Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0915

 

         

 

 

 

 

 

      2022        12         06                                        128/ШШ2022/0915

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С. Н********

 Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга,

Маргааны агуулга : “ажлаар хангаагүй хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцуулах”,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С. Н********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага “2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 8 жил 11 сарын хугацаанд цэргийн алба хаасанд тооцохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацаанд цэргийн алба хаасанд тооцох тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах”.

Хоёр. Маргааны үйл баримт

1. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн б/18 дугаар тушаалаар Барилгын материалын үйлдвэрлэлийн ашиглалтын өмнөх захиргааны дэд даргын албан тушаалаас С. Н******** чөлөөлсөн,

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн б/814 дүгээр тушаалаар С. Н********  Хорих 405 дугаар ангийн нийгмийн ажилтнаар томилж, урьд хэрэглэж байсан цэргийн хурандаа цолыг сэргээн олгож,

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн б/683 дугаар тушаалаар С. Н******** албан тушаалаас чөлөөлж, цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргасан байна.

Гурав. Талуудын маргаж буй үндэслэл

1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: "Иргэн С. Н********  миний бие 1952 онд төрсөн, одоо 70 настай, цэргийн тэтгэвэрт 2013 онд гарсан. Би 1970 оноос тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа байгууллагууд болох Хилийн цэрэгт байлдагч, застав, салбарын орлогч дарга, ангийн захирагч, хэлтсийн дарга, Цэргийн сургуульд тэнхимийн эрхлэгч, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт ахлах ажилтан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтэс, тасгийн дарга, нийгмийн ажилтан зэрэг ажлыг 30 гаруй жилийн турш бага даргаас хурандаа цолтой болтол алба хаасан, түүхийн ухааны доктор цолтой хүн юм.

Намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 6/18 дугаар тушаалаар Барилгын материалын үйлдвэрлэлийн ашиглалтын өмнөх захиргааны дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн юм. Уг тушаалыг гаргахдаа "таныг удахгүй ажилд томилно" гэж хэлээд байгууллагын боловсон хүчний мэдэлд үлдээсэн тул дараагийн ажилд томилохыг цэргийн хүний ёсоор тэвчээртэй хүлээсэн. Гэвч ажилд томилохгүй байсан тул удаа дараа хүсэлт, шаардлага тавьсны эцэст (энэ хугацаанд ШШГЕГ-ын дарга 4-5 удаа солигдсон) тус газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн б/814 дугаар тушаалаар Хорих 405 дугаар ангид нийгмийн ажилтнаар томилогдон, үргэлжлүүлэн алба хаасан юм.

Тухайн үед миний бие ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй бөгөөд түүнчлэн цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй болно. Тухайн захиргааны акт гарснаар миний бие 8 жил 11 сарын турш ажилгүй, цалин, орлогогүй хохирсон бөгөөд эхнэр Р.Б******** 2000.07.03-ны өдөр нас барснаар өрх толгойлсон эцгийн хувиар сурагч, оюутан насны 4 хүүхдээ тэжээж, эрүүл, саруул, мэдлэг боловсролтой хүн болгох гэж хичээсээр орон сууц, зуслангийн байр, машин зэргээ ээлж дараалан барьцаалан зээл авч, өр төлбөрт орж, хураалгах зэргээр амьдралын хүнд хэцүү үеийг туулсан. Улмаар хожим цэргийн тэтгэвэр тогтооход ажилгүй байсан дээрх 8 жил 11 сарын хугацааг цэргийн алба хаасан хугацаанаас хасаж тооцсоноос цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг надад багаар тооцон олгож давхар хохироосон. Одоо миний бие амьжиргааны түвшин доогуур амьдралтай буюу "нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай" ядуу иргэн бөгөөд эрүүл мэндийн хувьд "тал цус харвасан" байнгын эмчилгээ, эмчийн хяналтад байж, эм тариа их хэрэглэдэг тул тэтгэврийн хэмжээ маань нэмэгдвэл амьдрал ахуйд минь нэн тус дэмтэй байна.

Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дээрх асуудлаар хандахад 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02/2158 тоот албан бичгээр татгалзсан хариуг өгсөн. Мөн уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргахад 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4/2564 тоот албан бичгээр хариу өгсөн болно. Дээрх байдлаар надад ажил олгоогүй 8 жил 11 сарын хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцох талаар өргөдөл, гомдлыг ШШГЕГазар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд удаа дараа гаргасан боловч татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус бөгөөд энэ хугацаанд цэргийн алба хаасанд тооцогдоогүйгээс тэтгэврээ багаар тооцуулан авч, түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу С. Н******** 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 8 жил 11 сарын хугацаанд цэргийн алба хаасанд тооцохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацаанд цэргийн алба хаасанд тооцох тухай захиргааны акт гаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгаж өгнө үү" гэжээ.

2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: “1999 онд Засгийн газрын н.Н********* гэдэг хүн ирээд манай газрын даргыг дуудаад таныг солино, 421 дүгээр хорих ангийн хурандаа С. Н********  бас солино гэж хэлсэн байгаа юм. Тэгээд өөр хүн тавиад миний үүд хаалгыг эвдээд түлхүүр багаж бүх зүйлийг авсан. Шоронгийн дарга хүнийг 10 хоногийн хугацаатай тусгай актаар бүх зүйлийг хүлээлцдэг байтал тийм юм байгаагүй. Би хоёр жилийн дараа өөрийн хувийн хэргийг очиж авч байсан. 421 дүгээр ангийн орлогчоор тавихад би “н.Б********** чи яаж байгаа юм бэ, би эхнэрийг нь хоригдолтой хуувилдаж ял завшуулсан гээд шүүхэд шилжүүлээд прокурорт шилжүүлсэн байхад түүний нөхрийн орлогчоор намайг тавина гэдэг ёс суртахууны хувьд цаашид хамт ажиллах боломжгүй” гэсэн. Тэгэхэд н.Б********* “нээрээ тийм байна, би өөрчилье” гэсэн. Тэгээд сарын дараа надад “таныг өөрчилсөн шүү, таныг оронд нь тавина, бүтцийн өөрчлөлт оруулна” гэсэн. Тэгтэл н.Б******** өөрөө солигдсон.

40, 50 жилийн өмнө тэсрэх бөмбөг оролдож байгаад хоёр цэрэг нас бараад миний цолыг хойшлуулсан тушаал байгаа. Би олон одон медаль авч байсан, миний хувийн хэрэг дээр одоо ямар ч тодорхойлолт байхгүй, надад харамсалтай байна.

Дарга нар байнга солигдож байсан гэдэг нь хэрэгт авагдсан байгаа. Цэргийн алба гэдэг ёс дэгтэй байдаг. Бичиг цаас бариад байнга гүйгээд явах нь хүмүүжилд нь тохирохгүй байсан учраас биечилж уулздаг байсан. Удирдлагатай уулзахаар таныг эргүүлж авна гэж хэлдэг. 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “2000-2008 оны ажлын томилгоог хийж өгөөгүй хугацааг үндсэн албанд хэрхэн тооцох вэ” гэсэн бичгээр гаргаж байсан өргөдөл нь хэрэгт авагдсан. Өнөөдөр мөн энэ гомдол тасрахгүй байгаа юм. Гомдол байгаа учраас шүүхэд хандан явж байна. Хариуцагч байгууллагад удаа дараа хандаж байсан. Тэгэхээр хариуд нь Захиргааны хэргийн шүүхэд ханд гэдэг. 2000-2008 онуудад цэргийн алба хаагаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна, миний цол хадгалагдаж байсан болохоор дараа нь томилохдоо хурандаа цолыг маань сэргээсэн байдаг.” гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “С. Н******** нь төрийн тусгай алба хааж байсан. 2000-2008 оны хооронд ажлаас  нь чөлөөлөөд өөр ажилд томилно гэж хэлээд томилохгүй хохироосон байгаа юм. Нэг ажлаас нь чөлөөлөөд дараагийн ажилд нь шилжүүлэхэд 2 тушаал зэрэг гардаг. Гэтэл томилсон 2 дахь тушаалыг гаргаагүй удаасан. Тэр хооронд удирдлага солигдсон. Ажлаас нь чөлөөлсөн боловч цэргийн албанаас халсан шийдвэр гараагүй. Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргынхаа “томилно” гэсэн үгэнд итгээд тэвчээртэй хүлээсэн. Өөрөө бас “хэрвээ намайг үнэхээр дутагдлаар халсан бол нэг бол зөвшөөрөөд, нэг бол маргаад шүүхээр явна” гэж хэллээ. Гэтэл ямар ч боломжгүй болгосон. Гэтэл төрийн байгууллагын ойлгомжгүй байдлаас болоод тэтгэвэр нь тооцогдоогүйгээс болоод бага тэтгэвэр авч байгаа. Тиймээс томилгоо хийгээгүй хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцуулаад өгвөл тэтгэврийн хэмжээ нэмэгдээд амьдралд нь их хэрэгтэй байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: "Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1/ Иргэн С. Н******** нэхэмжлэлдээ “намайг ажлаас чөлөөлсөн тушаал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт буюу миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үздэг. Учир нь тухайн үед миний бие ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй бөгөөд түүнчлэн цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй болно” гэх тухайд:

а/ С. Н******** нь 1996 оноос Амгалангийн хорих ангийн даргаар томилогдон ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/201 дүгээр тушаалаар "...бие өвчтэй шалтгаанаар сүүлийн 3 сар гаруй хугацаанд ажлаа хийгээгүй, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын зүгээс удаа дараа хүсэлт шаардлага тавьсаар байхад одоог хүртэл ШШБЕГ- ын удирдлагатай уулзаж ажлаа танилцуулах, зохицуулах ажил хийгээгүй, байгууллагаа удирдлагагүй орхисноос 421 дүгээр анги дээр 120 сая орчим төгрөгийн өр зээл хуримтлагдаж, байгууллагын данс нь барьцаалагдан хоригдол хоол хүнсээр тасарч, өвчилж, турж, сэтгэл санаа алдагдах ноцтой байдал бий болсны улмаас" үүрэгт ажлаас дутагдлаар чөлөөлөгдсөн,

б/ 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/691 дүгээр тушаалаар Барилгын материалын үйлдвэрлэлийн ашиглалтын өмнөх захиргаанд дэд даргаар дахин томилогдсон боловч, 1 сарын дараа буюу 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд ажилдаа очоогүй нь тухайн үеийн Барилгын материалын үйлдвэрлэлийн ашиглалтын өмнөх захиргааны ажилчдын цалингийн цэс, цагийн бүртгэлээр нотлогдож байгаа нь Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын даргын 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар С. Н******** чөлөөлөх үндэслэл болсон.

2/ Нэхэмжлэлд энэ талаар дурдахдаа "таныг удахгүй ажилд томилно гэж хэлээд боловсон хүчний мэдэлд үлдээсэн" гэх тухайд:

Тус тушаалыг 1996 оны Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын даргын "Ажилтныг томилох, чөлөөлөх, цэргийн цол олгох" бүрэн эрхийг үндэслэсэн гаргасан. "Таныг удахгүй ажилд томилно гэж хэлээд боловсон хүчний мэдэлд үлдээсэн" гэсэн албан ёсны баримт нотолгоо байхгүй байна. Нэхэмжлэлд "гэвч ажилд томилохгүй байсан тул удаа дараа хүсэлт, шаардлага тавьсны эцэст 2008 оны ..." гэж дурдсан боловч 2000 оны 01 дүгээр сараас 2008 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд нэг ч удаа бичгээр "Ажилд орох тухай хүсэлт" гаргаагүй байна.

3/ Мөн нэхэмжлэлд “Улмаар хожим цэргийн тэтгэвэр тогтооход ажилгүй байсан дээрх 8 жил 11 сарын хугацааг цэргийн алба хаасан хугацаанаас хасаж тооцсоноос цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг надад багаар тооцон олгож хохироосон” гэх тухайд:

Иргэн С. Н******** ШШГЕГ-ын даргын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/814 дүгээр тушаалаар Хорих 405 дугаар ангид нийгмийн ажилтнаар томилж 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/683 дугаар тушаалаар 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар цэргийн албанд биеэр 30 жил 00 сар 18 хоног ажилласан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн нэмэгдэл 05 сарыг нэмж тооцон, цэргийн албанд нийт 30 жил 05 сар 18 хоног ажилласнаар тооцон албан тушаалаас чөлөөлж цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргасан. Түүнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг байгууллагаас олгосон.

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 211 дүгээр тогтоолоор батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын 3 дахь хэсэгт "Төрийн тусгай алба хаасан хугацаанд дараах хугацааг оруулан тооцно. Үүнд а/төрийн тусгай албанд ажилласан, б/төрийн тусгай албанд ажиллах хугацаандаа дотоод, гадаадын академи, дээд, тусгай сургууль, мэргэжил дээшлүүлэх дамжаа, адьюнктур, магистрантур, докторантурт суралцсан, в/төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний, амаржсаны болон өвчний учир чөлөөтэй байсан" гэж заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэн С. Н******** цэргийн байгууллагад ажилласан нийт хугацааг тооцож, цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргасан бөгөөд ажиллаагүй жилийг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцох боломжгүй байна.

Иймд иргэн С. Н******** "2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажил олгоогүй 8 жил 11 сарын хугацааг цэргийн үндсэн алба хаасан хугацаанд тооцож, захиргааны акт гаргуулах талаар" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Цэргийн албаны хууль дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь  төрийн цэргийн байгууллага мөн гэсэн нэмэлт, өөрчлөлт 2021 оны 07 дугаар сард орсон байдаг. С. Н******** өөрөө удирдах албан тушаал эрхэлж байсан тухайн эрх зүйн актыг ямар байдлаар гаргадаг, ямар байх ёстойг өөрөө бүгдийг нь мэдэж байсан. Тушаалтайгаа өөрөө танилцах эрхтэй гэдгээ мөн мэдэж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд ажилласан хугацааг нь үргэлжлүүлэн тооцох боломжтой байсан бол 1999 оны 05 дугаар сарын тушаалтай адилхан төрийн захиргааны удирдлагын ажиллагааны мэдэлд гэсэн үг өгүүлбэр байх ёстой. Тэгээгүй учраас энэ хүн шууд чөлөөлөгдсөн. 2008 онд Хорих 405 дугаар ангид томилохдоо  хурандаа цолыг нь сэргээн олгосон байдаг. Тухайн үед цэргийн цол нь үргэлжлээд тасрахгүйгээр явах байсан бол сэргээн олгох гэсэн үг өгүүлбэр байх ёсгүй. Цэргийн цолоор ажилласан хугацааг тооцох боломжгүй. Ажиллаагүй үед “бэлтгэл оффицер” гэсэн нэр томьёогоор цолыг хэрэглэнэ. Тухайн цолыг өмнө хэрэглэж байсан учраас ажилд эргүүлээд томилохдоо өмнө нь хэрэглэж байсан цолоо авдаг. Ажиллаж байсан хугацааг цэргийн цолоор тодорхойлно гэсэн ойлголт байхгүй.

8 жил гэдэг бага хугацаа биш, энэ хугацаанд удирдлагууд солигдсон. Тухайн үед биечлэн уулздаг байсан гэдгээ нотлох баримт байхгүй, 2000-2008 онд ганц удаа бичгээр хүсэлтээ өгч байсан бол энэ асуудлаар ярихгүй байсан байх. Таны ур чадвар хийсэн бүтээсэн ажлыг манай байгууллага хийгээгүй гэж үнэлэхгүй байгаа зүйл огт байхгүй. Та манай байгууллагад ямар нэгэн шалтгаанаар тусламж дэмжлэг үзүүлнэ үү гэсэн бол бидэнд боломж гарц үүд нээлттэй байдаг. Ажиллаагүй хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцох ямар ч эрх зүйн боломжгүй, ийм зохицуулалт байхгүй. Байгууллагын хувьд ахмад настнаа хүндэтгэнэ. Та өөрт хадгалагдсан баримтуудаа байгууллагадаа үлдээвэл таныг тодорхойлоход, мөн таны хийсэн ажлыг үнэлж дүгнэх, шагнал урамшуулал, тусламж дэмжлэг олгоход дөхөм байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хуульд заасан журмаар цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгч С. Н******** нь Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн б/18 дугаар тушаалаар Барилгын материалын үйлдвэрлэлийн ашиглалтын өмнөх захиргааны дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн б/814 дүгээр тушаалаар Хорих 405 дугаар ангийн нийгмийн ажилтнаар томилогдож, урьд хэрэглэж байсан цэргийн хурандаа цол сэргээн олгогдсоноор, 2009 оны 12 дугаар сарын 1-нд цэргийн албанд 30 жил 5 сар 18 хоног ажилласнаар тооцуулан цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахаар чөлөөлөгдсөн байх бөгөөд дээрх 2000 оны 1 дүгээр сараас 2008 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд тэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаагүйтэй маргаагүй, харин “ажилд томилно” гээд хүлээлгэсэн энэ 8 жил 11 сарын хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцуулах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус хэмээн маргажээ.

2. Маргааны үндэслэл болох ажиллаагүй хугацааг цэргийн алба хаасанд тооцож болох зохицуулалт агуулсан хууль тогтоомж байхгүй юм.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар болон 1994 оны Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-иар тус тус тодорхойлохоор байна.  

4. Түүний ажиллаж байсан Барилгын материалын үйлдвэрлэлийн ашиглалтын өмнөх захиргааны дэд даргын албан тушаал буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицерын албан тушаал нь 1994 оны Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтаар төрийн тусгай алба байх бөгөөд 1994 оны Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д болон 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д төрийн албан хаагчийг тодорхойлсон хуулийн тодорхойлолтоос үзвэл төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгохоор, өөрөөр хэлбэл албан тушаалд ажиллаж, бүрэн эрхээ хэрэгжүүлж, цалин авсан хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд тооцохоор байна.

5. Засгийн газрын 1999 оны 211 дүгээр тогтоолоор баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын 3 дахь хэсэгт төрийн тусгай алба хаасан хугацаанд “төрийн тусгай албанд ажилласан”, “ажиллах хугацаандаа суралцсан”, “ажиллах хугацаандаа эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан” хугацааг оруулан тооцохоор заасан бөгөөд алба хаасан хугацаанд оруулан тооцох дээрх үндэслэлүүдэд нэхэмжлэгчийн “ажлаас чөлөөлөгдөөд буцаж томилогдох хүртэлх хугацаа” хамаарахгүй. 

6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигаар батлагдсан Цэргийн цол олгох журмын 3 дугаар зүйлийн 1-д цэргийн цолыг цэргийн албан хаагч алба хааж байхдаа, цэргийн бэлтгэл үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцох үедээ хэрэглэхээр, 2-т цэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн цолны өмнө “бэлтгэл”, цэргийн бэлтгэл албанд байх нас хэтэрсэн, эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй гэж эмнэлгийн дүгнэлт гарсан бэлтгэл үүрэгтний цэргийн цолны өмнө “чөлөөнд байгаа” гэсэн тодотгол хэрэглэхээр зааснаас үзвэл нэхэмжлэгчийг 2000 онд албан тушаалаас чөлөөлснөөр тэрээр цэргийн цолыг хэрэглэх боломжгүй болж, 2008 онд албан тушаалд томилохдоо “хурандаа” цолыг сэргээснээр цол хэрэглэх эрх үүссэн байх тул хурандаа цол хадгалагдаж байсан гэх тайлбар нь үндэслэлгүй, энэ хугацааг цэргийн алба хаасанд тооцох үндэслэл мөн болохгүй байна.

7. Нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлсөн 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн б/18 дугаар тушаалтай тухайн үедээ маргаагүй бөгөөд, сүүлд 2022 оны 6 дугаар сард уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5031 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байдаг.

8. Тэрээр 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн б/18 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснөөс хойш 2009 онд ажилд томилох хүртэл “үндэслэлгүй чөлөөлсөн талаар болон ажилд буцаан томилуулах асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагад бичгээр өргөдөл, хүсэлт гаргаагүй, тийм баримт байхгүй бөгөөд түүний 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “2000-2008 оны томилгоо хийгээгүй хугацааг үндсэн албанд хэрхэн тооцох” гэх хүсэлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргаа удирдлагын газраас “дээрх хугацааг ажилласан жилд тооцох боломжгүй” гэсэн хариуг 2009 оны 12 дугаар сарын 07-нд 725 тоот хариу мэдэгдэх хуудсаар, 2021 оны 9 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гаргасан “томилгоо хүлээж байсан хугацааны цэргийн албыг сэргээлгэх, тэтгэврийг шинэчлэн тогтоолгох” агуулгатай гомдолд 2021 оны 10 дугаар сарын 14-нд 02/2158 тоот албан бичгээр “шүүхэд хандаж болно, архивын лавлагаа авах эрх нь нээлттэй” хэмээх хариуг тус тус өгсөн байх бөгөөд хариуцагчийн “ажиллаагүй хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцохоос татгалзсан” эдгээр шийдвэрүүд дээрх хууль тогтоомжийн хүрээнд байна.  

Иймд “ажлаар хангаагүй хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцуулах” үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасанд тооцох тухай өргөдөл, гомдлыг татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацаанд цэргийн алба хаасанд тооцох тухай захиргааны акт гаргах гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн б/683 дугаар тушаалаар С. Н******** албан тушаалаас чөлөөлж, цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргахдаа 12 дугаар сарын 24-ний өдрийн б/736 дугаар тушаалаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэснийг, 2015 онд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх журмын дагуу ахмад ажилтнуудын жагсаалтад бүртгэсэн байгааг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /1994 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С. Н******** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасанд тооцох тухай өргөдөл, гомдлыг татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, мөн хугацаанд цэргийн алба хаасанд тооцох тухай захиргааны акт гаргах гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д  заасны дагуу нэхэмжлэгч С. Н******** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА