| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/03490/И |
| Дугаар | 101/ШШ2022/03226 |
| Огноо | 2022-07-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2022/03226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид З.Баярмаа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххх5 тоотод оршин суух, Ж*******гийн Нгийн /РД: хххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххх тоотод оршин суух, Баатарын Эд /РД: ххххххххххххххх холбогдох
700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо,
Иргэдийн төлөөлөгч О.Цэндоо,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2021 оны 12 сарын 19-ний өдөр Ж.Нгийн гэрийн гадаа буюу хххххххххххххххх байрны гадаах авто машины зогсоолд зогсож байсан ******* УБЗ улсын дугаар бүхий тоёота фит шутлл маркийн авто машины арын шилийг Б.Э гэдэг айлаас хүүхдийн угжны шил шидэж хагалсан.
Б.Этай уулзахад төлбөрийг төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Сүүлдээ тал мөнгийг нь өгнө гэх болсон. Уг авто машины хагарсан шилийг хөрөнгийн үнэлгээний Хас үнэлгээ ХХК-иар үнэлүүлэхэд 650,000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд шил суулгах ажлын хөлс 50,000 төгрөг гэсэн.
Авто машины шилийг хийх гэсэн боловч олдохгүй байсан ба 2022 оны 06 сарын 30-ны өдөр захиалгаар ирсэн бөгөөд ажлын хөлс нь 50,000 төгрөг болсон. Д.Булгансайхан гэдэг нь Б.Эын ээж бөгөөд хоёулаа л төлнө гэдэг.
Хариуцагч Б.Э нь ниссан фит гэж машины арын шилний үнийг яриад байдаг ба Ж.Нгийн машин бол тоёота фит машин юм. Иймд хариуцагч Б.Эаас 700,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.Э миний бие Ж.Нгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир ххххххххххх байранд өөрийн биеэр амьдардаггүй, холбогдолгүй, тухайн хаягт түр амьдрах Д.Булгансайхан гэх хүнээр хүүхдээ харуулдаг.
Тухайн хүүхэд асрагч нь хүүхэд угждаг сүүтэй шингэн саваа сүү хөргөх зориулалтаар цонхон дээр тавьж цонх хаагдан сүүтэй шил унаснаас болж Ж.Н гэх хүний машины арын шил хагарсан болно.
Иймд Б.Эыг хариуцагчаас хасч үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч О.Цэндоо шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хариуцагч Б.Э 700,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Нд төлөх шаардлагатай гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч Ж.Н нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 247 дугаар бүхий Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 497 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 700,000 төгрөгийн зарлагын баримтууд зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.
Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа гаргасан байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Б.Эд холбогдуулан гэм хорын хохирол 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/тоёота фит шутлл маркийн авто машины арын шилний үнэ 650,000 төгрөг,
шил суулгах ажлын хөлс 50,000 төгрөг, нийт 700,000 төгрөг/
Иргэн Ж.Н нь 2021 оны 12 сарын 19-ний өдөр Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Дөл хотхоны 97г байрны гадна авто зогсоол дээр байсан ******* УБЗ улсын дугаартай, саарал өнгийн toyota fit shuttle маркийн авто машины арын шилийг хагалсан байна гэх гомдлыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газарт гаргажээ.
Уг гомдлыг тус дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Занданмөнх 2022 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч шалган дараах ажиллагааг явуулсан байна.
Б.Эын цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлэгт:
... 2021 оны 12 сарын 19-ний өдөр 15 цагийн үед ээж над руу залгаад хүүхдийн угж унагаад хүний машины арын шил хагалчихлаа, ирж хүнтэй нь уулз гэсэн. Би цагийн дараа гэр лүүгээ харьж явтал цагдаагаас залгаад машины шил хагалсан байна гэсэн.
Би очиж байна, хоорондоо зохицоод хохирлыг барагдуулья гэж утсаар хэлсэн. Гэртээ ирээд машины эзэн гэх эмэгтэйтэй уулзаад хэдэн төгрөг төлөх бэ гэхэд үнэ мэдэхгүй, нөхрийн машин, нөхрөөсөө асуугаад хэлье гэсэн.
2021 оны 12 сарын 31-ний өдөр над руу 650,000 төгрөг яаралтай төл гэх утгатай мессэж ирсэн. Зараас тус машины арын шилийг асуухад 280,000 төгрөг гэж хэлсэн ... би 350,000 төгрөг болж төлж болно, зах зээлийн үнээс дээгүүр төлөх боломжгүй гэсэн ... гэжээ.
Д.Булгансайханы цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлэгт:
... Өрөөний цонхны тавцан дээр тавьсан чинь цонх салхинд хаагдаад доош хүүхдийн сүүтэй соосог унасан байсан. Ингээд авто машины үнэ дээр маргаан болсон. ... гэжээ.
Тус дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Занданмөнх гомдлыг шалгаад 2022 оны 01 сарын 11-ний дүгнэн хэрэгт бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гарган прокурорын хяналтанд хүргүүлсэн байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Мижиддорж уг материалыг хянаад дээрх тогтоогдсон нөхцлөөс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шүүхэд хандаж гэм хорын хохирлоо барагдуулбал зохих иргэд хоорондын маргаан гэж дүгнэн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 247 дугаар бүхий тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 5-6 дугаар тал/
Нэхэмжлэгч Ж.Н ******* УБЗ улсын дугаартай, саарал өнгийн toyota fit shuttle маркийн авто машины арын шилний үнэ 650,000 төгрөг, ажлын хөлс 50,000 төгрөг, нийт 700,000 төгрөгийг нэхэмжилнэ, хариуцагч Б.Э Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
2021 оны 12 сарын 19-ний өдөр хариуцагч Б.Эын хүүхдийг асарч байсан Б.Эын эх болох иргэн Д.Булгансайхан хүүхдийн сүү бүхий шилийг хөргөхөөр цонхны тавцан дээр тавьж цонх салхинд хаагдсанаар Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Дөл хотхоны 97г байрны гадна авто зогсоол дээр байсан ******* УБЗ улсын дугаартай, саарал өнгийн toyota fit shuttle маркийн авто машины арын шилийг хагалсан нь дээр дурдсан үйл баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.
******* УБЗ улсын дугаартай, саарал өнгийн toyota fit shuttle маркийн авто машины арын шилний үнэ 650,000 төгрөг болох нь хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Хас Үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 497 дугаар бүхий хөрөнгийн үнэлгээний тайлан болон Авто шил дэлгүүрийн зарлагын баримтуудаар нотлогдсон бөгөөд уг шилийг суурилуулах ажлын хөлс 50,000 төгрөг болох нь зохигчийн тайлбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 7-9 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй ба хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Хас Үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 497 дугаар бүхий хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар маргаагүй, уг тайланг эсэргүүцсэн баримт ирүүлээгүй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч Б.Э нь 700,000 төгрөгийг төлөх шаардлагатай гэж дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Эаас 700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нд олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Э нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч Б.Эын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Эаас 700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Нгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 21,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 21,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Б.ЦОЛМОНГЭРЭЛ