Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00209

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Х.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 1725000000010 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, тусгай дунд боловсролтой, механик мэргэжилтэй, ББ-ОД ХХК-нд механикч зохицуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б- овогт Х-ийн Б- /РД: хх************/,

 

Шүүгдэгч Х.Б- нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” хүнсний захын автобусны буудал дээр Д.Ч-тэй маргалдан толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Х.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохиролд 500.000 төгрөг төлсөн. Буруугаа хүлээж гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие Хүлэг хүнсний захын автобусны буудал дээр бэлэн хувцас, бараа зараад 16 орчим жил болж байна, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11-12 цагийн үед автобусны буудал дээр “ББ-ОД” ХХК-ний зохицуулагч Х.Б- гэж зүс таних эрэгтэй хүн нэг жолоочтой хэрүүл хийгээд зогсож байсан, хэрүүл хийж байгаад миний хажуугаар зөрөөд явахаар нь би “ Б-аа чи яах гэсэн юм бэ адилхан амьдрах гэж байгаа хүмүүс байж” гэж хэлтэл “ хуц балай авгай минь чамд ямар хамаатай юм” гэж хэлээд машиндаа ороод суучихсан, тэгсэнээ машин дотроосоо “балай гудамжны авгай одоо ч гэсэн чи гудамжиндаа сууж байгаа биз дээ муу гудамжны авгай минь”  гэж хэлэхээр нь би “чи юу гээд байгаа юм бэ” гээд машин руу нь дөхөөд очтол цонхоороо гараа гаргаж ирсэнээ эрүүн тус газарт хүчтэй цохисон, тухайн үед толгой манараад машины бариулаас нь бариад автал машинаа асаагаад шууд чигээрээ хөдөлсөн би хэсэг газар чирэгдэж байгаад гараа тавьж газар унасан ерөнхийдөө ийм л асуудал болсон гэсэн мэдүүлэг / хх 11-12 ху/,

 

-Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Баян худалдааны төвийн хажуу талын зээлийн зогсоол дээр 6420 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явдаг. 2017 оны 06 дугаар сарын 24-ний өглөө би зогсоол дээрээ зогсож байхад тээвэр зохицуулагч Б- ирээд машин дээрээ наасан Ганбаатарын зурагт хуудсыг ав гэсэн. Би сонгуулийн хорооноос эрхийн бичиг аваад наасан зурагт хуудас учраас би авахгүй гэхэд Б- шугамын машинд зурагт хуудас наах ёсгүй талаар хэлсэн. Манай такси үйлчилгээний 10 гаран машин зурагт хуудсыг наасан байгаа гэж хэлэхэд миний шаардлагыг биелүүлсэнгүй гээд хэрүүл маргаан болсон. Б- машиндаа суугаад хөдлөхөд Ч- эгч хажуугаас нь ирээд юм яриад хэрэлдээд байсан. Би холоос харж байхад Б- Ч- эгчийг нэг удаа гараараа цохиж байсан гэсэн мэдүүлэг / хх 13 ху/,

 

-Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр үед би машин дотроо сууж байсан, манай нөхөр Б- жолооч нартайгаа уулзана гээд л буусан, хэсэг байж байгаад машиндаа ирээд суутал нэг эмэгтэй хүрч ирсэнээ манай нөхрийн толгой руу цохих шиг болсон тэр үед нөхөр маань нөгөө эмэгтэйг цааш нь түлхэх шиг болоод машинаа хөдөлгөөд явсан, тэр эмэгтэй яагаад манай машин дээр хүрч ирсэнийг мэдэхгүй, хоорондоо хэл ам хэрүүл маргаан хийсэн үгүйг мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 584 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Ч-ийн биед тархи доргилт, доод эрүүнд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаарс сарниулна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 16 ху/,

 

-Х.Б-ыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 20-21 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/

              -Хохирол төлсөн баримт /хх 34 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Х.Б- нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” хүнсний захын автобусны буудал дээр Д.Ч-тэй маргалдан толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Ч-ийн “...Б-аа чи яах гэсэн юм бэ адилхан амьдрах гэж байгаа хүмүүс байж” гэж хэлтэл  хуц балай авгай минь чамд ямар хамаатай юм гэж хэлээд машиндаа ороод суучихсан, тэгсэнээ машин дотроосоо балай гудамжны авгай одоо ч гэсэн чи гудамжиндаа сууж байгаа биз дээ муу гудамжны авгай минь” гэж хэлэхээр нь би чи юу гээд байгаа юм бэ гээд машин руу нь дөхөөд очтол цонхоороо гараа гаргаж ирсэнээ эрүү тус газарт хүчтэй цохьсон” /хх 11-12 ху/ гэсэн мэдүүлэг,  мөн гэрч Н.Баттулга /хх 13/, Д.Дэлгэрмаа /хх 14/ нарын өгсөн гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, доод эрүүнд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 584 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Х.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Д.Ч- нь мөрдөн байцаалтын шатанд “одоо миний хохирлыг барагдуулсан тул гомдол санал байхгүй. Хохиролд 500.000 төгрөг өгсөн” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Х.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА