Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 201/МА2019/00011

 

  Д.Э, Б.Э, Б.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2019/00205 дугаар шийдвэртэй Д.Э, Б.Э, Б.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Х, Ч.А, Д.Э нарт холбогдох,

2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн 01 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, 01 дугаартай гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон тус 12, 74 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, Ү-0614000580 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны .. тоот 2 өрөө орон сууцнаас Л.Болдсүрэнгийн өмчилж байсан 20 хувийг хууль ёсны өвлөгч болох эхнэр Д.Э, төрсөн хүүхдүүд Б.Э, Б.Б нарыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, Д.Э, Б.Э, Б.Б нарыг Л.Болдсүрэнгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Ү-0614000580 тоот үл хөдлөх хөрөнгийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны ... тоот 2 өрөө орон сууцнаас С.Лхамсүрэнгийн өмчилж байсан 20 хувийг түүний төрсөн охин Л.Х, Л.Сувдсүрэн нарыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, тэднийг С.Лхамсүрэнгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Ү-0614000580 тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны ... тоот 2 өрөө орон сууцыг Ч.А, Л.Х нарын хууль бус эзэмшлээс гаргуулж, хууль ёсны өмчлөгч болох Д.Э, Б.Э, Б.Б нарт хүлээлгэн өгөхийг Ч.А, Л.Х нарт даалгуулах, хариуцагч нараас тус орон сууцыг бусдад хөлслүүлж олсон ашгаас 2015 оны 8 сараас 2017 оны 11 сар хүртэл хугацаанд хамрагдах нийт 28 сарын орон сууц хөлслүүлсэн орлогын нэхэмжлэгч нарт оногдох 80 хувь буюу 3.360.000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ч.А ын орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Л.Х, Ч.А нарын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, Б.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Болорцэцэг, хариуцагч Ч.А /онлайнаар/, хариуцагч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Б.Б-н төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Л.Болдсүрэн, ээж Д.Э нар нь 1986 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Намайг 1986 онд, дүү Бүжинг 1989 онд төрүүлсэн. Дүү бид 2-ыг төрөх үед аав, ээж бид 4 одоо ээжийн байгаа эгчийнх нь байр болох 11 дүгээр байранд амьдардаг байсан. 1990 оноос аав, ээж, дүү бид дөрөв 1-р байрны 66 тоотод өвөө Лхамсүрэнтэй хамт амьдарч эхэлсэн. Энэ үед аавын эгч Л.Х гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгаас шилжин ирж бидэнтэй хамт амьдарч байгаад 1991 онд 16-р байрны ... тоотын 4 өрөө байранд орсон. Аав Болдсүрэн 2000 оноос эгч Л.Хгийн эзэмшлийн загас агнуурын газарт ажилд орж 7 хоногоос 4 сар хүртэл урт хугацаагаар загас агнуурын ажил хийдэг байсан. Л.Х эгчийн загас агнуурын компани нь хуулийн дагуу биш хууль бус үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ хууль бус ажиллагааг нь мэргэжлийн хяналтын газар шалгаж тогтоогоод үйл ажиллагааг нь зогсоож, загас агнуурын бүх багаж, хэрэгслийг нь хурааж авсаар байтал аавыг минь загас бариулсаар байсан. Ингээд миний аав 2004 оны 10 сарын 25-ны өдөр гэнэтийн ослоор буюу Хөх нуурт загас барьж байгаад живж осолдсон. Энэ үед ээж минь сэтгэл санааны хүнд цохилтонд орж хот уруу эмчилгээнд явсан. Миний бие 2004 оны 9 сард Шинжлэх Ухаан Технологийн Их сургуульд оюутан болж явсан байсан. Дүү Б.Б минь ээжтэй хамт хэдхэн хоног хот яваад ирэх хооронд 1-р байрны ... тоот гэрийн маань цоожны голыг сольсон байсан гэсэн. Энэ талаар дүү Б.Б авга эгч Энхээгийн хамт Л.Х эгчтэй уулзахад та нарыг энэ байранд амьдруулахгүй гэх утгатай зүйл хэлж байрны түлхүүрийг өгөөгүй, дүүг минь хөөж явуулсан байсан. Аавыг минь өөд болсноос хойш өвөөгийн бие огцом муудаад байна гэсэн мэдээллийг хамаатнуудаасаа авсан учир би оюутны өвлийн амралтаар буюу 1 сард өвөөгийн биеийг асуух гэж очсон. Өвөө минь 16-р байрны ... тоотод мухрын өрөөнд нь байдаг байсан. Намайг уулзахад Л.Х эгч өөрийн биеэр байсан ба өвөөгийн бие маш муу байсан. Намайг хараад өвөө минь танихгүй, юм ярихад сонсохгүй байсан учир би өвөөгөө хараад маш их эмзэглэсэн. Удалгүй өвөө минь 2005 оны 2 сарын 11-ны өдөр буюу 83 настайдаа өөд болсон. Тэр үед ээж минь аавыг гэнэтийн ослоор алдсан тул эрүүл мэндийн хувьд ихээхэн доройтож Дорнод аймаг болон Улаанбаатар хот хоёрын хооронд ирж очин эмчилгээ хийлгүүлж байсан. Удалгүй дүү Б.Б минь Анагаах Ухааны Дээд сургуульд оюутан болж эмчийн ангид суралцахаар явсан. Өнгөрсөн хугацаанд миний бие алдсан байраа эргүүлэн олж авах талаар хөөцөлдөж эхэлсэн. Хариуцагч Ч.А буюу Л.Х эгчийн төрсөн хүү өөрсдийн минь байранд амьдарч, түрээслүүлэн ашиг олж байгааг нутгийн ахан дүүс болон хамаатнуудаасаа мэдээд, 2005 оны эхээр өөрсдөө очиж амьдрах талаар хэлсэн. Тэр үед Ч.А ах байрыг чинь суллаж өгнө гэж удаа дараа хэлсэн боловч суллаж өгдөггүй байсан. Өөрийнх нь байр болох 16-р байрны ... тоот 4 өрөө байрыг хүн түрээслэж байгаа, урт хугацаагаар түрээслэсэн учир 2016 оны 7 сард түрээсийн хугацаа дуусахаар байрандаа нүүж ороорой гэсэн хариу өгсөн. Хэлсэн хугацаанд нь манай дүү гэр бүлтэйгээ Дорнод аймагт суурьших гээд ирэхэд нь миний бие Ч.А ахтай уулзах гэж цуг ирсэн. Гэтэл Ч.А ах би энэ талаар мэдэхгүй, ээж Л.Х энэ талаар мэдэж байгаа, би байрыг суллаж өгөхгүй гэж хэлсэн. Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2005 оны 1 сарын 17-ны өдөр өвөө Лхамсүрэн нь Дорнод аймгийн нотариатын газарт хүү Л.Болдсүрэнгийн оногдох хувийг зээ хүү Ч.А-д эзэмшүүлэх хүсэлтэй гэсэн утга бүхий хүсэлт гаргасныг Дорнод аймгийн нотариатч Д.Э хүлээн авч 01 дугаартай гэрээслэл гэгч баримтыг үйлдэж гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн байсныг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгөх үед мэдсэн. Нотариатч Д.Э нь дээрх 01 дугаартай гэрээслэл гэх бичгийг үндэслэн Ч.А-д 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Л.Хд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус олгосон байсан. Бидний зүгээс өвөө Лхамсүрэн маань 2005 оны 1 сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан гэх дээрх хүсэлтийг өөрийн гараар бичээгүй, өвөөгийн гарын үсэг биш, цаашлаад түүний хүсэл зориг мөн байсан гэдэгт маш их эргэлзэж байна. Тэрхүү гэрээслэлд зурагдсан гарын үсэг нь өвөөгийн гарын үсэг мөн байлаа ч тухайн бичсэн зүйлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй, 83 настай, эрүүл мэнд нь их муудсан байсныг тодорхой мэдэж байна. Тиймээс нотариатч Д.Э уг бичиг баримтыг үйлдэхдээ өвөөгийн эрүүл мэндийн талаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлээгүй, холбогдох журмын дагуу хараа, сонсголгүй болсон хүний гарын үсгийн үнэн зөвийг батлахдаа гэрч оролцуулаагүй, гэрээслэлээр өвлөгдөж буй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч байгаа эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар баримтыг шалгахгүй хууль ёсны өмчлөгч бид нарын эрхийг хөндөж, нотариатын үйлдэл хийсэн гэж үзэж байна. Дүү Б.Б маань Ү-0614000580 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эцэг Л.Болдсүрэнд оногдох хэсгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хууль ёсны өвлөгчийн хувьд өв хүлээн авах хүсэлтийг нотариатад хандан гаргасныг Дорнод аймгийн нотариатч Ч.Тунгалагтамир хүлээн авч өвлөх эрхийн хүсэлтийг цахимд бүртгүүлэн баталгаажуулж өгсөн. Л.Х, Ч.А нар нь биднийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж 2005 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд бидний өмчлөлийн байрыг өөрсдийн эзэмшил, ашиглалтанд байлгаж, бусдад түрээслүүлэн ашиг олж байна. Тус орон сууцыг бусдад түрээслүүлж олсон ашгаас 2015 оны 8 сараас 2017 оны 11 сар хүртэл хугацаанд хамрагдах нийт 28 сарын түрээсийн орлогын бид нарт оногдох 80 хувь буюу 3.360.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Бид нар Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг 1-р байрны ... тоот 2 өрөө байрны 80 хувийг хууль ёсоор өмчлөгчдийн хувьд өөрсдийн өмчлөлийн зүйлээ Л.Х, Ч.А нарын хууль бус эзэмшлээс гаргуулж, уг орон сууцыг суллуулж, өөрсдийн өмчлөлийн байрандаа амьдармаар байна.

Мөн 2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн 01 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, 01 дугаартай гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түүний үндсэн дээр хийгдсэн 2010 оны 4 сарын 30-ны өдрийн 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон 12, 74 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Мөн дээрх 2 өрөө орон сууцнаас Л.Болдсүрэн буюу аавд минь оногдох 20 хувийг хууль ёсны өвлөгчид болох эхнэр Д.Э, түүний төрсөн охид Б.Э, Б.Б нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, өвөө буюу С.Лхамсүрэнд оногдох 20 хувийг хууль ёсны өмчлөгчид болох төрсөн хүүхдүүд Л.Х, Л.Сувдсүрэн нарыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, өөрсдийн өмчлөлийн байрны дийлэнх хэсгийн өмчлөгчдийн хувьд өөрсдийн байраа авч үлдэх, бусад өвлөгчдөд оногдох хувийг мөнгөн хэлбэрээр өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэгтгэх хэлбэрээр нэхэмжлэлээ гаргасан. С.Лхамсүрэн гуай 5 хүүхэдтэй. Л.Х, Л.Сувдсүрэн нар нь амьд сэрүүн учир энэ 2 хүнд Лхамсүрэн гуайн өв буюу орон сууцны өмчлөлийн 20 хувь оногдох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Тиймээс эдгээр хүмүүсийг нэхэмжлэлдээ оруулсан. Мөн Л.Х нь байр түрээслэж ашиг олсон төлбөрийг гаргуулах, байрыг чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар татагдсан байгаа. Л.Сувдсүрэнгийн хувьд эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдээр татуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд талийгаач С.Лхамсүрэн гуайн өмчлөлийн 20 хувийг хуулийн дагуу оногдох этгээдэд нь өгөхөд бид нарт татгалзах зүйл байхгүй гэжээ.

            Хариуцагч Л.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймагт төрсөн боловч Дорнод аймагт өссөн. Дорнод аймгийн 1-р сургуулийг төгссөн. Багшийн Дээдийн сургуулийг төгсөж ирээд Дорнод аймгийн 1-р сургуульд багшаар ажиллаж байсан. Миний хүүхэд ахуй нас, ажил амьдралын гараа Дорнод аймгаас эхэлсэн. Би ганцхан эрэгтэй дүүтэй байсан. Дүүгийнхээ хоёр хүүхдийг их санадаг. Хэзээ ч дүүгээ үнсэж чадахгүй болохоор дүүгийнхээ хоёр хүүхдийг үнсээд, тэврэхийг хүсдэг байсан. Би дүүгийнхээ хүүхдүүдийг ингэж их санасаныхаа төлөө намайг архичин, зоддог гэж хэлнэ гэж санасангүй. Би архи ууж, агсам согтуу тавьдаг хүн биш. Би муу багш гэж нэр зүүж яваагүй. Дорнод аймагт намайг мэдэх хүмүүс нь мэднэ. Дүүгийнхээ төрсөн хоёр охинд ингэж муухай хэлүүлж байгаадаа би үнэхээр гомдолтой байна. Мөн аав, дүү хоёрын минь оршуулгын ажил явдалд оролцоогүйд гомдож их гайхаж байсан. Би улсын бүртгэлийн газарт бичиг баримтаа бүртгүүлэх гэж Дорнод аймагт ирээд 4, 5 хонож байтал эгчийн минь бие муудсан. Миний эгч Должинсүрэн 2016 оны 6 сарын 24-ний өдөр нас барсан учир улсын бүртгэлийн газарт бичгээ бүртгүүлж чадахгүй явсан. Эгчийн минь ажил явдал өнгөрөөд 3 хоногийн үйл хийж байх үед Д.Э, Б, Б.Э нар хотоос ирсэн гээд миний хүү Ч.А-той уулзсан байсан. Миний хүү нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг надад авчирч үзүүлсэн. Эгч минь нас бараад удаагүй байхад ийм нэхэмжлэл хараад би гомдсон. Би үнэхээр нэхэмжлэгч нарт гомдож байна. Дүү, аав хоёрыг минь нас барахад оршуулганд нь оролцоогүй, эгчийн минь ажил явдал өнгөрөөд 3 хонож байхад байрны талаар нэхэмжлэл гаргасанд гомдолтой, мөн 1971 онд нас барсан гэсэн ээжийн минь гэрчилгээ энэ байрны асуудалтай ямар холбоотойг би ойлгохгүй байна. Би дүүгээ нас барснаас хойш Д.Э, Б.Э, Б.Б нартай ганц ч уулзаагүй. Дүүгээ эхнэрээсээ салахад нь би гэрт нь нэг нэгээр тавилга зөөж тохижуулж өгсөн. Иймд нэхэмжлэгч талд аавынхаа байрыг өгөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гүтгүүлж, доромжлуулж байгаа ээжийнхээ өмнөөс харамсаж байна. Өвөөгөө нас барах хүртэл би өвөөгийнхөө хажууд байсан. Д.Э, Б.Э, Б.Б нарыг өвөө дээр ирснийг нэг ч удаа хараагүй. Б.Э нь өвөөг эргэж ирсэн гэж хуулийн өмнө худлаа мэдүүлэг өгч байгаад гайхаж байна. Өвөөгөө нас барах хүртэл би хажууд нь байсан. Тиймээс миний бие болон манай эхнэр, дүү энэ бүгдийг гэрчилнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1-р байрны ... тоотын 2 өрөө байрыг Дорнод аймгийн орон сууц өмчлөх товчооноос 1993 оны 4 дүгээр сарын 3-нд С.Лхамсүрэн, Л.Болдсүрэн хоёрт хувьчилсан байдаг. 6 сарын дараа Лхамсүрэн гуай хүсэлт гарган ганц хүүгийнх нь эхнэр, хүүхэд учраас Д.Э, Б.Э, Б.Бнарын нэрийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нэмүүлсэн байдаг. Гэрчилгээг нарийвчлан харвал эхний 2 нэр нь 1 хүний бичилт, сүүлд нэмэгдсэн 3 хүний нэр нь өөр үзгээр, өөр бичилтээр бичигдсэн байна. Лхамсүрэн гуайг өмч хувьчлалын гэрчилгээндээ Д.Э, Б.Э, Б.Бнарыг бүртгүүлсэн байсныг хэн нь ч мэдээгүй байсан. Д.Э, Б.Э, Б.Бнар 2016 онд ипотикийн зээл хөөцөлдөж, байр авах гээд явж байх үедээ өмч хувьчлалын гэрчилгээн дээр нэр нь байгааг мэдсэн. Нэр нь бүртгэлтэйг мэдсэн үеэс байраа авна гэдэг үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Гэтэл тухайн үед 1-р байрны 66 тоот байр нь өвөөр гэрээслэгдсэн байсан. Лхамсүрэн гуайн үр хүүхдүүдэд гэрээ ордерын эх хувь байсан. Нэхэмжлэгч нар гар дээрээ тэр ордерыг барьж ч үзээгүй байж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ хаячихлаа гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Дорнод аймаг дахь үл хөдлөх хөрөнгийн газрын байцаагч Ганзориг дээр очиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дахин бичүүлсэн байдаг. Ганзоригийн хуурамч бичиг баримтыг хүлээн авч гэрчилгээг гаргаж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд эрүүгийн хэрэг юм. ...Үл хөдлөх хөрөнгийн газрын дарга Оюунбаярт бид бичгээр хүсэлт гаргахад гээгдүүлсэн гэсэн үндэслэлээр гэрчилгээг дахин авсан байна гэсэн хариуг өгсөн. Гэтэл тэр гэрчилгээ гээгдээгүй, төрсөн үр хүүхдүүдэд нь өвлөгдөөд үлдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь байж байхад Ганзориг байцаагч хуурамч бичиг баримт үйлдснээс болж энэ маргаан үүссэн. Байр чөлөөлж өг гэсэн нэхэмжлэл гаргах үндэслэл нэхэмжлэгч талд байхгүй. Учир нь 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн талийгаач Лхамсүрэн гуайн бичсэн гэрээслэл дээр тодорхой бичигдсэн байна. Д.Э нь 1 байрны 66 тоотод амьдарч байгаад Лхамсүрэн гуайд мэдэгдэлгүйгээр Дарьганга хийцийн 6 ширхэг том мөнгөн аяга, мөн гэрийн бүх тавилгыг аваад явсан, Д.Э өөрт оногдох хувийг авч явсан гэж үзэн Лхамсүрэн гуай гэрээслэлдээ Д.Э, Б.Э, Б.Бнарын нэрийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс хасуулаад өөрийн төрсөн үр хүүхдүүддээ өмчлүүлмээр байна гэсэн хүсэлт гаргасан. Нотариатч Д.Эгаар нотариатын үйлдлийг хуульд заасан журмын дагуу хийлгүүлсэн. Б.Эг очиход өвөө нь юм харахгүй, сонсгол нь муудсан байсан гэдэг худлаа юм. Ямар байсныг нотариатын үйлдэл хийсэн нотариатч, тухайн үеийн үзлэг хийж байсан өрхийн эмнэлгийн эмч Оюундэлгэр нар гэрчилнэ. Б.Э нь өвөөтэйгөө уулзсан гэж худлаа мэдүүлэг өгч байна. ...Нэхэмжлэл өгсөн өдрөөс өнөөдрийг хүртэл манай үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөж, дарамтанд оруулж, эдийн засгийн хохирол учруулж байна. Шүүхэд гаргасан энэ нэхэмжлэлийг хуурамч баримт бичгэн дээр үндэслэн гаргасан. Нэхэмжлэгч тал 1-р байрны 66 тоотод амьдарч байсан гэдэг тодорхойлолтыг 1989-2005 он хүртэл, 1990-2006 он хүртэл, 1986-2004 он хүртэл гэж олон янзын зөрүүтэйгээр хорооны Д.Э гэдэг байцаагчаас авдаг. Энэ хугацааг нарийн судлаад үзвэл Д.Э нь 2000 онд Л.Болдсүрэнгээс салаад явсныг гэрчүүд гэрчилнэ. 1-р байрны 66 тоотын байр, гэрэл, СӨХ-ны мөнгийг талийгаач Лхамсүрэн гуай өөрөө төлж байсан. Энэ талаар орон сууцны архиваас гаргаж болно. Нэхэмжлэгч тал бид энэ мөнгийг төлдөг байсан гэж худлаа ярьж байна. Б.Э, Б.Бнар нь бид нарыг харж хандаагүй гэж ярьдаг. Л.Х нь төрсөн дүүгийнхээ эхнэрийг эмнэлэгт эргэх гээд охин Бүжинг нь дагуулаад очихдоо Сүхбаатарын талбайд хамт авахуулсан гэрэл зургийг хэрэгт хавсаргасан. Мөн Б.Эг хуримаа хийхэд нь 500000 төгрөг, Б-д төрсөн өдрийн бэлэг гээд 100000 төгрөг өгч байсан. Тэгэхээр харж ханддаггүй байсан гэдэг нь худлаа юм. Нэхэмжлэгч Д.Эын хагалгаанд орсон, өвчтэй байсан гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өвчний түүх, эмнэлгийн картаа ч авчраагүй, эмнэлгийн даргын гарын үсгийг өөр хүн орлож зурсан байна. Д.Э нь талийгаач С.Лхамсүрэнтэй хамт амьдарч байсан гэх хуулийн заалтанд өөрийгөө хамруулах зорилгоор хуурамч бичиг баримтууд бүрдүүлсэн байна. Иргэний хуулинд сүүлийн 1 жилийн турш тухайн хөгшнийг асарч байсан хүнд өмчлөх эрх шилжинэ гэж заасан байна. С.Лхамсүрэн гуай өөрөө гэрээслэлдээ нэхэмжлэгч талыг өөрт оногдох хуваарьт өмчөө авж явсан гэж бичсэн байна. 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нотариатын үйлдэл хуулийн дагуу хийгдсэн. Нэхэмжлэгч тал гэрчилгээнд заасны дагуу өмчлөх, эзэмших эрхтэй гэж байна. Гэтэл Иргэний хуулинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр бүртгэгдсэн хүмүүс тухайн байрыг өмчлөх эрхтэй гэсэн заалт байхгүй. Талийгаач С.Лхамсүрэн гуай гэрээслэлдээ нэхэмжлэгч нарын нэрийг хассан. ...Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нар байрыг өмчлөх эрхтэй өмчлөгчид гэж боддог байсан бол талийгаач Л.Болдсүрэн болон С.Лхамсүрэн нарын оршуулгын ажил явдалд оролцох ёстой байсан. Гэтэл 13 жилийн дараа байр өвлөх талаар ярьж байна, үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.1, 530.2.4-д зааснаар Л.Болдсүрэнгийн оршуулгын зардал 7.000.000 төгрөг, С.Лхамсүрэн гуайн эмчилгээний зардал 3.000.000 төгрөг, оршуулгын зардал 10.000.000 төгрөг, 1986 оноос өнөөг хүртэл 1-р байрны 66 тоотод 2 удаа их засвар хийсэн 7.500.000 төгрөг, нийтдээ 27.500.000 төгрөгийг нэхэмжилж гаргуулна.

Иймд бид анхны нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотариатын бүх үйлдэл хууль ёсны дагуу хийгдсэн гэжээ.

            Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Л.Х, Л.Сувдсүрэн нарыг С.Лхамсүрэнгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2-д заасны дагуу Д.Э, Б.Э, Б.Бнар нь Л.Х, Л.Сувдсүрэн нарыг С.Лхамсүрэн гуайн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох эрх байхгүй юм. Л.Х, Л.Сувдсүрэн нар хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгч тал хууль ёсны өвлөгчийг тогтоолгох нь хууль зүйн үндэслэлгүй. ...1-р байрны 66 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр одоог хүртэл С.Лхамсүрэн, Л.Болдсүрэн, Д.Э, Б.Э, Б.Б гэсэн 5 хүний нэр байна. Д.Э, Б.Э, Б.Б нар өмчлөгчид хэвээрээ байгаа. Харин С.Лхамсүрэн болон Л.Болдсүрэнд оногдох хэсгийг яах вэ гэдэг асуудал яригдаж байна. Л.Болдсүрэнд оногдох өмчлөх эрхийг миний хийсэн нотариатын үйлдэл зөрчөөгүй юм. Талийгаач С.Лхамсүрэн гуайд оногдох хэсгийг л Л.Х, Ч.А нарт өвлүүлэх талаар заасан болохоос, Л.Болдсүрэнд оногдох хэсгийг Л.Х, Ч.А нарт өвлүүлнэ гэж гэрээслэлд заагаагүй. Миний хийсэн нотариатын үйлдэл нь Д.Э, Б.Э, Б.Б нарын эрхийг хөндөөгүй гэж үзэж байна. Өнөөдрөөс 14 жилийн өмнө буюу 2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гэрээслэл хийгдсэн. 2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 16-р байрны 89 тоотод гэрээслэл хийх гэж миний бие очсон юм. Намайг ороход С.Лхамсүрэн гуай орон дээрээ суучихсан, охин Л.Х, Л.Сувдсүрэн, зээ хүү Ч.А нар байсан. Тэр үед Лхамсүрэн гуай хүүгээ алдаад удаагүй байсан тул сэтгэл санааны хямралтай байсан. Лхамсүрэн гуай надад Д.Э хүүхдүүдээ аваад, гэрийн тавилгаа хүртэл аваад явсан талаар ярьж байсан. Лхамсүрэн гуай тухайн үед бичсэн гэрээслэлээ надад харуулсан. Лхамсүрэн гуай Болдсүрэнгийн төрсөн эцгийн хувьд хуульд заасан үндэслэлээр Л.Болдсүрэнд оногдох хувийг эзэмших эрхтэй. Гэтэл Лхамсүрэн гуай тэр хувийг өөрөө авахгүй, зээ хүү Ч.А-д эзэмшүүлнэ гэж хэлсэн. Энэ талаараа гэрээслэл дээрээ бичсэн байсан. 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн гэрээслэлийг хуульд заасан журмын дагуу үйлдсэн. Миний хийсэн нотариатын үйлдлийг нэхэмжлэгч тал үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл миний хийсэн гэрээслэл гэрчлэх нотариатын үйлдэл нь 1997 оны Нотариатын тухай хуулийг үндэслэн хийгдсэн. 2011 оны 2 сарын 10-ны өдөр Нотариатын тухай шинэчлэгдсэн хууль батлагдсан. 2011 оны 2 сарын 10-ны өдрийн Нотариатын тухай шинэчлэгдсэн хуулинд гэрээслэл гэрчлэхдээ танхимд бүртгүүлэх, танхимд 1 хувийг хадгалуулах тухай заалтууд нэмэгдсэн. 1997 оны Нотариатын тухай хуулинд өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээслэл зэргийг гэрчилнэ гэсэн заалт байдаг. Харин танхимд 1 хувийг хадгалуулна гэсэн заалт байхгүй. Лхамсүрэн гуайн ухаан саруул, бие нь эрүүл надтай юм яриад сууж байсан. Өөрөө гэрээслэлээ бичээд надад уншуулсан. Л.Х бичсэн гэрээслэлийг хуулж бичээд Лхамсүрэн гуай өөрөө гарын үсгээ зурсан учир эмчийн магадлагаа авах шаардлага байгаагүй. Шаардлагатай тохиолдолд л эмчийн магадлагаа авахаар заасан. 2011 оны 2 сарын 10-ны өдрийн Нотариатын тухай шинэчилсэн хууль гарснаас хойш Нотариатын танхимаас улсын хэмжээнд гэрээслэлд нийтэд нь нэг дугаар авдаг болсон. 1997 оны хуулиар тухайн гэрээслэлийг гэрчлэх нотариатын үйлдэл үйлдэж байсан нотариатч өөрөө дугаар өгдөг байсан. Гэтэл миний хийсэн энэ нотариатын үйлдэл нь 2005 онд хийгдсэн. Энэ гэрээслэлийн хувьд Лхамсүрэн гуай өөрөө гарын үсгээ зурсан. Тухайн гэрээслэлийг задлагч нь Ч.А байсан. Ингээд 2010 онд Ч.А гэрээслэлийг над дээр авч ирсэн. Л.Болдсүрэнг нас бараад удаагүй байхад Лхамсүрэн гуай нас барсан. Ийм учраас хууль ёсны өвлөх эрх нь дуусгавар болсон байсан. Тиймээс би С.Лхамсүрэн гуайд оногдох өвийн хэсгийг Ч.Аод өвлүүлж 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгсөн. Тухайн өвлөх эрхийн гэрчилгээнд Л.Болдсүрэн гэсэн нэр нэг ч байхгүй. Нэхэмжлэгч тал Л.Болдсүрэнгийн өвлөх хэсгийг С.Лхамсүрэн гуайд ногдуулсан байна гэж ойлгоод байна. Миний бие С.Лхамсүрэн гуайд оногдох хэсгийг л Ч.Аод өвлүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Л.Х нь хүсэлт гаргасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Л.Х нь С.Лхамсүрэн гуайн төрсөн охин нь учир өвлөх эрхийн гэрчилгээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй. С.Лхамсүрэн гуайн охин Л.Сувдсүрэн ч түүний хууль ёсны өвлөгч юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ч.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны ... тоотын өмчлөгч байх бөгөөд уг байрны өмчлөгч болох Лхамсүрэн, хүү Болдсүрэн нар нас барж, С.Лхамсүрэн нас барахаас өмнө уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бидэнд өгч, нотариатчийг дуудан өөрөө гэрээслэл бичиж байрыг охин Л.Х, зээ хүү Ч.А нарт өвлүүлсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ өвлөгч тус бүр дээр бичигдсэн байгаа. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны 66 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү. ...Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

            Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн 01 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл болон гэрээслэл, өвлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр бус тул хариуцагч Ч.Аод уг үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч болох үндэслэл байхгүй ... гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2019/00205 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 1997 оны Нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 2011 оны Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар 2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн 01 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгон 01 дугаартай гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцох, мөн 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэлээс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 1 дүгээр байрны 66 тоот 29 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны Л.Болдсүрэнд оногдох 20 хувийг нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нар өвлөх эрхтэй болохыг тогтоон, Д.Э, Б.Э, Б.Б нарыг Л.Болдсүрэнгийн хууль ёсны өвлөгчөөр, мөн тус орон сууцны С.Лхамсүрэнд оногдох 20 хувийг түүний төрсөн охин Л.Х өвлөх эрхтэй болохыг тогтоон, Л.Х-г С.Лхамсүрэнгийн хууль ёсны өвлөгчөөр тус тус тогтоож, 

            Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1, 520 дугаар зүйлийн 520.6 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 1 дүгээр байрны 66 тоот 29 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нарын өмчлөлд үлдээн, нэхэмжлэгч нараас С.Лхамсүрэнд оногдох хувь болох 6.291.400 /зургаан сая хоёр зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж түүний хууль ёсны өвлөгч Л.Х-д олгож, хариуцагч Ч.А-ын орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.А, Л.Х нарын хууль бус эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нарт хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч Ч.А, Л.Х нараас орон сууц хөлслүүлсэн орлого 3.360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөг, хариуцагч Ч.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгнөөс 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Бнараар улсын тэмдэгтийн хураамжид 138.910 төгрөгийг нөхөн төлүүлж төсвийн орлого болгон, хариуцагч Ч.А, Л.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 282.950 төгрөг, хариуцагч Д.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн хариуцагч Ч.Аын 212750 төгрөг, Л.Хгийн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогоос буцаан олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг Хэрлэн сум 9 дүгээр баг 1 дүгээр байрны 66 тоот байрыг С.Лхамсүрэн гуай анх 1986 онд улсаас олгосон тул гэрээгээр эзэмшиж байсан. 1988 оны 04 сарын 03-нд орон сууц хувьчлах өмч хувьчлалын комиссын хурлаар улсад олон жил ажилласан ахмад дайчин С.Лхамсүрэн гуайд хувьчилж өгсөн бөгөөд ордер дээр С.Лхамсүрэн болон хүү Л.Болдсүрэнгийн нэр байсан. Үүнээс үзэхэд энэ байр бол С.Лхамсүрэн гуайн хуваарьт хөрөнгө юм. Хуваарьт хөрөнгөө захиран зарцуулах, ашиглах, өмчлөх эрх нь С.Лхамсүрэнд байсан тул уг 1 дүгээр байрны 66 тоот 29 м2 орон сууцыг С.Лхамсүрэн гуайн хуваарьт хөрөнгө мөн болохыг тогтоож өгнө үү гэж удаа дараа хүсэлт нэхэмжлэл гарган тэмдэгтийн хураамж төлж байсан боловч ... хуваарьт хөрөнгө болохыг тогтоож өгөөгүй. Хэрвээ хуваарьт хөрөнгийг тогтоогоод өгчихсөн байсан бол энэхүү маргаан гаргахгүй байсан.

Учир нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.4-т өвлөх үндэслэлийг /хуульд заасан өв залгамжлалыг гагцхүү өвлүүлэгч гэрээслэлээр өөрчлөх эрхтэй/ заасны дагуу С.Лхамсүрэн нь захиран зарцуулах, өөрчлөлт оруулах эрхийнхээ дагуу 1 дүгээр байрны 66 тоот 29 м2 орон сууцыг охин Л.Х, зээ хүү Ч.Аод өвлүүлэх гэрээслэлээ бичиж нотариатаар баталгаажуулсан. Энэ баталгаажуулалт нь 2010 оны 04 сарын 30-ны өдрийн 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2005 оны 01 сарын 17-ны өдрийн 01 дугаартай гэрээслэлээр нотлогдоно.

С.Лхамсүрэн нь Дорнод аймгийн нотариатын газарт хүсэлт гаргахдаа талийгаач хүү Л.Болдсүрэнд оногдох хувийг зээ хүү Ч.Аод эзэмшүүлэх хүсэлтэй байна гэж өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн. Энэ нь 2005 оны 01 сарын 17-ны өдөр нотариатад гаргасан хүсэлтээр нотлогдоно. Мөн гэрээслэлдээ 9-р баг 1 дүгээр байрны 66 тоот байрыг төрсөн охин Л.Х, зээ хүү Ч.Аод гэрээслэж үлдээсэн. Энэ нь 2005 оны 01 сарын 17-ны өдрийн 01 дугаартай гэрээслэлээр нотлогдоно. Дээрх байрныг өвлүүлэх талаар өөрийнхөө хүсэл зоригийг тодорхой илэрхийлж, үүнийхээ үндсэн дээр гэрээслэлээ бичгээр үйлдэж өөрийнхөө гарын үсгийг үнэн зөв болохыг гэрчилж нотариатч Д.Эгаар баталгаажуулсан байхад хүсэл зоригийн илэрхийлэл нь тодорхойгүй, ойлгомжгүй, гэрээслэгчийн хүсэл зоригийг тодруулаагүй гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...С.Лхамсүрэн нь гэрээслэлдээ хавсаргаж өгсөн нотариатад хандаж бичсэн хүсэлтдээ Д.Э өөрт болон хүүхдүүддээ оногдох хувийг аваад явсан гэж үзээд

охин Л.Х, зээ хүү Ч.Аод өвлүүлнэ гэж гэрээслэл хийж баталгаажуулахдаа хувьчлагдсан орон сууцны гэрчилгээг үзүүлж Д.Э өөрт оногдох хувиа аваад явсан гэдгийг дахин дахин сануулаад өөрийн өмчлөлтэй байраа охин болон зээ хүү нартаа өвлүүлнэ гэж гэрээслэл үйлдсэн. Тухайн үед нотариатч Д.Э нь үүнээс үүсэх үр дагаврыг тайлбарлаж “...Д.Э, Б.Э, Б.Бнарыг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрээ нэмж бүртгүүлсэн шигээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс тэднийг хасуулах ёстой” гэж хууль зүйн үүднээс үүсэх үр дагаврыг тайлбарлаж хасалт хийлгэх хүсэлтийг нь гаргуулж авах ёстой байсан. Гэтэл нотариатч Д.Э нь нотариатын хууль дүрмээ мэдсээр байж ...хүсэл зоригийг нь үл ойшоож, гэрээслэлээс үүсэх үр дагаврыг хайхралгүй хуульд заасны дагуу зөвлөгөө өгөөгүй.

            Гэрээслэл баталгаажуулах үйлдлийг дутуу хийснээс болж охин, зээ хүү нар нь өөрийнхөө эцгийн гал голомтыг алдахад хүрч, хохирч байгаа учраас Нотариатын буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэм хорыг Эрүүгийн хуулийн 17.10-т зааснаар цагдаагийн байгууллагад өгч шалгуулна. Энэ асуудлыг шалгаж дуусах хүртэл тус иргэний хэргийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь гэрээслэгчийн гэрт очиж үйлчилгээ үзүүлсэн атлаа бүртгэлийн дэвтэрт тусгайлан тэмдэглэгээ хийгээгүй, гэрээслэл үйлдэх үед С.Лхамсүрэн нь өөрийн үйлдлийг бүрэн гүйцэд ойлгох чадвартай байсан бөгөөд гэрээслэлийг уншиж өөрийнхөө гарын үсгийг зурж нотариатчаар баталгаажуулсан. Тухайн үед нотариатч Д.Э нь эмчийн магадлагаа хэрэгтэй гэдгийг мэдсээр байж магадлагааны талаар огт дурсаагүй. ...Уг гэрээслэлийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байхад шүүх С.Лхамсүрэнгийн хүсэл зориг нь тодорхойгүй, ойлгомжгүй, гэрээслэгчийн хүсэл зоригийг тодруулаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 12 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд Дорнод аймаг Хэрлэн сум 9 дүгээр баг 1 дүгээр байрны 66 тоот орон сууцыг зээ хүү Ч.Аод өвлүүлэхээр гэрээсэлсний дагуу өвлөх эрх үүссэн нь тодорхой байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Энэ үндэслэлгүй дүгнэлтээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож гэрээслэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь шүүхийн шийдвэр нь үнэн зөв, бодитой байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгч талыг хэт барьж дүгнэлт гаргасан байна.

...Нэхэмжлэгч нар нь ипотекийн зээлээр орон сууц авах гэж хөөцөлдөж байхдаа 1-66 тоот байрны ордер дээр өөрсдийнхөө нэр байгааг мэдэж авсан байдаг. Энэ тухайгаа Ч.Аод ярьж, байрны ордерийг хаяж гээгдүүлсэн худал баримт бүрдүүлж ордер бичүүлж авснаа хэлсэн. Төрсөн эцэг Л.Болдсүрэн, өвөг эцэг С.Лхамсүрэнг нас барахад оршуулгын ажил явдалд нь ч оролцоогүй, амьд сэрүүн байхад нь нэг ч удаа очиж уулзаагүй мөртлөө очиж уулзсан мэт худал ярьж улсад он удаан жил үр бүтээлтэй ажилласны үр дүнд улсаас хувьчилж өгсөн гал голомтыг нь авах гэж улайран хөөцөлдөж байгаа нь С.Лхамсүрэн гуайн хуваарьт хөрөнгийг үр хүүхэддээ гэрээслэлээр өвлүүлж өгсөн байрны ордер дээр өөрсдийнх нь нэр байсныг ч Д.Э нар мэдээгүй, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаагүй, өвлөх эрхээ алдсан төдийгүй Л.Болдсүрэнгийн өвлөх эрх нь С.Лхамсүрэнд шилжсэн учраас охин Л.Х, зээ хүү Ч.А нарт байрыг бүхэлд нь гэрээслэлээр өвлүүлсэн. Хэрлэн сумын 9-р баг, 1-66 тоот байрны ордер өөрсдөд нь байсан түүнийг хаяж үрэгдүүлсэн мэтээр хуурамч нотлох баримт бүрдүүлж уг байрны Ү-0614000580 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг. ...Мөн энэ орон сууцны маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд нотариатч Д.Эд Эрүүгийн хуулийн 17.10.1-т зааснаар өмчлөгчийн эрхийг зөрчсөн нотариатын буруутай үйл ажиллагаанаас их хэмжээний хохирол учруулсан асуудлаар /орон байраа алдах/, Эрүүгийн хуулийн 21.1, 23.1, 23.4-т зааснаар Д.Э, Б.Э, Б.Бүжин, Ганзориг нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаар шалгуулсны дараа иргэний хэргийг шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж Хэрлэн сумын 9 дүгээр баг 1 дүгээр байрны 66 тоот орон сууцыг С.Лхамсүрэнгийн хуваарьт хөрөнгө мөн болохыг тогтоолгох. Эрүүгийн хэргийг шалгаж дуустал иргэний хэргийг түдгэлзүүлэх шаардлагатай байна. Учир нь эрүүгийн хэрэг дууссаны дараа иргэний хэргийг сэргээж шийдвэрлэх нь хуульд нийцсэн, үнэн зөв, бодитой шийдвэр гаргах үндэслэл болно.

Иймд гаргасан гомдлыг бүх талаас нь бодитой судалж, үнэлж дүгнэн хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нар нь дараахь нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ. Үүнд:

1. 2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн 01 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, 01 дугаартай гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон тус 12, 74 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, 

2. Ү-0614000580 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцнаас Л.Болдсүрэнгийн өмчилж байсан 20 хувийг хууль ёсны өвлөгч болох эхнэр Д.Э, төрсөн хүүхдүүд Б.Э, Б.Бнарыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, Д.Э, Б.Э, Б.Бнарыг Л.Болдсүрэнгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох,

3. Ү-0614000580 тоот үл хөдлөх хөрөнгийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцнаас С.Лхамсүрэнгийн өмчилж байсан 20 хувийг түүний төрсөн охин Л.Х, Л.Сувдсүрэн нарыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, тэднийг С.Лхамсүрэнгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох,

4. Ү-0614000580 тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцыг Ч.А, Л.Х нарын хууль бус эзэмшлээс гаргуулж, хууль ёсны өмчлөгч болох Д.Э, Б.Э, Б.Бнарт хүлээлгэн өгөхийг Ч.А, Л.Х нарт даалгуулах, хариуцагч нараас тус орон сууцыг бусдад хөлслүүлж олсон ашгаас 2015 оны 8 сараас 2017 оны 11 сар хүртэл хугацаанд хамрагдах нийт 28 сарын орон сууц хөлслүүлсэн орлогын нэхэмжлэгч нарт оногдох 80 хувь буюу 3.360.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг гаргасан байна. /2 дугаар хх-ийн 48-49 дэх тал/

Хариуцагч Ч.А нь Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /1 дүгээр хх-ийн 69 дэх тал/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд маргааны зүйл болсон Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны ... тоот 2 өрөө орон сууцыг С.Лхамсүрэн нь 1986-1998 оны 04 сар хүртэл эзэмшиж байгаад 1998 оны 04 сард хувьчилж авахдаа С.Лхамсүрэн, хүү Л.Болдсүрэн, түүний эхнэр Д.Э, ач охин Б.Э, Б.Б нар нь хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж өмчлөгч болсон гэдэг нь улсын бүртгэлийн 0611000580 дугаарт бүртгэсэн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, орон сууц ашиглах эрхийн бичиг, Дорнод аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 43, 46, 47, 49 дэх талууд/

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар дээрх орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тооцогдох учраас Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар С.Лхамсүрэн нь хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн бусад гишүүдийн харилцан тохиролцол буюу зөвшөөрөлгүйгээр уг орон сууцыг бүхэлд нь захиран зарцуулах, тухайлбал Л.Х, Ч.А нарт бүхэлд нь гэрээслэх эрхгүй юм гэж тус шүүх дүгнэлээ.

Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагатай нийцсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Анхан шатны шүүх 2005 оны 01 сарын 17-ны өдөр үйлдэгдсэн 01 дугаар бүхий гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл, 2010 оны 04 сарын 30-ны өдрийн 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатыг үйлдэл болон 01 дугаар бүхий гэрээслэл, 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ нь тус тус хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч Ч.Аыг Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж дүгнэж, сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн нь “...Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа тул хэргийг түдгэлзүүлэх...” талаар давж заалдах гомдолдоо дурджээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэргийг түдгэлзүүлэх үндэслэлгүй байна. Хэргийг түдгэлзүүлэх ажиллагаа нь анхан шатны шүүхэд хамаарах асуудал бөгөөд тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэргийг түдгэлзүүлэх талаар хүсэлт гаргаагүй, энэ талаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй. ...”, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.” гэж тус тус заасан байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2019/00205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧЛ.НАРАНБАЯР

                  ШҮҮГЧИД                                                                 Ж.ДОЛГОРМАА

  •