Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/00931

 

 

 

 

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/00931

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: УГ.М-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1.550.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие Г.М-тай 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэтэл Г.М зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй өдийг хүрсэн. Гэрээний хугацаа сунгах гэсэн боловч сунгаагүй хуурч мэхлэн янз бүрээр аргалдаг байсан. Намайг мөнгөө нэхэхээр элдэв янзын үгээр доромжилж амь насанд заналхийлж мөн мессежээр дарамталдаг. Г.М-ын ажил амьдралыг ойлгоод ажилд орохоор нь болъё гэж бодоод хүлээсэн. Г.М нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа ороод 6 сараас эхлээд өгнө гэсэн. Үүний дагуу 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр очоод мөнгөө авъя гэхэд чамаас мөнгө аваагүй, чамд мөнгө өгөхгүй гээд намайг зодож танхайрсан. Энэ мэтээр зээлдэгч нарт хандан Бүжмаагийн мөнгийг битгий өгөөрэй гэж хэлсэн байдаг. Иймд Г.Маас зээлийн гэрээний үүрэгт үндсэн мөнгө болох 1.000.000 төгрөг, зээлийн хүү 100.000 төгрөг, алданги 450.000 төгрөг нийт 1.550.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд авсан дансны хуулгаар 100.000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байгаа тул 1.450.000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Г.М шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ш.Бгаас Хаан банкны дансаар 1.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Тухайн үед түр зээлээд өгөх гэсэн боловч боломж болохгүй учир сар сард нь өгч байсан. Ш.Бд 2015 оны 5, 6, 7, 8 дугаар саруудад нийт 400.000 төгрөг өгсөн. 2015 оны 11 дүгээр сард нөхрийн хамт Ш.Бд үлдэгдэл 600.000 төгрөгийг өгсөн. Тухайн үед өгсөн авсан бичиг баримт бичихгүйгээр итгэлцлийн үндсэн дээр өгсөн. Ш.Б олон удаа миний нэр хүндэд халдаж байгаа. Би авсан мөнгөө буцааж өгсөн. Баталгаажсан зээлийн гэрээ биш хуурамч гэрээ бүрдүүлсэн. Тухайн үед ямар ч гэрээ хийж нотариатаар гэрчлүүлээгүй. Хэнийх нь мэдэхгүй утасны мессеж нэхэмжлэлд хавсаргасан байна. Өөрөө утсаар хүнийг доромжилж бичээд цагдаагийн байгууллагад хандаж цагдаагаар дарамтлуулах гэж үздэг. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хорооны хэсгийн цагдаа ахмад Болормаа гэх цагдаа өрөөндөө дуудаж дарамталж эхэлсэн. Тухайн үед тэр цагдаад иргэн хүнийхээ үүднээс шаардлага тавьсан. Би дахиад мессеж бичихгүй гээд гарын үсэг зурчих надад хэцүү байна. Ажил дээр ирж орилж хашгираад дарга нартай уулзаад надад хэцүү байна. Ш.Б чамайг гуйж байна гээд зовлон тоочиж байгаад гарын үсэг зуруулсан тэрийг хавсаргасан байсан. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажлын байран дээр ирж хэл амаар доромжилж орилж хашгирч байгаад явсан. Би хүн зодож явдаг хүмүүжилтэй хүн биш. Манай өрөөнд хоёрдугаар хэсгийн ахлагч байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад очиж тайлбар өгсөн. Миний нэр хүндэд халдаж Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд намайг халж өг, танай ажилтан намайг зодсон гэж намайг гутаах гэж их явсан. Хүнийг дэндүү гүтгэж явдагт гомдолтой байна. Энэ бүхэнд би дуугүй л явсан. Одоо бүр шүүхийн байгууллагад ирж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн нэр төрөө сэргээж сэтгэл санааны хохирол гаргуулах хүсэлтэй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Г.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 100.000 төгрөг, алданги 450.000 төгрөг, нийт 1.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар гаргуулсан дансны хуулгаар 100.000 төгрөг төлөгдсөнийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.450.000 төгрөг шаардаж байна.

 

Хариуцагч зээл бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Г.М-т 1.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй нөхцлөөр зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ /хх-4-5/.

 

Бичгээр байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн /хх-23/ ба талууд энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байх тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч зээлээ төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2015 оны 5, 6, 7, 8 дугаар саруудад сар бүр 100.000 төгрөг, нийт 400.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард нөхрийн хамт үлдэгдэл 600.000 төгрөг тус тус өгсөн гэж тайлбарлаж байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгч Ш.Бгийн нэр дээрх бүх дансны орлогын гүйлгээний хуулгыг Хаан банк ХХК-аас гаргуулахад нэхэмжлэгчид 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 100.000 төгрөг хариуцагчаас шилжүүлсэн болох нь нотлогдож, харин 2015 оны 5, 6, 8 дугаар саруудад төлбөр төлсөн гэх байдал нотлогдоогүй /хх-43-45/.

 

Мөн хариуцагч 2015 оны 11 дүгээр сард нөхрийн хамт үлдэгдэл 600.000 төгрөг төлсөн гэх тайлбараа нотлоогүй бөгөөд нөхөр Монгол улсад байхгүй учир нотлох боломжгүй гэж тайлбарласан.

 

Талууд зээлийн гэрээгээр сарын 10 хувийн хүү төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасантай нийцэж байх тул хариуцагч зээлийн хүүнд 100.000 төгрөг төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн байна.

 

Дээр дурдсанаас үзэхэд хариуцагч зээлийн гэрээний дагуу зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 100.000 төгрөг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй ба үүнээс 100.000 төгрөг төлсөн байна.

 

Мөн нэхэмжлэлд алданги 450.000 төгрөг гаргуулахаар шаардсан ба зээлийн гэрээний 6-д гэрээнд заасан хугацаанд авсан зээл болон хүүгээ төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үндсэн мөнгө болон хүүгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч хариуцагчаас алданги төлөхийг шаардсан нь үндэстэй.

 

Хариуцагч нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дотор зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн ба уг хугацааг 962 хоног хэтрүүлсний алданги 4.810.000 төгрөг /1.000.000*0.5%*962/ тооцогдох үндэслэлтэй боловч дээрх хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас буюу 500.000 төгрөг /1.000.000*50%/-өөс хэтэрч болохгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 450.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

 

Зохигчид дээр дурдсан хугацаанд хэн алиныгаа гүтгэсэн, доромжилсон, зодсон учир гомдолтой гэж харилцан маргаж байх боловч уг асуудал нь тус зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Г.М-аас зээл 1.000.000 төгрөг, алданги 450.000 төгрөг, нийт 1.450.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М-аас 1.450.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-аас 38.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА