| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0093/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/122 |
| Огноо | 2025-04-22 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Зулаа,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000106 тоот хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* ******* ******* овогт *******ын *******, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хангайн нурууны өмнөд хэсгийн байгалийн цогцолборт газар буюу тусгай хамгаалалттай газарт ховор шувуу болох хойлог шувууг агнаж байгаль орчинд 434,000 /дөрвөн зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... адад эрх, үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй байна. Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 63-64 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хууль ёсны төлөөлөгч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Тухайн газарт ан агнах зөвшөөрөл байхгүй. Тухайн газар нь өөрөө улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Анх хамгаалалтын захиргаа нь 1992 оноос улсын тусгай хамгаалалттай газар нутаг байгуулагдсан. Баянхонгорт 2008 оноос улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах болсон. Тухайн газар нь хойлог шувууны тархац нутаг мөн ховор амьтны жагсаалтад багтдаг тоо толгой бол эрс цөөрч байгаа шувуу. Мэргэжлийн байгууллагын тогтоогдсон үнэлгээг нэхэмжилж байна.....гэх мэдүүлэг/ хх-ийн 13-14/,
4. Иргэний нэхэмжлэгч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Галуут суманд байгаль орчинд хохирол учруулсан гэж бодож байна тоо толгой нь цөөрч байгаа ховордог байгаа хойлог шувууг агнасан байна хохирол учруулсан. Мэргэжлийн байгууллагын тогтоосон экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, хохирлыг нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг / хх-ийн 18-19/,
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би яг өдрийг нь санахгүй байна. Би *******ынд урд өдөр нь орох гээд очсон чинь гэрийнх нь хаалга цоожтой байсан. Бид хоёр машин тэрэгний наймаа хийдэг нэгнийхээрээ орж гардаг *******ынх тухайн үед манай урд талын гудамжинд байсан манайхаас 5-6 хаалганы цаана байсан араасаа орчихдог модон хаалга байсан одоо бол *******ынх хотод байгаа гэсэн. Би гол нь *******т цагаан рав машин зарсан байсан. Тэр машины үлдэгдэл 2,800,000 гаран төгрөг байсан таньдаг юм чинь гээд гэрээ мэрээ хийлгүй өгчихсөн байсан. Утсаар яриад мөнгөө авъя гэхээр өгөхгүй байсан болохоор дараа өдөр нь орой 19 цагийн үед гэрт нь орсон чинь гэртээ ******* орон дээрээ ганцаараа хувцастайгаа хэвтэж байсан. Тэгээд ороод мэндэлчхээд байж байсан зуухных нь ёроолд нэг бор шувуу байсан. Би энүүгээр яах гэж байгаа юм гэж асуусан чинь ******* шарханд сайн байдаг юм аа идэх гэж байгаа юм авгай хүүхэд хадмынх руу явсан гэж байсан. Тэр шувууны мах нь гараа исгэчихсэн байхад шөлийг нь уучихаар хурдан эдгэрдэг биед сайн л гэж байсан. Тухайн шувуу нь тагтаанаас арай томхондуу бөндгөрдүү хүзүүтэй тагтааны хөлөөс бол урт хөлтэй шувуу байсан би бодохдоо хойлог шувуу юм байна гэж харсан. Би баруун талынх нь орон дээр очиж суугаад машины үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх вэ гэж асуухад мөнгөтэй болж байгаад ахаа удаахгүй өгнө өө одоохондоо мөнгө алга оноос өмнө өгнөө л гэж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /,
....Намайг *******ын гэрт ороход ******* өөрөө байсан эхнэр хүүхэд нь хадам ээжийнх рүү нь явсан гэж байсан. *******ын зуухны ард хойлог шувуу 1 ширхэг байсан. Зуухныхаа хойд талд гэсгээхээр тавьсан байсан. Намайг харахад тухайн шувуу нь цээжин хэсгээрээ цагаан өнгөтэй далавч хэсэг нь судалтай бор цоохор урт хөлтэй өрөөсөн бөөрнөөс нь юмаар ухчихсан юм шиг онгойлгосон байсан. Өмнө нь зурган дээрээс харж байсан. Зурагтаар бол зөндөө харж байсан байгаль орчны нэвтрүүлгээр голцуу харж байсан. Миний харж байсантай яг адилхан шувуу байсан. Надад яриагүй хөдөөгөөс авч ирсэн гэсгээж янзалж махыг нь идэх гэж байгаа гэж байсан. Тухайн шувуу нь шарханд сайн гараа хутгаар исгэсэн байгаад махыг нь идэхэд 2,3 хоноод эдгэчихдэг гэж ******* хэлж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,
6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...Би тусгай хамгаалалттай газрын Байгаль хамгаалагчаар 2023 оноос хойш 2 жил гаран ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын 1994 оны 43 дугаар тогтоолоор Хангайн нурууны өмнөд хэсгийг Байгалийн цогцолборт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалттай газарт авсан байдаг. Тухайн 5 дугаар баг “Бага булаг” гэх газар нь хойлог шувууны тархац нутагт ордог. Тэр орчмоор хүмүүсийн хойлог шувууг үзлээ харлаа гэсэн иргэдийн аман ярианаас гадна өөрийн нүдээр харж байсан. Ерөнхийдөө бол хойлог шувуу нь Бага булаг болон Бүрэн хайрханд ажиглагдсан байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
7. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... 2022 онд *******ынх 5 дугаар баг “Бага булаг” гэх газар өвөлжиж байсан. Манай багт үндсэн харьяатай явдаг шилжүүлэг хийгээгүй байгаа 2023 оноос хот руу явсан гэж байсан одоогоор 5 дугаар багтаа байдаггүй. Хойлог шувууг бол харж байгаагүй ер нь бол байдаг гэж сонссон тухайн 5 дугаар багийн нутаг “Бага булаг” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордог. Ер нь бол хойлог шувуу нь ил далд шарханд сайн гэж сонсож байсан. Мэдэхгүй байна тухайн газар нутаг нь өөрөө тусгай хамгаалалттай болохоор буу үүрэх эрх байхгүй байх гэхдээ чоно нохой элбэгтэй байдаг болохоор зарим айлд гэрт нь бүртгэлтэй буу харагдаж байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн:...Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ан-амьтны Экологи эдийн засгийн үнэлгээ жагсаалтад Алтайн хойлог нь нэг толгойд 217,000 төгрөгөөр үнэлсэн. Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 2*217,000=434,000 төгрөг болно.....гэх дүгнэлт /хх-ийн 56-57/ болон гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Их богдын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай албан бичиг /хх-ийн 100-104/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 106-113/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 114-118/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч 5 хуудас шинэ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Тухайн газарт ан агнах зөвшөөрөл байхгүй. Тухайн газар нь өөрөө улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Анх хамгаалалтын захиргаа нь 1992 оноос улсын тусгай хамгаалалттай газар нутаг байгуулагдсан. Баянхонгорт 2008 оноос улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах болсон. Тухайн газар нь хойлог шувууны тархац нутаг мөн ховор амьтны жагсаалтад багтдаг тоо толгой бол эрс цөөрч байгаа шувуу. Мэргэжлийн байгууллагын тогтоогдсон үнэлгээг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг,
Гэрч *******ын “... Тэгээд ороод мэндэлчхээд байж байсан зуухных нь ёроолд нэг бор шувуу байсан. Би энүүгээр яах гэж байгаа юм гэж асуусан чинь ******* шарханд сайн байдаг юм аа идэх гэж байгаа юм авгай хүүхэд хадмынх руу явсан гэж байсан. Тэр шувууны мах нь гараа исгэчихсэн байхад шөлийг нь уучихаар хурдан эдгэрдэг биед сайн л гэж байсан. Тухайн шувуу нь тагтаанаас арай томхондуу бөндгөрдүү хүзүүтэй тагтааны хөлөөс бол урт хөлтэй шувуу байсан би бодохдоо хойлог шувуу юм байна гэж харсан. Би баруун талынх нь орон дээр очиж суугаад машины үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх вэ гэж асуухад мөнгөтэй болж байгаад ахаа удаахгүй өгнө өө одоохондоо мөнгө алга оноос өмнө өгнөө л гэж байсан..,
....Намайг *******ын гэрт ороход ******* өөрөө байсан эхнэр хүүхэд нь хадам ээжийнх рүү нь явсан гэж байсан. *******ын зуухны ард хойлог шувуу 1 ширхэг байсан. Зуухныхаа хойд талд гэсгээхээр тавьсан байсан. Намайг харахад тухайн шувуу нь цээжин хэсгээрээ цагаан өнгөтэй далавч хэсэг нь судалтай бор цоохор урт хөлтэй өрөөсөн бөөрнөөс нь юмаар ухчихсан юм шиг онгойлгосон байсан. Өмнө нь зурган дээрээс харж байсан. Зурагтаар бол зөндөө харж байсан байгаль орчны нэвтрүүлгээр голцуу харж байсан. Миний харж байсантай яг адилхан шувуу байсан. Надад яриагүй хөдөөгөөс авч ирсэн гэсгээж янзалж махыг нь идэх гэж байгаа гэж байсан. Тухайн шувуу нь шарханд сайн гараа хутгаар исгэсэн байгаад махыг нь идэхэд 2,3 хоноод эдгэчихдэг гэж ******* хэлж байсан....” гэх мэдүүлэг,
2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн:...Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ан-амьтны Экологи эдийн засгийн үнэлгээ жагсаалтад Алтайн хойлог нь нэг толгойд 217,000 төгрөгөөр үнэлсэн. Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 2*217,000=434,000 төгрөг болно.....гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хангайн нурууны өмнөд хэсгийн байгалийн цогцолборт газар буюу тусгай хамгаалалттай газарт ховор шувуу болох хойлог шувууг агнаж байгаль орчинд 434,000 /дөрвөн зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын” ховор амьтны” жагсаалтад багтсан “Алтайн хойлог” гэх шувууг Засгийн газрын 1996 оны 43 дугаар тогтоолоор Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн Хангайн нурууны өмнөд хэсгийг байгалийн цогцолборт газар тусгай хамгаалалтад авсан хэсэгт ховор амьтан “хойлог” шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр ТОК-8 маркийн ангийн буугаар агнасан нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь байгаль орчинд учруулсан хохирол буюу хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг 434,000 төгрөгийг төлж барагдуулсан нотлох баримтыг хэрэгт хавсаргасан тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанаас бага буюу зургаан сарын хугацаагаар үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4575 гол төмрийн дугаартай ТОЗ-8 маркийн ангийн бууг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бөгөөд уг бууг устгахыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж уг ангийг бууг хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.
Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* ******* ******* овогт *******ын *******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч ******* ******* ******* ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн / 1 жил / хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4575 гол төмрийн дугаартай ТОЗ-8 маркийн ангийн бууг устгахыг Баянхо.5нгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж, уг бууг хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунтөгсөд даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ