Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000520129 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /амьсгал дахь спиртийн агууламж 1,50/ 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн тоёота гаяа маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 21 дүгээр гудамж 24 тоот хашааны урд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараа зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэд жолоодох” мөн дүрмийн 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ...”, мөн дүрмийн 19.5 “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө” гэснийг зөрчиж явган зорчигч *******ийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний биед баруун хоншоор ясны хугарал, баруун дээд доод зовхи, баруун хацар, баруун шанаа, ахар сүүлэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн орчимд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гудамжинд байсан хохирогч гэх хүнийг гэмтээсэн нь үнэн. Би хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдэл байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 133-134 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тухайн өдөр ах нь хаана уусан, тухайн хүн намайг мөргөсөн талаар огт санахгүй байгаа, би 2020 онд тархины судасны эмгэг гэдэг оноштой группт орж байсан, хааяа болсон явдлын талаар мартаж санадаг болсон. Тухайн өдөр юу болсон яаж гэртээ харьсан тухайн өдрийн үйл явдлыг огт санахгүй байгаа, санахгүй байгаа учраас буруу юм ярьчих вий гэж санаа зовж байна. Огт танихгүй, ямар нэгэн харилцаа хамааралгүй, урьд нь таарч ч байгаагүй. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй дүгнэлттэй санал нийлж байна. Миний биеийн байдал одоо хэвийн байгаа, зовуурьгүй, ******* 14 хоног эм авч өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 60-61 /,

....Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 63/,

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....Би 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн үед Баянхонгор сумын 3 дугаар баг 20 дугаар гудамж 23 тоот хашаандаа хашааны хогоо цэвэрлээд байж байхад манай ард талын гудамжинд тас, няс гээд сүрхий дуу гарахаар нь би хашааныхаа арын хаалгаар гараад юу болсныг харахад цагаан автомашин зогсож байсан. Тэгээд тэр автомашины цаана нь замын хажуу талд хүн доошоо хараад газарт хэвтэж байсан. Би тэгэхээр тэр газар унасан хүн дээр очоод харахад тэр хүний хамар, амнаас нь цус гоожсон байдалтай ухаангүй байх шиг байсан. Тэр цагаан автомашины жолооч талын толь нь хугарсан байсан. Тэгээд цагаан автомашины жолооч энэ хүн миний автомашины хажуу тал руу орчлоо гэж хэлсэн. Би тэгэхээр нь цагдаа, эмнэлэг дууд гэж хэлсэн. Би тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.. гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

5.  Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 140 дугаартай:...1. *******ийн биед баруун хоншоор ясны хугарал, баруун дээд доод зовхи, баруун хацар, баруун шанаа, ахар сүүлэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25-26 /,

6. Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 52-14/40 дугаартай:...1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17. “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ” гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

2. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад “Toyota Gaia” маркийн ******* ******* улсын дугаартай автомашины жолооч Б.******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараа зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэд жолоодох” мөн дүрмийн 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ...”, мөн дүрмийн 19.5 “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Явган зорчигч *******ийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4. “Toyota Gaia”  маркийн ******* ******* улсын дугаартай автомашины жолооч Б.******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 19.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 77-79 /,

7. Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 25/02 дугаартай:...1. Шинжилгээ хийлгэх ******* ******* улсын дугаартай ямар нэгэн хүнд эвдрэл гэмтэл үүсээгүй, өөрөө ирж техникийн хяналтын үзлэгт орсон тул шинжилгээнд тэнцсэн.

2. Энэхүү автомашиныг тус төвд ашиглагдаж байгаа EWJ92200 маркийн Дани улсад үйлдвэрлэсэн “Тэнхлэг тоормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжид урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээг шалгахад -7.4 мм/метр, урд, хойд ажлын тоормосны ажиллагааг эргэх механизм дээр дугуйг эргүүлж тоормосны дөрөөн дээр гишгэхэд, бүх дугуйнуудын тоормос бүрэн зогсож байсны зэрэгцээ дараах үзүүлэлтүүд хэмжигдлээ. Үүнд:

Урд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 2,5 Кн, баруун талдаа 3.0 Кн хүчний зөрүү 17 хувь, хойд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 1.8 Кн, баруун талдаа 2,2 Кн буюу хүчний зөрүү нь 18.0 хувь байв.

“Тэнхлэг тоормос хэмжигч" суурин тоног төхөөрөмжөөр шалгасан үр дүнгээс харахад, урд тэнхлэгийн хажуу гулсалт -7,4 мм/м байгаа нь стандартаар тогтоосон 5 мм/м-ээс их буюу урд тэнхлэгийн тохиргоо бага зэрэг алдагдаж дэрвийлттэй болсон байв.

Урд тэнхлэгийн зүүн талын дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүчний зөрүү нь 17 хувь буюу стандартаар тогтоосон 20 хувиас бага, тоормосны стенд дээр бүрэн зогсч байгаа нь урд тоормос бүрэн ажиллагаатай, мөн хойд дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүчний зөрүү 18.0 хувь буюу стандартад заагдсан 30 хувиас бага, тоормосны стенд дээр бүрэн зогсч байсан нь хойд тоормос бүрэн ажиллаж байгааг харуулж байна.

Зогсоолын тоормосны ажиллагааг стенд дээр шалгахад зогсч байсан. Жолооны хүрдийг инженерийн ур чадварт тулгуурлан эргүүлж үзэхэд замын хөдөлгөөний дүрэмд заасан 10 градусаас бага, ямар нэгэн гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байв. Дуут дохио, шил арчуур, бүхээгийн дулаацуулах систем нь бүгд ажилтай байлаа.

Автомашины гэрэлтүүлэх хэрэгслүүдээс ухрах арааны 2 гэрэл, улсын дугаарын 2 гэрлээс бусад нь бүгд ажилтай байгаагийн зэрэгцээ их гэрлийн фарны тэмдэглэл нь НСНК загварын гэрэлтэй, ойрын болон холын гэрэл нь ажиллагаатай байв., Тус төвд ашиглагдаж байгаа БНСУлсад үйлдвэрлэсэн “Их гэрлийн цацрагийн тусгал хэмжигч” MQD-3C загварын багажаар шалгахад ойрын гэрлийн хүч нь зүүн талдаа 800, баруун талдаа 1600 кандель, харин холын гэрлийн хүч зүүн талынх 1100 кандель, баруун талынх 3900 кандель байгаа нь стандартад заагдсан 10000 канделиас бага буюу бүдэг тусгалтай, стандарт шаардлагад нийцэхгүй байв.

Суваг дотроос автомашины явах ангийн ажиллагааг шалгахад, явах эд анги, нум, амортизаторын ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, эвдэрсэн, мурийж тахийсан эд анги байхгүй байв.

3. “Toyota Gaia”  маркийн ************** улсын дугаартай суудлын автомашин нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн Техникийн хяналтын үзлэгийн төвд үзлэгт орж Монгол улсын стандартуудын шаардлагад нийцсэний үндсэн дээр тэнцэж байжээ.

4. ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осолд холбогдох үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм зэрэг нь бүрэн, хэвийн ажиллаж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Харин ослын дараа автомашинд засвар хийхгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргах өдөр хүргэсэн бол техникийн хяналтын тоног төхөөрөмжөөр шалгасан хэмжилтийн үр дүнгээр тоормосны механизм, жолооны механизм зэрэг нь тухайн өдөр бүрэн ажилтай байснаар дүгнэх үндэслэлтэй...гэх дүгнэлт /хх-ийн 88-91/ болон 3өрчлийн талаарх мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-ийн 02 /, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05 /, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 50-53/,осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 06-07/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-39/, Замын цагдаагийн тасгийн цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч ын илтгэх хуудас /хх-ийн 41/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54-56/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ / амьсгал дахь спиртийн агууламж 1,50 / 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн “ тоёота Gaia” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 21 дүгээр гудамж 24 тоот хашааны урд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараа зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэд жолоодох” мөн дүрмийн 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ...”, мөн дүрмийн 19.5 “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө” гэснийг зөрчиж явган зорчигч *******ийг мөргөсөний улмаас түүний биед баруун хоншоор ясны хугарал, баруун дээд доод зовхи, баруун хацар, баруун шанаа, ахар сүүлэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг,  шинжээчийн 104 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл 1.50 хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчиж явсан *******ийг мөргөж  түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нотлох баримт хүрэлцээтэй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага  хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар д зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Харин шүүх шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш хугацаагаар буюу гурван жил нэг сар / 03 жил 01 сар /-ын хугацаагаар хассан тул уг нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Б.*******ын “B” ангиллын ******* дугаартай жолоочийн үнэмлэх хураагдаж ирсэнийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч  ******* овогт *******ын *******ыг  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил нэг сар / 03 жил 01 сар /-ын хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил нэг сар / 03 жил 01 сар /-ын  хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.*******ын  “B” ангиллын ******* дугаартай жолоочийн үнэмлэх хураагдаж ирсэнийг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАТЦЭНГЭЛ