Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 00967

 

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 184/ШШ2019/00932 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.М-д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд С.Бүжмаатай БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа танилцаж үерхэн 2011 онд хамт амьдарч 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр БНСУ-ын элчин сайдын яаман дээр очиж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Инчон хотод охин Ц.Ундахбаяр, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод охин Ц.Ундралбаяр нар төрсөн. Бид 2015 оныг хүртэл хамтран амьдарч байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон. Тус шүүхэд С.Бүжмаа гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг 2018 онд гаргасан бөгөөд хүүхдийн асрамжийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн асрамжийн талаар 2 удаа шинжээч томилж, хүүхдүүдийг надад байх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлээ буцаан авсан ба бидний гэрлэлт цуцлагдаагүй. Энэ хугацаанд хоёр хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байна. Хүүхдүүд С.Бүжмаагийн төрсөн эх, 60 гаран настай О.М-гийнд асрамжид байдаг.  Хоёр охин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өсч, торнисон. Хүүхдүүдтэй уулзах гэхээр гэрээсээ хөөдөг, намайг хүүхдүүдтэй уулзуулдаггүй, хуулиар миний эцэг байх эрхийг хасаагүй, хязгаарлаагүй байхад халдаж байгаа нь хууль зөрчиж байна.

С.Бүжмаа БНСУ-д ажиллаж амьдардаг, тэрээр эх хүний үүргээ биелүүлэхгүй, хайрлан халамжлахгүй, хүүхдүүдийг надтай уулзуулахгүй байна. Эх нь хоёр хүүхдийнхээ нэрийг ч бараг мэдэхгүй, сольж хольдог. Энд ердөө 7 хоног байсан. О.М өглөөний 6 цагт мах зардаг ажилдаа гараад, орой 7, 8 гэж ирдэг. Тэр хугацаанд хоёр хүүхдийг миний таньж мэдэхгүй, хэн болох, өмнө нь юу хийдэг байсан, одоо юу хийдэг, гарлыг нь мэдэхгүй хүнээр хүүхдүүдийг харуулдаг. О.М-агийн хамтран амьдарч байгаа тэр хүнийг би сайн танихгүй. Иймд миний бие хоёр охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч О.М шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн охин С.Бүжмаа 2015 онд Б.Ц-тэй гэрлэлтээ батлуулсан. Нөхөр нь хөнгөн хийсвэр, 2 хүүхдээ харж ханддаггүй, уулздаггүй, эцэг байх үүргээ биелүүлдэггүй хүн. С.Бүжмаа, Б.Ц нарын дундаас 2012 оны 8 дугаар сарын 16-нд охин Ц.Ундрахбаяр, одоо 6 настай 1 дүгээр ангид сурдаг. 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ц.Ундралбаяр 5 настай, 119 дүгээр цэцэрлэгт хүмүүждэг. Б.Ц- 2015 оноос хойш гэр бүлээс гадуур өөр хүнтэй холбоотой байснаас тэд салцгаасан. Энэ хугацаанд Б.Ц- үр хүүхдүүдтэйгээ уулзаж, харж хандаж тэжээн тэтгэж байгаагүй, харин ч бага охин Ц.Ундралбаярын хүүхдийн 20 000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Б.Ц-ийн ээж н.Цогзолмаагийн дансанд орсныг тэд аваад хүүхэддээ өгдөггүй. Ийм хүн цаашид үр хүүхдүүдээ асран хамгаалж, өсгөж хүмүүжүүлж чадахгүй. Миний охин С.Бүжмаа нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдээ асрамжиндаа авах, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаад, шинжээчийн эхний дүгнэлтээр эцэгт нь, дараагийн дүгнэлтээр эхэд нь үлдээх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсныг Б.Ц хоёуланд нь эцэгт нь үлдээхээр шийдвэрлэсэн гэж худлаа бичсэн байна. С.Бүжмаа өөрөө энэ шүүх хуралд орж байсан. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлдэг тул үр хүүхдээ хэн нь асрамжиндаа авах асуудлыг эцэг, эх нь өөрсдөө биечлэн байж шийдвэрлэх ёстой. Гэтэл хоёр хүүхдийн эмэг эх надад холбогдуулан 2 хүүхдийн асрамжийн асуудлаар нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хариуцагчаар О.М-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай асуудалд хуулиар журамласан зохицуулалттай. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлд зааснаар хүүхдийн асрамжийн маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн хамт шийдвэрлэнэ гэж заасан. Шүүхийн практикикт гэрлэлтийн хамт шийдвэрлэдэг. Энэ асуудал гэр бүлийн харилцаанаас үүсэж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа харилцан тохиролцож болно” гэж заасан. Энэ маргаан гэрлэгчдийн хооронд үүсэх харилцаа байна. Гэтэл нэхэмжлэгч нь эхнэрийнхээ ээж, хүүхдүүдийн эмээгээс хүүхдийн асрамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүүхдүүдийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа эх болох С.Бүжмаагийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн асуудал болно. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эхийн эрх үүргийг маш тодорхой заасан байдаг. Төрсөн эхийнх нь эрхийг хязгаарлаж энэ хэрэг маргааныг шийдвэрлэх боломжгүй. Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Гэр бүлийн тухай хуулийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулийн зарим нэг хэсэг бүлэг, заалтыг тайлбарлах тухай” 46 дугаар тогтоолын 9.6-д “шүүх гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийг бие даасан тусдаа нэхэмжлэлээр, эцэг тогтоох асуудлыг хамт шийдвэрлэж болно” гэж тайлбарласан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 08 сарын 23-ны өдөр төрсөн охин Ц.Ундрахбаяр, 2014 оны 04 сарын 03-ны өдөр төрсөн охин Ц.Ундралбаяр нарыг эцэг Б.Ц-ийн асрамжид үлдээж,

Гэрлэлт цуцлах асуудлаар шүүхэд хандсан үед хүүхдүүдийн асрамжийг дахин шийдвэрлэхэд уг шийдвэр саад болохгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг огт үнэлсэнгүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай болно. Нэхэмжлэгч Б.Ц өнгөрсөн хугацаанд эцэг байх эрхээ хэрхэн биелүүлж байсан эсэх, хүүхдүүддээ халамж үзүүлж байсан эсэх, эдийн засгийн туслалцаа үзүүлж байсан эсэх, одоо хүүхдүүдээ тэжээн тэтгэх эдийн засгийн чадавхитай эсэх, тогтмол орлоготой ажил төрөлтэй эсэх, хүүхдүүдээ асрамжлах ахуйн нөхцөл, бололцоотой эсэх, түүнчлэн гэр бүлээсээ тусдаа амьдрах болсон шалтгаанд буруутай эсэх, түүний зан ааш, ёс суртахууны байдал зэрэгт анхан шатны шүүх үнэлэлт өгсөнгүй. Хүүхдүүдийн ээж С.Бүжмаа 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 184/2018/01198/и индексийн дугаартай /хэргийн 50 хуудас/ Сонгиохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хариу тайлбар, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /мөн хэргийн 51 хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 116 хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 122 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлэлгүй эцэг байх эрхийг хэрэгжүүлэхэлэд саад болж, хүүхдийн эрхийг зөрчиж, хүүхэд эрүүл саруул өсөх, эцэгтэйгээ байх эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дах хэсэгт зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эх нь үр хүүхэдтэйгээ хэдийд ч уулзах эрхтэй. Гэтэл хариуцагч энэ эрхээ хэрэгжүүлдэггүй, үүргээ биелүүлдэггүй байж гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэл гаргасны дараа, эхийг нь гадаад улсад явсан хойгуур, эцэг байх эрхээ хэрэгжүүлэхээр хүүхдүүдээ асрамжиндаа авах шаардлага гаргасан нь бодит байдалтай хэрхэн нийцэж байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй. Шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн нас эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхэд хүчирхийлэлттэй гэр бүлд амьдардаг эсэхийг зайлшгүй харгалзан үзэж шийдвэр гаргах ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ талаар дурдаагүй, шийдвэр гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч 2 хүүхдээ эрүүл саруул өсгөх, сэтгэхүй, ёс суратахууны хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, боловсрол эзэмшүүлэхэд хувь хүнийхээ хувьд хараахан төлөвшөөгүй, нийгмийн баталгааг хангалттай бүрдүүлж чадаагүй. Эцгийн асрамжид очсон нэрийн дор хариуцагчийн ээж, аав нь өсгөх нөхцөл байдал илт байхад эцгийн эрх зөрчигдсөн үндэслэлээр хүүхдүүд болон эхийн эрх ашгийг хохироож болохгүй. Хариуцагч хуүхдүүдээ гэсэн сэтгэлгүй болох нь хэргийн материалаас хангалттай харагдана. Зөвхөн хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийх, эхнэрээ хохироох, хүүхдүүдээс нь салгаж сэтгэлээр унагах зорилгоор энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж үзнэ.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “энэ хуулийн 6.3, 6.4-т заасан журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дах хэсэгт ”Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ. Гэтэл зохигч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

Зохигчдын хооронд гэрлэлт цуцлах маргаан үүсээгүй байхад хэргийг шийдвэрлэх боломжгүй. Гэр бүлийн гухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дах хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд хүүхдийн асрамжийн асуудлыг тогтоох нь гэрлэгчид хооронд үүсэх харилцаа, гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй бол шүүх шийдвэрлэхээр байна гэж ойлгоно. Мөн гэрлэлт цуцлуулахгүйгээр гэрлэгчдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахад эрх зүйн хувьд хүндрэлтэй. Анхан шатны шүүхээс хуулийн холбогдох заалтыг хоёрдмол утгаар хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч О.М-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.Ц, С.Бүжмаа нар 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр гэр бүл болж, тэд хамтран амьдран хугацаанд 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин Ц.Ундрахбаяр, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр охин Ц.Ундралбаяр нар төрсөн, гэрлэгчид хоорондын  таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос тусдаа амьдарч байгаа болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /х.х-ийн 4-6 дугаар тал/

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 184/ШЗ2019/00388 дугаар захирамжаар С.Бүжмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг иргэний хэргийг нотлох баримтаар татуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн Тамгын газраас гаргуулж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 21-22 дугаар тал/

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 184/ШЗ2019/00388 дугаар шүүгчийн захирамжтай иргэний хэргээс нотлох баримт шинжлэн судалсан болох нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /х.х-ийн 43-50 дугаар тал/-ээр тогтоогдож байхад шинжлэн судалсан уг хэргийг тус шүүхэд ирүүлээгүй мөн 184/ШЗ2019/00388 дугаартай шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн гэр бүлийн маргаантай, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар О.М-г оролцуулж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг анхан шатны шүүх анхаарч үзэх шаардлагатай.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч “гэрлэгчдийн нэг тал болох эх С.Бүжмаа БНСУ-аас Монголд ирсэн, гэрлэлтийн асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэх саналтай” гэх, нэхэмжлэгч Б.Ц- “гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа” гэх тайлбар гаргаж байгааг давж заалдах шатны шүүх харгалзан үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 184/ШШ2019/00932 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ

                                                         ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА