Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/277

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:307/2025/0224/Э 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

улсын яллагч Б.Э ,

шүүгдэгч У.Ч , түүний өмгөөлөгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000253 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт У-ийн Ч , (РД:ТЛ******), 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, Д  зах дээр барилгын материал зардаг, ам бүл 5, ээж дүү нарын хамт Дархан-Уул аймаг, **** сумын ** дугаар баг, **-р гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 6 жил, 1 сарын хорих ял шийтгүүлж, ӨҮТХ болон Эрүүгийн хуулийн тэгшитгэлд орж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан,

 

Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч У.Ч  нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 20-21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, Их сургуулийн гудамж Б*** ХХК-ийн эзэмшлийн хашааг давж орон оффисын барилгын цонхоор нэвтэрч Самсунг, НР гэх загварын хоёр ширхэг зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч 3,700,000 төгрөгийн хохирол учруулсан  гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч У.Ч  нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний орой 20-21 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын ** дугаар баг, Их сургуулийн гудамж Б***** ХХК-ийн эзэмшлийн хашааг давж орон оффисын барилгын цонхыг түлхэж онгойлгон дотогш нэвтэрч Самсунг, НР гэх загварын хоёр ширхэг зөөврийн компьютерыг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид нийт 3,700,000 төгрөгийн буюу бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ

2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “...Б** ХХК-ийн ажлын оффист хулгай орсон байна” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 3-8 дахь тал),

 

2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “... сэжигтэн У.Ч ийг “та тухайн барилгаас хулгайлсан эд зүйлийг хаана байгааг зааж өгнө үү” гэж асуухад сэжигтэн У.Ч  цагдаагийн газрын гаднаас зүүн гар тийш эргэж явна гэж заасны дагуу зүүн гар тийш эргэж ертөнцийн зүгээр зүүн тийш явж 430 метр газар яваад "У” ХХК-ийн уулзвараар зүүн гар тийш эргэж яваарай гэж хэлсний дагуу зүүн гар тийш эргэж явлаа. Алтны уулзвараар чигээрээ гарч Дархан сум ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 70 дугаар брак руу очно гэв. Тухайн 70 дугаар бракны 4 тоотод хоёр ширхэг зөөврийн компьютер байгаа гэж хэлэв. Цэргийн 30-н айлын орон сууцаар зүүн гар тийш эргэж гудамж дундуур явж цэнхэр өнгийн 70 дугаар брак руу очив. Дархан сумын 6 дугаар баг 70 дугаар брак ертөнцийн зүгээр урд талаасаа ордог хаалгатай байв. Сэжигтэн У.Ч  нь уг хаалгаар ороод 4 дугаартай хаалгатай байранд байгаа гэж заасны дагуу тухайн өрөө оров. Уг өрөөнд Дархан сумын 15 дугаар баг Б*** ХХК-ний оффисоос авсан зөөврийн компьютер цүнхэнд хийж үлдээсэн байгаа гэж заасны дагуу хулгайд алдагдсан зөөврийн компьютер байсныг гэрэл зургаар бэхжүүлсэн” гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл  (хавтаст хэргийн 11-14 дэх тал),

 

2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Д.Б*ыг хохирогчоор тогтоох тухай тогтоол (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

Хохирогч Д.Бын өгсөн: “... Би Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Б ХХК-ийн ажлын оффисийг тухайн нутаг дэвсгэрт 2024 оны 08 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Манай байгууллага нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлын оффист манай эхнэр Ж.Д ажлаа хийж байгаад 13:00 цагийн орчимд гараад явсан. Би өөрөө ажлынхаа гадна талын хогийг ачуулж байгаад 16:00 цаг өнгөрөөгөөд гарсан. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажлын оффис дээрээ очих үед хулгай орсон байдалтай вакум цонхыг түлхэж онгойлгосон байсан. Оффис дотроос Самсунг брэндийн болон НР загварын хоёр ширхэг зөөврийн компьютер алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Ажлын оффис дотор байсан Самсунг брэндийн 13 дугаар үеийн ай-7 загварын 2024 оны зун яг хэдэн сард гэдэг талаар санахгүй байна. 2,800,000 төгрөгөөр худалдан авч байсан. НР загварын зөөврийн компьютерийг 13 дугаар үеийн ай-5, 2023 онд 3,200,000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн зөөврийн компьютерт залгаатай байсан төсвийн түлхүүр нь хамт алга болсон. Тухайн түлхүүр 200,000 төгрөгийн үнэтэй, зөөврийн компьютерт суулгасан төсвийн программууд нь 1,200,000 төгрөгөөр суулгаж байсан. Хамгийн чухал зүйл нь зөөврийн компьютерт байгаа төсвийн программууд хэрэгтэй байна. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй учир шинжээч  томилуулж дүгнэлт  гаргуулах шаардлага байхгүй.  Би алдсан эд зүйлээ олж авсан учраас миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

Гэрч Н.Г-ийн өгсөн: “...Би Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Түвшин дэлгүүрийг 2006 оноос хойш ажиллуулж байгаа. 2025 оны 03 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байсан. Намайг дэлгүүрт ажиллаж байхад үл таних 25-30 орчим насны хар маск зүүсэн, хар саарал өнгийн малгайтай цамцтай биеийн тамирын өмдтэй доогуураа шар цагаантай пүүз өмссөн эрэгтэй хүн орж ирсэн. Дэлгүүрийн бараа зарах хэсэг рүү шууд алхахаар нь нүүр амаа хааж боосон ямар учиртай юм бол дэлгүүрээс хулгай хийж магадгүй гэж бодоод араас нь харж байхад дэлгүүрийн тооцооны хэсэг дээр ирээд эгчээ бээлий байна уу гэж асуусан. Би ямар бээлийн юм ажлын цагаан бээлий юу гэхэд биш резинен бээлий авах гэсэн юм гэж хэлсэн. Манай дэлгүүрт зарж байсан нэг удаагийн бээлий үзүүлэхэд болно гэж хэлээд 300 төгрөг төлөөд бээлийгээ аваад гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

Гэрч З.Б-ийн өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт Мангирт ** дугаар хэсэг рүү өөрийн **-** ДАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байсан Мангиртад үл таних 25-30 орчим насны эрэгтэй хар өнгийн малгай болон маск зүүсэн, бараан өнгийн биеийн тамирын хослолтой эрэгтэй хүн такс барих гээд гар өргөөд зогсож байхаар нь хаашаа явах талаар асуухад авто вокзал орно гэж байсан. Тухайн үед миний авто машинд өөр нэг хүн такси үйлчилгээнд явж байсан болохоор өмнө суусан хүн хээтэй хорооллын орчимд буусан. Тухайн хүнээ буулгаад хөдөлж байхад вокзал орохоо болилоо Дархан зах оръё гэж хэлээд хуучин Дархан руу явсан. Дархан зах өнгөрөөд Буян захын орчимд тухайн хүнийг буулгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

 

У.Ч ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Дархан сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 70 дугаар бракт өөрийн дүү Э-ын гэрт байж байгаад орой 20 цагийн орчимд дүүгийн гэрээс гараад Хүслэн төвийн орчмоос такси бариад Номин их дэлгүүрийн уулзвар хүртэл таксигаар явсан. Таксинаасаа буугаад Номингийн урд зогсож байсан Батилион орох такси дахиж бариад Батилионы тойрог гэх газар буусан. Таксинаас буугаад замын хойд талд байсан дэлгүүр орж резин бээлий нэг ширхэг хос бээлийг 300 төгрөгөөр худалдаж авсан.

Хашаан дотор том оврын Хово автомашинтай жижиг том хоёр сэндвичэн барилгатай барилга руу орсон. Би тухайн барилгын хашааг давж ороод сэндвичэн барилгын орж амардаг барилга руу нь вакум цонхыг түлхэж орсон. Намайг тухайн барилга дотор ороход ширээн дээр нь тавьсан хоёр Самсунг болон НР гэсэн хоёр ширхэг зөөврийн компьютер байхаар нь аваад гарсан. Би тухайн барилгаас гарч явахдаа буцаж хашааг нь даваад явсан. Хойд талд нь байсан цэцэрлэгийн хажуугаар ороод чигээрээ хойд зүгт гудамж дундуур явсаар байгаад Хүслийн хотхоны харалдаа зам дагуу гараад алхаад явж байхад такси явж магадгүй гээд гараа өргөхөд нэг такси зогсохоор та хуучин орох уу гэж асуухад хуучин орно гэхээр нь би Буян зах өнгөрөөд зам дагуу таксинаас буугаад Дархан сумын 7 дугаар баг 5 дугаар гудмаар ороод нарийн гудмаар зүүн гар тийшээ эргэж уруудаад зам дагуу явж байхад балгас болсон нэг жижиг байшин байхаар нь тухайн байшинд айлаас авсан хоёр ширхэг зөөврийн компьютероо нууж орхиод гэртээ орж амарсан.

Нууж орхисон зөөврийн компьютероо 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр очиж авсан. Тухайн газраасаа нуусан зөөврийн компьютер байгаа эсэхийг өдөр болгон очиж шалгадаг байсан. ...Би 2025 оны 03 дугаар сарын 10-ны орчимд байх яг хэдэн сарын хэдэн болохыг нь санахгүй байна.

Фэйсбүүк цахим орчинд ажилд авна гэсэн зарын дагуу Дархан зах дээр байна ачаа ачина хүнд биш хөнгөн ажил шүү гэхээр нь би Дархан зах дээр махлаг эрэгтэй хүн байхаар нь очиж уулзаж Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Б** ХХК-ийн хашаанд нь очиж төмөр ачих ажил 70,000 төгрөгөөр хийсэн. Төмөр ачиж дуусаад орж цай уу гэхээр нь тухайн хоёр сэндвичэн барилга руу орсон тэр үеэр ширээн дээр нь хоёр зөөврийн компьютер байхыг харсан. ... Би тухайн хашаанд төмөр ачих ажил хийж дуусаад орж цай уухдаа хоёр зөөврийн компьютер байхыг харсан манай хуучин эхнэр ******* тухайн үеэр надтай гар утсаар холбогдоод одоо амьдарч байгаа нөхөр болон ар гэрийнхэн зодож нүдээд хэцүү байна би чамтай буцаж нийлээд тусдаа гармаар байна надад байр түрээслэх мөнгө олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь мөнгөгүй байсан болохоор хоёр ширхэг зөөврийн компьютер байгаа барилгыг мэдэж байсан болохоор очиж хулгай хийсэн. ...Тухайн айлаас авсан зөөврийн компьютер надад одоо надад байгаа, зарж борлуулаагүй. Одоо амьдарч байгаа гэрийнхээ хашаан дотор нуучихсан. Манай гэрийнхэн хулгай хийсэн талаар мэдэхгүй байгаа. Яг зарах гэхээр айгаад зарж чадахгүй хашаанд нуугаад үлдээчихсэн байсан. Өчигдөр цас ороод хүйтрээд байхаар нь 70 бракт айлд аваачиж үлдээсэн. ... Би өмсөж явсан хувцсаа 2025 оны 03 дугаар сарын 20-ны орой авто уралдаан болдог газрын орчимд байдаг жалганд аваачиж шатаасан. Би саяхан суллагдсан болохоор дахин өмсөж явж байгаад цагдаад баригдаж магадгүй гэж бодоод өмсөж явсан өмд цамц болон гутлаа шатаасан. ... Би хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж байна. Би тухайн барилгаас авсан эд зүйлийг бүрэн бүтэн бүгдийг нь хүлээлгэн өгнө, хийсэн үйлдлээ буруу гэдгийг мэдэж байгаа тул хэргийг хялбараар шийдүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

А ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “...Самсунг брэндийн 13 дугаар үеийн ай-7 загварын болон НР загварын 13 дугаар үеийн ай-5 зөөврийн компьютерын зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 03 дугаар сарын байдлаар 3,700,000 төгрөгөөр тогтоов” гэх  шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 41-45 дахь тал),

 

2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “...Дархан сум, ** дугаар баг, Их сургуулийн гудамж, *-** тоот хаяг руу харсан Түвшин дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэгт 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг  43 минут 29 секунд сэжигтэй этгээдийн хашааг давж орж байгааг харуулав.

- Дархан сум 15 дугаар баг Их сургуулийн гудамж 3-72 тоот хаяг руу харсан Түвшин дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэгт сэжигтэй этгээдийн ирсэн чиглэлийг шалгаж үзэхэд тухайн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 20 цаг 39 минутаас 20 цаг 41 минутын хугацаанд хар саарал өнгийн бичиглэлтэй малгайтай биеийн тамирын хослол өмссөн сэжигтэй этгээдийн хохирогчийн гудамжинд алхаж байгааг харуулав.

- Дархан сумын 15 дугаар баг, Их  сургуулийн гудамж 3-72 тоот хаяг руу харсан Түвшин дэлгүүрийн гадна дотор талын хяналтын камерын бичлэгт 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг 34 минут 42 секунд хар саарал өнгийн бичиглэлтэй малгайтай биеийн тамирын хослол өмссөн, хар малгай, хар маск зүүсэн, шар өнгийн урд тал нь шар арын хэсэг нь цагаан nike гэсэн бичиглэлтэй пүүз өмссөн тухайн дэлгүүрээс худалдан авалт хийсэн байв.

- Дархан сум 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Түвшин дэлгүүр рүү сэжигтэй этгээдийн таксинаас буугаад зам хөндлөн гарч байгааг харуулав.

- Дархан сум 15 дугаар баг Их сургуулийн гудамж 3-72 тоотоос сэжигтэй этгээд  нь зүүн гар талдаа хар өнгийн эд зүйл бариад явж байгааг харуулав” гэх үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 60-62 дахь тал),

 

2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Хар өнгийн Самсунг брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, хар өнгийн зөөврийн компьютерын хулгана 1 ширхэг, саарал өнгийн холбогч цэнхэр өнгийн төсвийн түлхүүр 1 ширхэг, цайвар ногоон өнгийн НР загварын зөөврийн компьютер 1 ширхэг, зөөврийн компьютерын хар өнгийн тэжээлийн залгуур 1 ширхэг саарал өнгийн зөөврийн компьютерын хулгана 1 ширхэг зэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 35 минутад гаргаж хүлээлгэн өгснийг тэмдэглэл үйлдэв” гэх эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст 63 дахь тал),

 

2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “...Самсунг брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, хар өнгийн зөөврийн компьютерын хулгана (mouse) 1 ширхэг, саарал өнгийн холбогч цэнхэр өнгийн төсвийн түлхүүр 1 ширхэг, цайвар ногоон өнгийн НР загварын зөөврийн компьютер 1 ширхэг, зөөврийн компьютерын хар өнгийн тэжээлийн залгуур 1 ширхэг саарал өнгийн зөөврийн компьютерын хулгана (mouse) 1 ширхэг зэргийг тус бүрийг Дархан Уул аймаг Дархан сум ** дугаар баг Их сургуулийн гудамж *-** тоотод оршин суух хаягтай Д овогтой Б (.......)-д 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 17 цаг 00 минутанд хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч У.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй цаашид хичээж амьдарна гэв..

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

 

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайд алдагдсан эд зүйл болох Самсунг, НР загварын зөөврийн компьютерыг 3,700,000 төгрөгөөр үнэлсэн нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээ болох 300,000 төгрөгөөс дээш байх тул “хулгайлах” гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл хамаарах ба шүүгдэгч У.Ч ий Дархан-Уул аймаг, Дархан сумын ** дугаар баг Их сургуулийн гудамж **-** тоотод байрлах Б*** ХХК-ийн хашааг давж орон хохирогч Д.Б ын оффисийн барилгын цонхыг түлхэн онгойлгож хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан.

 

Хууль тогтоогчоос “Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэж тайлбарласан.

 

Шүүгдэгч У.Ч  нь гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Д.Б ын ажлын байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг ”...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд ...нэвтэрч үйлдсэн...” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч У.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг:

 

Шүүгдэгч У.Ч ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бд 3,700,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайлагдсан Самсунг, НР загварын зөөврийн компьютерыг биет байдлаар хохирогч Д.Бд хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

2.1 Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч: Шүүгдэгч У.Ч  нь урьд эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайлах гэмт хэргийг 5 удаа үйлдэж байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 28-ний өдөр суллагдан гарсан. Дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал байна. Түүний үйлдэл нь санаатай буюу шунахайн сэдлээр үйлдэгддэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Энэ гэмт хэрэг нь хор уршгийг 300,000 төгрөгөөс дээш байхыг шаарддаггүй. Хэдийгээр түүний үйлдэл нь Б** ХХК-ийн эзэмшигч Н.Б-ын өмчлөлд халдаж 3,700,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд шүүгдэгчийн хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ явсан маршрут чиглэл, хяналтын камерын бичлэг зэргээр 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Б ХХК руу хууль бусаар нэвтэрсэн үйл баримт тогтоогдсон. Иймд У.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэс буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна.

У.Ч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бодит байдлаар буцаан өгсөн бөгөөд хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн Сидиг хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хавсаргах, шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох зүйтэй.

Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: У.Ч  нь хохирогч Н.Б хохирлыг барагдуулсан. Гэм буруу дээр маргахгүй. Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг барагдуулсан учир Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч У.Ч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч У.Ч ий иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70-73 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан У.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж зааснаар У.Ч д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч У.Ч ий 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. 

 

2.3. Бусад асуудлын талаар

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ч д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт У-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар У.Ч д 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ч д оногдуулсан 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ч ий цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч У.Ч  нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Ч д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТ-АМГАЛАН