Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0934

 

 

 

 

 

 

2022           12            09                                    128/ШШ2022/0934

 

                                             Талуудын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, М.Д*** нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэргийг хянаад,

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Эвлэрлийн нөхцөлийг дараах байдлаар тохиролцов. Үүнд:

1.1. Энэхүү гэрээгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй М.Д*** нэхэмжлэлтэй Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухаан Сайдад холбогдох хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэх харилцааг зохицуулна.

1.2. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан итгэлцэл, шударга ёсны зарчмыг баримтлан үнэнч шударгаар биелүүлнэ.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл

2.1. Эвлэрлийн нөхцөлийг дараах байдлаар тохиролцов. Үүнд:

2.1.1. М.Д*** г 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө Монгол Улсын Их Сургуулийн *** сургуулийн захирлаар эсхүл Монгол Улсын Их Сургуулийн шинэ бүтцийн хүрээнд удирдах албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх.

2.1.2. М.Д*** нь энэхүү асуудлаар дахин шүүх болон холбогдох бусад байгууллагад гомдол гаргахгүй байх

Гурав. Бусад зүйл

3.1. Энэхүү гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

3.2. Гэрээг 3 хувь үйлдэж шүүхэд нэг хувийг өгч талууд тус бүр нэг хувийг хадгална.

3.3. Талууд харилцан тохиролцож энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

3.4. Гэрээтэй холбоотой аливаа маргаан үүссэн тохиолдолд талууд маргааныг зөвшилцлийн журмаар шийдвэрлэх ба ингэх боломжгүй болсон тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлнэ.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Б*** миний бие тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй М.Д*** нэхэмжлэлтэй Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын

09-ний өдөр талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч, харилцан тохиролцон Эвлэрлийн гэрээ байгуулсан.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

М.Д*** нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож, “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулаад, шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1а/5253  дугаар албан бичгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8 дахь заалтад заасан хариуцагчийн эрх үүргийг хэрэгжүүлэх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын шинжээч мэргэжилтэн Д.О*** , Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Т**** нарыг томилсон байна.

Дээрх эвлэрлийн гэрээний агуулгаас нь үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч … хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь … нэхэмжлэгчтэй эвлэрэх, … эрхтэй”, 28 дугаар зүйлийн 28.2.2-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх;”, 28.2.5-д “эвлэрэх;”, 68 дугаар зүйлийн 68.1-д “…нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “…Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “…Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.4-т “Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч М.Д*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Т**** нар гарын үсэг зурсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Д*** нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/7*** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Монгол Улсын Их Сургуулийн *** Их Сургуулийн  гүйцэтгэх захирлын албан тушаалд  томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасныг баримтлан М.Д*** нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/7*** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Монгол Улсын Их Сургуулийн *** Их Сургуулийн  гүйцэтгэх захирлын албан тушаалд  томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

      ШҮҮГЧ                                           С.ГАНБАТ