНЕГ-ын Аж ахуйн тасгийн барилгын инженер ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ИНЕГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 32.043.575 төгрөгийг, илүү цагийн хөлсөнд 405.102 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.Д-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Ө.Д-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч ИНЕГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Д нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ИНЕГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 320.193 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа анхан шатны шүүх хурлын тов утсаар мэдэгдэх үед "эмнэлэгт хагалгаанд орж байна" гэж тайлбарлаж хэлж байсан боловч шүүгчийн туслах тэмдэглэлдээ "за ойлголоо" гэв гэх мэтээр үндэслэлгүй бичсэн. Хариуцагч байгууллагын зүгээс "хариуцагчийн төлөөлөгч Б.Солонгын шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгааныг холбогдох баримтын хамт шүүхэд хүргүүлж, биечлэн оролцуулах боломжоор хангаж өгөхийг хүссэн албан тоот хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлөөлөгчид зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй" гэх мэтээр худал бичсэн. Хариуцагчийн төлөөлөгчийн хуулиар олгогдсон "хавтаст хэргийн материалтай танилцах" эрхийг ноцтой зөрчсөн. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2018/01783 дугаартай тогтоолын 3 дахь талд “...шүүх маргааны зүйл болсон үндэслэлийн талаар мэтгэлцээгүй, хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх буюу өөрчлөлт оруулах боломжгүй" гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тогтоолын биелэлт хангагдаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зуйлийн 2 дахь хэсэгт зааснаар “үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр захиргааны санаачилгаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно" гэх заалт нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас чөлөөлөхийг ойлгоно гэсэн гэтэл шүүх энэхүү заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Ө.Д нь ИНЕГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/491 дүгээр тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг баримтлан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, хуульд заасан тэтгэмжийг авсан. /хх-ийн 4, 5, 34, 41/ Ө.Д нь 1957 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 60 нас хүрсэн. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.3 дахь хэсэгт "хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан "ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн" гэдэг нь ажилтан иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгоно" гэж тайлбарласан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.     

 

Нэхэмжлэгч Ө.Д нь хариуцагч “ИНЕГ”-т холбогдуулж  ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, илүү 31 цаг ажилласан хөлс 405 120 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч ИНЕГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/491 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан  өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн Аж ахуйн тасгийн барилгын инженер ажилтай Ө.Д-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 11/

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Ө.Д 60 насанд хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн боловч тэрээр ИНЕГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тайлан сонгуулийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 4 жилийн хугацаатай сонгогдсон, ажлаас халагдах тушаал гарах үед ИНЕГ-ын ҮЭ-ийн хорооны даргын сонгуульт ажилтай  байсан болох нь нотлогджээ. /хх-ийн 12, 183-185/

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэж заасныг хариуцагч ИНЕГ-ын дарга зөрчсөн байна.

Хариуцагч ИНЕГ нэхэмжлэгч Ө.Д-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халахаас өмнө “сонгосон хамт олных нь зөвшөөрлийг” аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. /хх-ийн 179-180, 183-185/

            Иймд Ө.Д-ыг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 32 043 575 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь зохих журмын дагуу шимтгэл төлүүлж бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцэж байна.

Мөн шүүх хариуцагч ИНЕГ-аас илүү цагийн цалин хөлсөнд 405.102 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Д-д олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

           Анхан шатны шүүх  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх  хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараалан хойшлогдож байсан, байгууллага өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

                       

                                  ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД                                                                                                           

                                                                                   Н.БАТЗОРИГ