Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00213

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч С.Түдэвдагва

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Түдэвдагвад холбогдох эрүүгийн 1725000000018 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг толгодын 20-32 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Хар чоно овогт Самданхүүгийн Түдэвдагва /РД: ФА 73121975/

 

Шүүгдэгч С.Түдэвдагва нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-22 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд Б.Мөнхзоригийн толгойн тус газарт шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч С.Түдэвдагвын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчтой эвлэрсэн. Цаашид дахин архи уухгүй, энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохирогч миний хуурай дүү юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Мөнхзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед Уурхайчин багийн 3-22 дугаар байрны 1 дүгээр орцны харалдаа явж байхад зүс таних Түдэвдагва ах орцны харалдаа 2 залуутай архи ууж байсан. Би Түдэвдагва ахтай мэндлээд хамт сууж байсан залуучуудтай нь танилцахад өөрсдийгөө Эрдэнэбат, Гантулга гэж байсан. Архи ууж байхдаа Түдэвдагва ах өөрийгөө зодооны урлагаар хичээллэдэг, би цагдаа нарыг мэднэ гээд томроод байсан. Би зүгээр сууж байхад Түдэвдагва ах ууж байсан пивоны шилээр миний толгойн тус газар цохисон. Тэр үед миний толгойноос их цус гарсан ба би доошоо тонгойход нүүр хэсэг рүү цохисон. Тухайн үед миний толгой өвдөж хөндүүрлэж байсан. Эмнэлэг дээр очиж толгойдоо 5 оёдол тавиулсан. Миний дээд уруул хавдсан байсан. Надаас чин сэтгэлээсээ уучлалт гуйж надтай эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 05, 12 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 648 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Мөнхзоригийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн тус бүрдээ нэг, нэг үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна.

3. Духанд шарх, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар    гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд уруулын гадна хэсэгт зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ямар хохирол учирсан тухай дүгнэлт гаргах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шийдвэр гараагүй байгаа болно.

5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 14 ху/,

 

-С.Түдэвдагвыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 19-20 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 22 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.Түдэвдагва нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-22 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд Б.Мөнхзоригийн толгойн тус газарт шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Мөнхзоригийн “...би зүгээр сууж байхад Түдэвдагва ах ууж байсан пивоны шилээр миний толгойн тус газар цохисон. Тэр үед миний толгойноос их цус гарсан ба би доошоо тонгойход нүүр хэсэг рүү цохисон” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон 648 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч С.Түдэвдагвын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Б.Мөнхзориг мөрдөн байцаалтын шатанд хохирлын талаар баримтыг ирүүлээгүй,  “Надаас чин сэтгэлээсээ уучлалт гуйж надтай эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.Түдэвдагвыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч С.Түдэвдагвад оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч С.Түдэвдагва нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Түдэвдагвад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА