Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч: Н.******* нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414006460363 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь ашиг орлого олох зорилгоор 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг "Хөвийн ам" гэх газарт ашигт малтмал эрэл, хайгуул явуулах болон бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх олгосон баримт, бичиггүйгээр буюу тусгай зөвшөөрөлгүйгээр 2 нүх бүхий 0.018 га газарт Доосан /Doosan/ 55 загварын жижиг оврын трактор ашиглан газрын хэвлийд халдан, ашигт малтмал эрж, хайх үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 35,859 төгрөг, нөхөн сэргээх зардал 228,448 төгрөгийн хохирол тус тус учруулж, хууль бусаар ашигт малтмал хайсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Манай хаваржаатай ойрхон “Хөвийн ам” гэдэг газар байдаг тухайн газар доороосоо ундраад жаахан ус гардаг газар байгаа юм, хуучин уурхай ажиллаж байсан тогтоол устай, тэр газрыг би 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр томруулж ухаж малын ус гаргах санаатай ухаж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн. Дүүгийн Доосан /Doosan/-55 маркийн трактороор ухаж байсан. Мөн тэнд ус татуулах мотор, шороо угаадаг функер байсан..гэх мэдүүлэг / хх-ийн 104-105 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Мэдүүлэг өгөхгүй гэв.

3Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Н.******* нь Хөвийн ам гэдэг газар манай сумын Засаг даргатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Дур мэдэж хууль бусаар газрын хэвлийд халдсан байна. Үйл ажиллагаа явуулсан Хөвийн ам гэдэг газар нь ашиглалтын лицензтэй талбайд орохгүй. Өмнө нь эрүүл газар байсан. Тухайн газар дээр бичил уурхайн дүгнэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан. Үнэлгээний ХХК-ны гаргасан хохирлын үнэлгээг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /,

4. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Н.******* гэдэг хүнийг танина. Манай төрсөн ах байгаа юм. Би 8 сард Бөмбөгөр сумын 2 дугаар баг Ширхэн гэх газарт байдаг уурхайтай гуйж байгаад бичил уурхайн журмын дагуу гэрээ байгуулж ажиллах санаатай өөрийн эзэмшлийн трактороо аваачсан юм. Тэгээд уурхай ажиллуулахгүй гэхээр нь ойрхон болохоор бид ахын эзэмшлийн намаржаа өвөлжөөн дээрээ аваачиж тавьсан юм. Тэгээд манай ах ******* чиний тракторыг сумын төвд оруулж жорлон ухмаар байна гэхээр нь би тэгээ гэсэн чинь намаржааны урд талын жалганд малын амны ус гаргаж байгаад цагдаад баригдаад журамлуулсан гэж сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

5. Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/67 дугаартай:... 1.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг, Хөвийн ам гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газрын талбайн байршлыг цэгээр зааглан ялгаж координат тогтоон зураглал үйлдэв.

2. Тус газар нь хуулиар хориглосон болон хязгаарласан талбайд хамаарахгүй байна.

3. Тухайн эвдэгдсэн талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хил заагтай давхцалгүй байна.

4. Тус үйл ажиллагааны улмаас 175.31м2 буюу 0.018га талбай эвдрэлд өртсөн байна.

5. Эвдэгдсэн талбайд урьд хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явагдаж байсан эвдрэлтэй газар байсан байна.

6. Тус талбайн байгаль орчинд 35,859 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 228,448 төгрөг болж байна.

7. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй....гэх дүгнэлт /хх-ийн 51-77 /,

6. Хөрөнгийн үнэлгээний “Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 176 дугаартай шинжээчийн:”Доосан-55” маркийн трактор 4.800.000 төгрөг

Алт угаах төхөөрөмж 150.000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 87 /

7. Хөрөнгийн үнэлгээний “Энх-Нахиа” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 64 дугаартай шинжээчийн:

Усны помп мотор 100.000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 95 /

8. Ашигт малтмал, Газрын тосны газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10/4093 дугаартай:... Солбицол бүхий талбайг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна....гэх албан бичиг /хх-ийн 112/, болон шүүгдэгч Н.*******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэрэг нотлох баримт шинжлэн судлав.     

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.******* нь ашиг орлого олох зорилгоор 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг "Хөвийн ам" гэх газарт ашигт малтмал эрэл, хайгуул явуулах болон бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх олгосон баримт, бичиггүйгээр буюу тусгай зөвшөөрөлгүйгээр 2 нүх бүхий 0.018 га газарт Доосан /Doosan/ 55 загварын жижиг оврын трактор ашиглан газрын хэвлийд халдан, ашигт малтмал эрж, хайх үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 35,859 төгрөг, нөхөн сэргээх зардал 228,448 төгрөгийн хохирол тус тус учруулж, хууль бусаар ашигт малтмал хайсан үйл баримт болсон нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Н.******* нь Хөвийн ам гэдэг газар манай сумын Засаг даргатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Дур мэдэж хууль бусаар газрын хэвлийд халдсан байна. Үйл ажиллагаа явуулсан Хөвийн ам гэдэг газар нь ашиглалтын лицензтэй талбайд орохгүй. Өмнө нь эрүүл газар байсан. Тухайн газар дээр бичил уурхайн дүгнэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан. Үнэлгээний ХХК-ны гаргасан хохирлын үнэлгээг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/67 дугаартай шинжээчийн “... 1.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг, Хөвийн ам гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газрын талбайн байршлыг цэгээр зааглан ялгаж координат тогтоон зураглал үйлдэв.

2. Тус газар нь хуулиар хориглосон болон хязгаарласан талбайд хамаарахгүй байна.

3. Тухайн эвдэгдсэн талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хил заагтай давхцалгүй байна.

4. Тус үйл ажиллагааны улмаас 175.31м2 буюу 0.018 га талбай эвдрэлд өртсөн байна.

5. Эвдэгдсэн талбайд урьд хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явагдаж байсан эвдрэлтэй газар байсан байна.

6. Тус талбайн байгаль орчинд 35,859 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 228,448 төгрөг болж байна....” гэх дүгнэлт,

Ашигт малтмал, Газрын тосны газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10/4093 дугаартай “... Солбицол бүхий талбайг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна...”гэх албан бичиг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.******* нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно....” гэснийг зөрчиж тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуулыг “Доосан”-55 маркийн трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг ашиглаж явуулсан байна гэж дүгнэлээ..

Иймд шүүгдэгч Н.*******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.******* нь шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд учруулсан хохирол 35.859 төгрөг болон  эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 228.448 төгрөг нийт 264.307 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэлт гарсан бөгөөд шүүгдэгч нь уг зардлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөх талаар илэрхийлээгүй байх тул шүүгдэгч Н.*******оос байгаль орчинд учруулсан хохирол 35.859 төгрөг, нөхөн сэргээх зардал 228.448 төгрөг нийт 264.307 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сан байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон *******ийн “Доосан-55” маркийн тракторыг болон өөрийн эзэмшлийн шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэрийг ашигласан нь тогтоогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Н.*******ын байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Доосан-55” маркийн трактор болон цахилгаан үүсгүүр зэргийг хураан авч улсын орлого болгох буюу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Харин иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн “Доосон”-55 маркийн тракторыг Энх-Нахиа хөрөнгийн үнэлгээний компаниас 4.800.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг 4.800.000 төгрөгийг шүүгдэгч Н.*******оос гаргуулж иргэний нэхэмжлэгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Мөн уг хэрэгт шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх цахилгааны үүсгүүрийг хураан авч улсын орлого болгох буюу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн хэрэгт шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх шороо угаах төхөөрөмжийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Өөрөөр хэлбэл Шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх “Доосан-55” маркийн трактор, цахилгаан үүсгүүр зэргийг хувиараа хөдөлмөр эрхлэхэд юунд ашиглах талаар тодорхой нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “ Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно.” гэж хуульчилсан байх бөгөөд уг хуулийн заалтаас дүгнэхэд иргэд нь ашигт малтмалын эрэл  хайгуул, ашиглалт явуулах хуульзүйн боломжгүй байхад ашигт малтмал эрхлэх зорилгоор жижиг оврын трактор, цахилгаан үүсгүүр, шороо угаах төхөөрөмж зэргийг ашиглаж байгаа нь хуулийг зөрчиж байх тул эдгээр техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгох, устгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    баримтлан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээ 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт овогт *******ын *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Н.*******оос  байгаль орчинд учруулсан хохирол 35.859 төгрөг, нөхөн сэргээх зардал 228.448 төгрөг нийт 264.307 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сан байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг   дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан “Доосан-55” маркийн бага оврын тракторыг хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Н.*******оос -Доосан”-55 маркийн тракторын үнэ 4.800.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Н.*******ын  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан үүсгүүрийг хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шороо угаах төхөөрөмжийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2025 оны 05 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ