| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2018/00327/И |
| Дугаар | 148/ШШ2018/00517 |
| Огноо | 2018-10-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 148/ШШ2018/00517
| 2018 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 148/ШШ2018/00517 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С.*******гийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.*******гийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.*******гийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын мөнгө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг 1974 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, Даагат 1 дүгээр багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй
******* овгийн *******ын *******
регистрийн дугаар:МЬ-74011906
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* суманд 1979 онд төрсөн, дээд боловсролтой, социологич, нийгэм судлалын багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, ******* сум, Орхон 6 дугаар баг, 2 дугаар хэсэг 23-10 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.*******гийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч ажилтай
******* овгийн *******ын *******
регистрийн дугаар:МЮ 79090663
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.*******
Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн үндэслэл: С.******* миний бие улсад болон хувийн хэвшилд 18 жил ажилласан бөгөөд улмаар 2017 оноос Сэлэнгэ аймгийн Хушаат сумандаа суурьшиж, 2017 оны 10 дугаар сарын 02-ноос Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.*******гийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд няравын ажилд орж ажилласан.
Би ажиллах хугацаандаа ямар нэгэн байдлаар сахилгын зөрчил гаргаж байгаагүй, арга хэмжээ авагдаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үр бүтээлтэй ажиллахыг хичээсэн. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 05-ны захирлын Б/20 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн гэж манай сургуулийн нийгмийн ажилтан М.Наранцэцэг хэлсэн. Ингээд би суруулийн захиралтай уулзаад ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөж байгаа талаар асуухад чи яаралтай ажлаа өг гэж хэлсэн.
Ингээд би ажлаа өгөх боломжгүй гэхэд хүчээр авна гээд ажил хүлээлцэх комисс нь хаалга үүд эвдээд ажлыг маань авсан байна лээ.
Миний зүгээс намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа учраас доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.*******гийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/20 дугаартай хууль зөрчсөн үндэслэлгүй гарсан тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох,
2. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин болон 2018 оны ээлжийн амралтын мөнгө гаргуулах,
3. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна... гэжээ.
Хариуцагчаар оролцож байсан Л.Оюун 2018 оны 06 дугаар сарын 21-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
...С.*******гийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайлбал:
1.Анх ажилд ороход нь дараах 3 үүргийг онцгойлон гүйцэтгэж ажиллахыг анхааруулсан.
- Няравын программыг ашиглаж сураад өдөр тутам анхан шатны баримтаа хөтлөх,
- 2017 оны сүүлийн хагас жилийн тайланг хугацаанд нь хийж няравт өгөх
- Өмч хөрөнгийн катологжуулсан бүртгэлийг гүйцээх,
3 сарын туршилтын хугацаанд эдгээр үүргийг хангалтгүй биелүүлсэн учир захирлын зөвлөлийн хуралд тайланг сонсч анхааруулан 3 сараар гэрээний хугацааг сунган ажилдаа хариуцлагатай хандахыг хэлж зөвлөсөн. Энэ хурал 2 дугаар сарын 23-нд болсон. Гэвч ажил нь урагшилахгүй болохоор шаардлагаа чангаруулж үзэхэд байнга тайлбар тавьж өнгөрүүлэхийг хичээдэг болсон.
2 дугаар сарын 25-нд гарсан манай сургуулийн санхүүгийн аудитын дүн хангалтгүй гарсан нь няравын үйл ажиллагаанаас хамааралтай болохыг нотолж байна.
2. Өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэлтэй болсон учир Удирдлагын зөвлөлийн гишүүдийн санал дугнэлтийг үнсэдэн шийдвэрлэсэн болно... гэжээ.
Нэхэмжлэгч: С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын сургуульд няраваар ажилд орсон. Намайг ажиллаж байх хугацаанд сургуулийн санхүүгийн асуудал эмх замбараагүй байсан бөгөөд хасах тайлан гарч аймгийн Засаг даргын захирамжаар захирлыг ажлаас нь халахаар болсон юм.
Гэтэл захирал надад Нягтлан бодогчийг сум хариуцдаг. Би мэддэгээрээ чамайг хална... гээд ямар ч үндэслэлгүйгээр, надад ямар нэгэн мэдэгдэл өгөхгүйгээр намайг ажлаас халсан бөгөөд намайг ажлаа хүлээлгэж өгөөгүй байхад ажил хүлээлцэх комисс нь өөрсдөө дураараа хаалга эвдэж орж ирээд хүн дуудаад ажлыг минь хүлээлгэж өгсөн байсан.
Би 2017 оны 10 дугаар сард ажилд анх ороход Хушаат сумын ерөнхий боловсролын сургуульд 4 нярав солигдсон, санхүүгийн баримт байхгүй байсан бөгөөд ганцхан хуудас баримтаар би ажил хүлээж авч байсан. Тэгээд тэр баримтаар тайлан гаргаж өг гэж өмнөх захирал Л.Оюун болон нягтлан бодогч нар шаардаж байсан.
Би ажиллах хугацаандаа сургуулийн санхүүгийн эмх замбараагүй байдлыг цэгцэлж чадсан гэж бодож байгаа. Иймд намайг Хушаат сумын ЕБС-н няравын ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж түүний дагуу нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү! ... гэв.
Хариуцагч: Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...С.******* нь ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн чадвар дутмаг, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй бөгөөд няравын хамгийн гол ажил болох тайлангийн баримтаа өгч чадаагүй байдал нь ажлын гүйцэтгэлд нөлөөлж улмаар байгууллагын нэр хүндэд хүртэл сөргөөр нөлөөлсөн тул ажлаас халсан тушаалыг өмнөх захирал гаргасан байсан. Тухайн үед миний бие энэ ажлыг хийж байгаагүй ч гэсэн хэрэгт авагдсан баримтууд болон аудитын дүгнэлт зэргээс тодорхой харагдаж байгаа.Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэв.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.*******гийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.*******гийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын мөнгө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Хушаат сумын Д.*******гийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралаас ..ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн чадвар дутмаг, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй... тайлангийн баримтаа өгч чадаагүй байдал нь ажлын гүйцэтгэлд нөлөөлж улмаар байгууллагын нэр хүндэд хүртэл сөргөөр нөлөөлсөн тул ажлаас халсан... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
С.******* нь Хушаат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд нярав- архивын ажилтан гэх үүрэгт ажилд орж 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/20 дугаартай Нярав С.*******гийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэх тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах, хэсэг, Сургуулийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.5., 9 дүгээр зүйлийн 9.2.2, Удирдлагын зөвлөлийн гишүүдийн 2018 оны 02 дугаар сарын 23, 06 дугаар сарын 05-ны өдрүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Няравын программыг ашиглаж сураад өдөр тутам анхан шатны баримтаа хөтлөх, 2017 оны сүүлийн хагас жилийн тайланг хугацаанд нь хийж няравт өгөх, Өмч хөрөнгийн катологжуулсан бүртгэлийг гүйцээх гэсэн даалгавар өгснийг 3 сарын туршилтын хугацаанд эдгээр үүргийг хангалтгүй биелүүлсэн... энэ байдал нь ажлын гүйцэтгэлд нөлөөлж улмаар байгууллагын нэр хүндэд хүртэл сөргөөр нөлөөлсөн тул ажлаас халсан... гэх ажлын алдаа дутагдалтай холбогдуулсан тайлбар гаргаж байгаа боловч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.*******гийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/20 дугаартай тушаал нь Нярав С.*******гийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон гэх заалт байх бөгөөд няраваар ажиллаж байсан С.*******гийн ...ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн чадвар дутмаг, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй... гэх зөрчилтэй холбоогүй байна.
Мөн хариуцагч нь /Л.Оюуны тайлбарт/ ... 3 сарын туршилтын хугацаанд эдгээр үүргийг хангалтгүй биелүүлсэн учир захирлын зөвлөлийн хуралд тайланг сонсч анхааруулан 3 сараар гэрээний хугацааг сунган ажилдаа хариуцлагатай хандахыг хэлж зөвлөсөн. Энэ хурал 2 дугаар сарын 23-нд болсон... гэж байгаа боловч зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 02-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ... 3 сарын туршилтын хугацаатай... гэсэн байх бөгөөд уг хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 02-нд дууссан боловч хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрээг анх заасан хугацаагаар дахин сунгагдсанд тооцож үзвэл 2018 оны 04 дүгээр сарын 02-нд сунгасан хугацаа дуусч, нэхэмжлэгч нь ажил үүргээ 2 сар гүйцэтгэсний дараа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон гэх заалтыг баримтлан ажилтны хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан, нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
С.*******гийн томилогдон ажиллаж байсан нярав-архивын ажилтан гэх албан тушаал нь байнгын ажлын байр болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах байсныг дурдах нь зүйтэй.
Иймд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.*******гийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.*******г Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нярав-архивчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 06 дугаар сарын 02-нээс 2018 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэлх цалин нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтыг үндэслэн 1778.943 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг мөнгөн дүнгээр тооцож зохих журмын дагуу төлж нөхөн бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиргаанд даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 1778.943 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 43.413 төгрөгийг хариуцагчаас гаргуулан ******* сумын төсвийн орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.*******гийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.*******г Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нярав-архивчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүүгээс С.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин 1778.943 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар С.*******гийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг мөнгөн дүнгээр тооцож, зохих журмын дагуу төлж нөхөн бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиргаанд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 43.413 төгрөгийг хариуцагчаас гаргуулан ******* сумын төсвийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гарах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ