Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Шүүгдэгч: Х.Очирсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000123 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Биндэр овогт Хишигтийн Очирсүрэн /ВК62111310/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Очирсүрэн нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 41-2019 тоотод байрлах гэртээ байхдаа гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болон өөрийн эхнэр С.Баянжаргалтай “архи уулаа гэж хэрүүл үүсгэсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гал тогооны тавилгын шургуулгад байсан шар өнгийн бариултай хутгыг авч эхнэр С.Баянжаргалын баруун гарын шуу хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь баруун гарын шуу ясны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Х.Очирсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тогтоолтой уншиж танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 50 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Очирсүрэн мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогч С.Баянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манайх Баянхонгор аймгийн Галуут сумаас Баянхонгор аймагт өвөлжихөөр 2024 оны 07 дугаар сарын үед хүргэн Мөнхдалайн хаяг дээр нүүж ирсэн. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр Очирсүрэн нь өглөөний 10 цагийн үед банк орох ажилтай гээд гараад явсан юм харин би 12 цагийн үед гэрээсээ гараад зах орж ойр зүйлийн эд зүйл аваад 14-15 цагийн үед харьсан чинь манай нөхөр Х.Очирсүрэн гэртээ унтаж байсан ба намайг гэрт ороход сэрсэн чинь бага зэрэг согтуу байх шиг байсан. Тэгээд босож ирээд надаас хэрүүлийн шинжтэй зүйл яриад байхаар нь би тоолгүй гэрийнхээ ажлыг хийгээд байж байсан тэгээд орой 21 цагийн үед бие засчхаад ороод ирсэн чинь намайг зайл чи гараад яв гээд над руу дайраад байхаар нь би урдаас нь битгий хуц гэж хэлээд гэрийнхээ зүүн талын орон дээр сууж байтал манай нөхөр Х.Очирсүрэн нь гэнэт гал тогооны тавиур дээрээс шаргал өнгийн бариултай үзүүр нь бага зэрэг хугарсан хутгыг аваад над руу дайрахаар нь 2 гараа хальт урдаа барьсан чинь миний баруун гарын шууны хэсэгт нэг удаа хутгалсан тэгэхээр нь би айсандаа гэрээс гараад хажуу талд байдаг хүргэнийхээ гэрт орсон чинь манай манай хүргэн охин 2 унтах гэж байсан тэгээд манай хүргэн охин хоёр эмнэлэг болон цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн удалгүй цагдаагийн хүмүүс ирээд манай нөхрийг дагуулаад цагдаагийн газар дээр ирсэн харин би эмнэлэг дээр баруун гартаа оёдол тавиулсан. Манай нөхөр Х.Очирсүрэн урьд өмнө нь ийм үйлдэл гаргаж байгаагүй харин архи уусан үедээ над руу хэл амаараа дайраад байдаг тэрнээс биш надад гар хүрч цохиж зодож байгаагүй харин энэ удаа яагаад ингэсэн гэдгийг мэдэхгүй байна гэнэт над руу хутга бариад дайраад миний гарыг гэмтээсэн юм. гэрт манай нөхөр бид 2 л байсан. Харин хажуу талын гэрт хүргэн Мөнхдалай, охин Х.Сувдмаа нар байсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй харин Х.Очирсүрэн бага зэрэг халамцуу байдалтай согтуу байх шиг байсан хэр их архи уусан гэдгийг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 28 /,

.... Манай нөхөр гэрт байсан шар өнгийн иштэй хутгыг баруун гартаа бариад миний урдаас ирээд миний баруун гарын бугуй, булчин 2-ын голд 1 удаа хатгасан, тэгээд миний гараас их цус гарч эхэлсэн тэгээд эмнэлэг дээр ирээд оёдол тавиулсан. ...надад хохиролтой холбоотой ямар нэг гомдол санал байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

4. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. тус зардал нь үндэслэлтэй байна. хохирогч гэх иргэний регистрийн дугаарыг эрүүл мэндийн даатгалын цахим системд шүүж үзэхэд асуултад дурдсан өдрийг шүүж үзэхэд С.Баянжаргал нь эрүүл мэндийн даатгалын сангаас 111,246 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн байна. Хохирогч С.Баянжаргал нь гэмт хэргийн улмаас шалтгаалан эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 59 /,

5. Гэрч Б.Мөнхдалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2025 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө би эхнэр хүүхэдтэйгээ гэртээ амарч байтал манай хадам ээж болох С.Баянжаргал нь баруун гарынхаа бугуй хэсгээс цус гарсан байдал гараад бариад манай гэрт ороод ирж аав чинь миний гар луу хутгалчихлаа гэсэн тэгэхээр нь би хадам ээжтэй зөрж гараад гэрт нь яваад орсон чинь хадам аав болох X.Очирсүрэн гэрийнхээ үүдний хэсэгт шар иштэй хутга барьсан байдалтай зогсож байсан ба намайг хараад барьж байсан хутга гал тогооныхоо тавиур дээр тавиад орондоо орсон тухайн үед гэрийнхэн үүдний хэсгийн шалан дээр цус гоож байсан. Тэгээд хадам ааваас юу болоод яагаад хутга шөвөг барьсан талаар асуусан чинь ээж чинь уур хүргээд байхаар нь хутгаар хатгачихлаа гэж надад хэлсэн тэр үед манай хадам ээж цагдаа руу дуудлага өгсөн гэсэн ба удалгүй цагдаагаас хүмүүс ирээд аав, ээж бид нарыг дагуулаад явсан ба тус цагдаагийн алба хаагч ээжийгээ аваад яаралтай эмнэлэг ор гэхээр нь би ээжийг аваад эмнэлэг дээр очоод ээжийн баруун гарын бугуйн хэсэгт оёдол тавиулсан өөр зүйл болоогүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 65/,

6. Гэрч А.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би тухайн өдөр жижүүр эмчээр хонож ажиллаж байсан юм. 2025 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө буюу 23-00 цагийн хооронд С.Баянжаргал гэх 58 настай эмэгтэй баруун гарын шууны гадна 3.1 хэсэгтээ 1x0.5 см зүсэгдсэн гэмээр шархтай, шархнаас цус гарсан байдалтай амь үзүүлэлт, цус эргэлт тогтвортой иргэн манай эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эмчилгээ үйлчилгээ авсан тэгээд би шархыг нь цэвэрлэж 3-4 оёдол тавьж цусыг нь тогтоож даралттай боолт хийж зөвлөгөө өгч буцаасан өөр гэмтэл шарх гэмээр зүйл байхгүй байсан ба тус иргэн анх манай эмнэлэгт орж ирэхдээ цагдаагийн алба хаагч нартай орж ирсэн өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 67/,

7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дүгээр сарын 17-ны өдрийн 178 дугаартай шинжээчийн:.....1. С.Баянжаргалын биед баруун шуу ясны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасан хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 32-36/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-05/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Очирсүрэн нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 41-2019 тоотод байрлах гэртээ байхдаа гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болон өөрийн эхнэр С.Баянжаргалтай “архи уулаа гэж хэрүүл үүсгэсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гал тогооны тавилгын шургуулгад байсан шар өнгийн бариултай хутгыг авч эхнэр С.Баянжаргалын баруун гарын шуу хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь баруун гарын шуу ясны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Энэ үйл баримт болсон нь  хохирогч С.Баянжаргалын мэдүүлэг, гэрч Б.Мөнхдалай, А.Даваадорж нарын мэдүүлэг, шинжээчийн 178 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч  нь архидан согтуурсан үедээ шүүгдэгч нь хохирогчтой таарамжгүй харилцааны улмаас хохирогчтой маргалдаж улмаар түүнийг баруун гарын шуунд хутга ашиглаж зүсэж хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч Х.Очирсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Очирсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөн хохирогч С.Баянжаргал нь энэ гэмтлийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 111.246 төгрөгийн зардал гаргаж хохирогч С.Баянжаргалын эмнэлгийн байгууллагаар эмчилсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Х.Очирсүрэнгээс 111.246 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Х.Очирсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Очирсүрэн нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Х.Очирсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх шар өнгийн бариултай хутга 1 ширхгийг хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Биндэр овогт Хишигтийн Очирсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Биндэр овогт Хишигтийн Очирсүрэнг дөрвөн зуун тавин / 450 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Очирсүрэнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Очирсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Х.Очирсүрэн нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Х.Очирсүрэнгээс 111.246 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд  нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Х.Очирсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх шар өнгийн бариултай хутга 1 ширхгийг хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Очирсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Очирсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ