Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/472

 

 

 

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Саруул, 

улсын яллагч Ж.Цээрүүгүндүү,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ***ыг холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408032960385 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.     Гэм буруугийн талаар:

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг Орчлон хорооллын *** тоотод хохирогч ***тай “архи аягалаадах” гэх шалтгаанаар маргалдаж, хэвлий, цээж хэсэгт хайч буюу зэвсгийн чанартай зүйлээр дүрсэн үйлдлийн улмаас түүний биед хэвлий хөндий нэвтэрч хэвлийн шулуун булчин, их сэмжийг гэмтээсэн шарх, цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх хүндрүүлэх шинжийг тусгажээ.

 

Тус гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд гэмтлийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай зэвсэг хэрэглэж санаатай учруулсан байхыг ойлгоно.

  Уг гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэх ба шүүгдэгч *** нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчтой зүй бус харьцаж, улмаар хохирогчийн хэвлий, цээж хэсэгт хайч буюу зэвсгийн чанартай зүйлээр дүрсэн үйлдлийн улмаас түүний биед хэвлий хөндий нэвтэрч хэвлийн шулуун булчин, их сэмжийг гэмтээсэн шарх, цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-15 дахь тал/, хохирогч ***ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, гэрч ***гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, гэрч ***ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11293 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 54-56 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1174 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 65-69 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                 II.Хохирол, хор уршгийн талаар:

 

           Энэ хэргийн улмаас хохирогч *** нь ***аас хохиролд 3,000,000 төгрөгийг хүлээн авсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, сэтгэцэд учирсан дүгнэлт гаргуулахаас татгалзаж байна...” гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлжээ.

            Мөн хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,234,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан ба үүнийг шүүгдэгч нь төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгчээс дээрх 2,234,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

                 III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  Улсын яллагчаас шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

  Шүүгдэгч ***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

           Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

IV. Бусад асуудлаар:

 

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн иштэй 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих  журмын дагуу устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

       Шүүгдэгч ***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36,8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэнгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***т 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн иштэй 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            5.Хэрэгт шүүгдэгч ***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ***аас хохирогч ***ын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 2,234,000 /хоёр сая хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТБОЛОР