| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2022/01869/И |
| Дугаар | 101/ШШ2022/02911 |
| Огноо | 2022-06-22 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2022/02911
2022 06 22 101/ШШ2022/02911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххх дүүргийн хххххх хороо, хххх гудамж 00 тоотод оршин суух хххх овгийн Н.Б /000000 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххх дүүргийн хххххх хороо,хххх хотхон 000 тоотод оршин суух ххххх овгийн Г.Б /000000 /-д холбогдох,
4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Солонгосын виз гаргаж өгнө гэж надаас 4,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр авсан. Би дансаар нь тус мөнгийг шилжүүлсэн. Сүүлдээ хариуцагчийн утас нь холбогдохоо больсон. Одоо Солонгос ч явсан зүйлгүй, мөнгөө ч авсан зүйлгүй байна. Намайг Солонгос явуулна гэж Солонгосчуудтайгаа ярьж байгаад бүтэхээ больсон гэсэн, миний мөнгийг удахгүй өгнө гэсэн боловч сураг чимээгүй алга болсон. Тиймээс уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Г.Б-д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягт хариуцагч оршин суудаггүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 9400 дугаартай захирамжаар хариуцагчийг эрэн сурвалжилж, хариуцагчийг цагдаагийн байгууллага олж тогтоон шүүх 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулжээ. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тохиолдолд татгалзлын үндэслэлээ тодорхой илэрхийлсэн үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримт шүүхэд гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар болон шүүхэд гаргасан бичгийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагчийн БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна, виз мэдүүлж өгнө гэсэн зарын дагуу уулзаж зуучлуулахаар 2019 оны 01 дүгээр сард уулзаж, 2019 оны 07 дугаар сард визэнд оруулж, 08 дугаар сар гэхэд БНСУ-руу явуулна гэсэн ба урьдчилгаа болгож 4,000,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргажээ. Хэрэгт нэхэмжлэгч Н.Б-ийн ХААН банкны 0000000 тоот данснаас 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөгийг “ххххх гэрээ” гэх утгаар 0000000000 тоот дансруу шилжүүлсэн нь нотлох баримтаар авагдсан.
Нэхэмжлэгч, дээрх мөнгийг хариуцагч өөрийн дансаараа дамжуулж авсан, 000000000 тоот данс нь хариуцагчийн данс гэх тайлбарыг гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гэж үзлээ.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, баримтаар нотлоогүй, энэ талаархи тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлтэй маргаагүй гэж үзлээ. Учир нь хариуцагч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардаж буй 4,000,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй тухай, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтуудын эсрэг нотлох баримт, тайлбар гаргаагүй, өөрөөр хэлбэл татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч, хариуцагчийн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаар виз гаргаж өгнө гэх саналд үндэслэн хүсэл зоригоо илэрхийлж мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн ч хариуцагчийн нийтэд хандан илэрхийлсэн хүсэл зориг биелэгдээгүй нь зохигчийн хооронд гэрээний харилцаа бодитой үүсээгүй гэж үзнэ. Зохигчийн хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байна. Энэ нь хариуцагчийг бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг нээхгүй ба нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрх үүсэх тул хариуцагч Г.Бат-Амгалангаас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгож шийдвэрлэв.
Шүүх хариуцагчийн 00000000 дугаарт захидал илгээж, түүний шүүхэд мэдүүлсэн хххххххххх дүүргийн хххххх хороо, ххххххх тоот хаягаар шүүх хуралдааны товыг хүргэсэн ч “бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэх мэдэгдлийг шуудангийн ажилтан үйлдэж, харьяа хороонд нь бүртгүүлжээ. Хариуцагч хаяг, утасны дугаараа өөрчилсөн бол шинэ хаяг, утасны дугаараа шүүхэд мэдэгдэх үүрэгтэй, хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй учир түүний хамгийн сүүлд оршин сууж байсан хаягаар тов мэдэгдсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.8-д зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг хүргэсэнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б /0000000 /-аас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б /00000000 /-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Б-аас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ