Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00214

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

        Улсын яллагч Ч.Сэлэнгэ

          Шүүгдэгч Ш.Дүүрэнбилэг

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Орхон аймгийн Прокурорын газраас 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ш.Дүүрэнбилэгт холбогдох эрүүгийн 201714000169 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 11 дүгээр гудамж 7 тоотод оршин суух хаягтай боловч Булган аймгийн Бугат сум 2 дугаар багийн Дундат гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сөнч овогт Шагдарсүрэнгийн Дүүрэнбилэг РД:/АГ 81013000/,

 

Ш.Дүүрэнбилэг нь Хангайн бүс худалдааны төвийн түрээслэгч Ж.Оюунбилэгийн лангуунаас гар цүнхтэй мөнгө, алт мөнгөн эдлэл хулгайлж 1.268.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ш.Дүүрэнбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр бараан зах дээр явж байгаад лангуун дээр цүнх байхаар нь хүн цүнхээ мартчихаж  гэж бодоод авч гарсан. Гараад таксинд суухдаа цүнхийг онгойлгож үзэхэд жижиг хүрэн уутанд алтан гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, ногоон шигтгээтэй алтан ээмэг байсан. Үүнийг нь аваад тухайн үед сандраад цүнхээ таксинд орхиод явсан. Хар өнгийн цүнх байсан. Нэгэнт би авсан болохоор хохирогчийн хохирлыг төлнө. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хүний цүнх авсан нь миний буруу. Алтан ээмгийг нь 2 дугаар сард ломбарданд тавьсан. Гинжийг нь 3 дугаар сард ломбарданд тавьсан. Хохирогчийн нэхэмжилж байгаа бээлий 8.000 төгрөг, хэтэвч 20.000 төгрөг, мөнгөн бөгж 3 ширхэг 120.000 төгрөг, гар утас 2 ширхэг 80.000 төгрөг, алтан ээмэг хос 450.000 төгрөг, цахим үнэмлэх 100.000 төгрөг, бэлэн 500.000 төгрөг нэхэмжилнэ гэснийг зөвшөөрч төлнө. Маргааш нөхөр маань мал авч ирж зарна гэв.

 

-Хохирогч Ж.Оюунбилэгийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: Би тухайн өдөр хар цүнхээ барааны арын хэсэгт тавьсан байсан. Орой бараагаа хаах гээд юмаа цэгцэлж байхад гэнэт алга болсон байсан. Хар цүнхэн дотор хар өнгийн савхин бээлий, 2 ширхэг цахим үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, 2 ширхэг хуучин гэхдээ ажиллаж байсан гар утаснууд, хос алтан ээмэг, алтан гинж, улаан өнгийн түрүүвч, мөнгөн бөгж 3 ширхэг, түлхүүрүүд, харааны шил, тэмдэглэлийн дэвтэр, бэлэн 500.000 төгрөг зэрэг байсан. Алтан ээмэг 450.000 төгрөгөөр үнэлэгдсэн, харин алтан гинж нь Саятан ломбарданд зарагдаагүй байгаа учраас буцаан авах хүсэлтэй, савхин бээлий 8.000 төгрөг, хэтэвч 10.000 төгрөг, 3 ширхэг мөнгөн бөгж 120.000 төгрөг, 2 ширхэг гар утас 80.000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Одоо алтан гинжээ буцааж байгаа хэвээр нь авна. Өнөөдрийн байдлаар буцааж аваагүй байна. Эд зүйлийн хохирол болох 668.000 төгрөг, бэлэн мөнгө 500.000 төгрөг, цахим үнэмлэх хөөцөлдөж авахад шаардагдах 50.000 төгрөг, 2 үнэмлэхний 100.000 төгрөг, нийт 1.268.000 төгрөгийн бодит хохирол учирсан байна  гэсэн мэдүүлэг /хх 59-60 ху/,

-Иргэний нэхэмжлэгч Х.Оюунжаргалын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АГ81013000 гэсэн дугаартай бичиг баримттай Ш.Дүүрэнбилэг гэсэн цахим үнэмлэхтэй орж ирээд 3.5 грамм орчим алтан ээмгийг танайд 400.000 төгрөгөөр тавьмаар байна гэж маш яарсан байдалтай орж ирсэн. Ш.Дүүрэнбилэг нь хөдөө мал дээр байдаг малдаа өвс тэжээл авах гэж байна. Хөдөө цас ихтэй байгаа гэсэн учраас би яарч тухайн ээмгийг 350.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан боловч хөдөөний хүн гуйгаад байсан болохоор 400.000 төгрөгөөр авсан. Ш.Дүүрэнбилэгт 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөг өгсөн. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 0.3 хувийн хүүтэй бодоод 508.000 төгрөг болж байна. Үүнийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх 61 ху/

-Гэрч Д.Баярчимэгийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: ...Манай ХХК нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ш.Дүүрэнбилэг үйлчлүүлсэн байна. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 9.2 граммтай 960 сорьцтой алтан гинжийг 550.000 төгрөгөнд 1 сарын хугацаатай АГ 81013000 цахим үнэмлэхээр тавьсан байна. Хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн мөн Цагдаагийн байгууллагын зүгээс зарж борлуулахгүй байх талаар анхааруулсан учраас манайд битүүмжлэгдсэн байна гэсэн мэдүүлэг /хх 67 ху/,

-Гэрч М.Эрдэнэбатын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: ...Ээжийн алдсан цүнх нь хар өнгийн арьсан, дунд зэргийн цахилгаантай үүргэвчгүй гар дээрээ тохоод явдаг хуучин хэрэглэж байсан цүнх байсан. Цүнхэнд нь яг юу, юу байсныг тодорхой мэдэхгүй байна. 2017 02 дугаар сарын 15-ны өглөө ээж зах явахынхаа өмнө гэрт өөрийн чемодан дотор байсан алтан гинж, ээмэг, бөгжөө гаргаж ирээд 2 ширхэг алтан бөгжөө гартаа зүүгээд алтан  ээмэг, гинжийг жижиг уутанд хийгээд цүнхэндээ хийж байсан юм. Яг тэр үед нь би харж байсан, ээмэг бөгжөө хийсэн жижиг уутанд ээжийн мөнгөн эд зүйлс хамт байсан  гэсэн мэдүүлэг / хх 23 ху/,

-Хангайн бүс худалдааны төвийн камерийн төхөөрөмжөөс гар утсанд бичиж авсан бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 14 ху/

-Хөрөнгө битүүжилсэн тухай тэмдэглэл /хх 92 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 40 ху/

-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх94, 95 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77 ху/

-Ш.Дүүрэнбилэгийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 80-85 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Дүүрэнбилэг нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хангайн бүс худалдааны төвийн түрээслэгч Ж.Оюунбилэгийн лангуунаас гар цүнхтэй мөнгө, алт мөнгөн эдлэл хулгайлж 1.268.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ж.Оюунбилэгийн “Орой бараагаа хаах гээд юмаа цэгцэлж байхад гэнэт алга болсон байсан. Хар цүнхэн дотор хар өнгийн савхин бээлий, 2 ширхэг цахим үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, 2 ширхэг хуучин гэхдээ ажиллаж байсан гар утаснууд, хос алтан ээмэг, алтан гинж, улаан өнгийн түрүүвч, мөнгөн бөгж 3 ширхэг, түлхүүрүүд, харааны шил, тэмдэглэлийн дэвтэр, бэлэн 500.000 төгрөг зэрэг байсан. 268.000 төгрөгийн бодит хохирол учирсан” гэсэн мэдүүлэг, мөн гэрч М.Эрдэнэбат /хх 23/, Д.Баярчимэг /хх 67 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Дүүрэнбилэгийн дээрхи үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дэрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн тул шүүгдэгч Ш.Дүүрэнбилэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Дүүрэнбилэг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас хохирогчид  алтан ээмэг 450.000 төгрөг, бээлий 8.000 төгрөг, хэтэвч 10.000 төгрөг, мөнгөн бөгж 3ш 120.000 төгрөг, гар утас 2ш 80.000 төгрөг, алтан гинж 300.000 төгрөг,  цахим үнэмлэх 2 ш 100.000 төгрөг,  бэлэн 500.000 төгрөг, нийт 1.568.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлоос алтан гинжний үнийг хасч тооцож үлдэх 1.268.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх нь зүйтэй.

Хохирлын эд зүйл болох алтан гинжний хувьд шүүгдэгч нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг Баянцон-Лха ХХК-ны Саятан-1 ломбарданд 550.000 төгрөгний зээлийн барьцаанд тавьсан байсныг Орхон аймгийн Цагдаагийн газраас 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр  битүүмжилсэн байна.

Иймд Баянцон-Лха ХХК-ны Саятан-1 ломбарданд битүүмжлэлд байгаа 0071589 дугаартай зээлийн гэрээний барьцаа болох уг гинжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж хохирогч Ж.Оюунбилэгт олгох нь зүйтэй. Харин БаянЦон-Лха ломбард нь хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сөнч овогт Шагдарсүрэнгийн Дүүрэнбилэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д зааснаар шүүгдэгч Ш.Дүүрэнбилэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Ш.Дүүрэнбилэгт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Ш.Дүүрэнбилэгээс 1.268.000 /нэг сая хоёр зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Жаргалант сум Жаргалант баг 7-16 тоотод оршин суух  Ж.Оюунбилэгт /ФБ 49021001/ олгосугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д зааснаар шүүгдэгч Ш.Дүүрэнбилэгийн хохирол төлөх хугацааг 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянцон Лха ХХК-ны Саятан-1 ломбарданд байгаа 0071589 дугаартай зээлийн гэрээний барьцаа болох алтан гинжийг битүүмжлэлээс чөлөөлж хохирогч Ж.Оюунбилэгт олгосугай.

9 . Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Баянцон Лха ХХК нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА