Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0789

 

 

 

 

 

    2022         10          26                                      128/ШШ2022/0789

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б.М ***” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч: П.Г***

Хариуцагч: *** дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х***

 

Нэхэмжлэлийн шаардлага: *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Б.М ***” ХХК-д газрын төлбөр ногдуулсан үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулах, мөн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоол болон 2020 оны 12 дугаар сарын сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын хоорондох 134 хоногийн газрын төлбөрийг тооцохгүйгээр газрын төлбөрийг үнэн зөвөөр хуулийн дагуу шударгаар тогтоохыг даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч П.Г*** ,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э*** нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч нь *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Б.М ***” ХХК-д газрын төлбөр ногдуулсан үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулах, мөн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоол болон 2020 оны 12 дугаар сарын сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын хоорондох 134 хоногийн газрын төлбөрийг тооцохгүйгээр газрын төлбөрийг үнэн зөвөөр хуулийн дагуу шударгаар тогтоохыг даалгахаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт “Б.М ***” ХХК-д 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар 2011/1*** дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгожээ.

2.2. Б.М *** ХХК нь *** дүүргийн *** хорооны нутаг орших Богдхан уулын дархан цаазат газрын Т*** амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор 29976 м.кв газрыг ашиглахаар *** дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №2006-1/2*** тоот Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 3 талт гэрээг байгуулсан байна.

2.3. *** дүүргийн Татварын хэлтсээс 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Б.М ***” ХХК-д DNP2109030000094**** дугаар нэхэмжлэлээр  129,469,320.00 төгрөгийн татварыг газрын төлбөрт төлөхөөр нэхэмжилсэн

2.4. “Тус шүүх “Б.М *** ХХК-ийн гаргасан “Б.М ***” ХХК-д үүсгэсэн DNP2109030000094**** дугаартай *** дүүргийн Татварын хэлтсийн газрын төлбөрийн нэхэмжлэлийг хүчингүй болгож, *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “*** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Б.М *** ХХК-д газрын төлбөр ногдуулсан үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, тус илт хууль үйл ажиллагааг үндэслэн “Б.М ***” ХХК-аас нэхэмжилсэн *** дүүргийн татварын албаны DNP2109030000094**** дугаар бүхий татварын нэхэмжлэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай, *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэж газрын төлбөрийг ногдуулах, мөн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоол болон 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын хоорондох 134 хоногийн газрын төлбөрийг тооцохгүйгээр газрын төлбөрийг үнэн зөвөөр хуулийн дагуу шударгаар тогтоохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...”Б.М ***” ХХК нь зохих хууль тогтоомжийн дагуу *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Төрхурхын аманд аялал жуулчлалын зориулалтаар нийт 3 га газар ашиглах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай татварыг зохих хугацаанд нь төлж ирсэн.

Гэвч *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлбөрийн хувь хэмжээ, бүсчлэлийг шинэчлэн тогтоох, хүчингүй болгох зэргээс удаа дараа тодорхойгүй байдал үүсгэж, улмаар газрын төлбөрийн тогтоох эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн газрын төлбөрийн ногдуулахдаа *** дүүргийн Газар зохион байгуулалтын алба Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дэх заалтыг хэрэглэхгүй орхигдуулан дүүргийн татварын хэлтэст хүргүүлснээс болж их хэмжээний газрын төлбөр татварын өр хэлбэрээр хуримтлагдсан байна. Тус компанид 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр *** дүүргийн Татварын хэлтсээс DNP2109030000094**** дугаар бүхий нэхэмжлэл ирүүлснээр нийт 129,469,320.00 төгрөгийн татварыг газрын төлбөрт төлөхөөр нэхэмжилсэн байна. Иймд бид хууль бусаар оногдуулсан газрын төлбөрт үндэслэн нэхэмжилсэн татварыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дүгээр зүйлийн дагуу 23.3.Аймаг, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.3.8. газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах; 23.4.Сумын газрын даамал, дүүргийн Газар зохион байгуулалтын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.5. газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах;

Мөн, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т "Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ" гэж тус тус заасны дагуу газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дүүргийн хувьд дүүргийн Газар зохион байгуулалтын алба бөгөөд Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хууль болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан хэм хэмжээний актыг үндэслэн ногдуулсан газрын төлбөрийн дагуу Татварын алба газрын төлбөрийг нэхэмжилдэг байна.

 Дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь газрын төлбөр ногдуулахдаа Газрын төлбөрийн тухай хуульд нийцүүлэх шаардлагатай. Гэтэл *** дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь газрын төлбөр ногдуулахдаа Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй байх бөгөөд энэ хууль бус актыг үндэслэн Дүүргийн татварын алба газрын төлбөр /татвар/-ийг мөн үндэслэлгүй тогтоон нэхэмжилсэн байна гэж үзэж байна. Үүнд:

Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл. Газрын төлбөрийн хувь, хэмжээ хэсэгт,

6. Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон,

бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно.

7. Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно.

“Б.М ***” ХХ-ийн ашиглах эрх бүхий 3 га газар нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолоор /*** дүүргийн *** дүгээр хороо Т*** ам/ газрын бүсчлэлийн 6 дугаар бүсийн худалдаа, бүх төрлийн үйлчилгээ гэсэн хэсэгт хамаарахаар харагдаж байгаа юм. Хэрэв энэ хэсэгт хамаарах бол 1м.кв газрын төлбөр 960 төг болох бөгөөд энэ нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа болохоор 3 дахин өсгөж тооцвол 1м.кв газрын төлбөр нь 2880 төг болохоор харагдаж байна. Дүүргийн Газар зохион байгуулалтын алба ч мөн ингэж шууд буруу тооцсон харагдаж байна. Харин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгож газрын төлбөрийн хувь хэмжээг дахин шинэчлэн тогтоосон байх бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор *** дүүргийн *** дүгээр хороо Т*** ам нь мөн 6 дугаар бүсэд хамрагдаж байгаа бөгөөд 6 дугаар бүсийн худалдаа, бүх төрлийн үйлчилгээ гэсэн хэсэгт хамаарч 1 м.кв газрын төлбөр нь 480 төгрөг үүнийг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 ийн дагуу 3 дахин өсгөж тооцвол 1 м.кв газрын төлбөр нь 1440 төг болохоор харагдаж байгаа юм. Энэ мэтээр газрын төлбөр ногдуулахдаа газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-г хэрэглэн газрын төлбөрийг 3 дахин нэмэгдүүлж байгаа хэрнэ аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын хувьд тусгайлан зохицуулсан Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г огт хэрэглэхгүйгээр буруу тогтоож тус компанийг их хэмжээний газрын төлбөр, татварын өрөнд оруулсан нь харагдаж байна.

Торуулбал, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д "Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно гэж заажээ.

Дээрх заалтаас харахад аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тогтоохдоо түүний хэддүгээр бүсэд хамаарч байгааг ул харгалзан тухайн тойргийнхоо хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурин газрын төлбөрийн хэмжээтэй адилтган тооцохоор байна. Т*** амтай хамгийн ойр орших суурин газар бол *** дүүргийн *** дүгээр хороо *** тосгон бөгөөд *** тосгон нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар 25-ны өдрийн 13 дугаар тогтоолуудаар баталсан газрын бүсчлэлээр 9 бүсэд хамрагдаж байгаа бөгөөд 9 дүгээр бүсийн худалдаа бүх төрлийн үйлчилгээ гэсэн хэсэгт хамруулан 1 м.кв газрын төлбөр нь 358 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд түүнийг Газрын төлбөрийн тухай хуулийн 7.6-д заасны дагуу тусгай хамгаалалттай газарт газар ашиглаж байгаа гэдгээр нь 3 дахин өсгөж тооцвол 1м.кв газрын төлбөр 1074 төгрөг болох ёстой юм. Иймээс хуулийн төлбөр тогтоохтой холбоотой зүйл заалтыг дутуу хэрэглэн үндэслэлгүй ногдуулсан газрын төлбөр, түүнийг үндэслэн нэхэмжилсэн татварын өр төлбөрийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай компаниас газрын төлбөрийн тодорхой асуудлыг тодруулах үүднээс 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *** дүүргийн Татварын хэлтэст, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус албан бичиг илгээсэн болно. Үүний дараа *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 21/05 дугаартай албан бичгүүд ирсэн бөгөөд “Б.М ***” ХХК-д ногдуулсан газрын төлбөрийг Газрын төлбөрийн үнэлгээний тойрог, зэрэглэлийн 6-р бүсэд хамааруулж, 1 м.кв газарт ногдуулах газрын төлбөрийн хэмжээ нь 2880 төгрөг байхаар ирүүлсэн байна. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр *** дүүргийн Татварын хэлтсээс DNP2109030000094**** дугаар бүхий нэхэмжлэл ирүүлсэн байх бөгөөд үүгээр 129,496,320.00 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 4/2410 тоот албан бичиг ирүүлж Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасны дагуу "Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ" гэж заасны дагуу *** дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь газрын төлбөр төлөгчдийн газрын төлбөр төлөх ногдлыг тодорхойлон татварын албанд ирүүлдэг тул газрын газрын төлбөртэй холбоотой маргааныг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж мэдээлэл авна уу гэсэн байна.

Манай компани *** дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн DNP2109030000094**** дугаар бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул *** дүүргийн Газар зохион байгуулалтын алба, *** дүүргийн Татварын хэлтсийн тус бүрийн зохих дээд шатны байгууллага болох Нийслэлийн татварын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гомдол гаргасан бөгөөд нийслэлийн Татварын газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн 05/714 дугаар бүхий хариу албан бичигт Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8, 23.4.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж ашиглаж байгаа газарт газрын жилийн төлбөрийг ногдуулж татварын албанд ирүүлэх хуулийн зохицуулалттай.

Иймд газрын төлбөрийн ноогдуулалтай холбоотой асуудлыг газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага буюу харьяа газар зохион байгуулалтын албанд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн байна.

Харин нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хариу ирүүлээгүй бөгөөд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол мэдээлэл гаргах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-ийн дагуу өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.

Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэсний дагуу хариу ирүүлэхийг хуульд заасан хугацаагаар хүлээсэн бөгөөд хугацаа сунгах талаар ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй болно.

Мөн, *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай маргаантай шийдвэр гаргаж, түүнийгээ эргээд хүчингүй болгох, тодорхой хугацааны дараа дахин гаргах гэх мэтээр эргэж буцсан олон шийдвэр гаргасан байх бөгөөд энэ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр бүрд харгалзан газрын төлбөрийг тогтоох хувь хэмжээ харилцан адилгүй байхаар байна. Тухайлбал, *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай маргаантай шийдвэр гаргасан, уг тогтоолоо 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоолоор хүчингүй болгосон байх ба харин газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг дахин шинэчлэн тогтоогоогүй байдаг.

Улмаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор 2020 оны 09 дүгээр сарын 29-ний 3*** дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна. Ингээд тухайн өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 13 дугаар тогтоолоор газрын төлбөрийн зэрэглэл, бүсийг дахин шинэчлэн тогтоосон байна. Гэхдээ 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоолын дагаж мөрдөх хугацаа нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж байгаа бол 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс дагаж мөрдөхөөр байна. Тиймээс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 03 хүртэл нийт 134 хоногийн газрын төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоолыг хүчингүй болгосон гэх үндэслэлээр 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор тооцон 1 м.кв газрын төлбөрийг 2880 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2-ын дагуу хүчин төгөлдөр болох бөгөөд тус хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэсний дагуу нэгэнт тухайн хугацаанд шинээр газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг дахин шинэчлэн тогтоогоогүй тул газрын төлбөрийг хүчингүй болсон актын дүнгээр төлөх үндэслэлгүй байна. Хэрэв газрын төлбөр төлөх үндэслэлтэй бол 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоос өмнөх төлбөр буюу 1м.кв нь 396 төгрөгөөр тооцох нь зүйтэй юм. Захиргааны хэм хэмжээний акт нь Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ.

Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүтгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Иймд бүртгэгдсэн хугацааг нь тооцож үзсэн ч тухайн хугацаанд газрын төлбөр шаардах эрхгүй бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс дагаж мөрдөх 13 дугаар тогтоолын хувьд 3*** дугаар тогтоолыг хүчингүй болгосон гэх үндэслэлээр 3*** дугаар тогтоол хүчин төгөлдөр байх хугацааны газрын төлбөрийг зохицуулахаар иргэн аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг дордуулсан эрх зүйн актыг буцаан хэрэглэх нь үндэслэлгүй юм.

Тодруулах нь “Б.М ***” ХХК-д үүсгэсэн DNP2109030000094**** дугаартай *** дүүргийн Татварын хэлтсийн газрын төлбөрийн нэхэмжлэл нь манай компанийн эдийн засгийн эрхийг зөрчиж байгаа бөгөөд үндэслэлгүй, хуулийг дутуу хэрэглэн тогтоосон хэт их хэмжээний татвар нь компанид эдийн засгийн их хэмжээний хохирол учруулж, татвараа төлж чадахгүй нөхцөл үүсэж улмаар газрын гурвалсан гэрээ зурагдахгүй байгаагаас үүдэн ашиглах эрх бүхий газар дээр хэрэгжүүлэх төслийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж чадахгүй, хөрөнгө оруулалт зогсож дампуурах нөхцөл байдалд хүргээд байна. Иймээс тус нэхэмжлэлийг хүчингүй болгож, газрын төлбөрийг хуулийн дагуу ногдуулах нь шударгаар татвар тогтоолгох, эдийн засгийн хувьд бодитой татвар төлөх, эдийн засгийн эрх сэргэхээр байна.

Иймд, Газрын тухай хуулиар газрын төлбөрийг ноогдуулах эрх бүхий байгууллага албан тушаалтан нь дүүргийн Газар зохион байгуулалтын алба, газрын даамал бөгөөд тухайн эрх бүхий байгууллага, албан тушаалтан газрын төлбөрийг тооцохдоо Газрын төлбөрийн холбогдох хуулийг хэрэглээгүй байх тул шүүхэд Газрын төлбөрийг тооцохдоо Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн “Б.М ***” ХХК-д ногдох газрын төлбөрийг хуулийн дагуу ногдуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж байна. гэв.

3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Иймд бүртгэгдсэн хугацааг тооцож үзсэн ч тухайн хугацаанд газрын төлбөр шаардах эрхгүй бөгөөд 2021 оны 3 сарын 03-ны өдрөөс дагаж мөрдөх 13 дугаар тогтоолын 3*** дугаар тогтоолыг хүчингүй болгосон гэх үндэслэлээр 3*** дугаар тогтоол хүчин төгөлдөр байх хугацааны газрын төлбөрийг иргэн аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг дордуулсан эрх зүйн актыг буцаан хэрэглэх боломжгүй.” гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Б.М *** ХХК нь *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг орших Богдхан уулын дархан цаазат газрын Т*** амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор 29976 м.кв газрыг ашиглахаар *** дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №2006-1/2*** тоот Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 3 талт гэрээг байгуулсан байна.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.4.5 дахь заалт, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэг, *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар, Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг Тогтоох тухай” тогтоол, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай №2012/09 тоот гэрээний 2.4 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн газрын төлбөрийг ногдуулсан.

Нэгдүгээрт, *** дүүргийн *** дүгээр хороо газрын байршлын нэрээр *** нь одоо мөрдөгдөж байгаа эрх зүйн актуудаар тосгоны эрх хэмжээтэй биш юм. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот /цаашид "нийслэл хот" гэх/ нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалттай эрх зүйн байдал бүхий хот мөн. 4.2. Нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Хороо нь хэсгийн зохион байгуулалттай байна.

Дээрх хуулийн заалтын дагуу *** дүүргийн *** дүгээр хороо *** нь тосгоны зохион байгуулалт байхгүй учир Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн Газрын төлбөрийн хувь, хэмжээ/ 6-д Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно. гэсэн заалтын дагуу газрын төлбөрийг тооцож ногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. “Б.М ***” ХХК-ийн газрын төлбөрийг *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар, Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг Тогтоох тухай" 2019 оны 25 дугаар тогтоолын дагуу Т*** ам нь газрын үнэлгээний 6 дугаар бүс бөгөөд дээрх заалтыг үндэслэн газрын төлбөрийг 3 дахин өсгөн тооцсон нь зөв болно. “Б.М ***” ХХК-ийн газрын төлбөрийн бодолт нь: 29976 м.кв /талбайн хэмжээ/ х 960 төгрөг /25 дугаар тогтоолын нэгж үнэ/ * 3 /Газрын төлбөрийн тухай хуулийн 7,6 дахь заалт/ = 86,330,880 /наян зургаан сая гурван зуун гучин мянга найман зуун наян/ төгрөг.

Хоёрдугаарт, *** дүүргийн хувьд 2019 оны 02 дугаар сарын 01-ний "Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай" тогтоолын тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолоор 2019-2020 онуудын газрын төлбөрийг ногдуулж ирсэн. “Б.М ***” ХХК-ийн Т*** амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор ашиглаж байгаа 29976 м.кв газрын төлбөрийг дээрх тооцооллоор хийсэн.

*** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаараа 3*** дугаар тогтоолоор гарган 2019 оны 25 дугаар тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг боловч орон нутгийн сонгуулийн дараа тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 дугаар тогтоолоор 3*** дугаар тогтоолыг илтэд хууль бус байсан гэж үзэн хүчингүй болгосон. Ингээд 2019 онд баталсан 25 дугаар тогтоол 2019-2020 онуудад хүчин төгөлдөр гэж үзэн газрын төлбөр тооцох, ногдуулахад хэрэглэж ирсэн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт /хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх/, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт /Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын Зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. / гэсэн заалтуудын дагуу *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд "Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар, Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг Тогтоох тухай" 2019 оны 25 дугаар тогтоолыг хүчинтэй гэж үзсэн учир газрын төлбөрийг Газрын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэний дагуу 2019, 2020 онуудын газрын төлбөрийг ногдуулан нэхэмжлэл үүсгэн харьяалах татварын алба руу илгээсэн байна.

*** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр "Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай" 13 дугаар тогтоолыг баталсан.

Энэ шинээр баталсан тогтоолоор тус дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Т*** амны хязгаарлалтын бус нь газрын үнэлгээний 6 дугаар бүсэд багтсан ба газрын төлбөрийн нэгжийн үнэ нь 480 төгрөг болон шинэчлэн баталсан байна. Энэ тогтоолоор “Б.М ***” ХХК нь газрын төлбөр нь 29976 м.кв /талбайн хэмжээ/ * 480 төгрөг /25 дугаар тогтоолын нэгж үнэ/ * 3/ Газрын төлбөрийн тухай хуулийн 7,6 дахь заалт/ = 43,165,440 / дөчин гурван сая нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун дөчин/ төгрөг. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Тус шүүх анх нэхэмжлэгч “Б.М ***” ХХК-аас  *** дүүргийн Газар зохион байгуулалтын алба, *** дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “... “Б.М ***” ХХК-д үүсгэсэн DNP2109030000094**** дугаартай *** дүүргийн Татварын хэлтсийн газрын төлбөрийн нэхэмжлэлийг хүчингүй болгож, *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9924 дүгээр захирамжаар  нэхэмжлэгчийн *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “*** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, *** дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “...“Б.М ***” ХХК-д үүсгэсэн DNP2109030000094**** дугаартай *** дүүргийн Татварын хэлтсийн газрын төлбөрийн нэхэмжлэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс шүүгчийн дээрх захирамжид гомдол гаргаагүй бөгөөд захирамж хүчин төгөлдөр болсон байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “*** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Б.М ***” ХХК-д газрын төлбөр ногдуулсан үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, тус илт хууль бус үйл ажиллагааг үндэслэн “Б.М ***” ХХК-аас нэхэмжилсэн *** дүүргийн татварын албаны DNP2109030000094**** дугаар бүхий татварын нэхэмжлэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай, *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулах, мөн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоол болон 2020 оны 12 дугаар сарын сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын хоорондох 134 хоногийн газрын төлбөрийг тооцохгүйгээр газрын төлбөрийг үнэн зөвөөр хуулийн дагуу шударгаар тогтоохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилжээ.

5. Нэхэмжлэгчээс *** дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “... “Б.М ***” ХХК-д үүсгэсэн DNP2109030000094**** дугаартай *** дүүргийн Татварын хэлтсийн газрын төлбөрийн нэхэмжлэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9924 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “*** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Б.М ***” ХХК-д газрын төлбөр ногдуулсан үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулах, мөн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоол болон 2020 оны 12 дугаар сарын сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын хоорондох 134 хоногийн газрын төлбөрийг тооцохгүйгээр газрын төлбөрийг үнэн зөвөөр хуулийн дагуу шударгаар тогтоохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгчээс “*** дүүргийн Газар зохион байгуулалтын алба Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дэх заалтыг хэрэглэхгүй орхигдуулсан, Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Иймд бүртгэгдсэн хугацааг тооцож үзсэн ч тухайн хугацаанд газрын төлбөр шаардах эрхгүй бөгөөд 2021 оны 3 сарын 03-ны өдрөөс дагаж мөрдөх 13 дугаар тогтоолын 3*** дугаар тогтоолыг хүчингүй болгосон гэх үндэслэлээр 3*** дугаар тогтоол хүчин төгөлдөр байх хугацааны газрын төлбөрийг иргэн аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг дордуулсан эрх зүйн актыг буцаан хэрэглэх боломжгүй. ...” гэж, хариуцагчаас “... “Б.М ***” ХХК-ийн газрын төлбөрийг *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар, Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг Тогтоох тухай” 2019 оны 25 дугаар дугаар тогтоолын дагуу Төр хурахын ам нь газрын үнэлгээний 6 дугаар бүс бөгөөд дээрх заалтыг үндэслэн газрын төлбөрийг 3 дахин өсгөн тооцсон нь зөв болно ...” гэж тус тус маргасан.

7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/359 дүгээр тушаалаар Богдхан уулын Төрхурхын аманд 3 га газрыг нэхэмжлэгч “Б.М ***” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгожээ.

8. Дээрх тушаалыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот, *** дүүрэг, Богдхан уулын Төрхурхын аманд 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 2011/1*** дугаартай гэрчилгээг нэхэмжлэгч “Б.М ***” ХХК-д 5 жилийн хугацаатай олгосон байна.

9. Нэхэмжлэгч “Б.М ***” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *** дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай” 2012/09 дугаартай гэрээг байгуулжээ.

10. Нэхэмжлэгч “Б.М ***” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр *** дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай” 2018/97 дугаартай гэрээг байгуулсан боловч, *** дүүргийн Засаг дарга гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй байна.

11. Хариуцагч *** дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн 420160235 дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч Б.М ***” ХХК нь газрын төлбөрт 2014 оноос 2023 он хүртэлх хугацаанд нийт 308,654,640 төгрөг төлөхөөс 59,400,000 төгрөг төлсөн байх бөгөөд 249,254,640 төгрөгийг төлөөгүй, үдэгдэлтэй гэжээ.

12. *** дүүргийн Татварын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн DNP2109030000094**** дугаартай нэхэмжлэхээр нэхэмжлэгч Б.М ***” ХХК-ийг газрын төлбөрт 129,496,320.0 төгрөгийг төлөх талаар нэхэмжлэхийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байна.

13. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйл. “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, эрх хэмжээ”, 23.3.“Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.3.8.“газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах;”, 23.4. “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.5.“газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах;” гэж тус тус зааснаас үзвэл дүүргийн газар зохион байгуулалтын алба нь газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах эрхтэй байна.

14. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар маргаан бүхий Улаанбаатар хот, *** дүүрэг, Богдхан уулын Төрхурхын аман дахь газрыг Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 6-р бүсэд хамруулж, 1 га газрын суурь үнэлгээ 960.0 байхаар тогтоожээ.

15. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл.“Газрын төлбөрийн хувь хэмжээ”, 1.“Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр дараахь хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтооно:”, 6.“Тусгай хамгаалалттай газар нутаг зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно.” гэж тус тус заажээ.

16. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, тусгай хамгаалалттай газар нутаг зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ямар бүс, үнэлгээний зэрэглэлд хамаарч байгаагаас шалтгаалан гурав дахин өсгөж тооцож авахаар байна.

17. Хариуцагч нь маргаан бүхий тохиолдолд, хуулийн дээрх заалтыг хэрэглэж нэхэмжлэгчийн газрын төлбөрийн хэмжээг тодорхойлж, ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Учир нь маргаан бүхий газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ашиглах эрх олгогддог Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах газар байх тул Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг хэрэглэн газрын төлбөрийг тодорхойлж, ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

18. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл. “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1. “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.1.“утга агуулгын илэрхий алдаатай;”, 47.1.7.“түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэж тус тус заажээ.

19. Дээрх хуулийн заалтуудад заасан “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны акт гэдгийг актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг, “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” захиргааны акт гэдгийг захиргааны акт чиглэсэн этгээдэд бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулсан байхыг тус тус ойлгох бөгөөд маргаан бүхий газрын төлбөрийг ногдуулсан хариуцагчийн шийдвэр нь захиргааны акт илт бус байх дээрх шинжүүдийг агуулаагүй байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

20. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д “Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно.” гэж заажээ.

21. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцож ногдуулахаар байна.

22. Маргаан бүхий тохиолдолд, дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж газрын төлбөрийг ногдуулах үндэслэлгүй байна.

Учир нь маргаан бүхий газар нь хэдийгээр аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон газар хэдий ч улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах газар байх тул Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг хэрэглэн газрын төлбөрийг тооцож ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

23. Иймд нэхэмжлэгчийн “Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д заасныг хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулах” гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл үндэслэлгүй байна.

24. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор маргаан бүхий газрын суурь үнэлгээг 1 га тутамд 960.0 төгрөг байхаар, *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай”  2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолуудаар мөн адил маргаан бүхий газрын суурь үнэлгээг 1 га тутамд 960.0 төгрөг байхаар тус тус тогтоожээ.

25. *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай” 3*** дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын “д”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 25.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Дэлхий нийтэд тархсан Коронавируст халдвар /ковьд-19/ цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, орлого тасалдаж нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл ихээр үүссэнтэй холбоотой дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

26. Мөн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дүгээр сарын 25-ний өдрийн “Тогтоолыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгох тухай” 12 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалт, 47.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтыг тус тус  үндэслэн Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоолыг илт хууль бусад тооцож хүчингүй болгож шийдвэрлэжээ.

27. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/4758 дугаар “Хариу өгөх тухай” албан бичигт: “Нийслэлийн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоол нь тус яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 423*** дугаарт бүртгэлтэй байсан бөгөөд нийслэлийн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоолоор дээрх тогтоолыг хүчингүй болгосныг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/1205 дугаар албан бичгээр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасаж, холбогдох хөдөлгөөн хийсэн байна.

Улмаар Нийслэлийн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн
газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг
тогтоох тухай” 13 дугаар тогтоол баталсныг үндэслэн тус яамны Захиргааны хэм
хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2021 оны 03 дугаар сарын 01-ний
өдрийн 5066 дугаарт бүртгэсэн байна. Гэвч Газрын төлбөрийн тухай хуулийн 6
дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт өөрчлөлт орж, уг өөрчлөлтийг 2022 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан Нийслэлийн ***
дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны
өдрийн 32 дугаар тогтоолоор тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020
оны 13 дугаар тогтоолыг хүчингүй болгосон шийдвэрээ тус яаманд ирүүлснийг
үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022
оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/2169 дугаар албан бичгээр дээрх тогтоолыг
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасаж, хөдөлгөөн хийсэн
байна.

Нийслэлийн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоол гарснаас хойш 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоол гарах хүртэлх хугацаанд өөр захиргааны хэм хэмжээний акт бүртгүүлэхээр ирүүлээгүй байна.

Харин Таны албан бичигт дурдсан дээрх хамрагдах хугацаанаас хойш Нийслэлийн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/02 дугаар албан бичгээр Нийслэлийн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг бүртгүүлэхээр, мөн Ажлын албаны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/21 дүгээр албан бичгээр Нийслэлийн *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 3*** дугаар тогтоолыг илт хууль бусад тооцон бүртгэлийг шинэчлэхээр, тус Хурлын 2020 оны “Тогтоолыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгох тухай” 12 дугаар тогтоолыг тус тус ирүүлж байсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/448, мөн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/493 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн хариуг хавсралтаар хүргүүлж байна.” гэжээ.

28. Дээрх албан бичгийн агуулга, *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоол гарсан хугацаанаас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 13 дугаар тогтоол гарах хүртэлх хугацаанд тус дүүрэг нь газрын төлбөрийг тооцох тогтоолгүй байсан мэт мөн тогтоолуудыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхэд дунд нь хугацаа тасалдсан үйл баримтууд тогтоогдож байна.

29. Гэхдээ дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь тухайн цаг хугацаануудын газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Тодруулбал, маргаан бүхий газрын бүсчлэл, газрын үнэлгээг Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор тогтоосон байх бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр байхад газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоосон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн  тогтоол байхгүй, захиргааны актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн газрын төлбөрийг тогтоох үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

30. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолд зааснаар хариуцагчийн тодорхойлсон хэмжээгээр маргаан бүхий газрын төлбөрөө төлөх үүрэгтэй байна. 

31. Засгийн газрын 2018 оны 182 дугаар, *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолуудаар маргаан бүхий газрын суурь үнэлгээг 1 га тутамд 960.0 төгрөг байхаар зөрүүгүй тогтоосон байгаа болохыг дурдах нь зүйтэй.

32. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Б.М ***” ХХК-аас *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “*** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Б.М ***” ХХК-д газрын төлбөр ногдуулсан үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулах, мөн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоол болон 2020 оны 12 дугаар сарын сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын хоорондох 134 хоногийн газрын төлбөрийг тооцохгүйгээр газрын төлбөрийг үнэн зөвөөр хуулийн дагуу шударгаар тогтоохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 зүйлийн 6, 7 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б.М ***” ХХК-аас *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “*** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Б.М ***” ХХК-д газрын төлбөр ногдуулсан үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, *** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулах, мөн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3*** дугаар тогтоол болон 2020 оны 12 дугаар сарын сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын хоорондох 134 хоногийн газрын төлбөрийг тооцохгүйгээр газрын төлбөрийг үнэн зөвөөр хуулийн дагуу шударгаар тогтоохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ГАНБАТ