Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/67

 

                               

 

 

 

                                  

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Э.Хүрэлхүү  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Хүрэлхүүд холбогдох эрүүгийн 201721000132 дугаартай, 178/2017/0063/Э/ индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар  сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Боржигон овогт Энхтөрийн Хүрэлхүү, 1995 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 23 настай,эрэгтэй, МБ95042618 регистрийн дугаартай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх дүүгийн  хамт  Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 10-6 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жил 05 сарын хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/       

Шүүгдэгч Э.Хүрэлхүү нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг давсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дотор байрлах 2 давхар худалдааны төвд 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн орчим нэвтэрч 8 ширхэг хос пүүз, 40 ширхэг трико, бэлэн 18000 төгрөг хулгайлж, хохирогч Л.Баярхүүд 878000 төгрөгний  хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                               

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Э.Хүрэлхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: .2017 олны 04 дүгээр сарын 22-ны өдөр Их буян захаас 6 ширхэг пүүз,2 хос пүүз ,40 ширхэг трико хулгайлж аваад Хан орд зах орж 1 пүүзийг 15000 төгрөгөөр, 1 ширхэг триког 1000-1500 төгрөгөөр зарсан.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэв.

Хохирогч Л.Баярхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн үед нөхөр О.Идэрзаяагийн хамт павилоноо цоожлоод явсан. Орой 18.30 цагийн үед манай хажуугийн павилоны Алтанцэцэг яриад танай павилонд хулгай орсон байна гэхээр нь нөхөр Идэрзаяагийн хамт ирэхэд павилоны гүйдэг хаалгыг замаас нь гаргаж эвдээд заагаар нь хүн орсон бололтой байхаар нь цагдаа дуудсан.Цагдаа ирсний дараа бараануудаа бүртгэж үзэхэд шалан дээгүүр өрсөн байсан пүүзнүүдээс 6 хос, хайрцганд хураалттай байсан пүүзнүүдээс 2 хос, уутанд хийсэн байсан 40 ширхэг хар цагаан өнгийн триког ууттай нь паскан дотор байсан 18000 төгрөгийг хулгайлж авсан байсан.Надад нийт  878000 төгрөгийн хохирол учирсан.Зарим бараануудаа буцааж аваад 330000 төгрөг үлдсэн  гэжээ. / хх-23-р хуудас/

Гэрч О.Идэрзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай павилонд хулгай орж павилоны шалан дээгүүр өрсөн байсан пүүзнүүдээс 6 хос, хайрцганд хураалттай байсан пүүзнүүдээс 2 хос, уутанд хийсэн байсан 40 ширхэг хар цагаан өнгийн триког ууттай нь паскан дотор байсан 18000 төгрөгийг хулгайлж авсан байсан. Павилоныхоо эвдэрсэн хаалгыг 20000 төгрөгөөр засуулж, цоожийг нь солиулсан гэжээ. / хх-24-р хуудас/

Гэрч Ч.Жаргалсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хар орд зах дээр бараагаа зараад сууж байтал пүүз трико барьсан залуу ирээд зарахаар нь харж зогсож байгаад хүн худалдаж авахаар нь пүүзнээс нь харж байгаад хамгийн бага размераас нь  3 ширхэг пүүз авсан.Тэр залуу буцаж эргэж ирээд мөнгийг нь авна гэсэн боловч ирээгүй.Пүүзний үнийг нь асуугаагүй, дараа нь цагдаа ирээд пүүзнүүдийг хураагаад аваад явсан  гэжээ. /хх-25-р хуудас/

Гэрч Б.Намжилмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2017 оны 04 дүгээр сарын 22-ны орой 17-19 цагийн үед Хан орд хүнсний захын хашаанд бор царайтай туранхай залуу орж ирээд пүүз трико зарж байснаас би 42 размерийн 1 пүүзийг 10000 төгрөгөөр худалдаж авсан.тэр залуу жаахан согтуу байх шиг байсан. Бараанууд нь олон тоотой байсан болохоор хулгайнх гэж бодоогүй гэжээ./хх-26-р хуудас/

Гэрч Г.Цэвээнпүрэв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр пүүз трико зарж байсан залуугаас 3 ширхэг триког 3000 төгрөгөөр худалдаж авсан.хүмүүс аваад байхаар нь хямдхан зарж байгаа юм байна гэж бодоод авсан. Маргааш нь цагдаа ирээд аваад явсан. Тухайн үед тэр залуугаас архи үнэртэж байсан гэжээ. /хх-27-р хуудас/

Гэрч М.Алтантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан орд зах дотор нэг залуу пүүз трико хямдхан зарж байхаар нь би 2 ширхэг торико 2000 төгрөгөөр авсан. Тэгсэн дараа нь цагдаа ирээд аваад явсан. Хулгайнх гэж мэдээгүй гэжээ./хх 28-р хуудас/

Гэрч Б.Цэцэгмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан орд хүнсний захын хашаан дотор нэг залуу хүмүүс тойруулчихсан бараа зарж байсан. Би тэрнээс 2 пүүз 1 триког 31500 төгрөгөөр худалдаж авсан. Тэгтэл маргааш нь цагдаа ирээд аваад явсан.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх20-21-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-33-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-50-53-р хуудас/зэрэг болно.

Шүүгдэгч Э.Хүрэлхүү  нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг давсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дотор байрлах 2 давхар худалдааны төвд 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн орчим нэвтэрч 8 ширхэг хос пүүз, 40 ширхэг трико, бэлэн 18000 төгрөг хулгайлж, хохирогч Л.Баярхүүд 878000 төгрөгний  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Баярхүүгийн мэдүүлэг, гэрч О.Идэрзаяа, Ч.Жаргалсүрэн, Б.Намжилмаа,Г.Цэвээнпүрэв,М.Алтантуяа, Б.Цэцэгмаа нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,эд зүйл үнэлсэн тухай тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Э.Хүрэлхүүгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Хүрэлхүү нь бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байна гэж үзлээ.

2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал, гэмт хэрэг давтан үйлдсэн гэх нөхцлүүд тусгагдаагүй тул шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан ялыг 2015 оны эрүүгийн хуульд нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь хохирогч Л.Баярхүүд 878000 төгрөгний хохирлыг барагдуулсан болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг, цагдаагийн газарт өгсөн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Хүрэлхүү нь бусдад төлөх төлбөргүй болно.

Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй , битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл 98 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдах нь зүйтэй .

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхтөрийн Хүрэлхүүг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Энхтөрийн Хүрэлхүүг эд хөрөнгө хураахгүйгээр, 06 / зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүрэлхүүд оногдуулсан 06 / зургаан/ сарын баривчлах ялаас чөлөөлсүгэй.

4.Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. .

5.Шүүгдэгч Э.Хүрэлхүү нь  98 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.  

6. Шүүгдэгч Э.Хүрэлхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах болон гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС