| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2024/1299/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1281 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1281
2025 05 15 2025/ШЦТ/1281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Д.Агар,
Хохирогч О.Б,
Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-ийн Т-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403 00641 0971 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, *** оршин суух үндсэн бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн ******** дугаартай, Т.Т.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь *** дүүрэг ** дугаар хороо ******-ын зам, ****-ийн эцэс салдаг уулзвар дээр 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 25 минутын орчимд “*****” маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “*****” маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Т.Т нь манай нөхөр. Нөхөр маань ослын дараа намайг асарсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие эдгэрсэн одоо ажлаа хийж байгаа...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 дахь тал/,
Хохирогч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38, 41 дэх тал/,
Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 55 дахь тал/,
“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн өдрийн 300 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 77-85 дахь тал/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21523 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 115-116 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1023 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125-127 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1764 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 134-135 дахь тал/,
Техникийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08/162 дугаартай дүгнэлт /хх-ийн 221-223 дахь тал/,
Яллагдагч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 149 дэх тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Тээврийн Прокурорын газраас яллагдагч Т.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Т.Т-аас гэрчээр мэдүүлэг /хх-ийн 51 дэх тал/ авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.
Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Т.Т-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Т нь ***** дүүрэг ** дугаар хороо *****-ын зам, ****-ийн эцэс салдаг уулзвар дээр 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 25 минутын орчимд "*****" маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчин “***** **” маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Т.Т нь ***** дүүрэг ** дугаар хороо *****-ын зам, ****-ийн эцэс салдаг уулзвар дээр 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 25 минутын орчимд "*****" маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчин “******” маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Т.Т болон түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол…” гэжээ.
Яллагдагч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Миний эхнэрийн эрүүл мэнд сайжирч ажилдаа орсон. Тухайн тээврийн хэрэгслийн хохирлыг тээврийн хэрэгслийн даатгалаар гаргуулж барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 149 дэх тал/ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 дахь тал/,
Хохирогч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг орчим болж байсан санагдаж байна. Гэр бүлийн хамт **** дүүрэг рүү явж байсан. Тэгээд **** замын уулзвар буюу ертөнцийн зүгээр хойноосоо туслах замаараа орж ирээд 1 дүгээр эгнээ дээр явж байсан машин зам тавьж өгсөн. Тэгээд 2 дугаар эгнээ рүү би уг нь харсан юм, тэгэхэд машин харагдахгүй байсан. Тэгээд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд эсрэг урсгал руу дараад орж байтал тэгээд мөргүүлсэн. Миний бодлоор хурд ихтэй байсан. Өөрөө ч харсан, манай нөхөр ч харсан. Уг нь хойгуур тойроод гараад явчих боломжтой байсан. Тоормос гишгээгүй, шууд орж ирээд мөргөсөн. Хажуу талаас их хүчтэй мөргөсөн. ...Яг ирээд мөргөх үед харсан. Ойртон ирж байгаагүйг нь харсан. 2 дугаар эгнээ рүү харахад машин байгаагүй. ...Манай нөхөр бүх эм тариа гаргаж байгаа. Нөгөө жолоочийн зүгээс яриагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..."Тухайн өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн. Жолооч өөрөө залгаж мэдэгдсэн. Машинаа хараагүй байгаа. Даатгалтай байгаа. **** даатгалтай, хүчин төгөлдөр байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 38, 41 дэх тал/,
Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын цагдаа руу явж байсан. Тэгээд уулзвар дөхсөн, нэгдүгээр эгнээний 2 машин байсан. Тэр хоёр удаашрахаар нь дагаад удааширсан. Тэгэхэд хар өнгийн **** тэр хоёр машины урдуур орж ирсэн. Тэгэнгүүт тоормос гишгээд зүүн гар тийшээ дарсан. Тэгээд мөргөлдсөн. ...Хөдөлгөөн эхлэх үед саад байсан. Өөдөөс нэг хар машин ирж байсан. ...Туслах замаас буюу ертөнцийн зүгээр хойноос зүүн чиглэлтэй эргэх үйлдэл хийхдээ дохио өгсөн байсныг анзаараагүй. Хоёр машины араас шууд гараад ирсэн. ...Тухайн цаг үед 60 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд хоёр машин удаашрахаар нь дагаад удааширсан, тэгэхдээ км цаг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дахь тал/,
“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн өдрийн 300 дугаартай: “...Хоёрдугаар тэнхлэгийн ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн бус бүрэн зогсохгүй байсан. Хойд ажлын, зогсоолын тоормос барихгүй байгаа эвдрэл гэмтэл нь тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад хугацаат засвар үйлчилгээ, зүгшрүүлэлт хийгдээгүйгээс ослоос өмнө үүссэн ...байх боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 77-85 дахь тал/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21523 дугаартай: “...Үйлдвэр загвар: “*******”, Улсын дугаар: **** ***, Нийт шууд зардлын дүн: 1.794.000 төгрөг, Үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.384.000 төгрөг...” гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 115-116 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1023 дугаартай: “...О.Б-ын биед ууц ясны баруун латериал масс шахагдсан, 2 талын умдаг дээд салааны сэлтэрсэн хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125-127 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1764 дугаартай: “...Жолооч Н.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэснийг зөрчсөн байна. Жолооч Т.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалгаан нөхцөл тогтоогдож байна...” гэх Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 134-135 дахь тал/,
Техникийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08/162 дугаартай: “...“*****” маркийн 35-20 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн 15.9-р заалт буюу "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. “*****” маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн 3.4 “а”-р заалт буюу “Жолооч ...энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. “*****” маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн Авто тээврийн үндэсний төвийн шинжээчдийн гаргасан техникийн оношилгооны дүгнэлтэд арын тэнхлэгийн ажлын болон зогсоолын тоормос зогсохгүй байсан гэж авагджээ. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсанд арын тэнхлэгийн зүүн талын тоормосны хүч 1.17 кН, баруун талын тоормосны хүч 2.86 кН гэж авагдсан байна. Энэ нь арын тэнхлэгийн дугуйнуудын тоормос барихгүй байгаа эвдрэл биш бөгөөд тоормосны идэвхжил нь урд талын тэнхлэгийн тоормосны идэвхжилтэй харьцуулахад бага байгааг харуулна. Дээрх загварын автомашины хувьд арын тэнхлэг дээрх ачааллаас хамаарч, дугуйн тоормосны хүчийг өөрчлөх системтэй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн автомашин зорчигчгүй, ачаагүй байгаа тохиолдолд арын тэнхлэгийн дугуйн тоормосны идэвхжил бага байх бөгөөд зорчигчтой, ачаатай байгаа тохиолдолд арын тэнхлэгийн дугуйн тоормосны идэвхжил ихэсдэг системийг хэлнэ. Тиймээс “*****” маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын тэнхлэгийн ажлын тоормосны идэвхжил нь зам тээврийн ослын шалтгаан болохгүй гэж үзэж байна. “*****” маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн Авто тээврийн үндэсний төвийн шинжээчдийн гаргасан техникийн оношилгооны дүгнэлтэд осол гарахад нөлөөлсөн шалтгаан байхгүй байна. Осол хэрэг гарсан хэмжилтийн бүдүүвч зураг, фото зураг, ослын дараах 2 автомашины байрлал зэргээс үзэхэд “*****” маркийн **** *** улсын дугаартай автомашины жолооч нь зам тээврийн осол болохоос урьдчилан сэргийлж, жолооны хүрдээр автомашины чиглэлийг зүүн гар тийш өөрчилсөн байна. Тиймээс “*****” маркийн **** *** улсын дугаартай автомашины жолоочийг зогсоох арга хэмжээ авсан гэж үзэж байна. “*****” маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн 15.9-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 221-223 дахь тал/ болон шүүх хуралдааны үед талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, шүүх хуралдааны үед өгсөн талуудын мэдүүлэг зэргүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч Т.Т-ийн үйлдлийн улмаас хохирогч О.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүдийг хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Т.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” эрхтэй гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Т.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус мэдэж байсан боловч хохирол, хор уршигт зориудаар хүргээгүй байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1023 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125-127 дахь тал/-ээр хохирогч О.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно…” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч О.Б-ын сэтгэцэд учирсан хор уршиг нь “Гуравдугаар зэрэглэл”-д хамаарч байгаа болохыг Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажав нь тогтоосон байх бөгөөд хохирогч О.Б нь уг сэтгэцэд учирсан хохирлыг шинжээч томилуулах шаардлагагүй, хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэхгүй, гомдолгүй гэж тэмдэглэсэн /хх-ийн 33 дахь тал/ байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Б-ын авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалтай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй байх боловч шүүгдэгч нь хохирогч О.Б-ын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 289.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь *********** тоот дансанд төлсөн байна. /хх-ийн 29 дэх тал/
Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Мөн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21523 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 115-116 дахь тал/-ээр иргэний нэхэмжлэгч Б.Бад 2.384.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Б нь Тээврийн Прокурорын газарт “...Манай эзэмшил (****** ХХК)-ийн тээврийн хэрэгсэл *****-д хохирол учирсан эвдрэлд иргэн Т.Т-аас нэхэмжлэх зүйл байхгүй болно. Гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 158 дахь тал/-ийг гаргасан байна.
Иймд шүүх шүүгдэгч Т.Т-г бусдад төлбөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Т-ийн хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч О.Б нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж үзэх боломжтой байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.
Хохирогч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 226 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 227 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч Т.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас Т.Т-г чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Хохирогч О.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ