| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0104/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/139 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,
Улсын яллагч: Н.Зулаа,
Шүүгдэгч: Ө.Батбаяр, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ө.Батбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414006990117 тоот хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Сэргэлэн хар овогт Өлзийхүүгийн Батбаяр, /РД:ДЕ84020916/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Батбаяр нь 2024 оны 8 дугаар сарын 22-ноос 24-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт байх гэр хоолны газраас хохирогч Л.Должинсүрэнгийн эзэмшлийн Самсунг А-15 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ө.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:..... Би шинжээчийн 216 дугаартай дүгнэлттэй танилцсан, санал нийлж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 114-115 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Батбаяр мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, буруугаа хүлээж байна гэв.
3. Хохирогч Л.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Манайх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг, “Нарийны гүүр” гэх газар гэр гуанз ажиллуулдаг юм. 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр манай охин Баянхонгор аймгийн Юнителийн салбараас Самсунг А-15 загварын шинэ утас авч өгсөн. 2024 оны 8 дугаар сарын 20-ны үед гэртээ байж байгаад хажуу талын айлд орчихоод буцаж гэртээ орж ирээд утсаа хайгаад олоогүй юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний алга болгосон гэх гар утас IMEI 1:353182204953680, IMEI 2:356464354953687 дугаарын кодтой”. Би утасныхаа өнгийг нь сайн мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
.....Миний алдсан утасны оронд хүлээлгэж өгсөн хар өнгийн Самсунг А-16 маркийн хайрцагтай шинэ гар утсыг хүлээж авлаа. Надад цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.....гэх мэдүүлэг/ хх-ийн 21/,
......Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Ажиллагаа хэвийн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 23/,
4. Гэрч Ж.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...Тухайн Самсунг А-15 маркийн гар утсыг 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр манай нөхрийн нутгийн залуу Ө.Батбаяр /хоч Шар/ гэх залуугаас худалдаж авч байсан. Одоо гар утас байхгүй. Саяхан манай нөхөр Наранбат дэлгүүр орохдоо хаяж гээсэн. Тухайн Самсунг А-15 загварын гар утсыг Ө.Батбаяраас 110.000 төгрөг бэлнээр өгөөд, манайд байсан 0,5л савлагаатай 1 шил “Соёрхол” нэртэй архийг өгөөд авсан...гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 /,
5. Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 216 дугаартай:... Самсунг А15 маркийн гар утас 650.000 төгрөг,
Шинжилгээний объектийн нийт үнэ цэнэ 2024 оны 08 дугаар сарын байдлаар 650.000 /Зургаан зуун тавин мянга / төгрөг болохыг тодорхойлов ....гэх дүгнэлт /хх-ийн 39-40/ болон шүүгдэгч Ө.Батбаярын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Хохирогч Л.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Манайх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг, “Нарийний гүүр” гэх газар гэр гуанз ажиллуулдаг юм. 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр манай охин Баянхонгор аймгийн Юнителийн салбараас Самсунг А-15 загварын шинэ утас авч өгсөн. 2024 оны 8 дугаар сарын 20-ны үед гэртээ байж байгаад хажуу талын айлд орчихоод буцаж гэртээ орж ирээд утсаа хайгаад олоогүй юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний алга болгосон гэх гар утас IMEI 1:353182204953680, IMEI 2:356464354953687 дугаарын кодтой”. Би утасныхаа өнгийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Ө.Батбаяр нь 2024 оны 8 дугаар сарын 22-ноос 24-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт байх гэр хоолны газраас хохирогч Л.Должинсүрэнгийн эзэмшлийн Самсунг А-15 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд Ө.Батбаяр нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж шунахай сэдэлтээр гар утсыг хулгайлсан үйлдэл нь тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нотлох баримт хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Батбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Должинсүрэн нь гар утсаа буцаан авсан талаар илэрхийлсэн илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй.
Шүүх Ө.Батбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг харгалзан түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.Батбаярт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Энэ хэргийн учир шүүгдэгч Ө.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Сэргэлэн хар овогт Өлзийхүүгийн Батбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сэргэлэн хар овогт Өлзийхүүгийн Батбаярыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ө.Батбаярт оногдуулсан гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.Батбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ө.Батбаяр нь хэргийн учир хохирогчид гар утас төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ө.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ