Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 0029

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           Б.Д, Н.М, Г.Э

                            нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

  

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                             Л.Э /онлайн/

Шүүгдэгч                                              Б.Д, Н.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                  З.Б, Р.Ц

Нарийн бичгийн дарга                    Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Д, Н.М, Г.Э нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.М, шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ч овогт Б-н Д.

Монгол Улсын иргэн, Т овогт Н-н М.

Монгол Улсын иргэн Э овогт Г-н Э.

Шүүгдэгч Б.Д нь: 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймгийн  сумын  багийн  тоот М.Л-н байшингийн цонхоор нэвтэрч эмээлийн мөнгөн тоноглол хулгайлан авч 880 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  аймгийн  сумын багийн  тоотод оршин суух иргэн С.М-н байшингийн цонхоор нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөний гахайнд байсан 50 000 төгрөгийг хулгайлан 358 000 төгрөгийн хохирол

 

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  аймгийн  сумын  багийн  тоотод оршин суух Н.Л-н байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан авч 190 000 төгрөгийн хохирол

 

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  аймгийн сумын  багийн  тоотод оршин суух Б.Ш-н гэрт хууль бусаар орж мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, цахилгаан хөрөө, 26 кг самар хулгайлан 807 000 төгрөгийн хохирол

 

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  аймгийн сумын  багийн  тоотод оршин суух Т.Ж-н байшинд хууль бусаар нэвтэрч монетан бөгж, мөнгөний гахайг хагалж 100 000 төгрөг зэргийг хулгайлж 310 000 төгрөгийн хохирол

 

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  аймгийн сумын  багийн  тоотод оршин суух Б.У-н байшинд нэвтрэн орж “Х” маркийн нөөтбүүк, LG маркийн гар утас зэргийг хулгайлан авч 430 000 мянган төгрөгийн хохирол

 

2019 оны 08 дугаар сарын 03-наас 2019 оны 08 дугаар сарын 16-ны хооронд  аймгийн  сумын багийн тоотод оршин суух Б.М-н эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт, мөнгөн аяга, зэс аяга, микрофон, цахилгаан төгөлдөр хуур, кэн брэндийн багаж хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж 1 265 000 төгрөгийн хохирол

 

2019 оны 09 дүгээр сарын 30-наас 2019 оны 10 дугаар сарын 03-ны хооронд  аймгийн  сумын  багийнтоотод оршин суух Р.О-йн байшинд хууль бусаар нэвтрэн орж “dell” брэндийн зөөврийн компьютер, шаргал өнгөтэй эмэгтэй төмөр бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлан 1 515 000 төгрөгийн хохирол

 

2019 оны 08 дугаар сарын 02-ноос 2019 оны 08 дугаар сарын 09-ний хооронд аймгийн  сумын  багийн тоотод оршин суух А.Ц-н байшинд нэвтрэн орж 39 инчийн зурагтыг хулгайлан 400 000 төгрөгийн хохирол

 

2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр  аймгийн  сумын  багийн  тоотод оршин суух иргэн О.Ц-н байшинд нэвтэрч 44 инчийн Монел загварын зурагт хулгайлан 500 000 төгрөгийн хохирол

 

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр  аймгийн  сумын   тоотод оршин суух иргэн Ч.Н-н байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч цахилгаан дрилл, төмөр тасдагч, үүргэвч цүнх зэрэг эд зүйл хулгайлан 135 000 төгрөгийн хохирол

 

2020 оны 02 сарын 06-ны өдөр  аймгийн  сумын багийн  тоотод оршин суух иргэн В.Б-н байшинд нэвтэрч “ТиСиЭл” загварын 39 инчийн зурагт хулгайлан 437 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Б.Д нь Н.Мтэй бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” соёлын төвд байрлах “У” өрхийн эмнэлэгт нэвтэрч, Делл загварын компьютерийн процессор 2 ширхэг, Асер загварын компьютерийн процессор 1 ширхэгийг хулгайлан 853 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Н.М нь Б.Дтой бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр  аймгийн сумын  багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” соёлын төвд байрлах “У” өрхийн эмнэлэгт нэвтэрч, Делл загварын компьютерийн процессор 2 ширхэг, Асер загварын компьютерийн процессор 1 ширхэгийг хулгайлан 853 500 төгрөгийн хохирол,

 

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр  аймгийн  сумын  багийн  тоотод оршин суух О.Ц-н байшингаас Б.Дийн хулгайлсан 44 инчийн Монел загварын зурагт, 2020 оны 02 сарын 06-ны өдөр  аймгийн  сумын багийн тоотод оршин суух В.Б-н байшингаас Б.Дийн хулгайлсан “ТиСиЭл” загварын 39 инчийн зурагтуудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж барьцаанд тавьж эх үүсвэрийг нуун далдалж өөрчилсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ч овгийн Б-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овгийн Н-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э овгийн Г-н Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нуун далдалж, өөрчлөн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оршин суугаа газар буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж нийт эдлэх ялыг 1 жил 15 хоногийн хугацаагаар тус тус  тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 7 жилийн хорих ял, Н.Мт оногдуулсан 1 жил 15 хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 304 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доос 3 059 875 төгрөг гаргуулан хохирогч С.Мд 50 000 төгрөг, Н.Л-т 150 000 төгрөг, Б.Ш-д 372 000 төгрөг, Б.У-т 150 000 төгрөг, Н.Б-д 945 000 төгрөг, А.Ц-д 400 000 төгрөг, Т.Ж-д 210 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ө-д 290 000 төгрөг, М.Б-д 400 000 төгрөг, хохирогч Г.П-д 57 500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.О-д 35 375 төгрөг, шүүгдэгч Н.Мээс 285 875 төгрөг гаргуулан хохирогч Г.П-д 177 500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.О-д 108 375 төгрөг, шүүгдэгч Г.Эгээс 300 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.У-т 150 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.А-д 150 000 төгрөг тус тус олгож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй хорих ял оногдуулахыг анхааруулж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримт ирүүлсэн Dell маркийн 1 ширхэг процессорыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М, Г.Э нар цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

          Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.М давж заалдах гомдолдоо:

... Миний бие өөрт ноогдсон хохирол болох 285.875 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж ойлгож байгаа. Даалтад байх хугацаандаа гэмт хэрэг үйлдээгүй. Миний бие цагдан хоригдоод 33 хонож байгаа хоригдсон хугацаандаа их зүйлийг ойлголоо миний ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах гомдолдоо:

... шүүгдэгч Б.Д нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй гэж үзэж байна. Харин удаа дараагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэж байгаа тохиолдолд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь тогтоогдсон байх ёстой гэж үзэж байна. Мөн амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь хугацааны хувьд урт хугацааг хамруулан ойлгох ёстой. Тиймээс шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Шүүгдэгчийг гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх нь зөвхөн үйлдлийн хувьд тоонд дүгнэлт хийсэн болохоос биш яг амьдралын эх үүсвэр болсон эсэхэд дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д, Н.М, Г.Э нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Д нь ганцаараа 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 12 удаагийн үйлдлээр  аймгийн  сумын  багт байрлах бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, нэр бүхий иргэдэд 8.080.500 төгрөгийн хохирол, Н.Мтэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” соёлын төвд байрлах “У” өрхийн эмнэлэг рүү хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 853.500 төгрөгийн хохирол, нийт 8.934.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Н.М нь шүүгдэгч Б.Дтой бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр  аймгийн  сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” соёлын төвд байрлах “У” өрхийн эмнэлэг рүү хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 853.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн ганцаараа 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  аймгийн  сумын багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Г.Э нь шүүгдэгч Б.Дийн хулгайлсан 44 инчийн Монел загварын зурагт, “ТиСиЭл” загварын 39 инчийн зурагтуудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж барьцаанд тавьж эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.Мийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Эг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нуун далдалж, өөрчлөн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Р.Ц, шүүгдэгч Н.М нар нь тус тус давж заалдах гомдол гаргажээ.

 

Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь гэмт этгээд нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд тогтвортой үйлдэх зуршил болсон, гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх үүсвэр болгосон, хэвшмэл шинжтэй үйлдлийг хамааруулж ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Д нь ганцаараа болон шүүгдэгч Н.Мтэй бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх боловч түүний гэм буруутай үйлдлийг удаан хугацаанд тогтвортой үйлдсэн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Дийн гэм буруутай үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм хэргийн шинжийг агуулаагүй гэж дүгнэж, түүнд  холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “... Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн ...” гэж өөрчлөх үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч нь урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байхад анхан шатны шүүх түүнд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэхдээ 2 жилийн хорих ял гэж тооцсон нь буруу байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил гаргасан байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.М, Г.Э нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон, мөн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Мт тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан байх тул Н.Мт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Р.Ц-н “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Н.Мийн “ ... миний ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд ... гэснийг

... Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ... гэж,

 

2 дахь заалтын ... 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жил ... гэснийг

... 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил ... гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар ... гэснийг

... Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар ... гэж,

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтын ... 7 жил ... гэснийг ... 4 жил ... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Н.Мийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                      ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ХОСБАЯР