Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 148/ШШ2018/00524

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 148/ШШ2018/00524

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 9 дүгээр хэсэг 3-206 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /******* /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон 2-66 тоотод оршин суух, ******* овогт Цэнд-Аюушийн ******* /*******/-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Ж.******* миний бие Ц.*******тэй 2011 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2012 онд хүү Б.******* төрсөн. 2014 оноос бид хоорондоо таарамжгүй болж Ц.******* ажил төрөл хийхгүй, архи дарс ууж цаашид амьдрахад бэрхшээлтэй болж 2015 оноос тус тусдаа болсон. Ер нь архинаас хамааралтай гэж хэлэхэд хэлсдэхгүй. Нэг архи уухаараа 3-4 хоног уудаг. Энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх учраас түүнээс тусдаа хүүтэйгээ Дарханд ажиллаж амьдарч байгаа.

Шүүхээр орохоос өмнө эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч амжилт олоогүй. Тэгээд ч тусдаа 3 жил амьдарсан болохоор одоо эвлэрэхгүй гэсэн бодолтой байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Ц.******* ч гэсэн салах хүсэлтэй байгаа. Хүү Б.Баттулгыг би өөрийн асрамжинд авна.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Ц.*******гээс хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.

Хариуцагч Ц.******* 2018 оны 9 дүгээр сарын 24, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тус шүүхэд гаргасан тайлбартаа:

... Би *******тай 2011 оны 08 сарын 08-ны өдөр гэр бүл болсон. 2012 оны 1 сарын 28-ны өдөр хүү ******* төрсөн. Бид 2015 оныг хүртэл хамт амьдарсан. Намайг удаа дараа архи ууснаас болж салах болсон. Хүү *******д эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Гэрлэлтээ цуцлуулж, хүү *******д тэтгэлэг төлнө татгалзах зүйлгүй! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хүү Б.*******д эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй болон түүнийг өөрийн хүү болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Зохигчид нь 2010 онд танилцаж, улмаар 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү ******* төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь 2015 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд тэдгээрийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж, зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэх зүйтэй байна.

Харин хүү Б.Баттулгыг зохигчдыг тусдаа амьдрах хугацаанд тэрээр ээжтэйгээ хамт байсан, хариуцагч Ц.******* байнгын архи уудаг болон хүүхдийн нас, өссөн төрсөн орчин ахуй нөхцлийг харгалзан эх Ж.*******ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хэдийгээр эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр хадгалагдах тул эцэг Ц.*******гээс хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулах хүү Б.Баттулгыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Баттулгыг 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.*******гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Ц.*******гийн төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (175.600х12=2.107.200:2 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 29.836 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү Б.******* хэний асрамжинд үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Ц.******* болон эх Ж.******* нар чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон боловч хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж мөн өдрийн 16 цаг 30 цагт хийхээр товлосон ч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэгт зааснаар түүнийг байхгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******, ******* овогт Цэнд-Аюушын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Баттулгыг эх Ж.*******ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Баттулгыг 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.*******гээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигчид талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Ц.*******гээс 29.836 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бүүвэйцэцэгт даалгасугай.

 

8. 119- 119.5 119.4- шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ