2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1296

 

 

 

 

 

 

 

   2025        05         16                                      2025/ШЦТ/1296

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

***, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч Б.П.О,

Иргэний хариуцагч Г.С, А.Б, Ю.Л, тэдгээрийн өмгөөлөгч Л.Даваасүрэн,

Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Ж.Г, Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Б, Ж.Г нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00061 0016 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *** өдөр *** төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 2, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Ж.Г,

2. Монгол Улсын иргэн, *** өдөр *** төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 3, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Д.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь ***ээр ажиллаж байхдаа тус хэлтсийн *** түр орлон гүйцэтгэгч Д.Бтэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу эдийн засгийн давуу байдал бий болгож их хэмжээний буюу 107,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь *** ажиллаж байхдаа тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Гтэй өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний буюу 107,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би Татварын албанд 13 жил ажиллаж байгаа. 2016 оноос ***ээр томилогдсон. Энэ хугацаанд дүүргийн төсвийн орлого, улсын төсвийн орлого, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх чиг үүрэгтэй үндсэн 130 гаруй ажилтантай, орон тооны бус 50 гаруй, нийт 180 гаруй албан хаагчдын бүрэлдэхүүнтэй удирдлага, арга зүйн чиглэлээр хангаж ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд орон тооны бус байцаагч нарыг дүүргийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тухайн төсвийг зарцуулахтай холбоотой урсгал зардлыг тухайн жилдээ баталж өгч байсан. 2016-2018 онд Иргэдийн төлөөлөгчийн баталсан төсөв дээр урсгал зардал гэж бүртгэсэн. Тэгэхдээ тэр зардал албан хаагчдын урамшуулал гэх мэт урсгал зардалд зарцуулагдаж явдаг байсан. 2016 онд анх ажил авч байхад дүүргийн төлөвлөгөө биелэгддэггүй хүндхэн байсан. 2018 оны 11 дүгээр сард бүх орон тооны бус байцаагч нарыг чөлөөлсөн. 2018 оны 12 дугаар сард нягтлан маань манай өрөөнд орж ирээд “дүүргийн төлөвлөгөөнөөс орон тооны бус байцаагч нарт олгож байсан цалин хөлс урамшууллаас 107.000.000 төгрөг үлдсэн байна, энэ мөнгийг яах уу” гэж асуусан. 2016, 2017 онуудад орон нутгийн санхүүжилтээс үлдсэн мөнгөн дүнгээс нийт албан хаагчид 40% хүртэл урамшууллыг олгодог байсан. Тэгээд тухайн үед байсан 107.000.000 төгрөгийг хэлтсийнхээ бүх албан хаагчид урамшуулал болгож өгье гэж бодоод тасгийн дарга нар болон хэлтсийн даргатайгаа даргын зөвлөлийн хуралдаан зохион байгуулж байгаад шийдвэрлэе гэж бодоод. Даргын зөвлөлийн хуралдааныг хийсэн. Дүүргийн зарцуулах ёстой байсан санхүүжилтээс үлдэгдэл байгаа болохыг нь танилцуулж, 7 тасгийн даргыг оролцуулж хэлэлцсэн. Тэгээд манай байгууллагад хамгийн удаан ажилласан Ц.Э, Б.Б дарга нар “олон хүнд урамшуулал тавьж байхаар цөөхөн хүмүүст урамшууллаа тавьж өгөөд, шинэ жил, сүү цагаан идээний аян зохион байгуулах мөнгийг гаргая” гэх саналыг гаргасан. Уг саналынх нь дагуу Захиргааны тасгийн дарга Д.Бтэй ярилцаад ямар албан тушаалтай, хэн гэдэг хүнийг шагнаж урамшуулах албан хаагчдаа тодруулж асуугаад, шагнал урамшуулал олгох тушаалын төсөл бэлдээрэй гэж үүрэг өгсөн. 12 дугаар сарын эхээр хурлыг зохион байгуулаад 12 дугаар сарын сүүлээр тушаал гаргасан. Тэгээд манай нягтлан *** дүүргийн Төрийн сан дээр очоод ирэхдээ “...таны тушаал дүнгээсээ хэтэрсэн байна...” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл албан тушаалтнуудад өндөр дүнтэй шагнал урамшуулал олгох гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дүүргийн засаг дарга дээр очиж уулзаад “батлагдсан төсвөөсөө илүү мөнгө авахгүй, зөвхөн 2017 онд батлагдсан төсвийн дүнгээс үлдсэн мөнгөөр хэлтсийнхээ нэр бүхий албан хаагчдад шагнал хэлбэрээр олгох гэсэн юм. Ийм агуулга бүхий тушаал гаргаж хүргүүлсэн. Гэвч гаргахгүй боломжгүй гэх хариу хүргүүлсэн байна” гэж хэлэхэд *** дүүргийн засаг дарга өрөөндөө дүүргийн төрийн сангийн дарга, иргэдийн төлөөлөгчдийн даргыг дуудаж уулзсан. Ингэж уулзахдаа Татварын хэлтсийн дарга нь “2017 онд батлагдсан төсвийнхөө үлдэгдлээс ажилчдаа шагнал хэлбэрээр олгох гэж байгаа юм байна. Үүнийг нь дэмжээд гаргуулах нь зүйтэй байна” гэж хэлж байсан. Засаг даргыг тэгж хэлэх үед нь би Засаг даргад хандаж “та захирамж гаргаад өгчих” гэж хэлж байсан боловч “Захирамж гаргах шаардлагагүй юм байна. Учир нь Иргэдийн төлөөлөгчийн хурлаар 2017 ондоо баталчихсан төсөв учраас танай байгууллага албан хаагчдаа шагнал хэлбэрээр олгох эрх нь байгаа” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө нэр бүхий 17 албан хаагчид шагнал урамшуулал нь олгогдсон. Ийм л зүйл болсон...” гэв.

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би улсад 24 жил ажиллаж, үүнээс татварын салбарт 16 жил ажилласан байна. Татварын хэлтэст ажиллаж байхдаа ямар нэгэн байдлаар алдаа, зөрчил гаргаж байгаагүй. 2018 онд миний бие *** гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр хэлтсийн дарга Ж.Г яаралтай Даргын зөвлөгөөний хуралдааныг зарлахаар болсон. Үүний дагуу даргын зөвлөлийн хурлыг явуулахад дэд дарга Б.З, хяналт шалгалтын дарга Б.Б, хувь хүний орлогын тасгийн дарга Ю.Л, орлогын тасгийн дарга Г.С, эрсдэл статистикийн тасгийн дарга А.Б, нэг цэгийн үйлчилгээний дарга Ц.Э, хэлтсийн дарга болон миний бие гэх нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй хурал эхэлсэн. Хурал дээр хэлтсийн дарга Ж.Гээс “жилийн эцэс болж байгаа тул ажилтнуудаа шагнаж урамшуулах асуудал болон иргэдийн төлөөлөгчийн хурлаар тогтоосон төсвийн хүрээнд хэмнэгдсэн төсвөөр ажилтнуудаа шагнаж урамшуулах бодолтой байна, та бүхэнд санал байна уу” гэж асуусан. Тухайн үед 2017 оны төсвөөс хэмнэгдсэн хэдэн төгрөг байгаа болохыг тэнд байсан ажилтнуудаас хэн нь ч мэдээгүй. Ж.Г дарга ч мөн адил хэдэн төгрөг байгаа болохыг нь мэдэхгүй байгаа талаараа илэрхийлсэн. Дарга хэлэхдээ “байгаа мөнгөө урамшуулал хэлбэрээр олгоё, тэгэхдээ шинэ жил болох гэж байгаа тул хамт олноо баярлуулъя. Мөн утаатай холбоотой цагаан идээний аян зохион байгуулж байгаа үйл ажиллагааныхаа төсвийг гаргах хэрэгтэй байна. Мөн ахмадуудынхаа эрүүл мэндэд холбоотой явуулж байгаа үйл ажиллагааныхаа төсвүүдийг гаргах хэрэгтэй байгаа гэж ярьсан. Төсөвт хэдэн төгрөг байгаа нь тодорхой болохоор юунд, хэдэн төгрөг зарцуулах тооцоог гарна гэж хэлсэн. Тэгээд надад тухайн хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ болон шагнал урамшуулал олгох албан хаагчдын нэрс, тооцооны төсөл боловсруулж ирээрэй гэж үүрэг өгсөн. Миний бие хурлын дараа бүх албан хаагчдад “шагнал урамшуулал авах албан хаагчдын нэрсийг өгөөрэй” гэж хэлсэн. Мөн хурал тарсны дараа би хуулийн зөвлөх Мд үүрэг өгсөн. Ямар учиртай үүрэг өгсөн бэ гэвэл “Иргэдийн төлөөлөгчөөс батлагдсан төсвөөс тодорхой хэмжээний мөнгө үлдсэн юм байна. Тэр мөнгөнөөс нь ажилчдыг шагнах гэж байгаа юм байна. Мөн тухайн мөнгөнөөсөө шинэ жилийн арга хэмжээ болон цагаан идээний үйл ажиллагааны төсвийг гаргах юм байна. Одоохондоо хэдэн төгрөгийн төсөв байгаа болохыг мэдэхгүй байна. Чи тушаалын төсөл боловсруулаарай. Тэгээд хоёулаа даргад танилцуулъя. Төслөө бэлдэхдээ өмнө нь шагнал урамшуулал олгож байсан төслийг хараарай” гэж үүрэг өгсөн. Тухайн төслөө даргад танилцуулахгүй нэлээн удаан явсан. Би 2018 онд удирдлагын академид Пүрэв гарагийн ангид өглөөний 08 цагаас оройны 17 цаг хүртэл суралцдаг байсан. Би ажлынхаа дэд дарга Б.Зтай хамт суралцдаг байсан. Ажлаас 1 өдрийн чөлөө авахад хэлтсийн даргын тушаал гардаг байсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шагнал урамшуулал олгох тушаал гарах үед миний бие чөлөө авсан байсан. Намайг тухайн үед чөлөөтэй байсан болохыг нотолсон баримт хавтаст хэргийн материалд хавсаргагдсан байгаа. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр намайг хичээл дээрээ байхад хэлтсийн дарга Ж.Г гар утсаар залгаж “тушаал гарсан. Чи шагнагдаж байгаа хүмүүс рүүгээ яриад шагнагдаж байгааг нь хэлээд дундын сангаа байгуулъя гэдгээ мөн хэлээрэй” гэж хэлсэн. Өмнө нь даргын зөвлөлийн хуралдаан болоход дундын сангийн асуудлын талаар ярилцсан байсан. Тухайн дундын сан руугаа шагнал урамшууллаар авсан мөнгө хуримтлуулаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би даргад хандаж “би хичээлтэй, шалгалттай байна. Та Ю.Л юм уу, нягтлангаар мөнгөө хураалгавал яасан юм бэ” гэж хэлэхэд миний хоёр хэлсэн хүнийг “жилийн эцэс гээд тайлан тооцоо гаргах гээд завгүй байна. Чи гялс хэлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар хүмүүс шагнуулах юм бэ гэж асуухад дарга “107.000.000 төгрөгийн төсөв батлагдсан байна. Би үүний талаарх баримтыг явуулъя гэж хэлээд Facebook хаягаар тушаалыг хавсралтын хамтаар явуулсан байсан. Тэр үед миний хажууд дэд дарга Б.З тухайн тушаалыг харсан. Тус орой мөн манай байгууллагын шинэ жил байсан тул дарга хүмүүсээсээ мөнгөө хурдан цуглуулах шаардлагатай байна гэж хэлж байсан. Би даргаас тушаал болон тушаалынхаа хавсралтыг аваад хүмүүс рүү залгасан. Тухайн тушаал нь *** дүүргийн татварын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дугаартай “Шагнал урамшуулал олгох тухай” тушаал байсан. Тушаал гарахад миний ямар нэгэн оролцоо байхгүй, би тушаал гардаг өдөр ажил дээрээ байгаагүй, хичээл дээрээ байсан. Өөрийгөө тухайн өдөр хичээл дээрээ байсан болохыг тогтоосон баримтаа хэргийн материалд хавсаргасан байгаа. Тухайн өдрийн 17 цагийн үед миний дансанд шагнал урамшуулал гэж 18.000.000 төгрөг орж ирсэн. Тэгээд шинэ жилийн арга хэмжээн дээр шагнал урамшуулал авсан албан хаагчдаас дундын сангийн мөнгийг хурааж авсан. Шинэ жилийн арга хэмжээн дээр шилдэг татвар төлөгч, шилдэг тасаг, шилдэг байцаагч нарыг шалгаруулсан. Шагнал урамшууллын мөнгө тухайн 107.000.000 төгрөгөөс хэрэглэгдсэн. Мөн цагаан идээний аянтай холбоотой “***” ХХК-тай гэрээ хийсэн байсан. Тус байгууллагатай хийгдсэн байсан гэрээний мөнгөн дүнгээрээ тооцоог хийсэн. Шагнал урамшуулал олгоод, аянтай холбоотой зарцуулагдсан тооцоо хийж дуусгахад дарга “үлдсэн мөнгөө шагнал урамшуулал авсан хүмүүстээ тарааж өг” гэж хэлсэн. Түүний дагуу тарааж өгсөн. Тэгэхдээ миний хувьд ямар нэгэн байдлаар төсөв мөнгөө төлөвлөөд, тухайн хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Надад төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй. Би зөвхөн удирдах дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд явсан...” гэв.

Иргэний хариуцагч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр *** дүүргийн татварын хэлтсийн орлогын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Энэ үед бол би орлогын тасгийг ахалж ажиллаж байсан. Манайх 47 хүнтэй байсан. Намайг очих үед орон тооны бус байцаагч гэж байж байгаад байхгүй болчихсон байсан. Бид нар нийслэлийн төсөв, улсын төсөв, орон нутгийн төсөв гээд 3 төсвийн орлогыг төвлөрүүлдэг байсан. Хэлтсийн дарга бол төсвийн шууд захирагч. Төсвийн шууд захирагчийн хүрээнд бол төсвийн ерөнхийлөн захирагч 2 байдаг. Татвар хураалт, орлого бүрдүүлэлтийн хүрээнд дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч 599.000.756 төгрөгийг тавьж өгсөн байна. Тухайн жил буюу 2018 оны орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд Улсын их хурлын 1995 оны 96 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 2-т мөнгөн шагнал олгоно гэсэн зохицуулалт байдаг. Энэ хүрээнд бол тасгийн дарга нартай хурал хийгээд “та нарыг үр бүтээлтэй, өндөр сайн ажилласан хүмүүст дүүргийн төвлөрүүлэлтийн мөнгөнөөс бол тодорхой хэмжээний мөнгө үлдэж байгаа, үүнийг та бүхэнд шагнал, урамшуулал байдлаар олгоно гэдгийг хэлтсийн дарга хурал хийгээд хэлсэн. Тухайн хурал дээр мөн яригдсан зүйл нь хэлтсийн үйл ажиллагаа буюу шинэ жилийн арга хэмжээ, цагаан идээтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулах мөнгө байхгүй учраас хэдүүлээ хамтын сан гэж байгуулаад тодорхой хүмүүс дээр тухайн төсвийн мөнгөнөөс урамшуулал хэлбэрээр олгосны дараа үйл ажиллагаандаа зарцуулъя” гэж зөвлөлийн хурал дээр хэлтсийн дарга санал тавьсан. Энэ төсвийн мөнгө маань өөрөө яах юм гэхээр төсвийн зарцуулалтынхаа хувьд цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын ангилал буюу мөнгөн шагналд хамаарч байгаа учраас энэ зардал чинь хамаарах юм уу, үйл ажиллагаанд чинь хамаарах юм уу, үүнийг хууль эрх зүйн талаасаа судалж үзээрэй гэдгийг бол хэлсэн байдаг. Бид бүхэн хамтын сан байгуулж үйл ажиллагаандаа зарцуулж болох юм байна, ийм хууль эрх зүйн зохицуулалттай байна гэж бодсоны үүднээс тасгийн дарга нар хэлтсийн даргын саналыг зөвшөөрсөн. Гэхдээ тэр үед бол тодорхой хэмжээний мөнгөн дүн байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захиргааны тасгийн дарга Д.Б дарга гар утсаар залгаад таны дансанд 3.600.000 төгрөг орсон байгаа та түүнээсээ 3.150.000 төгрөгийг оройны шинэ жилийн арга хэмжээн дээрээ авчирч өгөөрэй. Шинэ жилийн үйл ажиллагаанд зарцуулах ёстой гэж хэлж байсан. Миний хувьд бол тухайн үед оны эцэс гээд ажил ихтэй байсан учраас Д.Б даргад хандаж “Би маргааш аваад өгч болох уу? Ажил ихтэй байна” гэж хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд би маргааш нь данснаасаа авч өгсөн. Он гараад 2 сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна. Д.Б дарга өрөөнд орж ирээд “нөгөө та хэдээс хураасан үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөнөөс чинь илүү гарсан мөнгийг бүх тасгийн дарга нартаа тэнцүү хэмжээгээр хуваарилж өг гэж хэлтсийн дарга хэлсэн гэж хэлээд 2.500.000 төгрөгийг 2019 оны календарьтай хамт уутанд хийж надад өгсөн. Бид 2018 оны татварын орлогыг давуулан биелүүлсэн байсан. Иргэдийн хурлын тогтоолд тухайн нэг албан хаагчийг 20.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж болно гэж тусгасан байдаг. Нийслэлийн иргэдийн хурлын тогтоолыг үндэслээд тухайн дүүргийн иргэдийн хурал тогтоол гаргадаг. Энэ зарчмын хүрээнд олгогдсон мөнгөн шагнал гэж миний зүгээс үзэж байгаа тул бид төлөх боломжгүй гэж харж байна. Даргаагийн ярих зүйл нь гэвэл энэ мөнгийг бид хуваарилж аваагүй. Төсвийн шууд захирагч, хэлтсийн даргаас хуулийн дагуу бид нарт олгосон мөнгө. Төсвийн зориулалт дээр тавьсан байдлыг нь харахаар бол татвар хураалт, орлого бүрдүүлэлтээс тухайн мөнгийг зориулалтын дагуу зарцуулагдсан гэдгийг харж байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч нар болон өмгөөлөгч нар ярьж байна. Төрийн албан хаагчийн үндсэн цалин юунаас бүрддэг вэ гэвэл нэмэгдэл хөлс, нэмэгдэл цалин, шагнал урамшуулал гэдэг зүйлээс бүрддэг. Бид нар Татварын ерөнхий газрын харьяанд босоо удирдлагатай татвараас томилогддог учраас үр дүнгийн урамшуулал бол үүнтэй огт хамааралгүй. Энэ мөнгөн шагнал маань дүүргийн засаг даргаас олгогдож байгаа дүүргийн төсвөөр батлагдаад иргэдийн хурлын тогтоолоор олгогдож байгаа хууль ёсны дагуу олгогдсон зүйл. Иймд шүүх шийдвэр гаргахдаа хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Иргэний хариуцагч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед буюу 2018 онд эрсдэл статистикийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан. Тухайн шагнал урамшуулал олгох тухай тушаалыг хэлтсийн дарга Ж.Г өөрийн эрх мэдлийн хүрээнд гарсан гэж миний зүгээс ойлгосон. Тухайн үед тушаалын хавсралтад “шагнал урамшуулал” гэж 4.000.000 төгрөг бичигдсэн байсан. Тэгэхдээ дансанд орохдоо хувь хүний орлогын албан татвар суутгагдаад 3.600.000 төгрөг орсон байсан. Тухайн мөнгө дансанд орохдоо “шагнал урамшуулал” гэж орсон байсан. Тухайн жил 2 тэрбум төгрөгөөр орон нутгийн төсвийн орлогыг давуулан биелүүлсэн байсан учраас дансанд орсон байсан мөнгийг урамшуулал л гэж л бодсон. Даргын зөвлөлийн хурал дээр хэдэн төгрөгөөр шагнаж урамшуулах, хэдэн төгрөгийн санхүүжилт байгаа гэх мэт нарийн зүйлүүд яригдаагүй. Тухайн 3.600.000 төгрөгөөс 450.000 төгрөгийг нь дансандаа үлдээгээд, үлдэгдлийг нь Д.Бийн данс руу явуулсан. Тэр мөнгөөр хэлтсийн зүгээс албан хаагчдын дунд явуулах үйл ажиллагаанд зарцуулагдана гэж хэлээд шинэ жилийн орой хурааж авсан. Манай байгууллага дээр сүү, цагаан идээтэй холбоотой аян өрнөсөн. Он гарахад 10 хоног дутуу байхад явагдаж байсан үйл ажиллагаа байсан. Тэр арга хэмжээ үйл ажиллагаанд тухайн мөнгөнөөс зарцуулагдаад явсан байх. Оны дараа үйл ажиллагаанд зарцуулагдсан мөнгөнөөс үлдсэн мөнгө гээд 2.500.000 төгрөг данс руу орсон. Он гараад мөнгө данс руу ороход зарцуулагдах ёстой үйл ажиллагаанууддаа зарцуулж дуусаад үлдэгдлийг нь явуулж байгаа юм байна гэж ойлгосон. Тухайн мөнгийг шагнал цалин гэж ойлгосон учраас буцааж өгнө гэж бодохгүй байна...” гэв.

Иргэний хариуцагч Ю.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед *** дүүргийн Татварын газар хувь хүний орлогын тасгийн гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэж байсан. Тухайн үед юу болсон талаар өмнөх иргэний хариуцагч нар маань хангалтай тайлбар өгсөн болохоор тодорхой бөгөөд товчхон яръя. Надад урамшуулал гэж тухайн үед 18.000.000 төгрөг орж ирсэн. Тэгээд мөнгө орж ирсэн талаараа Д.Б дарга руу залгаж хэлэхэд мөнгөө аваад ир гэж хэлсэн. Тэгээд шинэ жилийн орой 15.000.000 төгрөгийг бэлнээр Д.Б даргад өгсөн. Харин 3.000.000 төгрөгийг урамшуулал гэж авч үлдсэн. Оны дараа үйл ажиллагаанд зарцуулагдаад үлдсэн мөнгө гээд 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дээрх мөнгийг төлөхгүй гэсэн байр сууртай байна. Учир нь тухайн мөнгийг дүүргээс олгож байгаа урамшуулал гэж үзэж байгаа...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэрч З.Сын мэдүүлэг /1хх-ийн 86-87 дахь тал/,

Гэрч Х.Аын мэдүүлэг /1хх-ийн 88-89 дэх тал/,

Гэрч Э.Аы мэдүүлэг /1хх-ийн 91-92 дахь тал/,

Гэрч Б.Бийн мэдүүлэг /1хх-ийн 93-95 дахь тал/,

Гэрч П.Оийн мэдүүлэг /1хх-ийн 98- 99 дэх тал/,

Гэрч М.Цийн мэдүүлэг /1хх-ийн 102-103 дахь тал/,

Гэрч Ц.Нын мэдүүлэг /1хх-ийн 105-106 дахь тал/ ,

Гэрч Э.Өгийн мэдүүлэг /1хх-ийн 111-112, 115 дахь тал/,

Гэрч Н.Эгийн мэдүүлэг /1хх-ийн 116-117, 120 дахь тал/,

Гэрч С.Сгийн мэдүүлэг /1хх-ийн 121 дэх тал/,

Гэрч Т.Тын мэдүүлэг /1хх-ийн 123-124  дэх тал/,

Гэрч Ю.Лгийн мэдүүлэг /1хх-ийн 128-129 дэх тал/,

Гэрч Г.Сын мэдүүлэг /1хх-ийн 130-131 дэх тал/,

Гэрч А.Бын мэдүүлэг /1хх-ийн 134-135 дахь тал/,   

Гэрч Ц.Эгийн мэдүүлэг /1хх-ийн 138, 139 дэх тал/,

Гэрч Б.Мын мэдүүлэг /1хх-ийн 147-148, 10хх-ийн 207 дахь тал/,

Гэрч Б.Згийн мэдүүлэг /1хх-ийн 149-150 дахь тал/,

Гэрч Б.Бийн мэдүүлэг /1хх-ийн 156-157, 158-159, 9хх-ийн 141 дэх тал/,

Гэрч Д.Өийн мэдүүлэг /1хх-ийн 167-168, 9хх-ийн 142 дахь тал/,

Гэрч Д.Бын мэдүүлэг /9хх-ийн 143 дахь тал/,

Гэрч Т.Бын мэдүүлэг /9хх-ийн 249-250 дахь тал/,

Гэрч Ж.Эгийн мэдүүлэг /10хх-ийн 2-3 дахь тал/,

Гэрч Ц.Өын мэдүүлэг /10хх-ийн 5-6 дахь тал/,

Иргэний хариуцагч З.Сын мэдүүлэг /10хх-ийн 229 дэх тал/,

Иргэний хариуцагч Х.Аын мэдүүлэг /9хх-ийн 153-154 дэх тал/,

Иргэний хариуцагч Э.Аы мэдүүлэг /1хх-ийн 180-181 дэх тал/,

Иргэний хариуцагч Б.Бийн мэдүүлэг /1хх-ийн 197 дахь тал/,

Иргэний хариуцагч П.Оийн мэдүүлэг /1хх-ийн 184-185 дахь тал/,

Иргэний хариуцагч М.Цийн мэдүүлэг /1хх-ийн 178-179 дэх тал/,

Иргэний хариуцагч Ц.Нын мэдүүлэг /9хх-ийн 155-156 дахь тал/,

Иргэний хариуцагч Э.Өгийн мэдүүлэг /1хх-ийн 183 дахь тал/,

Иргэний хариуцагч Н.Эгийн мэдүүлэг /9хх-ийн 157-158, 223 дахь тал/,

Иргэний хариуцагч С.Сгийн мэдүүлэг /9хх-ийн 159-160 дахь тал/,

Иргэний хариуцагч Т.Тын мэдүүлэг /1хх-ийн 186-187 дахь тал/,   

Иргэний хариуцагч Ю.Лгийн мэдүүлэг /1хх-ийн 190-191 дэх тал/,

Иргэний хариуцагч Г.Сын мэдүүлэг /1хх-ийн 194-195 дахь тал/,

Иргэний хариуцагч А.Бын мэдүүлэг /1хх-ийн 188-189 дэх тал/,

Иргэний хариуцагч Ц.Эгийн мэдүүлэг /1хх-ийн 192-193 дахь тал/,

Иргэний хариуцагч Б.Згийн мэдүүлэг /10хх-ийн 9 дэх тал/,

Татварын ерөнхий газрын харьяа Дүүргийн татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 138-139 дэх тал/,

*** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай хуралдааны тогтоол болон хавсралтын хуулбар /3хх-ийн 105, 106, 113 дахь тал/,

*** дүүргийн Засаг даргын Тамгын газраас Татварын хэлтсийн орон тооны бус байцаагчдын үйл ажиллагааны санхүүжилт олгосон жагсаалт /3хх-ийн 120-121 дэх тал/,

*** дүүргийн Татварын хэлтсийн Төрийн сангийн *** дугаартай орлогын дансны хуулга /4хх-ийн 115 дахь тал/,

Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/16 НТАГ-2019/381/СТА-ТШЗ дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага /4хх-ийн 125 дахь тал/,

*** дүүргийн татварын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай “Шагнал урамшуулал олгох тухай” тушаал, хавсралт /4хх-ийн 127-128 дахь тал/,

Нийслэлийн *** дүүргийн татварын хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай хурлын тэмдэглэл /4хх-ийн 129-130 дахь тал/,

Гарт олгох урамшууллын бичгийн баримт, төлбөрийн хүсэлт №345, №329 /4хх-ийн 131-133 дахь тал/,

Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/49 дугаартай “Ж.Гийг албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /4хх-ийн 134 дэх тал/,

*** дүүргийн Татварын хэлтсийн нэмэлт санхүүжилтийн дансаар 2016-2018 онуудад орон тооны бус болон автын байцаагчид тооцож олгосон цалингийн зардлын судалгаа /4хх-ийн 164 дэх тал/,

Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/151 дугаартай тушаал, “Хөдөлмөрийн дотоод журам”, “Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам” /4хх-ийн 190-214 дэх тал/,

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Татварын улсын байцаагчид шагнал олгох тухай” тогтоол болон хавсралтын хуулбар /4хх-ийн 239-240 дэх тал/,

*** дүүргийн 2018 оны татвар хураалт, орлого бүрдүүлэлтийн урсгал зардлын төсөв /9хх-ийн 126 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Х.Аын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 90 дэх тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Б.Бийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 96-97 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь П.Оийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 100-101 дэх тал/,

Улаанбаатар хотын банкин дахь М.Цийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 104 дэх тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Ц.Нын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 107-110 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Э.Өгийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 113 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Т.Тын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 125 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Г.Сын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 132-133 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь А.Бын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 136-137 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Ц.Эгийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 140-141 дэх тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Д.Бийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /5хх-ийн 5 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь З.Сын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /6хх-ийн 101-109 дэх тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Н.Эгийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /5хх-ийн 212-218 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Э.Аы нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /5хх-ийн 203-211 дэх тал/,

Улаанбаатар хотын банкин дахь С.Сгийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /6хх-ийн 15-23 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Б.Згийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /8хх-ийн 37-46 дахь тал/,

Яллагдагч Д.Бээс гарган өгсөн “2018 онд олгосон урамшууллаас хураасан мөнгөний тооцоо” /5хх-ийн 6 дахь тал/,

Гааль, татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/267 дугаартай “Д.Бийг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /2хх-ийн 148 дахь тал/,

Өмгөөлөгч Б.Батцэнгэлийн Улсын дээд шүүхэд гаргасан гомдол /12хх-ийн 186-192 дахь тал/,

*** дүүргийн татварын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/28 дугаартай тушаал /12хх-ийн 193 дахь тал/,

Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дугаартай тушаал /12хх-ийн 219 дэх тал/,

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай тогтоол /13хх-ийн 15-35 дахь тал/,

Гэрч Т.Цын мэдүүлэг /13хх-ийн 103-104 дэх тал/,

Яллагдагч Д.Бийн мэдүүлэг /10хх-ийн 233 дахь тал/,

Яллагдагч Ж.Гийн мэдүүлэг /10хх-ийн 236 дахь тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ж.Г, Д.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.Г нь *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг ***ээр ажиллаж байхдаа “Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай” *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд баталсан 599,756,000 төгрөгийн төсвийн санхүүжилтээс 107,000,000 төгрөгийг “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаал гарган

 

Шагнал авсан албан хаагчдын нэрс:

Албан тушаал:

Шагнал олгосон дүн:

ХХОАТ-т хураан авсан дүн:

Д.Бээр дамжуулан буцаан бэлнээр хураан авсан:

Гарт олгосон шагналын дүн:

1.

Б.З

Дэд даргын үүрэг гүйцэтгэгч

20.000.000

2.000.000

0

18.000.000

2.

Д.Б

Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч

20.000.000

2.000.000

0

18.000.000

3.

Ю.Л

Хувь хүний татварын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч

20.000.000

2.000.000

15.000.000

 

3.000.000+2.500.000 /бэлнээр/ =5.500.000

4.

Ц.Э

Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч

4.000.000

400.000

2.700.000

 

900.000+ 2.500.000 /бэлнээр/ =3.400.000

5.

Б.Б

Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч

4.000.000

400.000

2.700.000

 

900.000+ 2.500.000 /бэлнээр/ =3.400.000

6.

А.Б

Эрсдэл статистикийн тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч

4.000.000

400.000

3.150.000

 

450.000+ 2.500.000 /бэлнээр/ =2.950.000

7.

Ц.Н

Эрсдэл статистикийн тасгийн компьютерын инженер

3.000.000

 

300.000

 

2.500.000

200.000

8.

Г.С

Татварын орлогын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч

4.000.000

400.000

3.150.000

 

450.000+ 2.500.000 /бэлнээр/ =2.950.000

9.

П.О

Үйлчлэгч

3.000.000

300.000

2.500.000

200.000

 

10.

З.С

Хураагч

3.000.000

300.000

2.500.000

200.000

11.

Т.Т

Хураагч

3.000.000

300.000

2.500.000

200.000

 

12.

Н.Э

Хураагч

4.000.000

400.000

3.400.000

200.000

 

13.

Х.Аа

Орон тооны бус байцаагч

3.000.000

300.000

2.500.000

200.000

 

14.

М.Ц

Орон тооны бус байцаагч

3.000.000

300.000

2.500.000

200.000

 

15.

Э.Ө

Орон тооны бус байцаагч

3.000.000

300.000

2.500.000

200.000

 

16.

С.С

Орон тооны бус байцаагч

3.000.000

300.000

2.500.000

200.000

 

17.

Э.А

Орон тооны бус байцаагч

3.000.000

300.000

2.500.000

200.000

 

 

 

107.000.000

10.700.000

52.600.000

 

56.200.000

 

Нийт 52,600,000 төгрөг буцаан авснаас Ю.Л, Ц.Э, Б.Б, А.Б, Г.С нарт тус бүр 2,500,000 төгрөг буюу нийт 12,500,000 төгрөгийг урамшуулал нэрээр бэлнээр буцаан өгч, 17,742,600 төгрөгийг шинэ жилийн болон аяны арга хэмжээнд зарцуулж, өөртөө 22,357,400 төгрөгийг хувьдаа авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу эдийн засгийн давуу байдал бий болгож их хэмжээний буюу 107,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Б нь *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн *** дүүргийн Татварын хэлтсийн *** түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Гтэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаал гаргаж тус хэлтсийн албан хаагчдад олгосон урамшууллаас тодорхой хувийг нь Ж.Гийн үүрэг даалгавраар буцаан хураан авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний буюу 107,000,000 төгрөгийн хохирол учруулахад дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Ж.Г, Д.Б нарыг бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас нийт 107.000.000 төгрөгийн хохирол учирсан байна. Тухайн 107.000.000 төгрөгөөс шагнал урамшуулал олгох байдлаар тушаал гаргасан байдаг. 107.000.000 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварт төлөгдсөн 10.700.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлсөнд оруулан тооцуулах саналтай байна. Мөн иргэний хариуцагч Б.Згаас 18.000.000 төгрөг, П.Оээс 200.000 төгрөг, Ю.Лгээс 5.500.000 төгрөг, М.Цээс 200.000 төгрөг, Х.Ааас 200.000 төгрөг, Сээс 200.000 төгрөг, Өаас 200.000 төгрөг, С.Сгаас 200.000 төгрөг, Т.Таас 200.000 төгрөг, Э.Ааас 200.000 төгрөг, Ц.Эгээс 3.400.000 төгрөг, Б.Бээс 3.400.000 төгрөг, А.Баас 2.950.000 төгрөг, Г.Саас 2.900.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт оруулах, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн тухайд иргэний хариуцагч Н.Э, Ц.Н нарын төлбөл зохих 200.000 төгрөгийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шүүгдэгч Д.Бээс 26.871.300 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 31.228.700 төгрөгийг шүүгдэгч Ж.Гээс гаргуулж улсын төсөвт оруулах үндэслэлтэй гэж үзэж байна. Уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд баримтаар хураагдсан зүйл байхгүй болохыг шүүхийн шийдвэрт дурдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Манай зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байна. Гэхдээ улсын яллагчийн яллах дүгнэлттэй санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэсгүүдийг тайлбарлая. Миний үйлчлүүлэгчийн нэг буруу үйлдэл дээр 2 зүйлчлэлээр буруутгаж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн шинж байгаа эсэх нь тун эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч нь төсөв захирагч бол мөн энэ асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Харин төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг тал дээр эргэлзээтэй нөхцөл байдал байгааг үгүйсгэхгүй. Хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Ж.Гийн мэдүүлгээс дүгнэхэд төсвийн хөрөнгөөс үлдсэн 107.000.000 төгрөгийг тухайн жил сайн ажилласан татварын байцаагч, ажилтнуудад шагнал урамшуулал хэлбэрээр олгохоор зарцуулмаар байна гэх санаагаа илэрхийлээд зөвшөөрлөө авсан гэж ойлгогдож байгаа юм. Засаг дарга, нягтлан бодогчийг нь захирамж гаргаад өгөөч гэж хүссэн. Тэгсэн эд нар зөвлөгдөөд захирамж гаргах шаардлагагүй гэдэг агуулгаар надад зөвшөөрөл өгсөн гэж миний үйлчлүүлэгч нь мэдүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл ам хэлбэрээр зөвшөөрөл өгсөн учраас тухайн мөнгийг гаргуулж авсан гэж мэдүүлж байна. Энэ нь юугаар тогтоогдож байна вэ гэвэл төрийн сангийн мөнгө зөвшөөрөгдөөд тухайн Ж.Гийн хариуцаж байсан байгууллагын данс руу орсон. Өөрөөр хэлбэл дээд байгууллага нь зөвшөөрөөд шагнал урамшуулал маягаар ороод зарцуулагдсан байна гэж ойлгогдож байна. Хэрэв зориулалтын бусаар зарцуулагдсан мөнгө гэж үзвэл миний үйлчлүүлэгч Ж.Г нь юуг буруу хийсэн юм шиг харагдаж байна вэ гэвэл 107.000.000 төгрөгийг шагнал урамшуулалд зарцуулна гэж аваад тэр мөнгөнөөсөө 40.100.000 төгрөгийг шагнал урамшуулалд гэж тушаал гаргаад шинэ жил болон ахмадыг хүлээн авах арга хэмжээнд зарцуулсан байдал нь буруу үйлдэл юм шиг харагдаж байна. Гэхдээ тэрээр тухайн 107.000.000 төгрөгөөс үлдсэн мөнгийг Авлигатай тэмцэх газарт тушаасан байдаг. Эдгээрээс дүгнэхэд миний үйлчлүүлэгчийн үйлдэлд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Магадгүй миний үйлчлүүлэгчийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байна гэж үзэх юм бол учруулсан хохирол хэдэн төгрөг байна, хаана хохирол учруулсан бэ гэх асуудал яригдана. Уг хэрэг дээр тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг хохирогчоор тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Төрхүү гэх хүнийг томилж өмнө нь хэлэлцэгдсэн шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг авахад “манай байгууллага хохироогүй” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр энд үүссэн асуудал нь хохирогчгүй гэмт хэрэг байх боломжтой юу гэдэг асуудал яригдана гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тухайн байгууллагад өөрсдөө мэдээд зарцуул гэж тухайн цаг хугацаанд мөнгийг олгосон, хэрхэн зарцуулсан болох нь манай байгууллагад хамааралгүй, учир нь манай байгууллагад хохирсон, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, тайлбарыг удаа дараа өгсөн байхад улсын яллагчийн зүгээс заавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг дээр шагнал урамшуулал олгоно гэсэн 107.000.000 төгрөгөөс 40.100.000 төгрөгийг өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөр зүйлд зарцуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байж болзошгүй байна гэж харж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг дээр хохирлын хэмжээ болох 107.000.000 төгрөг дээр санал нийлэхгүй байна. Учир нь миний үйлчлүүлэгч нь 10.700.000 төгрөгийг улсад тушаасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс мөн энэ хэрэг дээр иргэний хариуцагчаар тогтоогдсон этгээдүүдийг иргэний хариуцагчаар тогтоогдох шаардлагагүй байсан гэж харж байна. Учир нь олгогдсон төсвөөсөө 56.200.000 төгрөгийг зарцуулалтынх нь дагуу, зориулалтынх нь дагуу зарцуулчихсан үйл баримт харагдаж байгаа учраас үүн дээр иргэний хариуцагч нарын хариуцах ёстой үнийн дүн орж ирэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 107.000.000 төгрөг гэх үнийн дүнгээр хохирлын хэмжээг тогтоох үндэслэлгүй гэж үзэж байна. Харин буруу тушаал гаргаад 40.100.000 төгрөгийг зориулалтын бусаар буюу шинэ жил, ахмадын баярын үйл ажиллагаанд зарцуулсан үйл баримт харагдаж байгаа учир манай зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл шагнал урамшуулал олгоё гэж авсан мөнгөнөөсөө 40.100.000 төгрөгийг, уг мөнгөнөөс 22.000.000 зарцуулсан, 19.700.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газар өгсөн үйл баримтууд тогтоогдож байгаа тул манай үйлчлүүлэгч болон өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Шүүх шийдвэрээ гаргахдаа хохирлын тооцоог сайн харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн 1 удаагийн буруутай үйлдэл дээр 2 гэмт хэргийн шинж байна гэж зүйлчилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээтэй, хангалттай тогтоогдохгүй байгаа тул шүүх шийдвэр гаргахдаа эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид ашигтайгаар буюу гэмт хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Ж.Г нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Миний үйлчлүүлэгчийг улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж яллаж байгааг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн дээрх зүйл заалтаар буруутгахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч энэ хэрэгт ямар оролцоотой байсан болохыг нарийвчлан тооцсон зүйл байхгүй байна гэж харж байна. Мөн түүний ямар үйлдлээр хамтран оролцсон болох нь ойлгомжгүй байна. Д.Б нь төсвийн шууд захирагч биш. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь тусгай субъекттэй гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн субъект нь заавал төсөв захирагч байхыг шаарддаг. Миний үйлчлүүлэгч нь төсвийн захирагч биш учраас гэмт хэргийн шууд субъект болохгүй. Мөн түүнд энэ гэмт хэрэгт гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Гүйцэтгэгч гэж тухайн гэмт хэргийг санаатайгаар өөрөө гардан үйлдсэн этгээдийг хэлэхээс гадна нийтлэг субъектийн шаардлагыг хангахаас гадна тусгай субъекттэй хэрэгт тусгай субъектийн шаардлагыг хангах ёстой. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан тусгай субъекттэй гэмт хэргийн субъектийн шаардлагыг миний үйлчлүүлэгч Д.Б хангахгүй байна. Яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгч Д.Бийн үйлдлийг шүүгдэгч Ж.Гийн үйлдэлтэй ижил байдлаар зүйлчилж оруулж ирсэн нь буруу байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...төсөв захирагч нь төрийн өмчит төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ажигласан бол...” гэж хуульчлан зохицуулсан. Гэтэл миний үйлчлүүлэгчийн үйлдэлд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн яллах дүгнэлт болон хэргийн бодит байдал тохирохгүй байна. Төсвийн тухай хуульд төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шууд захирагч гэж ямар этгээд байх талаар тодорхой хуульчлан зохицуулсан. Миний үйлчлүүлэгчийн ажлын чиг үүрэг, эрхлэх асуудлын хүрээнд төсвийг төлөвлөх, батлах, батлагдсан төсвийг хуваарилалтын дагуу хуваарилах, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах зэрэг үйл ажиллагааг явуулах эрх хэмжээ байхгүй. Мөн гарын үсэг зурах эсэх асуудал дээр түүний ямар нэгэн оролцоо байхгүй. Миний үйлчлүүлэгч Д.Б нь Татварын хэлтсийн даргын А/90 тушаал болон түүний хавсралтыг үндэслээд зөвлөлийн хурал дээр яригдсан мөнгийг хурааж авсан үйлдлийг төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй эргэлзээтэй байх тул миний үйлчлүүлэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн яллах дүгнэлт буюу миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн яллах дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч нь төсөв захирагч биш. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Д.Бийг хэлтсийн даргын гаргасан тушаалаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Миний үйлүүлэгч нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, тийм учраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл, 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиар яллах нь үндэслэлгүй байна. Миний үйлчлүүлэгчийг дээрх зүйл ангиудаар яллаж байгаа гол үндэслэл нь шүүгдэгч Ж.Гтэй бүлэглэсэн гэж үзэж зүйлчилсэн. Түүнд шүүгдэгч Ж.Гтэй бүлэглэсэн ямар нэгэн үйлдэл байхгүй. Өөрийн үйлчлүүлэгчийг буруугүй болохыг нотлохын тулд шүүгдэгч Ж.Гийн үйлдлийг ярих шаардлагатай байна. Шүүгдэгч Ж.Г нь *** дүүргийн Татварын хэлтсийн даргаар тухайн цаг хугацаанд ажиллаж байсан. Энэ гэмт хэргийн улмаас хаана хохирол учирсан бэ гэвэл *** дүүргийн Иргэдийн хурлын төсөвт хохирол учирсан гэж үзэж байгаа. Тухайн иргэдийн хурлын төлөөлөгч болох Т гэх хүн өмнө нь хэлэлцэгдсэн шүүх хуралдаанд оролцож байсан, тэр талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Өмнөх шийдэгдсэн шүүх хуралдаан дээр Т гэх хүн мэдүүлэхдээ “манай иргэдийн хуралд хохирол учраагүй” гэж мэдүүлсэн. *** дүүргийн татварын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай тушаал гарахад огт хамааралгүй өөр төсвийн байгууллагад хохирол учрах уу? Өөрөөр хэлбэл логикгүй зүйл байгаад байгаа юм. Шүүгдэгч Ж.Г нь өөрийнхөө байгууллагын төсвийн дансанд байгаа хөрөнгийг захиран зарцуулаагүй. Тухайн мөнгө хаана байсан бэ гэвэл тухайн үед *** дүүргийн засаг даргын Тамгын газрын төсөвт байгаа мөнгөн хөрөнгө. Тийм байхад хэлтсийн даргын тушаалаар дээд шатны байгууллагад нь хохирол учирч байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын төсөв захирагчийн зөвшөөрлөөр мөнгө захиран зарцуулагдах боломжтой. Шүүгдэгч Ж.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “иргэдийн хурлын дарга, Засаг дарга, төрийн сангийн дарга, ерөнхий нягтлан бодогч гэх хүмүүс хоорондоо ярилцаж байгаад өгөхөөр шийдвэр гаргасан” гэх мэдүүлэг үндэслэлтэй байх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Захиргааны акт аман болон бичгийн хэлбэртэй байдаг. Мөн шүүгдэгч Ж.Гийн гаргасан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай тушаал нь Төрийн сан руу хавсралтын хамт хүргэгдсэн байдаг. Төрийн сангаас эхний удаа “олгогдох боломжгүй” гэх хариуг хүргүүлсэн. Хэрвээ Төрийн сан тэр чигээр нь олгох боломжгүй гэсэн бол дээрх мөнгө хэзээ ч олгогдохгүй байсан. Гэтэл энэ мөнгөний эзэн, иргэдийн хурлын дарга, засаг дарга, төрийн сангийн дарга, Ерөнхий нягтлан бодогч гэх эрх бүхий албан тушаалтнууд өгөхийг зөвшөөрсөн учраас төрийн сангийн мэргэжилтнүүд уг мөнгөн дээр нь олгох зөвшөөрлийг нь өгсөн. *** дүүргийн татварын хэлтсийн данс руу орохгүйгээр шууд албан хаагчдын данс руу орно. Санхүүгийн ерөнхий зохицуулалтыг нэг мөр ойлгохын тулд Ерөнхий нягтлан бодогчийг нь шүүх хуралдаанд оролцуулах саналыг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай тушаал хавсралтын хамт Төрийн сан руу илгээгдсэн, төрийн сан үүнийг олгохыг зөвшөөрсөн. Тухайн мөнгөний эзэн буюу төсвийн Ерөнхийлөн захирагч *** дүүргийн Засаг даргын тамгын газарт зөвшөөрөгдөж байж энэ мөнгө олгогдож байгаа. Тухайн мөнгө гарснаараа төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулагдсан гэдэг нь өрөөсгөл ойлголт. Төсвийг зарцуулах эрхийг нь төсвийн эзэнд өгчихлөө. Энэ мөнгө шагнагдсан 17 хүний данс руу орчихсон. Тухайн 17 хүн гомдол гаргаагүй. Тухайн мөнгийг авмаар байна гэж нэхэмжилсэн зүйл байхгүй. Байгууллагынхаа төлөө өгсөн мөнгийг хууль бус гэж үзэж гэмт хэрэг байна гэж зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зохимжгүй байна. Дээрх зүйлүүдийг гэм буруугийн дүгнэлт дээр зайлшгүй яригдах ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Учир нь шүүгдэгч Ж.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдох юм бол миний үйлчлүүлэгч дагаад гэм буруутайд тооцогдох юм шиг агуулгаар яллах дүгнэлт үйлдэгдсэн байна. Шүүх шийдвэр гаргахдаа энэ байдлыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч нь өөрийн шагнуулсан 18.000.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын хохирлын данс руу тушаасан байгаа. Энэ баримт нь 12 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд байгаа. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг сэргээн дүрслэх юм бол байгууллагын хамтын сан, дундын сан гэх зүйлийг үүсгэн байгуулаад байгууллагынхаа бусад ажилчдын нийгмийн асуудалд анхаарч шийдвэрлэсэн байдлыг бүхэлд нь хууль бус гэж үзэх боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд өөрийн үйлчлүүлэгчийнхээ холбогдсон хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах саналтай байна...” гэв.

Нэр бүхий иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Л.Даваасүрэн нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлтийг дэмжиж байна. Шүүгдэгч Ж.Г, Д.Б нарын үйлдэлд миний үйлчлүүлэгч Г.С, Ц.Э, А.Б, Ю.Л нарыг иргэний хариуцагчаар татсан улсын яллагчийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч нарыг иргэний хариуцагчаар тогтоосныг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно…” гэж хуульчлан зохицуулсан байдаг. Миний үйлчлүүлэгч нар нь шүүгдэгч нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч биш, иргэний хариуцагч гэж ямар этгээд байх талаар хуульд нарийвчилж зохицуулсан. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх үйлдлийн улмаас учирсан хохирлын асуудлыг төлүүлэхийн тулд миний үйлчлүүлэгч нарыг иргэний хариуцагчаар татсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч нар нь шүүгдэгч нарын өмнө хууль ёсоор үүрэг хариуцлага хүлээсэн этгээдүүд биш болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхой харагдаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч нар нь хуулийн этгээд биш учраас иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтад “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгч нар болон бусад иргэний хариуцагч нар энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдах хууль зүйн ямар ч үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтад “…Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ…” гэж заасан. Миний үйлчлүүлэгч нар нь шүүгдэгч нарын ажил олгогч биш учраас мөн иргэний хариуцагчаар татагдах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч нар нь Эрүүгийн хууль болон Иргэний хуульд заасан иргэний хариуцагчаар татагдах аль ч үндэслэлд хамаарахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Ж.Г нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Анх удаа ийм асуудалд орж байна. Уучлаарай. Мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хөнгөн шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч Д.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж үнэн зөвөөр мэдүүлэг, тайлбарыг өгч ирсэн. Би дансаар мөнгө аваагүй. Харин ажилчдаас бэлнээр мөнгө хураасан болох нь үнэн. Эрхэм шүүгч таныг бодит байдалд үндэслэн үнэн зөв шийдвэр гаргаасай гэж хүсэж байна...” гэв.

Иргэний хариуцагч Г.С, А.Б, Ю.Л нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…хууль тогтоомжид заасны дагуу урамшуулал авах эрхтэй тул урамшуулалд авсан мөнгийг буцаан төлөхгүй…” гэх агуулгаар маргаж оролцсон болно.

Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол…” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Тодруулбал тухайн гэмт хэргийн эхний нэг шинж нь нийтийн албан тушаалтан буюу тусгай субъект байхаар хуульчилжээ.

Гэмт хэрэг нь эрх зүйн зөрчлийн нэг төрлийн хувьд хэрэг хариуцах чадвартай, тодорхой насанд хүрсэн этгээдийн Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйл ажиллагааны үр дүн бөгөөд гэмт хэргийн субъект нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж тул түүнгүйгээр гэмт хэргийн бүрэлдэхүүн, эрүүгийн хариуцлагын асуудал үүсдэггүй болно.

Үүнтэй холбоотойгоор хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна” гэж гэмт хэргийн субъектийн үндсэн шинжүүдийг хуульчилсан байна.

Эрүүгийн хуульд тодорхой гэмт хэргийн шинжийг хэрхэн тодорхойлсноос хамаарч субъектийн шинжийг нийтлэг, нэмэгдэл гэж ангилдаг бол уг шинжээр нь гэмт хэргийг нийтлэг болон тусгай субъекттэй гэсэн хоёр төрөлд хуваадаг билээ.

Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд субъектийн нас, 6.3 дугаар зүйлд хэрэг хариуцах чадвартай байдлыг тус тус тодорхойлсон нь субъектийн нийтлэг шинжид хамаарах бол мөн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг үйлдсэн этгээдэд байх онцлог шинжийг субъектийн тусгай шинж гэж үздэг болно.

Өөрөөр хэлбэл нас, хэрэг хариуцах чадвар зэрэг гэмт хэргийн субъект бүрд байх нийтлэг шинжээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан субъектийн онцлогийг илэрхийлсэн нэмэгдэл шинж нь субъектийн тусгай шинж юм.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсгийн диспозицид тухайн гэмт хэргийг тусгай шинж бүхий этгээд үйлдсэн байхыг зааж өгснөөр илрэн гардаг ба гэмт хэргийн субъектийн тусгай шинжийг ихэнхдээ Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийн диспозицид үндсэн бүрэлдэхүүн болгон хуульчилдаг бол зарим тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоодог байна.

Гэмт хэргийн тусгай субъектийн нийтлэг шинжийг харгалзан хууль тогтоогч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид биеэ даасан бүлэг болгон хуульчилдаг бөгөөд үүний тод жишээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21, 22, 23, 28 дугаар бүлгүүд юм.

Эдгээр бүлгүүдэд тодорхойлон заасан гэмт хэргийн тусгай субъект нь төрийн байгууллагад ажилладгаас гадна улс төрийн, тусгай, захиргааны болон үйлчилгээний албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байх гэсэн хоёр нэмэгдэл шинжийг хангасан тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” хэмээн тодорхойлж, үүнд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нэрлэн заажээ.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нар энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар шууд нэрлэн заасан байна.

*** дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/19 дугаартай тушаалаар шүүгдэгч Д.Бийг тус хэлтсийн Төрийн захиргаа удирдлагын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагчаар томилжээ. /2хх-ийн 147 дахь тал/

Нийслэлийн татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар шүүгдэгч Ж.Гийг *** дүүргийн татварын хэлтсийн даргаар томилжээ.  /4хх-ийн 134 дэх тал/

Иймд шүүгдэгч Ж.Г, Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Нийтийн албан тушаалтан мөн байна гэж шүүхээс дүгнэв.

Харин гэмт хэргийн диспозицийг “…албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж…” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Гийг “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаал /4хх-ийн 127-128 дахь тал/-ыг гаргахдаа Татварын Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/151 дугаартай тушаал /4хх-ийн 190 дэх тал/-аар батлагдсан Татварын Ерөнхий газрын харьяа татварын газар, хэлтсийн “Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам” /4хх-ийн 202-214 дэх тал/-ын 7.16 дахь хэсэг “…Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын үр дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно...” гэснийг,

Мөн *** дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар батлагдсан “*** дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам” /9хх-ийн 163-172 дахь тал/-ын 7.12 дахь хэсэг “...Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно...” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь хангалтгүй юм.

Учир нь Хөдөлмөрийн дотоод журам гэдэг нь ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуй нэгж, байгууллагын дотогшоо чиглэсэн харилцаанд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлдэг. Ингэснээр байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү байгууллагын дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, ажил олгогч болон ажилтан хооронд хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чухал үүрэгтэйгээс гадна ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлснээр байгууллагын нийт ажилчдыг нэгдсэн удирдлагаар хангах, ажил олгогч болон ажилтан хооронд дахь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг тодорхойлох юм.

Тодруулбал Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 5.1 дэх хэсэгт “…Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй…” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх заалтад “…үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам”-ыг Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн дараахь журмыг баталж мөрдүүлнэ гэж, мөн хуулийн 130.1 дэх хэсэгт “…Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ…”, мөн зүйлийн 130.2 дахь хэсэгт “…Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана…”, мөн зүйлийн 131.1 дэх хэсэгт “…Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна…” гэж тус тус заажээ.

Иймд зөвхөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчсөн үйлдэл бүрийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн диспозици гэж үзвэл ажил олгогч бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлогч болж хувирах юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь ажил олгогч, ажилтан хоёрын хооронд үүсэж буй хөдөлмөр эрхлэх эрхийн хүрээнд үүсэж буй харилцаа нь хувийн эрх зүйд хамаарах болохыг дурдах нь зүйтэй.

Нөгөөтээгүүр Хөдөлмөрийн тухай хууль нь Монгол Улсын хэмжээнд нийт хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан, ажил олгогч нарын хооронд үүсэх нийтлэг харилцааг зохицуулсан нийтлэг хэм хэмжээ бөгөөд татварын улсын байцаагчид шагнал урамшуулал олгох нарийвчилсан хэм хэмжээнүүдийг мөн шалгах учиртай.

Татварын хэлтсийн даргын бүрэн эрх нь Татварын ерөнхий хууль /2008/, Төрийн албаны тухай хууль /2017/, Татварын албаны дүрэм болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад захиргааны хэм хэмжээний актад зааснаар тодорхойлогдох юм.

Татварын ерөнхий хууль /2008/-ийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “…Татварын улсын байцаагчид сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь түүний албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс хэтрэхээргүй байна…”, мөн зүйлийн 38.4 дэх хэсэгт “…Энэ хуулийн 38.2-т заасан ажлын үр дүнгийн шагнал олгох журмыг Засгийн газар батална…” гэжээ.

 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Татварын улсын байцаагчид шагнал олгох журам”-ын 1.3 дахь хэсэгт “…сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь тухайн улсын байцаагчийн сарын үндсэн цалингийн 30 хүртэл хувиас хэтрэхгүй байна…”, мөн журмын 1.4 дэх хэсэгт “…Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох хөрөнгийн нийт хэмжээ нь татварын улсын байцаагчдын жилийн үндсэн цалингийн сангийн 25 хувиас хэтрэхгүй байна…” гэжээ. /4хх-ийн 239-240 дэх тал/,

Татварын ерөнхий газрын даргын 2015 оны А/151 дүгээр тушаалын Хоёрдугаар хавсралтаар баталсан “Татварын ерөнхий газрын харьяа татварын газар, хэлтсийн Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам” /4хх-ийн 202-214 дэх тал/-ын 7.16 дахь хэсэг болон *** дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар батлагдсан “*** дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.12 дах хэсэгт “…Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гаргасан…” гэж тус тус зааснаар шагнал олгогдохоор байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 344 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ын 2.1 дэх хэсэгт “…ажлын үр дүнгийн шанал олгохдоо татварын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрийн биелэлтийг үндэслэнэ…”, мөн журмын 2.2 дахь хэсэгт “…татварын улсын байцаагчийн ажил, үүргийн биелэлтийг дүгнэх журмыг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батална…” гэж тус тус журамлажээ.

Гэтэл хавтаст хэрэгт шагнал авсан албан хаагчдын мэргэжлийн өндөр ур чадвар гаргасан, идэвх санаачилга гаргасан тухай үйл баримт мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүйгээс гадна тухайн албан хаагчдаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ мэргэжлийн өндөр ур чадвар гаргасан эсэх талаараа мэдүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд Гэрч Т.Бын: “...Миний бие тухайн цаг хугацаанд *** дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Байгууллагын дотоод үйл ажиллагаа буюу тодруулбал дээр дурдсан шагнал урамшуулал олгох үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Бидэнд хяналт тавих чиг үүрэг байхгүй бөгөөд зөвхөн төсвийн орлого бүрдүүлэлтэд хамтарч ажилладаг чиг үүрэгтэй юм. Надад дээрх 107,0 сая төгрөгийг албан хаагч нарт урамшуулал хэлбэрээр олгох талаар Ж.Г албан ёсоор танилцуулж байгаагүй юм байна. Энэ талаар миний бие сүүлд 2019 оны 3, 4 дүгээр сарын үеэр л мэдсэн юм. Тухайн үед Ж.Г нь ажлаасаа чөлөөлөгдөөд явсан байсан... Ер нь бол тухайн байгууллагын төсвийн зарцуулалтад миний бие хяналт тавих чиг үүрэггүй, манай *** дүүргийн Төрийн сангийн хэлтсээс батлагдсан төсвийг олгодог... мөнгийг орон тооны бус байцаагч нарын цалин болон бусад үйл ажиллагаанд зарцуулагдахаар төсөвлөгдсөн бөгөөд дээрх 599,756,000 төгрөгийг цалинд, тэдний үйл ажиллагаанд тэд гэх задаргаа байдаггүй бөөн дүнгээрээ л батлагдсан төсөв байгаа юм... албан ёсоор бол надад хандаж хэлж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /9хх-ийн 249-250 дахь тал/ авагджээ.

Иймд шүүгдэгч Ж.Гийг “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаал /4хх-ийн 127-128 дахь тал/ гаргасан үйлдэл нь дээрх журамд заасныг зөрчиж буюу албан тушаалын үндсэн цалингийн 30 хувиас илүүгээр шагнал олгосон болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

*** дүүргийн татварын хэлтсийн нийт албан хаагчдын 2018 онд цалин хөлснөөс төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /4хх-ийн 49-115 дахь тал/,

Яллагдагч Д.Бээс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Мөрдөх байгууллагад гаргаж өгсөн “Урамшуулал олгосон ажилчдаас буцаан авсан мөнгөний тооцоо” гэх баримт /5хх-ийн 06 дахь тал/,

Яллагдагч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тухайн үед хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Мар тушаалын төслийг боловсруулаад миний хувьд доторх агуулга талаас нь хянаад хэлтсийн дарга баталгаажуулан гаргасан юм... миний ажил үүргийн хувьд  гаргасан тушаалыг хэрэгжүүлж ажиллах чиг үүрэгтэй, тушаалын төсөлтэй танилцаад санал оруулах, эсвэл нэгэнт гарсан тушаалын хэрэгжилт, тасаг хоорондын уялдаа холбоог хангаж ажилладаг... миний санаж байгаагаар Ж.Г дарга дээрх хүмүүст үр дүнгийн урамшууллын мөнгө гэж олгоод тэр урамшуулал олгосон мөнгөнөөс буцаан татсан ба дээрх мөнгийг миний бие урамшуулал авсан хүмүүсээс хүлээн авсан. Тухайн цаг хугацаанд манай Захиргааны тасаг болон Эрсдэл, удирдлагын тасгаас шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж, дээрх мөнгийг шинэ жилийн арга хэмжээнд зарцуулсан юм...” гэх мэдүүлэг /10хх-ийн 233 дахь тал/,

Яллагдагч Ж.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тухайн үед Захиргааны тасгийн дарга Д.Б надад танилцуулаагүй бөгөөд хуульч М хүртэл танилцуулсан зүйл байхгүй, яг үнэнийг хэлэхэд миний хувьд маш олон бичиг дээр гарын үсэг зурж ачаалалтай ажилладаг бөгөөд тушаалыг оруулж ирэхэд нь хуулийн зүйл заалтыг үндэслэл болгох хэрэгтэй, сайн судалж байж тушаалыг нь төслөөр оруулж ирж байгаарай гэж хэлж байсан. Ингээд надад цалингийн 40 хувиас хэтэрч байна гэдгийг надад танилцуулаагүй бөгөөд аудитын шалгалт орох үеэр л ийм зөрчил гарсан гэдгийг мэдсэн юм. Мөн түүнчлэн Нийслэлийн засаг даргын захирамж байдаг, түүн дээр тухайн жилдээ ажил үүргээ сайн гүйцэтгээн алба хаагч нарт 20,0 сая төгрөг хүртэлх урамшуулал олгож болно гэж заасан байсан гэдгийг бас мэдсэн юм. Тухайн үед аудитын шалгалтаар 40 хувиас илүү урамшуулал олгож хэтрүүлсэн байна гэж үзэж байсан. Бид нарын зүгээс ч 20,0 сая төгрөг хүртэлх урамшууллыг олгох боломжтой юм байна гэж үзсэн юм. Түүнчлэн аудитын газраас энэ талаар шаардлага ирүүлээд дуусгасан байдаг... хэлтсийн нийт албан хаагчдын шинэ жилийн үйл ажиллагаанд зарцуулсан... нийтэд хяналт тавих үүрэгтэй бөгөөд түүн дээр Захиргааны дарга гэж байгаа бөгөөд яг ийм арга хэмжээнд зарцуулах гэж байгаа гэж мөнгө гаргуулж авна гэж Захиргааны тасгийн дарга хэлж байсан ба миний хувьд хуулийнхаа дагуу бүх юмаа асуудалгүй шийдээрэй, би бол гарын үсгийг нь зураад өгье, харин хуулийн дагуу л ажлаа хийгээрэй гэдэг байсан. Хамгийн гол нь хариуцлага нь миний нэр дээр л байх учир Д.Бт энэ талаар хэлж, хариуцлага хүлээвэл хамтдаа хүлээнэ шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /10хх-ийн 236 дахь тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Гэрч З.Сын: “...Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний дээрх цалингийн дансаар 2,700,000 төгрөг урамшуулал гэж орж ирэхээр нь 2,500,000 төгрөгийг нь буцааж өгөөд үлдсэн 200,000 төгрөгийг өөрөө авсан..., ...Өөрөөр ямар нэгэн урамшуулал аваагүй. Мэдээж би ийм их хэмжээний урамшуулал авах эрх бүхий албан тушаалтан биш шүү дээ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 86-87 дахь тал/,

Гэрч Х.Аын: “...нийтдээ 2,500,000 төгрөг бэлнээр Д.Б даргад оруулж өгсөн..., ...Хөдөлмөрийн гэрээнд зааснаар бол 480,000 төгрөг авдаг. Урамшуулал гэж бараг өгдөггүй дээ, хагас бүтэн жилээр 100,000 төгрөг л өгдөг байгаа. Сүүлийн жилүүдэд бол бүр өгөхөө больсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 88-89 дэх тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Х.Аын нэрээр эзэмшдэг 2609032141 дугаартай дансны хуулга /1хх-ийн 90 дэх тал/,

Гэрч Э.Аы: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төрийн захиргааны тасгийн дарга Д.Б намайг өрөөндөө дуудаад чиний дансанд урамшуулал гэж 2,700,000 төгрөг орно, шинэ жил тэмдэглэх мөнгөө гаргаж авах гэж байгаа юм. 200,000 төгрөгийг нь чи өөрөө урамшууллын мөнгө гэж аваарай, харин үлдсэн 2,500,000 төгрөгийг маргааш дансанд чинь орохоор авч өгөөрэй гэж хэлсэн. Түүний дагуу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг миний Улаанбаатар банкны 2609032011 тоот дансанд орой  18 цагийн үед урамшуулал гэсэн нэрээр орж ирсэн. Тэгэхээр Улаанбаатар банкин дээр очиж 2,700,000 төгрөгөө аваад өөрөө 200,000 төгрөгөө аваад 2,500,000 төгрөгийг бэлнээр Д.Б даргын өрөөнд аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 91-92 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Э.Аы нэрээр эзэмшдэг 2609032011 дугаартай дансны хуулга /5хх-ийн 203-211 дэх тал/,

Гэрч Б.Бийн: “...Тэгтэл яг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний Улаанбаатар хотын банкны цалингийн дансанд 3,600,000 төгрөг ороод ирсэн. Удалгүй Д.Б дарга над руу залгаад наанаасаа 900,000 төгрөгийг урамшуулал гэж өөртөө авч үлдээд 2,700,000 төгрөгийг нь шинэ жилд зарцуулаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 93-95 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Б.Бийн нэрээр эзэмшдэг 2609032015 дугаартай дансны хуулга /1хх-ийн 96-97 дахь тал/,

Гэрч П.Оийн: “...Д.Б дарга намайг өрөөндөө дуудаж уулзаад “таны дансанд 2,700,000 төгрөг орсон байгаа, оройн ёолконд хэрэглэх мөнгө шүү, та 200,000 төгрөгийг нь аваарай таны урамшуулал шүү” гэж хэлсэн..., ...Улаанбаатар хотын банкны данснаас намайг 200,000 төгрөг урамшуулал аваарай гэсэн болохоор 2,500,000 төгрөг аваад бэлнээр Д.Б дарга оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 98- 99 дэх тал/,

Улаанбаатар хотын банкин дахь П.Оийн нэрээр эзэмшдэг 2609032080 дугаартай дансны хуулга /1хх-ийн 100-101 дэх тал/,

Гэрч М.Цийн: “...Нийтдээ бол 2,700,000 төгрөг орно. Түүнээс чи өөртөө 200,000 төгрөгийг нь аваарай. Энэ жилийн чиний урамшуулал шүү, үлдсэн 2,500,000 төгрөгийг аваад надад бэлнээр өгөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 102-103 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь М.Цийн нэрээр эзэмшдэг 2609037158 дугаартай дансны хуулга /1хх-ийн 104 дэх тал/,

Гэрч Ц.Нын: “...миний дансанд 2,700,000 төгрөг орсон мессеж ирсэн..., ...2,500,000 төгрөг болгоод шинэ жилийн орой Д.Б даргад шинэ жилийн  арга хэмжээ болж байгаа газарт өгсөн. Түүнээс уг мөнгийг би өөрөө авч ашигласан зүйл байхгүй ээ. Угаасаа ийм хэмжээний урамшуулал надад орно гэж байхгүй л дээ. миний дансыг ашиглаж мөнгө гаргаж авсан юм. Ямар ч баримтад гарын үсэг зураагүй. Алба хаагч нараас одоо сайн санахгүй байна, цалин дээрээс мөнгө хураасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 105-106 дахь тал/ ,

Улаанбаатар хотын банкин дахь Ц.Нын нэрээр эзэмшдэг 2609030063 дугаартай дансны хуулга /1хх-ийн 107-110 дахь тал/,

Гэрч Э.Өгийн: “...Д.Б дарга 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр намайг өрөөндөө дуудаад чиний дансанд шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэх мөнгө орно шүү, түүнээс 200,000 төгрөгийг чи өөртөө аваарай. Энэ жил сайн ажилласан гээд урамшуулал болгож өгч байгаа юм. Харин 2,500,000 төгрөгийг нь аваад надад өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдөр миний Улаанбаатар хотын банкны цалингийн дансанд 2,700,000 төгрөг оройхон орсон. Тэгээд тэр өдөртөө бол авч чадаагүй. Учир нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны орой манай шинэ жилийн арга хэмжээ болсон юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийнхөө цалингийн данснаас 2,550,000 төгрөг авсан. Намайг 200,000 төгрөгийг урамшуулал гэж аваарай гэсэн болохоор нь би өөрийнхөө 200,000 төгрөгөөс 50,000 төгрөг авсан. Тэгээд нийтдээ 2,550,000 төгрөгийг бэлнээр Д.Б дарга бэлнээр авч өгсөн  юм..., ...Төрийн захиргааны дарга Д.Б нь дансаар чинь мөнгө оруулаад гаргаж, шинэ жилийн арга хэмжээнд хэрэглэнэ гэж хэлсний дагуу би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр миний дансаар 6,094,076 төгрөг ороод тэр өдрөө 5,449,660 төгрөгийг бэлнээр гаргаж аваад Д.Б даргад өгсөн юм шиг байна. Харин үлдэгдэл 644,416 төгрөг нь миний цалин байх...” гэх мэдүүлэг /1хх-ийн 111-112, 115 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Э.Өгийн нэрээр эзэмшдэг 2609031992 дугаартай дансны хуулга /1хх-ийн 113 дахь тал/,

Гэрч Н.Эгийн: “...Төрийн захиргааны тасгийн дарга Д.Б над руу утсаар яриад “Чиний цалингийн данс руу чинь мөнгө орно шүү, 200,000 төгрөг нь чиний урамшууллын мөнгө шүү, үлдэгдэл мөнгө нь шинэ жилийн арга хэмжээний мөнгө юм, чи буцааж өгнө шүү гэж хэлсэн. Тэгээд одоо би мөнгө орсон өдрийг нь дансны хуулгаа харахгүй бол санахгүй байна. Ямар ч байсан миний цалингийн дансанд 3,600,000 төгрөг орлоо гэж миний утсанд мессеж ирсэн. Тэгээд Улаанбаатар банкнаас очиж мөнгөө аваад 200,000 төгрөгийг авч үлдээд 3,400,000 төгрөгийг бэлнээр Д.Б даргад өрөөнд нь оруулж өгсөн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 116-117, 120 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Н.Эгийн нэрээр эзэмшдэг 2611186392 дугаартай дансны хуулга /5хх-ийн 212-218 дахь тал/,

Гэрч С.Сгийн: “...Манай орон тооны бус байцаагчаар ажилладаг Н.Э над руу 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байх аа одоо өдөр сарыг нь сайн санахгүй байна. Утсаар чиний данс руу чинь мөнгө орох байх шүү 200,000 төгрөгийг нь өөрөө авч үлдээд үлдсэн мөнгийг нь аваад Д.Б даргад оруулж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр очоод Н.Э бид 2 хамт гараад Улаанбаатар банк орж Н.Э өөрийнхөө данснаас мөнгө авсан. Миний дансанд 2,700,000 төгрөг орсон байсан, 2,500,000 төгрөгийг данснаасаа аваад 200,000 төгрөг нь миний урамшууллын мөнгө гэхээр нь авалгүй дансандаа үлдээсэн юм. Тэгээд 2,500,000 төгрөгийг чи өөрөө Д.Б даргад өгчих гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 121 дэх тал/,

Улаанбаатар хотын банкин дахь С.Сгийн нэрээр эзэмшдэг 2609034052 дугаартай дансны хуулга /6хх-ийн 15-23 дахь тал/,

Гэрч Т.Тын: “...Д.Б дарга намайг өрөөндөө дуудаад “Т.Таа одоо чиний дансанд 2,700,000 төгрөг орно, чи энэ жил сайн ажилласан, тэгсэн атлаа ямар нэгэн шагнал урамшуулал аваагүй учир 200,000 төгрөгийг нь өөртөө авч үлдээрэй гэж хэлсэн. Энэ талаар хэлэхдээ бол байгууллагын шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэх гэж байгаа тухай хэлж ярьж надад ойлгуулсан, ямар учиртай, юун мөнгө болох талаар нь би тухайн үед асуугаа ч үгүй тийм  юм байх гэж бодсон. Тэгтэл тэр өдөр миний Улаанбаатар хотын банкны дансанд 2,700,000 төгрөг орсон байгаа, одоо банк ороод аваад өг гэхээр манай ажлын доор байдаг Улаанбаатар хотын банк руу ороод данснаасаа 200,000 төгрөгийг нь намайг өөртөө үлдээгээрэй гэсэн болохоор үлдээгээд 2,500,000 төгрөгийг аваад бэлнээр Д.Б даргад оруулж  өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 123-124  дэх тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Т.Тын нэрээр эзэмшдэг 2609033591 дугаартай дансны хуулга /1хх-ийн 125 дахь тал/,

Гэрч Ю.Лгийн: “...Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 20-ны байгууллагын шинэ жил болсон бөгөөд 20-ны өдөр 17 цагт Улаанбаатар банкны миний цалингийн дансанд урамшуулал гэж 18,0 сая төгрөг орж ирсэн талаар миний гар утсанд мессеж ирсэн. Тэгээд энэ юун мөнгө вэ гэж Төрийн захиргааны тасгийн дарга Д.Бээс энэ юун мөнгө вэ гэж утсаар асуухад 3,0 сая төгрөг нь чиний урамшууллын мөнгө, харин үлдсэн 15,0 сая төгрөгийг шинэ жилийн арга хэмжээ болон шагнал урамшуулал, утааны эсрэг ажилчдад олгох сүү, цагаан идээнд зарцуулагдах мөнгө юм аа гэж үлдсэн мөнгийг нь яг одоо бэлнээр аваад ир гэж хэлсэн. Би тэр өдөр банкан дээр очиж банкны гүйлгээ хаахаас өмнө нь бэлнээр 15,0 сая төгрөг авсан, өөрийнхөө урамшуулал болох 3,0 сая төгрөгийг дансандаа үлдээсэн. Тэгээд 15,0 сая төгрөгийг шинэ жилийн орой Д.Бт шинэ жилийн баяр дээрээ цүнхтэй мөнгөө өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 128-129 дэх тал/,

Гэрч Г.Сын: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны тасгийн дарга Д.Б дарга надтай уулзаад таны дансанд урамшуулал гэж 4,000,000 төгрөг орж байгаа учраас үүнээс хүн амын орлогын албан татвар болох 400,000 төгрөг татаад 3,600,000 төгрөг дансанд чинь орох байх таны урамшуулал 500,000 төгрөг шүү, 3,150,000 төгрөг данснаасаа аваад өгөөрэй гэж хэлсэн. Яагаад 3,150,000 төгрөг гэхээр надад урамшуулал гэж олгосон 500,000 төгрөгийн 10 хувийн татвар болох 50,000 төгрөг хасагдаад  тийм болж байгаа юм. Д.Б дарга тэгж хэлэхэд би за гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр миний дансанд 3,600,000 төгрөг миний дансанд орсон. Тэр өдөр ажил ихтэй орой нь бас шинэ жилийн арга хэмжээтэй байсан тул мөнгөө авч чадаагүй. Тэгээд Д.Б даргад утсаар “яана аа даргаа би нөгөө мөнгийг чинь данснаасаа авч амжихгүй байна” гэхэд “та маргааш аваад өгчих өө” гэсэн. Тэгээд маргааш нь ажил дээрээ ажлаа хийж байгаад манай хэлтсийн доор байдаг Улаанбаатар хотын банкнаас 3,150,000 төгрөг аваад бэлнээр нь Д.Б даргын өрөөнд оруулж өгсөн. Бусад тасгийн дарга нар бас буцааж өөрийнхөө дансаар оруулаад гаргаж өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 130-131 дэх тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Г.Сын нэрээр эзэмшдэг 2611190288 дугаартай дансны хуулга /1хх-ийн 132-133 дахь тал/,

Гэрч А.Бын: “...Тэгтэл үдээс хойш оройхондоо миний цалингийн дансанд 3,600,000 төгрөг орсон. Захиргааны тасгийн дарга Д.Б дарга над руу утсаар яриад сая чиний дансанд 3,600,000 төгрөг орсон уу, 500,000 төгрөг нь чиний урамшуулал шүү, 3,100,000 төгрөгийг нь аваад өгөөртэй гэсэн. Өмнө нь хурал дээр энэ тухай ярьж хэлсэн байсан болохоор би мэдэж байсан тул ажлын доор байдаг Улаанбаатар банкны данснаас 3,200,000 төгрөг А.Б зарлага гэж гаргаж 3,150,000 төгрөгийг бэлнээр Д.Б даргад өгсөн. 500,000 төгрөгийн урамшууллаас бас 10 хувийн татвар болох 50,000 төгрөг аваад 3,150,000 болсон юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 134-135 дахь тал/, 

Улаанбаатар хотын банкин дахь А.Бын нэрээр эзэмшдэг 2609032029 дугаартай дансны хуулга /1хх-ийн 136-137 дахь тал/,

Гэрч Ц.Эгийн: “...захиргааны тасгийн дарга Д.Б надтай уулзаад таны данс руу чинь 3,600,000 төгрөг орно байх шүү, түүнээс өөртөө 900,000 төгрөгийг нь авч үлдээрэй, таны урамшууллын мөнгө шүү, харин үлдсэн 2,700,000 төгрөгийг аваад орой шинэ жил дээр аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгтэл тэр өдөр үдээс хойш 17 цаг 09 минутад миний цалингийн дансанд 3,600,000 төгрөг орж ирсэн. Үүнээс 3,000,000 төгрөгийг бэлнээр аваад 2,700,000 төгрөгийг бэлнээр оройн шинэ жилийн арга хэмжээн дээр очоод Д.Бт өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 138, 139 дэх тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Ц.Эгийн нэрээр эзэмшдэг 2609037981 дугаартай дансны хуулга /1хх-ийн 140-141 дэх тал/,

Гэрч Б.Мын: “...Захиргааны тасгийн дарга Д.Б намайг өрөөндөө дуудаад шинэ жил болж байгаатай холбоотойгоор алба хаагч нарыг шагнаж урамшуулах тушаалын төсөл бэлдээд орж ирээрэй гэж хэлсэн. Би тухайн үед уг тушаалын төслийг бэлтгэж өгсөн. Гэхдээ түүн дээр ямар ч мөнгөн дүн болон хавсралт байхгүй байсан. Ер нь бол тушаалын дээд талын үндэслэх хэсгийг л боловсруулж өгдөг юм. Уг тушаалын төсөл дээр доод хэсэгт 107,000,000 сая төгрөг шагнал урамшуулал болгож үр дүнтэй сайн ажилласан байцаагч нарт олгоно гэсэн тушаал байсан. Мөн хавсралттай байсан. Уг хавсралт дээр дэд дарга болон доошоо бүх тасгийн дарга нар хүн амын орлогын тасгийн байцаагч нар болоод нийт дэд дарга-1, тасгийн дарга-6, татварын байцаагч-8, ажилтан-2, нийт 17 хүний нэр дээр 107,000,000 төгрөг хуваарилагдаж татварыг хасаад 96,300,000 төгрөгийг дээрх хүмүүсийн дансаар гаргуулж авсан байгааг би сүүлд олж мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 147-148, 10хх-ийн 207 дахь тал/,

Гэрч Б.Згийн: “...Дээрх 18,0 сая төгрөгийг хэлтсийн дарга Ж.Гийн тушаалаар олгогдсон. Яг ямар учраас ийм их хэмжээний мөнгийг олгосныг би мэдэхгүй. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээс 12 дугаар сарын 13-ныг хүртэл би өвчний чөлөөтэй байж байгаад ажилдаа орж ирсэн юм. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 16 билүү 17-ны өдөр дарга нарын зөвлөлийн хурал болоход хэлтсийн дарга бидэнд тайлбарлахдаа дүүргээс хэмнэсэн хэдэн төгрөгийг манай хэлтэст өгсөн. Уг мөнгийг сайн ажилласан алба хаагчдадаа хуваарилаад өгөх нь зүйтэй болов уу энэ талаар санал хүсэлт байна уу гэсэн. Тэгэхээр нь би энэ мөнгө нь дүүргийн давсан орлого мөн үү гэж асуухад давсан орлого биш гэж хэлэхээр нь би нэг ч удаа нийгмийн асуудлаа шийдвэрлэж үзээгүй, хэрэв нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэхгүй бол ямар нэгэн урамшууллыг авахгүй гэж хэлсэн. Нэгэнт давсан орлого биш болохоор ямар нэг байдлаар би хамрагдахгүй гэж хэлсэн. Ингээд ч хурал тарсан ба тухайн хурал дээр ярьсан асуудлууд нь нэг нь дээрх асуудал, нөгөөх нь шинэ жилийн асуудлыг л ярьсан. Шинэ жил 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон юм. Шинэ жилийн орой миний цалингийн Улаанбаатар хотын банкны 2609038260 тоот дансаар 18,0 сая төгрөг урамшуулал нэрээр орж ирсэн. Би уг мөнгийг миний нийгмийн асуудлыг шийдэх гэж байгаа юм байна л гэж ойлгоод уг мөнгийг цалингийн зээл, кредит картын өр зэргийг төлөөд ерөнхийдөө хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 149-150 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Б.Згийн нэрээр эзэмшдэг 2609038260 дугаартай дансны хуулга /8хх-ийн 37-46 дахь тал/,

Гэрч Б.Бийн: “...Намайг ажилд орох үед 50 гаран орон тооны бус байцаагч нар ажиллаж байсан сүүлд нь 40 гаран болсон. Би одоо яг тоог нь нарийн сайн санахгүй байна. Одоо бол тэдгээр орон тооны бус байцаагч нар ажиллахгүй байгаа. 2018 оны 12 дугаар сарын 20-доор бүгд бүгд ажлаас халагдсан. Яагаад халагдсан гэхээр Татварын ерөнхий хуульдаа орон тооны бус байцаагч гэсэн орон тоо байдаггүй хуульд нийцүүлж ажлаас чөлөөлөх талаар ерөнхий газраас чиглэл ирсэн юм байна лээ. Түүний дагуу ажлаас халах шийдвэр гарч ажлаас халагдсан байгаа. Цалин, нийгмийн даатгал, татвар болон урамшуулал зэргийн санхүүжилт тухайн дүүргээс санхүүждэг байдаг. Орон тооны бус байцаагч нар нь ТҮ буюу Төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарагддаг учраас улиралдаа нэг удаа үндсэн цалингийн 40 хүртэлх хувийн урамшуулал авдаг юм. Ерөнхий газраас бол татварын байцаагч нарын цалин урамшууллын л санхүүжилт ордог...” гэх мэдүүлэг /1хх-ийн 156-157, 158-159, 9хх-ийн 141 дэх тал/,

Улаанбаатар хотын банкин дахь Д.Бийн нэрээр эзэмшдэг 2609034553 дугаартай дансны хуулга /5хх-ийн 5 дахь тал/,

Улаанбаатар хотын банкин дахь З.Сын нэрээр эзэмшдэг 2609039974 дугаартай дансны хуулга /5хх-ийн 108 дахь тал/,

ШШҮХ-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №198 дугаартай Дүгнэлт /9хх-ийн 147-150/ -ээр Б.З, Д.Б, Ю.Л нарт тус бүр 20 сая, М.Ц, Х.Аа, З.С, Э.Ө, С.С, Т.Т, А.Ц.Н нарт тус бүр 3 сая, Н.Э, Ц.Э, Б.Б, А.Б, Г.С нарт тус бүр 4 сая төгрөг буюу нийт 107.000.000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгосон болох нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол…” гэж заасан нь гэмт үйлдлийн улмаас хэн нэгэнд ямар нэг байдлаар давуу байдал үүссэн нөхцөлд л гэмт хэргийн материаллаг шинж хангагдах юм.

Шүүгдэгч Ж.Г нь *** дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалаа урвуулан ашиглаж дээр дурдсанаар зохих журмыг зөрчиж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаал гарган нийт 107.000.000 төгрөгийг шагнал урамшуулал хэлбэрээр төрийн сангаас гаргаж, улмаар шагнал олгохдоо 52,600,000 төгрөгийг ямар ч хууль тогтоомжид үндэслэл болголгүй буцаан хураан авч, улмаар өөртөө 22,357,400 төгрөгийг авч давуу байдал бий болгосон байна гэж шүүхээс дүгнэлээ.

Нөгөөтээгүүр аливаа иргэний цалин хөлснөөс татвар, хураамж авах нь гагцхүү хууль тогтоомжид заасан үндэслэл журмаар авах ёстой бөгөөд Ж.Г нь ямар үндэслэлээр 52,600,000 төгрөгийг буцаан хураан авсан тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой үндэслэлтэй тайлбар хэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн тус хэлтсийн албан хаагчид болох Б.З, Д.Б нарт тус бүр 18 сая төгрөг, Ю.Лд 5.500.000 төгрөг, Ц.Э, Б.Б нарт 3.400.000 төгрөг, А.Б, Г.С нарт 2.950.000 төгрөг, М.Ц, П.О, З.С, Э.Ө, С.С, Т.Т, Э.А, Н.Э, Ц.Н, Х.Аа нарт тус бүр 200.000 төгрөгийн давуу байдал үүссэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Хоёр. Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Гийг *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд баталсан 599,756,000 төгрөгийн төсвийн санхүүжилтээс 107,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаалаар тус хэлтсийн нэр бүхий 17 албан хаагчдад Шагнал урамшуулал олгосон үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад төсвийн “…хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан…” гэх гэмт хэргийн шинжтэй байна гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “…Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан…” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Иймд энэхүү гэмт хэргийн шинж нь тусгай субъекттэйгээс гадна бланкетны диспозицитой байх тул төсвийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой харилцааг тодорхойлсон Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актад хэрхэн зохицуулсан эсэхийг тодруулах шаардлагатай.

Төсвийн тухай хуулийн 4.1.5 дахь заалтад “…төсөв гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг…”, мөн хуулийн 4.1.35 дахь заалтад “төсвийн захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг…”, мөн зүйлийн 4.1.38 дахь заалтад “…төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг…” гэжээ.

Иймд *** дүүргийн татварын хэлтсийн дарга нь Төсвийн тухай хуулийн 16.4.18 дахь заалтад “…төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн…” гэж зааснаар тухайн төсвийнхөө шууд захирагч мөн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Харин төсвийн зориулалт гэж нарийвчлан тодорхойлсон томьёолол хууль тогтоомжид байхгүй бөгөөд төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалтад “…батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах…” эрхтэй гэжээ.

*** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай тогтоол /4хх-ийн 218-232 дахь тал/-ын 3.2.1 дэх заалтад дүүргийн татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд зориулж 599.756.000 төгрөгийг төсөвлөжээ.

Энэ талаар Нийслэл дэх төрийн аудитын газрын НТАГ-2019/381/СТА-ТШЗ дугаартай тайлан /4хх-ийн 146-159 дэх тал/-д “…нэмэлт санхүүжилтийн дансаар БЗД-ийн орон нутгийн төсвөөс 599.756.0 мянга, НАЗХГ-аас АТӨЯХАТ-ын орлого бүрдүүлэхэд 14.147.7 мянга, нийт 613.903.7 мянган төгрөгийн санхүүжилт авч, 504.670.5 мянган төгрөгийг зориулалтын дагуу, 107.000.0 мянган төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, үлдэгдэл 2.233.2 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн…” байна гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана…” гэжээ.

Иймд шүүхээс Нийслэлийн аудитын газрын дүгнэлтийг дараах үндэслэлээр зөвшөөрөх боломжгүй байна гэж үзлээ.

Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 906 дугаартай тушаалын хавсралтаар “Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст орон тооны бус байцаагч ажиллуулах журам”-ыг баталсан бөгөөд тус журмын 2.1 дэх хэсэгт “…Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст ажиллах орон тооны бус байцаагчийн тооны хязгаарыг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж баталсан төсөвт нь багтааж харьяалах татварын албаны дарга тогтооно…”, мөн журмын 5.1 дэх хэсэгт “…Татварын албаны орон тооны бус байцаагчийн цалин хөлстэй холбоотой зардлыг орон нутгийн төсөвт оруулсан орлогоос нь тодорхой хувиар санхүүжүүлэх зарчмыг тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр тогтооно…” гэжээ.

Мөн *** дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2017 оны №16 дугаартай тогтоолоор баталсан тус дүүргийн төсөвт *** дүүргийн татварын хэлтсийн “татвар ногдуулах, хураах үйл ажиллагааг явуулж дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагуудын санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх”-д зарцуулна гэжээ.

*** дүүргийн татварын хэлтэс нь 2018 оны 01 дүгээр сард 67 орон тооны бус байцаагчтай /4хх-ийн 49 дэх тал/, мөн оны 12 дугаар сард 40 орон тооны бус байцаагчтай байсан /4хх-ийн 108 дахь тал/ болох нь сарын цалингийн дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.

Мөн *** дүүргийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №04/1796 дугаартай албан бичиг /9хх-ийн 125-126 дахь тал/-ээр төсвийн задаргааг ирүүлсэн байх бөгөөд тус задаргаанд 1-11 дүгээр сар хүртэл тус бүр 42.964.000 төгрөг, харин 12 дугаар сард 127.142.000 төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгагджээ.

Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд Гэрч Д.Бын: “...Миний бие 2019 онд *** дүүргийн Төрийн сангийн хэлтэст Төсвийн мэргэжилтнээр ажилд орсон юм... 599,756,000 төгрөгийн задаргааны талаарх баримт бичгийг архиваас шүүж үзэхэд татвар хураалт, орлого бүрдүүлэлтийн мөнгө гэх тогтоол дээр төсөвлөгдсөн мөнгө нь задаргаагаар бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ, төлбөр хураамжийн зардал дээр тавигдсан мөнгө байна...” гэх мэдүүлэг /9хх-ийн 143 дахь тал/ авагджээ.

Түүнчлэн ШШҮХ-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №198 дугаартай дүгнэлтэд “…зориулалтын бусаар зарцуулсан эсэхийг шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Иймд Нийслэл дэх төрийн аудитын газрын НТАГ-2019/381/СТА-ТШЗ дугаартай санхүүгийн аудитын тайланд тусгагдсан зөрчил дутагдлын үндэслэлийг тогтоох боломжгүй…” тухай дүгнэжээ.

Нөгөөтээгүүр *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдөөс баталсан төсөв нь дүүргийн татвар ногдуулалт, хураалтад зарцуулах төлөвлөсөн бөгөөд орон тооны байцаач нарт хамаарахгүй гэж ялгаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл *** дүүргийн татвар ногдуулалт, хураалтыг орон тооны болон орон тооны бус байцаагч аль аль нь хуульд зааснаар чиг үүргийн дагуу гүйцэтгэж байж татварын орлогыг бүрдүүлж байгаа талаар улсын яллагч маргаагүй болно.

Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Өсөхбаярын: “...Энэ мөнгө бол татвар хураалтын зардал гээд ганцхан нэр төрлөөр төсөвлөгдсөн юм. Түүнээс хэдэн хүний цалин гэх байдлаар задаргаа хийгддэггүй юм. Дээрх 599,756,000 төгрөг нь орон тооны бус байцаагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тэдгээртэй холбоотой бичиг хэргийн зардалд зарцуулагдахаар төсөвлөгдсөн мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг /10хх-ийн 5-6 дахь тал/ авагджээ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар яллаж байгаа нь тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Бийн хувьд:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *** дүүргийн татварын хэлтсийн Захиргаа удирдлагын даргаар ажиллаж байхдаа “даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй асуудлыг хэлэлцсэн мэтээр материал бүрдүүлсэн, шагнал урамшуулал олгох тухай тушаалын төсөл боловсруулж батлуулсан, шагнал урамшуулал авсан ажилчдаас 52.600.000 төгрөгийг хураан авч Ж.Гэд өгсөн үйлдэл”-ээрээ Ж.Гтэй урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж гүйцэтгэсэн гэж гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлжээ.

Аливаа гэмт хэрэгт бүлэглэн оролцсон үйлдлийн объектив талын шинж нь хоёр буюу түүнээс дээш тооны хүн оролцох бөгөөд ингэхдээ тус тусын үйлдэлтэй боловч үйлдлийн улмаас учруулсан хохирол, хор уршиг нь нэг байх шаардлагатай. Мөн гэмт санаа зорилго нь тус тусдаа бус харилцан адил санал солилцож нэгэн зорилгод санаа нийлсэн байх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцох бусад хэлбэрээс ялгаатай тал нь учруулсан хохирол, хор уршиг нь бүлэглэн үйлдсэн үйлдлийн улмаас үүссэн шалтгаантай холбоотой байна. Ийм учраас гэмт хэрэг үйлдсэний дараа бүлэглэн оролцох боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдийн объектив талын шинж нь гагцхүү хууль тогтоомжоор олгогдсон албан тушаалын бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд үйлдсэн үйлдэл байдаг нь бусад бүлэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдээс ялгагдах онцлогтой.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн бусад бүлэгт заагдсан гэмт хэргийн объектив шинжүүд гагцхүү үйл хөдлөл буюу физик шинжээр үйлдэгдсэнээр бүлэглэх болон хамтран оролцох хэлбэрээр үйлдэгддэгийг 22-р бүлэгт заасан гэмт хэргүүдэд төсөөтэй хэрэглэж болохгүй юм.

Өөрөөр хэлбэл 22-р бүлэгт заасан гэмт хэргүүдийг бүлэглэж үйлдэхдээ хууль тогтоомжоор олгогдсон албан тушаалын бүрэн эрхээрээ хамтран шийдвэр гаргахад оролцох нь объектив талын шинж юм.

Иймд Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бийг хурлын тэмдэглэл үйлдсэн, тушаалын төсөл боловсруулсан, мөнгө хураасан үйлдэл нь бүлэглэн үйлдэж байгаа шинжийг хангаж байна гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Учир нь *** дүүргийн татварын хэлтсийн албан хаагчдыг шагнаж урамшуулах эрх гагцхүү хэлтсийн даргад хадгалагдах бөгөөд энэ эрх мэдлийг хэнтэй ч хуваалцаж эдлэх боломжгүй.

Тодруулбал давуу байдал үүссэн шалтгаант холбоо нь гагцхүү маргаан бүхий 2018 оны А/90 дугаартай тушаалын улмаас үүсэж буй юм.

Харин шагнал урамшуулал олгох тухай хэлэлцсэн хурлын тэмдэглэл /4хх-ийн 129-130 дахь тал/, тушаалын төсөл боловсруулсан эсэх нь дангаараа ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэх акт болж чадахгүй юм.

Мөн Д.Бийн мөнгө хураасан гэх үйлдлийн хувьд Ж.Гийн албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл нэгэнт тушаал дээр гарын үсэг зурж, тамга дарагдсанаар төгссөн буюу хохирол хор уршиг Д.Бийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй юм.

Иймд Д.Бт холбогдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

Аливаа албан тушаалын гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээр дамжиж ард иргэд баталгаатай эдлэх эрхийн хүрээнд нийтийн албанаас шударгаар авах үйлчилгээ, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, нийтийн албаны үнэлэмжийг бууруулах хор уршиг учруулж байгаагаар нийгэмд аюултай шинж нь илэрдэг.

Шүүгдэгч Ж.Гийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана”, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж тус тус заасныг зөрчсөн байх бөгөөд төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан байх тул нийгэмд аюултай шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Ж.Г нь *** дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалаа урвуулан ашиглаж дээр дурдсанаар зохих журмыг зөрчиж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаал гарган нийт 107.000.000 төгрөгийг шагнал урамшуулал хэлбэрээр төрийн сангаас гаргаж, улмаар шагнал олгохдоо 52,600,000 төгрөгийг ямар ч хууль тогтоомжид үндэслэл болголгүй буцаан хураан авч, улмаар өөртөө 22,357,400 төгрөгийг авч давуу байдал бий болгох үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.

Шүүгдэгч Ж.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд нийт 107.000.000 төгрөгийн хохирол учирснаас хувь хүний орлогын албан татварт 10 хувь буюу 10.700.000 төгрөгийг улс суутгаж, 96.300.000 төгрөг үлдэж байна. Үүнээс  17.742.600 төгрөгийг шинэ жил болон сүү цагаан идээний аяны арга хэмжээнд зарцуулсныг бусдад давуу байдал олгосон гэж дүгнэх боломжгүй юм.

Учир нь нийтийг хамарсан баяр ёслол, арга хэмжээнд зарцуулагдсан нь тухайн баяр ёслол, арга хэмжээнд оролцсон хүн бүрийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд нийт хариуцвал зохих этгээдүүдээс нийт 78.557.400 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад “...Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж,

Мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт “...Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй...” гэж тус тус заажээ.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалт, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч нараас дараах төлбөрийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

- Иргэний хариуцагч Б.Згаас 18.000.000 төгрөг,

- Иргэний хариуцагч П.Оээс 200.000төгрөг,

- Иргэний хариуцагч Ю.Лгээс 5.500.000 төгрөг,

- Иргэний хариуцагч М.Цээс 200.000 төгрөг,

- Иргэний хариуцагч З.Саас 200.000 төгрөг,

- Иргэний хариуцагч И.Өлзиймаагаас 200.000

- Иргэний хариуцагч С.Сгаас 200.000 төгрөг,

- Иргэний хариуцагч Т.Таас 200.000 төгрөг,

- Иргэний хариуцагч Э.Ааас 200.000 төгрөг,

- Иргэний хариуцагч Ц.Эгээс 3.400.000 төгрөг,

- Иргэний хариуцагч Б.Бээс 3.400.000 төгрөг,

- Иргэний хариуцагч А.Баас 2.950.000 төгрөг,

- Иргэний хариуцагч Г.Саас 2.950.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хариуцагч Н.Э нь хариуцвал зохих 200.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр /10хх-ийн 113 дахь тал/,

иргэний хариуцагч Ц.Н нь хариуцвал зохих 200.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр /10хх-ийн 115 дахь тал/,

иргэний хариуцагч Х.Аа нь хариуцвал зохих 200.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр /10хх-ийн 117 дахь тал/ тус тус Төрийн сангийн 100900000707 тоот дансанд тушаасан байна.

Мөн Д.Б нь хариуцвал зохих 18.000.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Хохирлын нөхөн төлбөрийн 100900000717 тоот дансанд,

шүүгдэгч Ж.Г нь хариуцвал зохих 22.357.400 төгрөгөөс 19.557.400 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Авлигатай Тэмцэх газрын барьцааны Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан /11хх-ийн 157-158 дахь тал/ байх тул уг дансанд байршуулсан төлбөрүүдийг улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Ж.Гээс үлдэгдэл болох 2.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Нөгөөтээгүүр шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч нараас бид Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Татварын улсын байцаагчид шагнал олгох журам”-ын 1.3 болон 1.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн шагнал урамшуулал авах ёстой байсан тул улсын яллагчийн дүгнэлтэд дурдсанаар буцаан төлөхгүй гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.

Учир нь нийт 14 хавтаст хэрэгт авагдсан баримтуудад нэр бүхий 17 албан хаагч тус бүр хэрхэн яаж сайн ажилласан учраас ажил олгогчоос зохих журмын дагуу шагнагдах ёстой байсан болохыг нотолсон баримт хэрэгт мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй байна.

Нөгөөтээгүүр нэр бүхий 17 иргэний хариуцагч нар өөрсдөө зохих журмын дагуу шагнагдах ёстой байсан тухай нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд энэ нь өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх тухай зарчимд харшлахгүй буюу холбогдсон үйл баримтын талаар эрх зүйн байдлаа дээрдүүлэх нотлох баримтыг гаргаж өгөх эсэх нь өөрсдийн хүсэл зоригоос хамааралтай юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Ж.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогоос эрүүгийн хариуцлагын талаар “…Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Хэрэв шүүх боломжтой гэж үзвэл улсын яллагчийн торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү гэж хүсэж байна …” гэх санал дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Ж.Г нь шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ж.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус заажээ.

Ж.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх үед буюу 2018 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасныг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж өөрчлөн найруулжээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсныг баримтлан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Гэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт тохируулж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо шүүгдэгч Ж.Гийн *** дүүрэгт оршин суудаг байдлыг харгалзан *** дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Г, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Энэ хэрэгт иргэний хариуцагч Ю.Л /***/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай *** орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай *** тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

Иргэний хариуцагч Э.Ө /***/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай *** орон сууц,

Иргэний хариуцагч Ц.Э /***/-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай *** тоот хаягт байршилтай орон сууц,

Иргэний хариуцагч Б.Б /***/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай *** тоот хаягт байршилтай орон сууц,

Иргэний хариуцагч А.Б /***/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай *** тоот газар, эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай *** тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

Иргэний хариуцагчийн Г.С /***/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай *** тоот хаягт байршилтай орон сууц, *** тоот автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай *** тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан байх бөгөөд дээрх хөрөнгүүдийг иргэний хариуцагч нар хариуцвал зохих төлбөрийг төлж барагдуулж дуусах хүртэлх хугацаагаар хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00061 0016 дугаартай хэргээс шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Бийг цагаатгасугай.

2. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.Г нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00061 0016 дугаартай хэргээс Ж.Гэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Ж.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Гэд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд *** дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

7. Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Гэд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

11. Энэ хэрэгт иргэний хариуцагч *** зэргийн өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан шийдвэрийг иргэний хариуцагч нар хариуцвал зохих төлбөрийг төлж барагдуулж дуусах хүртэлх хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалт, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Б.Згаас 18.000.000 төгрөг, Ю.Лгээс 5.500.000 төгрөг, П.Оээс 200.000 төгрөг, М.Цээс 200.000 төгрөг, З.Саас 200.000 төгрөг, И.Өаас 200.000 төгрөг, С.Сгаас 200.000 төгрөг, Т.Таас 200.000 төгрөг, Э.Ааас 200.000 төгрөг, Ц.Эгээс 3.400.000 төгрөг, Б.Бээс 3.400.000 төгрөг, А.Баас 2.950.000 төгрөг, Г.Саас 2.950.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.Гээс 2.800.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

13. Ж.Гийн Авлигатай Тэмцэх газрын барьцааны Төрийн сангийн 100900033401 тоот дансанд төлсөн 19.557.400 төгрөг, Д.Бийн Авлигатай Тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөрийн Төрийн сангийн 100900000717 тоот дансанд төлсөн 18.000.000 төгрөгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Г, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ШИНЭХҮҮ