2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/127

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Б.Манлайбаатар,

хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч У.Болортуяа,

шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407003430083 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ******* дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

   Яллагдагч Ш.******* нь Гадаадын хөрөнгө оруулалттай “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа компанийн үйл ажиллагаанд баримтлах ёстой Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/ заалтын дагуу шалгуур хангасан ажилтныг ажил олгогч тушаалаар томилж ажиллуулаагүй, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт /Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/-г мөрдөж ажиллаагүй, 28.1.4 дэх заалт /Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/-ын дагуу ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийж үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж ажиллаагүй, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 /Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна/ хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Д.******* нь цахилгаан пад барьж нойтон тоосго зөөх ажил хийх явцдаа тоосгоны хэрчигч машинд хавчуулагдаж удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан “баруун сүүжний дэлбэнгийн хугарал, баруун ташаанд, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, хохирогчийн өмгөөлөгч У.Болортуяа хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, түүний сэтгэцэд учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлуулж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүгдэгчийн гэм буруу дээр маргахгүй, зүйлчлэлийг зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гарах үед би ******* аймагт 90 настай аавыгаа асраад байж байсан. Манайх 2024 онд ажиллах төлөвлөгөөгөө батлуулалгүй хэдэн хуучин тоосго байсныг шатаана гэсэн тооцоотой байсан. Гэтэл манай ажилчид тоосгоо шатааж дуусгаад компанийн 20 жилийн ой болох гэж байсан тул манай хэд намайг баярлуулах гэсэн бодолтой жоохон тоосго хийсэн юм. Үүнээс үүдэн энэ осол гарсан. Мөн *******д холбогдох тушаал гаргаагүй, ажилд аваагүй. Би яагаад энэ хэрэгт холбогдсон гэхээр энэ компанийн гэдгээрээ хариуцлагыг хүлээж байна. Манай компани дээр гаргасан дүгнэлтүүдэд үнэхээр гомдмоор байна. Яагаад гэхээр манай компани 20 жил ажилласан, дотоод журам, компанийн хөдөлмөрийн журам, эрсдэлийн үнэлгээ бүгд байхад шинжээч нар манай үйлдвэр дээр очиж үзээгүй байж ийм худлаа үнэн дүгнэлт гаргасан. Би энэ хэргийг өөрөө санаатай хийгээгүй ч гэсэн хуулиараа холбогдсон хариуцлагаа хүлээх ёстой юм байна гэж бодсон. *******г хэвтрийн дэглэм барь гэсэн гэхээр нь би чамд юу хэрэгтэй байна гэхэд захирлаа охиндоо нэг компьютер аваад өгвөл болохоор байна гэхээр нь лизингээр компьютер 1 000 000 төгрөгөөр авч өгсөн. Мөн кальци аваад хурдан босгоё гэж бодож өгсөн. Би үнэхээрийн *******гийн төлөө өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийсэн гэж бодож байна. ******* нь би тахир дутуугийн групптэй учраас эмнэлгээр явахгүй байя гэхэд ах дүү нар нь цагдаад мэдэгдэж хэрэг үүсгэсэн. Ах, дүү нарт нь би *******г хөл дээрээ бостол нь цалинг нь өгнө, бүх эмчилгээний зардлыг хариуцна гэхэд тийм юм байхгүй бид нар өөрсдөө хариуцна. Та 6 000 000 төгрөг өг гэхээр нь 1 000 000 төгрөгийн компьютер авсныг хасаад үлдсэн 5 000 000 төгрөгийг өгсөн. Ах, дүү нар нь айхтар хүнд гэмтэл биш учраас хэвтрийн дэглэм барихад болно, өөр юм байхгүй өөрсдөө харна гээд тохиролцсон гэсэн бичиг хийгээд нотариат дээр очсон. Би ******* хүртлээ олон үйлдвэрийг удирдаж ажиллуулж байсан. Хэзээ ч ийм хэрэгт холбогдож байгаагүй. Би хөдөлмөр хамгааллын талаар мэдэх инженер хүн. Манай хөдөлмөр хамгааллын инженер олон жил хийсэн хүн тэтгэвэрт гараад аргагүйн эрхэнд олон жил ажилласан гэдэг хүнийг хөдөлмөр хамгааллын ажилтан гэж тавьсан. Инженер биш хүн. Би түүний тушаалыг гаргасан байхад тушаал гаргаагүй гэж бичсэн байсан. Би өмгөөлөгч авч хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлье, энэ хүний хохирлыг барагдуулсан гэж хүсэлт өгөхөд хүсэлтийг хүлээж аваагүйд би гомдолтой байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хохирогч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр пад барьж байсан нь үнэн. Би бэртэхэд хоёр хүн намайг босгосон. Би эмнэлэг яваагүй, такси бариад дүүгийндээ хүргүүлсэн. Тэгээд дүүгийнхээ гэрээс эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт үзүүлж дусал хийлгээд Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтэхээр очсон боловч хүлээж аваагүй. Тэгээд хэвтрийн дэглэм барь гэхээр нь би 2 сар хэвтрийн дэглэм гэртээ барьсан. Сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан үеийн цалин хөлс зэргийг нэхэмжилж байна гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

   Шүүгдэгч Ш.******* нь “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа компанийн үйл ажиллагаанд баримтлах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэж заасан нөхцөлийг хангасан ажилтныг ажил олгогч тушаалаар томилж ажиллуулаагүй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэж заасныг мөрдөж ажиллаагүй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэж заасны дагуу ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийж ажиллаагүй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна” гэж заасан үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Д.******* нь задгай тэвшит цахилгаан тээвэрлэгч жолоодож нойтон тоосго зөөх ажил гүйцэтгэх явцдаа задгай тэвшит цахилгаан тээвэрлэгчээс унан тоосгоны хэрчигч машинд хавчуулагдаж удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан баруун сүүжний дэлбэнгийн хугарал, баруун ташаанд, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тус тус хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд цахилгаан мотортой пад жолоодож хэвлэсэн нойтон тоосгыг зөөж талбай дээр өрдөг ажил хийж байгаад 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цахилгаан пад унаж яваад тоосго хэвлэдэг тоногоос тоосго ачиж авах гэж очиж зогсох шугам дээр ирж цахилгаан падны рүлийн түгжээг доошоо буулгаад паднаас буух гэсэн боловч буруу тал руугаа бууж, миний хөл тээглээд тоногт хавчуулагдсан. Тухайн үед хамт ажилладаг Солонго гэх хүн нэг хүнтэй намайг гаргаж авсан. Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг байсан ба тухайн хэрэг болсон өдрөөс 3-4 хоногийн өмнөөс зааварчилгаа өгөөгүй. гэх хүн хариуцдаг байсан. Би үндсэн ажилтан ба Отгондорж гэх хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Миний биеийн байдал хэвийн байгаа. Би  одоо “Миний сүлжээ” дэлгүүрт үйлчлэгчээр ажиллаж байгаа” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 19-20 хуудас/,

 

- Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд дүү Налайх дүүргийн эмнэлэг явж байна, ******* эгчийг үзүүлэх гэж байна гэж ярьсан. Удалгүй рентген зурагт харуулахад нурууны яс хугаралтай, яаралтай гэмтлийн эмнэлэг яв гэсэн гээд Гэмтлийн эмнэлэг явсан. Юу болсон талаар асуухад тоосгоны үйлдвэрт ажиллаж байхдаа пад буюу /цахилгаан тэрэг/ унаж нойтон тоосго зөөж байгаад тоосго хэрчигч төхөөрөмжид хавчуулагдаж гэмтсэн гэсэн” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 49-50 хуудас/,

 

- Гэрч Р.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би  “” ХХК-ний тоосгоны үйлдвэрт тогооч, борлуулагчийн ажил хийж байгаад 2024 оны 06 дугаар сараас Хөдөлмөр хамгаалал хариуцсан инженерийн ажил хийж байна. Д.******* нь сүрэл буюу нойтон тоосго гялгараар бүтээдэг ажил хийдэг байгаад 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс хойш цахилгаан пад барьж нойтон тоосго зөөх ажилд ажиллаж байгаа. Хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд ******* маш хурдтай тоног руу орж гэмтсэн байсан. Тухайн ослын дараа би г эмнэлэгт үзүүлье эсвэл гэрт чинь хүргээд егье гэхэд эвгүй гишгээд байсан ба зүгээрээ би өөрөө явна гээд яваад өгсөн. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааврыг бүх хүндээ хэлсэн. Хөгжим битгий сонсоорой, хурд битгий хэтрүүлээрэй гэсэн. ХАБ-н дэвтэр дээр 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гарын үсэг зуруулаагүй. Би амаараа орилоод зааварчилгаа өгдөг ба ажилчид өөрсдөө зурдаггүй байсан. ******* нь техник бүрэн эзэмших боломжгүй, биеийн шалтгаанаа нууж мэргэшиж амжаагүй байсан. Тухайн техникийн хурд хэтрүүлж осол гарсан. Би *******г грүппэд байдаг талаар мэдэж байсан боловч өөрөө хоёр хүүхэдтэй нөхөргүй хүүхдүүдээ тэжээж байгаа учир ажилд оруулж өгсөн.  Энэ тухай ******* захиралд хэлж гуйж ажилд оруулсан.

2023 оны 10 дугаар сард ******* захирал намайг хөдөлмөр хамгаалал хариуц гэж амаар хэлсэн. Тухайн үед захирал би чиний тушаалыг гаргана, ажлаа сайн хийгээрэй, би хөдөө явах гэж байгаа гэсэн. Би өөрөө тушаалаа огт хараагүй. Хүмүүст ажилд гарахдаа аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар зөвлөгөө өгч ажилд нь гаргаж байнгын талбай дээрээ яаж ажиллах ёстойг хэлсэн. Д.******* 2024 оны 07 дугаар сараас хойш цахилгаан пад унах хүнгүй болоод цахилгаан пад унуулж ажил хийлгэсэн. Би ажилтан нартаа амаараа зааварчилга өгөөд гарын үсгийг нь зуруулж MNS4969:2000 дугаартай 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн он сартай дэвтрийг хөтөлж байсан. Тухайн үед бол өөр дэвтэр байгаагүй. Би тухайн хэргийн дараа шинэ дэвтэр нээн хөтөлж байгаа” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 117-119, 2-р х.х-ийн 84 хуудас/,

 

- Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би “” ХХК-ний үйлдвэрт 2025 оны 03 дугаар сараас эхлэн үйлдвэр хариуцсан даргаар томилогдон ажиллаж байна. Д.******* сөрөл, сөрлийн пад дээр ажиллаж байсан. Өнгөрсөн жилээс одоог хүртэл хөдөлмөр хамгааллын инженерээр хариуцан ажиллаж байгаа. Гэхдээ г хөдөлмөр хамгааллын инженерээр томилсон албан ёсны тушаал шийдвэр байхгүй. Захирал одоо тушаалыг нь гаргаж байгаа байх. өглөө болгон зааварчилгаа өгч амаар сэрэмжлүүлэг байнга өгдөг. “” ХХК-д 8 ширхэг цахилгаан падтай, бүгд хэвийн ажиллаж байгаа. Д.******* нь цахилгаан пад унаж нойтон тоосго зөөхөөр тоног руу орох гэж байгаад тоногийн урд байрлах хаалт хэсэгт буугаад араас нь түлхээд оруулах ёстой байдаг. ******* цахилгаан паднаасаа буулгүй шууд тоног руу ороод гэмтсэн” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 188-189 хуудас/,

 

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би “” ХХК-д тоног төхөөрөмж хариуцсан даргын ажилтай. Цахилгаан пад 7 ширхэг байгаа, стандарт шаардлага хангасан, 3 жил ашиглаж байна. Цахилгаан пад ашиглах ямар нэгэн дүрэм стандартын мэдээлэл байхгүй. Д.******* нь тоосго хатаагчийн ажилд ажиллаж байсан. Тухайн үед би үйлдвэрээ хариуцан ажиллаж байсан ба захирал ******* хөдөө явсан байсан. Гэхдээ намайг үйлдвэр хариуцан ажиллах талаар захирлын тушаал гараагүй. Тэр үед цахилгаан пад унах хүн байхгүй байсан тул ******* заримдаа цахилгаан пад унаж ажилладаг байсан. Д.******* нь хурд ихтэй орж ирээд хамгаалах хаалтын ард буух ёстой байсан ч хурдаа тохируулаагүйн улмаас зогсоож бууж чадалгүй тоног руу орж гэмтсэн. Хөдөлмөр хамгааллын инженерээр Р. гэх хүн байсан.Түүнээс гадна би болон засварчин , бид гурав талбай дээр зогсоод байнгын хянаж амаар зөвлөгөө өгч ажиллаж байсан. Р. нь ажилтан нарт хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар зааварчилгааг ер нь амаар л өгдөг байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 191-192 хуудас/,

 

- Шүүгдэгч Ш.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “******* нь сүрэл буюу тоосго хучих дамжлага дээр ажиллаж байсан. Тухайн хэрэг гарсан өдөр яагаад *******г цахилгаан пад дээр ажиллуулсан талаар би мэдэхгүй, би хөдөө байсан. *******гийн тушаал байхгүй, ажлын байрны тодорхойлолт байгаа. Тухайн үед хариуцан ажиллаж байсан. Би 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн Рашаант сум явж 90 настай аавыгаа харж байсан. Намайг байхгүй үед талбай хариуцсан дарга , тоног төхөөрөмж хариуцаж байсан хоёр ажиллуулж байсан. Цахилгаан пад бүгд хэвийн ажиллагаатай ба ******* нь урьд нь цахилгаан пад дээр ажиллаж байгаагүй. Тухайн тэр өдөр зааварчилгаа өгөөгүй юм байна лээ. Яагаад өгөөгүй талаар би мэдээгүй. гийн хэлж байгаагаар хүмүүс гарын үсэг зураад нэмэр байхгүй, би орилоод байж байдаг гэсэн” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 177-178 хуудас/,

 

- Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Д.*******гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор үзлэг хийж холбогдох эмнэлгийн бичиг баримттай танилцан 10802 дугаартай дүгнэлтийг учирсан гэмтлүүдийг тусгаж гаргасан. Дээрх гэмтлийн хувьд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 33-34 хуудас/,

 

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10802 дугаартай дүгнэлтэд: “Д.*******гийн биед баруун сүүжний дэлбэнгийн хугарал, баруун ташаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Баяртогтох гэжээ. /1-р х.х-ийн 25-26 хуудас/,

 

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1248 дугаартай дүгнэлтэд: “Д.*******гийн биед баруун сүүжний дэлбэнгийн хугарал, баруун ташаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба энэ нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан А/225, А/153, А/85 дугаар тушаал болох “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд, эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь ердийн явцаараа эмчлэгдэн эдгэрэх бөгөөд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй болно. Шүүх эмнэлгийн ерөнхий хөдөлмөрийн чадвар гэдэг нь тусгай мэргэжил шаардахгүйгээр өдөр тутамдаа өөрөө өөртөө үйлчлэх энгийн хөдөлмөрийг хэлнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн чадвар алдагдах болон шүүх эмнэлгийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдах хоёр нь тусдаа ойлголт болно

 Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Баяртогтох гэжээ. /1-р х.х-ийн 39-41 хуудас/,

 

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 249 дугаартай дүгнэлтэд: “гийн *******гийн // сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинж тэмдэг нь түр зуурын болон байнгын эсэх нь хувь хүний сэтгэлзүйн онцлог, гэр бүл нийгэм хамт олны дэмжлэг, сэтгэцийн тусламж үйлчилгээ авах эсэхээс шалтгаална. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна

Дүгнэлт гаргасан: шинжээч Х.Хулан, Х.Балжинням /1-р х.х-ийн 154-156 хуудас/,

 

- Шинжээч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Баасандоржийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24-19/09 дугаартай дүгнэлтэд: “Нэг талаас ажил олгогч “” ХХК гадаадын хөрөнгө оруулалттай 9019047059 бүртгэлийн дугаартай хуулийн этгээдийн Ш.******* нөгөө талаас ажилтан Д.******* нар нь 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс хойш амаар тохиролцон нойтон тоосгыг задгай тэвшит цахилгаан тээвэрлэгчээр зөөж нэгж талоныг 800 төгрөгөөр тооцон өдөртөө бэлнээр авдаг байсан гэх хавтаст хэрэгт гэрч Р.гийн мэдүүлэг нь ажилтан ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21-т “Үйлдвэрлэлийн орчин" гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн криминалистикийн шинжээч Ю.Мөнхбаярын хэргийн газарт хийсэн үзлэгийн /фото зураг №1-6/ тэмдэглэлээс харахад хэрэг учрал болсон газар орон нь үйлдвэрлэлийн талбай мөн гэж үзнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг зааж тодорхойлсон нь нойтон тоосго зөөж тээвэрлэх үйлдвэрлэлийн талбай нь осолд өртөгчийн ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн орчин бөгөөд ажил үүргээ ажлын байран дээрээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн нь үйлдвэрлэлийн орчинд болсон үйлдвэрлэлийн осол мөн гэж үзнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна/ заалтыг нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан 269 дугаар тогтоол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн заалтыг үндэслэн “” ХХК-ний Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын судлан бүртгэж холбогдох нутаг дэвсгэрийн харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хүргүүлэн хянуулан баталгаажих үйл ажиллагаа хэрэгждэг. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” MNS 4969:2000 стандартын 4.9 дэх /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө заасныг ажил олгогч “” ХХК нь өдөр тутмын зааварчилгааг өгсөн эсэх нь тодорхойгүй, осол болсон 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зуруулан авсан боловч зааварчилга тэмдэглэгээ хөтлөөгүй, өдөр тутмын зааварчилга өгсөн ажилтан тодорхойгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан материалууд болох 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн криминалистикийн шинжээч цагдаагийн ахмад Ю.Мөнхбаяр-н хэргийн газарт хийсэн үзлэгийн /фото зураг №8, 9, 10, 11/ болон дүрсний CD-r шинжлэхэд хэрэг учрал болсон газар оронд Д.******* нь хөдөлмөр хамгааллын хувцасгүй, энгийн ягаан цамц, цагаан алчуураар толгойгоо ороосон байдалтай ажил үүргээ гүйцэтгэж байсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, 35 дугаар зүйлийн 35.1-т /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоод хяналт тавина”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг тухай бүр хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага’’-ийн 9.1 /Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна/, 9.1.1 /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/ гэсэн хуулийн дагуу машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар батлан мөрдүүлэх, техникийн паспортыг хөтлөх, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа хянаж гэрчилгээ авсан байх үүргийг ажил олгогч хэрэгжүүлж ажиллаагүй, Монгол Улсын стандарт, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт” MNS 4969:2000 стандартын 4.10 /Ажлын байрны анхан шатны зааварчилгааны дараа зааварчилгаа өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвшөөрөл олгоно/ заалтыг зөрчсөн, Монгол Улсын стандарт, Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ерөнхий шаардлага MNS 4930:2000 стандартын 3.3-т /Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг аюул, ослын эх үүсвэр болж болзошгүй хөдөлгөөнтэй хэсгүүдэд хаалт, хамгаалалтын хэрэгсэл тавьсан байна. Аюул осолд хүргэж болох хөдөлгөөнтэй хэсгүүдийн зориулалт онцлогоос шалтгаалж хаалт, хамгаалалтын хэрэгсэл тавьж болохгүй тохиолдолд тоног төхөөрөмжийг ажиллуулахад анхааруулах дохиоллын хэрэгсэл болон зогсоох, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээс салгах хэрэгслүүдтэй байвал зохино/ гэсэн стандартын шаардлага хангаагүй, заалтуудыг тус тус мөрдөж ажиллаагүй байна. Ажил олгогч “” ХХК-ний Ш.******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/ заалтын дагуу шалгуур хангасан ажилтныг ажил олгогч тушаалаар томилж ажиллуулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т /Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/-ыг мөрдөж ажиллаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т /Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/-ын дагуу ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийж үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж ажиллаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т /Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна/ хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүйгээс үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн гэж үзнэ. Осолдогч Д.******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйл “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахтай холбогдсон эрх, үүрэг”-ийн 18.1.4 /ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх/ заалтыг хэрэгжүүлээгүй, 18.2.7 /Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэнд хохироход нөлөөлсөн гэж үзнэ. Тодруулах шаардлагатай зүйлс: Ажил олгогчийн зүгээс ажлын хувцас, тусгай хамгаалах хэрэгсэл олгосон эсэх, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн суурилуулалтын далд акт, зураг төслийн дагуу угсрагдаж байсан эсэх, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчээс холбогдох баримт хадгалагдаж байгаа эсэх, тоног төхөөрөмжийн гэрчилгээ авсан эсэх, Монгол Улсын “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа MNS 4930:2000” стандартын хэрэгжилтийн байдал нь энэхүү хэргийг шалгаж шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ” гэжээ. /1-р х.х-ийн 121-125 хуудас/,

 

- Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дүрслэл оношилгооны  хариу, яаралтай тусламжийн хуудас, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р х.х-ийн 7, 9-12, 27-29 хуудас/ зэрэг болно.

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтрийн хуулбар, тоосгоны үйлдвэр дэх дотоод хяналт шалгалтын журмын хуулбар, хуулийн этгээдийн  улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэгт авагдсан бүхий л гэрчилгээ, дүрэм шийдвэрийн хуулбар /1-р х.х-ийн 53-54, 55-92, 93-94, 95-107, 193-205, 2-р х.х-ийн 1-81 хуудас/

 

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах баримт, харилцан тохиролцох бичиг, үйлдвэрт гарсан ослыг шалгасан акт, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбарууд, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн дүрэм, захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмын хуулбарууд /1-р х.х-ийн 108-111, 2-р х.х-ийн 85-103 хуудас/  зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мэдээлэл /1-р х.х-ийн 179, 181-182 хуудас/ авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн.

Шүүхээс шүүгдэгч Ш.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн MNS 4969:2000 стандарт зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-д хамаарна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж хуульчилсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг ойлгоно” гэж заасан, мөн хэрэгт авагдсан “” ХХК-ний улсын бүртгэлийн 9019047059 дугаартай гэрчилгээгээр Ш.******* нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хойш “” ХХК-ний /гадаадын хөрөнгө оруулалттай/ гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Ш.******* нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, “” ХХК-ний тоосгоны үйлдвэрт 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Д.******* нь задгай тэвшит цахилгаан тээвэрлэгч жолоодож нойтон тоосго зөөх ажил гүйцэтгэх явцдаа задгай тэвшит цахилгаан тээвэрлэгчээс унан тоосгоны хэрчигч машинд хавчуулагдаж удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан баруун сүүжний дэлбэнгийн хугарал, баруун ташаанд, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шууд бус шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.******* нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ний тоосгоны үйлдвэрт Д.*******гээр задгай тэвшит цахилгаан тээвэрлэгч жолоодож нойтон тоосго зөөх ажил үүрэг гүйцэтгүүлэхдээ компанийн үйл ажиллагаанд баримтлах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэж заасан нөхцөлийг хангасан ажилтныг ажил олгогч тушаалаар томилж ажиллуулаагүй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т  “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэж заасныг мөрдөж ажиллаагүй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэж заасны дагуу ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийж ажиллаагүй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна” гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Д.******* нь тоосгоны хэрчигч машинд хавчуулагдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Уг гэмт хэрэг нь шүүгдэгч Ш.*******ийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэл болон хохирогч Д.*******гийн задгай тэвшит цахилгаан тээвэрлэгчийг хурдтай жолоодсон үйлдлээс үүдэлтэй байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч У.Болортуяа нараас ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 2 610 812 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 8 573 400 төгрөг /660 000х12,99=8 573 400/, нийт 11 184 212 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Ш.*******ээс хохиролд 6 526 696 төгрөг төлснийг хасаж, үлдэх 4 657 516 төгрөгийг нэхэмжилжээ.

            Шүүгдэгч Ш.******* нь хохирогч Д.*******д гэм хорын хохиролд нийт 6 526 696 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 35 396 төгрөгийг тус тус төлж барагдуулсан нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчид хохирлыг төлсөн талаарх баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Хохирогч Д.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 249 дугаартай дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэж тогтоосон байна. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын хүснэгтэд “Хоёрдугаар зэрэглэл”-д нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоож олгоно гэж заасан. Хохирогч Д.*******д үүссэн сэтгэцийн эмгэгийг хоёрдугаар зэргийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, учруулсан гэмтэл, гэмтлээс үүссэн хор уршиг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэмтлийн байдал, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4 620 000 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Мөн хохирогчийг ажилгүй байсан хугацааны цалин 2 610 812 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ. Учир нь хохирогч Д.*******гийн ажилгүй байсан хугацааны цалинг тогтоохдоо түүний банкны дансны хуулгаар тогтоох боломжгүй. Хохирогч нь тухайн хугацаанд авсан цалин хөлстэй холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна. Хохирогч нь гэмтэл авсан өдрөөс хойш дараагийн ажилд орсон хугацаагаар ажилгүй байсан хугацааг тооцсон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Д.******* нь гэмтлийн улмаас ямар хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хэвтрийн дэглэм сахиж гэртээ байсан талаар нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Ш.*******ээс хохирогч Д.*******д учруулсан гэм хорын хохиролд төлсөн 6 526 696 төгрөгөөс шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд гаргуулж шийдвэрлэсэн 4 620 000 төгрөгийг хасаж төлж барагдуулсан гэж тогтоож, үлдэгдэл 1 906 696 төгрөгийг хохирогчид баримтгүйгээр илүү төлсөн гэж шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Б.Манлайбаатар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ш.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруу дээрээ маргахгүй байгаа байдал, хохирол төлбөрийг төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.*******ийн үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ний тоосгоны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилээр хасах гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч У.Болортуяа: Эрүүгийн хариуцлагын хувьд санал хүсэлт байхгүй гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал, хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид тусламж үзүүлсэн, анхнаасаа гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэгдэл ял хэрэглэнэ, үйл ажиллагааг зогсооно гэж заагаагүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Ш.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу                  1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах ял оногдуулахаар заагаагүй учир улсын яллагчаас гаргасан “” ХХК-ний тоосгоны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилээр хасах гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Г-742 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн СD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тогтоолоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу                  1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн сэтгэцийн учирсан хохиролд 4 620 000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд   35 396 төгрөгийг, баримтгүйгээр хохиролд 1 906 696 төгрөгийг тус тус төлснийг, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Г-742 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн СD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

 

6. Хохирогч Д.******* нь ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАТТУЛГА