Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 0025

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Г.Э/онлайн/

Шүүгдэгч                                           Т.Н/онлайн/

Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 123 дугаар захирамжтай, Т.Нт холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Т-н Н.

 

Т.Н нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт ургамлыг 2020 оны 07 дугаар сарын 06-07-ны орчим  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэн, 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  аймгийн  сумын  багийн  тоот гэртээ хадгалсан, 08 дугаар сарын 04-ний өдөр О.Г, Г.Т нарт өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 123 дугаар захирамжаар: Шүүгдэгч Т.Нт холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж, хэргийг прокурорт шилжүүлтэл шүүгдэгч Т.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, Энэ захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ: “... Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад дурдагдсан байх боловч тус конвенцын 4 дүгээр хавсралт, эсхүл 1961 оны “мансууруулах эмийн тухай” конвенцын 4 дүгээр хавсралтаас хасагдсан гэх мэдээлэл байна гэснийг үндэслэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгч дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтаас хасагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байтал шүүгч эх сурвалжийг нь шалгаж тодруулалгүйгээр, ямар ч нотлох баримтгүйгээр дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис нь Монгол Улсын нэгдэн орсон 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтаас хасагдсан эсэхийг мэргэжлийн байгууллага, албадаас тодруулж, албан ёсны тайлбар мэдүүлэг авхуулахаар буцааж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байхын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасан үндэслэлийн алинд нь ч хамаарахгүй байна.

Шүүгч Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, Олон улсын гэрээ конвенцын талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллага, албадаас тодруулж, албан ёсны тайлбар мэдүүлэг авах замаар тодруулах бус өдөр тутмын үйл ажиллагаандаа хууль, Олон улсын гэрээ конвенцыг хэрэглэж байгаагийн хувьд төрийн албан ёсны хуулийн цахим хуулийн /Legalinfo.mn/ болон бусад төрийн хэвлэл, мэдээллийг хэрэгслээс албан ёсны мэдээллийг авах бүрэн боломжтой гэж үзэж байна. 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Б.О-н эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх “... бодис нь Монгол Улсын нэгдэн орсон 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтаас хасагдсан эсэхийг мэргэжлийн байгууллага, албадаас тодруулж, албан ёсны тайлбар мэдүүлэг авах шаардлагатай ” гэсэн үндэслэлээр хэргийг Прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах бөгөөд гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

 

Шүүх оролцогчдын мэтгэлцээний үндсэн дээр нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд харин мэтгэлцээнээс үүссэн үндэслэлийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгохоор прокурорт буцаах шаардлагагүй юм.

 

Өөрөөр хэлбэл дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар хавсралтад дурдагдсан тус конвенцын 4 дүгээр хавсралтаас хасагдсан талаар Монгол Улсад бүртгэгдэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актыг судалж шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.

 

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагад нийцээгүйгээс гадна шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг журмыг зөрчжээ.  

 

Тодруулбал: Т.Ноос хураан авсан гэх 0.6770 грамм мансууруулах төрлийн өвс мэт зүйлийг Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсарган шүүхэд ирүүлсэн байтал шүүгчийн захирамжид “энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй” гэж заасан нь буруу байна.

 

Хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтөөр хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг эс зөвшөөрвөл прокуророос гадна яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хуульд заасан хугацааны дотор гомдол гаргах эрхтэй болохыг тогтоосон.

 

Шүүх Т.Нт холбогдох хэргийг хүлээн авч шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 52 дугаартай захирамжаар шүүх хуралдааны товыг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагт хийхээр товлон зарлаж, шүүх хуралдааны бэлтгэл ажиллагаа хангахыг шүүгчийн туслахад даалгасан байх боловч шүүгдэгч Т.Нт шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болох өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-т заасныг, хэдийгээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй боловч анхан шатны шүүхийн шүүгч захирамждаа прокуророос бусад оролцогч нарыг захирамжид гомдол гаргах эрхийг заалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн үндэслэл болох бөгөөд эдгээр зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.

 

Мөн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 123 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлж прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсан зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй боловч анхан шатны шүүх дээрх зөрчлийг дахин гаргахгүй байх талаар цаашид онцгой анхаарвал зохино.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Харин прокурорын яллах дүгнэлтэд Т.Нын холбогдсон хэргийн талаар дурдахдаа “...08 дугаар сарын 04-ний өдөр О.Г, Г.Т нарт өгсөн” гэж Г.Т-н нэрийг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 123 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР