| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/78 |
| Огноо | 2025-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/78
2025 03 31 2025/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгч Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох 2526000000007 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******гийн ******* /РД:**************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Хаан банкны урд талын засмал зам дээр улсын дугааргүй Мустанг-5 маркийн ногоон өнгийн мотоцикль жолоодож яваад, улсын дугааргүй саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоциклтой мөргөлдсөний улмаас зорчигч М.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч М. “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт найз Г.н хамтаар Хаан банкны урд талаар дайран өнгөрдөг засмал зам дээгүүр миний улсын дугааргүй, саарал өнгийн мотоциклтой явж байтал хаан банкны харалдаа ертөнцийн зүгээр урд талаасаа ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоциклтой нэг өвөө шороон замаас засмал замруу орох гэж харагдахаар нь мотоцикл унаж явсан найз сигналаа хоёр удаа дараад хажуугаар нь өнгөртөл баруун талаас хойд ачаа, дугуй хэсэгрүү мөргөөд ороод ирсэн. Би тухайн үед мотоциклоос шидэгдээд засмал замын зүүн талруу унасан. Гараараа тулж унах үедээ гэмтэл авсан. Баруун гарын бугалга хэсгээр хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дгаар хуудас/,
Гэрч Г. “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд найз М.ийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар баг, Хаан банкны ертөнцийн зүгээр урд талаар дайран өнгөрөх асфальтан засмал замаар баруунаас зүүн чиглэлд улсын дугааргүй хөх цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклтой явж байтал засмал замын урд талаас ордог шороон туслах замаас ногоон өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклтой нэг ах орох ирэх гэж байхаар нь би хоёр удаа сигнал дартал хажуугаар нь өнгөрөх гэтэл орж ирээд мотоциклын баруун талаас мөргөчихсөн. Ард сууж явсан М. нь мотоциклтойгоо дайвалзаж байгаад унах үедээ гараараа тулж гараа бэртээсэн. Баруун гарын шууны яс хугарсан байна гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.гийн “...Мөнхбаярын /ЙИ99082910/ нь 2024 оны 12 дугаар сард ******* сумын Эрүүл мэндийн төвд ойрын дуудлага 121,492 төгрөг, яаралтай тусламж 121,547 төгрөг, Оношилгоо, шинжилгээ 10,000 төгрөг, мөн сард Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 37,082 төгрөг, Амбулаторийн хяналтын үзлэг 25470 төгрөг, мөн амбулаторийн хяналтын үзлэг 25,470 төгрөгийн тусламж үйлчилгээ авч нийт 341,061 төгрөгийн хохирлын нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/
Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай:
“1.Үзүүлэгч М.ийн биед баруун шуу болон богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо.
5.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна ...гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12/29 дугаартай: “...Мустанг 5 маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээ 2,500,000 төгрөгөөр тогтоов” гэсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 61-65 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 14/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 15/, Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-16 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/,
Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хүсэлт зэрэг болно.
1. Шүүгдэгч Б.*******ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор У.Гантуяа би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн Б.*******д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны урд талын засмал зам дээр улсын дугаартай "Мустанг-5" маркийн ногоон өнгийн мотоциклийг жолоодон явахдаа улсын дугааргүй саарал өнгийн "Мустанг-5" маркийн мотоциклтой мөргөлдсөний улмаас зорчигч М.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж оролцогчийн хуулиар хамгаалсан эрх ашгийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдоогүй ба хэргийн үйл баримтыг сэргээж, бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нөхцөл байдлыг бүрэн шалгасан, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад хохирогч М., гэрч Г., Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №29 дугаартай дүгнэлт, техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №118 дугаартай дүгнэлт, Б.*******ы жолоодох эрхийн лавлагаа зэрэг нотлох баримтууд болно. Мөрдөн шалгаж ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдлуудаар хэргийн бодит байдалд эргэлзээтэй, үгүйсгэсэн үйл баримт тогтоогдоогүй ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгдэгч Б.******* нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.3-т жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, улмаар энэ үйлдэлдээ санаатай хандаж энэ үйлдлийн улмаас гарсан үр дагавар буюу хүний биед хүнд, хүндэвтэр гэмтэл, амь нас хохирох зэрэг хохирол учруулсан, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан Эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Гэм буруугийн холимог хэлбэрийн тухайд субьектив шинжид хамаарах бөгөөд Б.******* нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны шийдвэрт санаатайгаар хандаж, энэхүү үйлдлийн улмаас үүдэн гарах хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байна. Хохирогч, гэрч нарын өөр хоорондоо зөрөөгүй мэдүүлгийн баримтаар зам тээврийн осол болсныг сэргээн дүрсэлсэн бөгөөд шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч, техникийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн болно....” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Хаан банкны урд талын засмал зам дээр улсын дугааргүй Мустанг-5 маркийн ногоон өнгийн мотоцикл нь улсын дугааргүй саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоциклтой мөргөлдсөний улмаас зорчигч М.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хавтаст хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.ийн “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт найз Г.н хамтаар Хаан банкны урд талаар дайран өнгөрдөг засмал зам дээгүүр миний улсын дугааргүй, саарал өнгийн мотоциклтой явж байтал хаан банкны харалдаа ертөнцийн зүгээр урд талаасаа ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоциклтой нэг өвөө шороон замаас засмал замруу орох гэж харагдахаар нь мотоцикл унаж явсан найз сигналаа хоёр удаа дараад хажуугаар нь өнгөртөл баруун талаас хойд ачаа, дугуй хэсэгрүү мөргөөд ороод ирсэн. Би тухайн үед мотоциклоос шидэгдээд засмал замын зүүн талруу унасан. Гараараа тулж унах үедээ гэмтэл авсан. Баруун гарын бугалга хэсгээр хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дгаар хуудас/, гэрч Г. “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд найз М.ийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар баг, Хаан банкны ертөнцийн зүгээр урд талаар дайран өнгөрөх асфальтан засмал замаар баруунаас зүүн чиглэлд улсын дугааргүй хөх цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклтой явж байтал засмал замын урд талаас ордог шороон туслах замаас ногоон өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклтой нэг ах орох ирэх гэж байхаар нь би хоёр удаа сигнал дартал хажуугаар нь өнгөрөх гэтэл орж ирээд мотоциклын баруун талаас мөргөчихсөн. Ард сууж явсан М. нь мотоциклтойгоо дайвалзаж байгаад унах үедээ гараараа тулж гараа бэртээсэн. Баруун гарын шууны яс хугарсан байна гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.гийн “...Мөнхбаярын /ЙИ99082910/ нь 2024 оны 12 дугаар сард ******* сумын Эрүүл мэндийн төвд ойрын дуудлага 121,492 төгрөг, яаралтай тусламж 121,547 төгрөг, Оношилгоо, шинжилгээ 10,000 төгрөг, мөн сард Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 37,082 төгрөг, Амбулаторийн хяналтын үзлэг 25470 төгрөг, мөн амбулаторийн хяналтын үзлэг 25,470 төгрөгийн тусламж үйлчилгээ авч нийт 341,061 төгрөгийн хохирлын нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12/29 дугаартай: “...Мустанг 5 маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээ 2,500,000 төгрөгөөр тогтоов” гэсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 61-65 дугаар хуудас/, шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 14/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 15/, Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-16 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/, хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.
Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчлан тогтоожээ.
Хохирогч М. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг ирүүлснийг дурдаж шүүхээс шүүгдэгч Б.*******ыг хохирогч М.ид хохирол төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “... Хохирогч М. /ЙИ99082910/ нь 2024 оны 12 дугаар сард ******* сумын Эрүүл мэндийн төвд ойрын дуудлага 121,492 төгрөг, яаралтай тусламж 121,547 төгрөг, Оношилгоо, шинжилгээ 10,000 төгрөг, мөн сард Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 37,082 төгрөг, Амбулаторийн хяналтын үзлэг 25470 төгрөг, мөн амбулаторийн хяналтын үзлэг 25,470 төгрөгийн тусламж үйлчилгээ авч нийт 341,061 төгрөгийн хохирлын нэхэмжилнэ” гэсэн ба хохирлын баримт хэрэгт авагдсан. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдая.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар нийт 341,061 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэлээ.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “....Шүүгдэгч Б.*******ы үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ба урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүхээс шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байдал, хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1 жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг, мөн хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд зорчих эрх хязгаарласан ял оногдуулсан үеэс тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас 341,061 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
9. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА