| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/05547/И |
| Дугаар | 101/ШШ2018/00057 |
| Огноо | 2018-01-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2018/00057
| 2018 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2018/00057 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У х х ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Н-д холбогдох,
Зээлийн төлбөрт 2.116.096 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Хэрлэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У х х ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай хоршоо нь гишүүн Н.Э, хамтран зээлдэгч Г.Н нарт Нийслэлийн ядуурлыг бууруулах сангийн хөтөлбөрийн зээлээс 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар нь зээлийн төлбөрөө зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөөгүй өнөөдрийг хүргэсэн. Хоршооны төлөөлөл хэд хэдэн удаа зээлдэгчтэй утсаар болон биечлэн уулзаж, зээл төлөхийг шаардсан боловч төлөлгүй өнөөдрийг хүргэсэн. Одоогийн байдлаар нийт 1.490.000 төгрөг буюу 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 250.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20.200 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 280.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 270.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 270.500 төгрөг төлсөн. Үүнээс зээлийн хүүнд 174.533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.118 төгрөг, зээлийн үндсэн төлөлтөөс 1.314.165 төгрөг хасагдсан. Үндсэн зээлдэгч Н.Э нь хамтран зээлдэгч Г.Н-эд бүх зээлийг шилжүүлсэн, би хариуцахгүй гэсэн тул хариуцагч Н.Э-ээс татгалзаж байна. Иймд үндсэн зээл 1.685.835 төгрөг, хүү 354.496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70.766 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 2.116.096 төгрөгийг хариуцагч Г.Нээс гаргуулж өгнө үү. Нэхэмжлэл гаргасны дараа 1.000.000 төгрөг төлөгдсөн тул 1.116.096 төгрөг гаргуулна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У х х ХЗХ нь хариуцагч Г.Н-эд холбогдуулан зээлийн төлбөрт 2.116.096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 1.000.000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнг 1.116.096 төгрөг болгон багасгаж байна.
Хариуцагч Г.Н нь нэхэмжлэлийн хувийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардан авсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу шүүхэд тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1а хэсэг, Цэргийн хотхон 1 гудамж, тоотод хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн бөгөөд дээрх хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэстэй.
Түүнчлэн шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид дугаарын утсаар шүүх хуралдааны тов мэдэгдсэнийг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд ирээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч Г.Н-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Зохигчдын хооронд 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгчээс хариуцагчид 3.000.000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар олгохоор харилцан тохиролцсон байна /хх-4-5/.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдээс олох зээлийн гэрээний харилцааг үүсгэсэн байна.
Нэхэмжлэгч У х х ХЗХ зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 4/369 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна /хх-8, 9/.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн төлбөрт нийт 2.490.000 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 685.835 төгрөг, хүү 354.496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70.766 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 1.116.096 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч баримтаар маргаж үгүйсгээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Н-ээс 1.116.096 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У х х ХЗХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Нээс 48.808 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У х х ХЗХ-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.808 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА