| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2018/00305/И |
| Дугаар | 148/ШШ2018/00508 |
| Огноо | 2018-10-25 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 148/ШШ2018/00508
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, Суварга 2 дугаар баг, 17 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, ******* сумын соёлын төвийн Орон нутаг судлах танхим-ын ажилтан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, Ган зам 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 30 дугаар байрны 12 тоотод оршин суух, ******* сумын соёлын төв-ийн эрхлэгч ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт *******гийн ******* /РД:/-д холбогдох
Үндэслэлгүйгээр арга хэмжээ тооцож цалингаас суутгах 2018.04.25-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, 183.512 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч М.Гансүх, нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... 2011 оноос тус Соёлын төвд ОНСТАжилтан албан тушаалд томилогдон ажиллаж байна. Гэтэл 2018 оны 04-р сарын 25-ны өдрийн 17:50 минутад эрхлэгч намайг өрөөндөө дуудахад орсон бөгөөд чамд арга хэмжээ авсан тушаал танилц гарын үсэг зур гэж хэлсэн. Би юун тухай тушаал болох яагаад арга хэмжээ авч байгаа талаар асуухад 1-р улирлын ажлыг дүгнэхэд хангалтгүй үнэлэгдсэн гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Ажпыг дүгнэхдээ ажилчдыг бүгдийг байлцуулан ажилчдын хурал хийж хэлэлцүүлэн үнэлэлт дүгнэлт өгдөг. Гэтэл тэгж дүгнэлт үнэлгээ өгөөгүй өөрөө дангаараа дүгнэж үнэлгээ өгч надад арга хэмжээ тооцсон нь үндэслэлгүй юм. Урьд нь намайг үндэслэлгүйгээр ажлаас халж ажилд эгүүлэн тогтоосноос хойш ямарч шалтгаангүйгээр арга хэмжээ авч намайг ажлаас халахыг энэ хүн зорьдог. Өөрийн хувийн сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгоор өш хонзон санаж ийм үйлдэл хийж байна. Нэхэмжпэлийн шаардлага:
1. Надад үндэслэлгүйгээр арга хэмжээ тооцож цалингаас суутгах 2018.04.25-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож
2. Үндэслэлгүй, хууль бус тушаалаар цалингаас суутгасан 4-р сарын суутгал 91756 төгрөг, 5-р сарын 91756 төгрөг. Нийт 183.512 төгрөгийг буцаан олгуулах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэх.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 02 дугаар сард ******* сумын соёлын төвийн эрхлэгчийн тушаалаар ажлаасаа халагдаад улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 06 дугаар сарын 14-нд эргээд ажилдаа орсон. 2017 оны 06 дугаар сарын 14-нд ажилд эргэж орох тушаалтай зэрэгцээд соёлын төвийн эрхлэгч Б.******* нь миний ажлын байрны тодорхойлолтонд цэвэрлэгээг давхар хариуцан гүйцэтгэнэ гэсэн заалт оруулж өгсөн. Энэ байдлыг миний бие нь удирдах ажилтны дарамт шахалт эсэргүүцэл гэж ойлгож байгаа. 2017 оны 06 дугаар сарын 14-нд намайг ажилд орсноос хойш 2018 оны 12 дугаар сарыг дуустал бусад бүх ажилчиддаа 3 удаа цалингийн урамшуулал олгосон боловч надад олгоогүй. Миний бие улсад 18 жил ажиллаж байгаа төдийгүй соёлын төвдөө хамгийн ахмад ажилтанд ордог. Гэтэл надаас бусад ажилтнуудын цалингийн шатлалыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Иймэрхүү байдалтай явж байгаад 2018 оны эхний улирлын ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн бөгөөд намайг 60 хувьтай буюу хангалтгүй гэсэн үнэлгээгээр дүгнэж 2 сарын хугацаанд цалингийн 20 хувь хасах шийтгэл оногдуулсан. Би энэ шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2 сарын хугацаанд цалингийн 20 хувь хасна гэдэг бол сахилгын маш том арга хэмжээ. Би өөрийгөө ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа. 2018 оны 1 дүгээр улирлын ажлын төлөвлөгөөн 8 дугаарт биет болон биет бус өв өвлөн тээгчдийн алдрын булан байгуулах ажил байгаа бөгөөд энэхүү ажлыг 1 жилийн хугацаанд бүх ажилчид хариуцан гүйцэтгэнэ гэж оруулж өгсөн. Гэтэл энэхүү ажлыг ганцхан намайг хийх ёстой гээд энэхүү ажлын биелэлт дээр надад 0 хувь гэсэн үнэлгээ өгсөн. Бүх ажилчид хийнэ гэж оруулсан мөртлөө бусад ажилчдын төлөвлөгөөнд оруулаагүй бөгөөд шахаж шаардаагүй. Миний ойлгож байгаар бүх ажилчид гэж байгаа болохоор хэн нь ямар ажил хариуцах ёстой, мөн 1, 2, 3, 4 дүгээр улиралд ямар ажлыг нь хийх ёстой юм гэдгийг тодорхойлж өгөх ёстой байсан гэж үзэж байна. Ардын авъяастнуудын бүртгэл мэдээллийн сан над дээр байдаг. Энэ бүртгэл мэдээллийн санд байдаг ардын авъяастнуудыг арга хэмжээнүүдэд оролцуулах ажлыг 1 дүгээр улирлын тайландаа тусгаж өгсөн төдийгүй миний бие хэд хэдэн ардын авъяастнуудыг оролцуулсан. Гэтэл энэ хүн дуу хөгжмийн багш эдгээр хүмүүсийг оролцуулсан гэж надад хэлсэн. Дуу хөгжмийн багш ардын авъяастнуудын дуу хөгжмийг нь бэлдэх, бүжгийн багш бүжгийг нь бэлдэж миний бие авъяастнуудыг хамруулах ажлыг хийсэн гэж ойлгож байгаа. Гэтэл энэ ажлыг маань 40 хувьтай дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс миний нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэж өгнө үү гэх.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ... Д.*******тай 2011 оноос хойш 8 жилийн хугацаанд хамтарч ажиллаж байна. 2017 оны 02 дугаар сард ажлаас халсан тухай ярилаа. Яагаад ажлаас халсан бэ гэвэл Д.******* нь ажлын байран дээр архидан согтуурсан согтуу байсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан юм. Д.******* нь 2018 оны 1 дүгээр улиралд хийж гүйцэтгэсэн ажлаа 60 хувьтай дүгнүүлсэн. Д.******* нь өөрийн үүрэгт ажлаа хангалттай хийж чаддаггүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар ажлын шаардлагыг биелүүлдэггүй, захирах захирагдах ёс гэж мэддэггүй. Өрөөнд орж ирээд хашгичаад загнаж байгаад л гараад явдаг. Иймэрхүү байдалтай байдаг төдийгүй төрийн албан хаагчийн хувиар харьцахад маш хэцүү авир гаргадаг. 2018 оны 1 дүгээр улирлын дүнг хурлаар хэлэлцэж танилцуулсан. Мөн дүнг тавихдаа өөрийг нь дуудаж байгаад харандаагаар зуруулаад гарын үсэг зуруулдаг. Энэ ажилтныг ажлыг нь хийлгэх гэж дүгнэснийхээ төлөө шүүхэд дуудагдаад зогсож байгаа нь тун харамсалтай санагдаж байна. Бусад 4 ажилтан 85-аас дээш хувиар дүгнүүлээд байхад би яагаад 60 хувьтай дүгнүүлсэн юм бол гэдэг асуудал дээр энэ хүн өөрөө өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй гэж бодож байна. Энэ хүн ямар ч ажил хийхгүй кордоорт хөлөө өшиглөж явсныхаа төлөө улсаас цалин авч байгаа. Миний бие ажлын тайланг үнэн зөв дүгнэсэн төдийгүй хуульд нийцсэн арга хэмжээг авсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.*******гийн шүүхэд гаргасан .... ******* сумын соёлын төвийн эрхлэгч Б.*******гийн Үндэслэлгүйгээр арга хэмжээ тооцож цалингаас суутгасан 2018.04.25-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, 183 512 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь; ******* сумын соёлын төвийн орон нутаг судлах танхимын ажилтан *******ийн *******ыг тус төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар ... ажилтан Д.******* нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, нэгдсэн төлөвлөгөөнд заагдсан ажил, арга хэмжээг 1 дүгээр улирлын байдлаар 60 хувьтай дүгнүүлж, хангалтгүй үнэлгээ авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар ... 2 сарын цалинг 20 хувиар бууруулж олгох сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Энэ нь хавтаст хэргийн 31-33 дугаар талд авагдсан ажил олгогч, ажилтан нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-д заасан ... ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг, хүлээсэн үүргээ, 70 хувиас доош биелүүлсэн бол хангалтгүй гэсэн үнэлгээ өгч Хөдөлмөрийн хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулна гэж талууд хөдөлмөрийн гэрээгээрээ тохиролцсоноос гадна ажилтан Д.******* нь тус байгууллагын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан 2018 онд хийх төлөвлөгөө-нд заагдсан хийж гүйцэтгэвэл зохих ажлын жагсаалт, мөн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн хуваарийн тодорхойлолт, хавтаст хэргийн 36-37 дугаар талд авагдсан ажилтан Д.*******гийн 2018 оны 01 дүгээр улиралд хийсэн ажлын тайланд тусгагдсан тус байгууллагын эрхлэгчийн ажлыг нь 60 хувьтай дүгнэсэн баримт, хавтаст хэргийн 82-86 дугаар талд авагдсан тус төвийн хөдөлмөрийн дотоод журам, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тус төвийн эрхлэгчийн Б/08 дугаартай тушаалаар ... Д.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл оногдуулсан баримт, мөн хавтаст хэргийн 76-78 дугаар талд авагдсан шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтээр тус төвийн хурлын тэмдэглэл үнэн зөв бичигдсэн тухай баримт, хавтаст хэргийн 53-55 дугаар талд авагдсан гэрч Б.Гэрэлсайханы мэдүүлэг, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хууль зүйн дүгнэлт; Ажил олгогч Б.*******гаас ажилтан Д.*******д Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар ... цалинг 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь ажилтны гэм буруу, сахилгын зөрчил, үр дагаварт тохирсон шийтгэл гэж үзнэ.
Иймд Д.*******гийн шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 76.355 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн Үндэслэлгүйгээр арга хэмжээ тооцож цалингаас суутгах 2018.04.25-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, хуудь бусаар цалингаас суутгасан 183.512 төгрөгийг гаргуулах тухай Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 76.355 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН