| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2021/0047/Э |
| Дугаар | 0028 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 0028
Б.Нд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Л.Э
Шүүгдэгч Б.Н/онлайн/
Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаар захирамжтай Б.Нд холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, У овогт Б-н Н.
Б.Н нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-г “камер захиалж өгнө” гэж хуурч 2.422.000 төгрөг, мөн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үед “дүүдээ зарж өгнө” гэж хуурч 500.000 төгрөгийн үнэ бүхий “Acer” загварын зөөврийн компьютерийг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаар захирамжаар:
Шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эл хөрөнгө байхгүй болохыг дурдаж, Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Л.Э эсэргүүцэлдээ:
“ ... Анхан шатны шүүх яллагдагчийн эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож шүүгдэгч Б.Н-н мэдүүлгийг шалгаж, бусдыг залилах санаа зорилго байсан эсэхийг тогтоох үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэх хуулийн заалтыг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н нь хохирогчоос авсан бэлэн мөнгийг юань болгон камерыг Хятад улсын ТаоВао онлайн худалдааны сайтаас захиалан авахаар захиалга хийсэн, захиалга удсан, хил дээрээс камерыг буцаасан гэх мэдүүлгүүдийг өгдөг боловч ямар дансанд төгрөгийг юань болгож байршуулан хааш нь шилжүүлэн захиалга хийснээ хэлж мэдэхгүй байна гэдэг, худалдааны сайтад захиалга хийгдсэнийг нотлох баримт байхгүй, энэ талаарх баримтаа гаргаж өгдөггүй, ямар шуудан хүргэлтээр авсан, түүнийгээ хэрхэн яаж хэнтэй холбогдож буцаалт хийсэн талаарх баримт байхгүй байхад шүүх дан ганц шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслэн залилах санаа зорилготой байсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт буюу хохирогч Х.Б, гэрч Ч.Б нарын мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ зааж чадаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн байна.
Шүүгдэгч хохирогч Х.Б-с авсан нөүтбүүкийг дүүдээ зарахаар авсан гэж мэдүүлдэг боловч дүүгийнхээ овог нэр, холбоо барих утас, оршин суугаа хаягийг нь мэдэхгүйн улмаас шалгах боломжгүй нөхцөл байдал бий болсон, мөн Улаанбаатар хотод найздаа үлдээгээд алга болгосон одоо болтол мөнгийг нь аваагүй байгаа гэж мэдүүлдэг боловч найз Б гэгчийн оршин суух хаяг, одоо хаана байгаа болохыг нь зааж мэдүүлдэггүй бөгөөд үүнийг Б-н найз гэрч Э.М нотолж мэдүүлэг өгсөн байдаг.
Хэдийгээр яллагдагч гэм буруугүйгээ өөрөө нотлох үүрэг хүлээдэггүй боловч түүний эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлгийн үнэн зөвийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоох тодорхой ажиллагаануудыг хийсэн ба цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон.
Яллагдагч Б.Н-н мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байдаг тул түүний мэдүүлгийг шалгах мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд буюу прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 16-ны өдрийн 142 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “...эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурор Л.Э-ы эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн “ ... хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, Б.Н бусдыг хуурч мэхлэх санаа зорилго /субьектив санаа/ байсан эсэх нь тодорхойгүй ... ” гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.
Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар яллагдагч нь баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй.
Гэтэл шүүгдэгч Б.Н нь 2.422.000 төгрөгийн үнэ бүхий камерыг захиалсан эсэх, захиалсан бол хэрхэн яаж захиалсан, уг камер нь хэдийд, хаана ирсэн, хэрхэн буцаасан, хохирогч Х.Б-с шилжүүлэн авсан 2.422.000 төгрөгийг аль банкны ямар дансанд байршуулсан, эсхүл өөр хүний дансанд хийсэн эсэх, мөн нөүтбүүкийг найзындаа үлдээсэн тухай эх сурвалжийг тодорхой заагаагүй, дээрх асуудлуудтай холбоотой нотлох баримтуудыг шалгуулах талаар мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад ямар нэгэн санал, хүсэлт гаргаж байгаагүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой нотлох баримтууд болох гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н-н мэдүүлэг үгүйсгэгдэж байхад анхан шатны шүүх дан ганц түүний мэдүүлгийг үндэслэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн өөрийнх нь мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр түүний гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Түүнчлэн хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба энэхүү өөрчлөлтөөр хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг эс зөвшөөрвөл прокуророос гадна яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хуульд заасан хугацааны дотор гомдол гаргах эрхтэй талаар хуульчилсан.
Хэдийгээр хэргийн бусад оролцогч нар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт прокуророос бусад оролцогч нарыг гомдол гаргах эрхтэйг заалгүй орхигдуулжээ.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрхээс гадна шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, шүүгдэгч нарын хүсэлт, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг ...” гэж хэрэгт авагдаагүй нотлох баримтуудыг дурдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчил гаргасан байгааг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ