Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2025       07          01                                    2025/ШЦТ/128

      

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,

 улсын яллагч Б.Халиунгоо,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2504001640130 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ........... оны ........дугаар сарын .........-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт .......... дүүргийн .........дугаар хороо, ......дугаар байрны ......тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

1.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

2.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар,

3.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, .......... овогт ...............(РД:.........),

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуудаг М бааранд хохирогч Б.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар электрон тамхи, хуванцар савтай ус шидэж, түүний эрүүл мэндэд хамрын ясны шинэ хугарал, толгойн ар хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 00 цагийн орчимд найзуудтайгаа уулзаад машин дотор 1 шил архи хувааж уусан. Тэгээд шөнийн 02 цагийн үед М баар орсон. Тэгээд 1 цаг орчим болоод байж байтал манай найз Батбуян байхгүй болохоор нь дээшээ гараад хартал дээр байсан бөгөөд дээд давхарт зүс таних залуучууд байсан. Хохирогч гэх залуу “чи юугаа хараад байгаа пизда вэ” гэж хэлэхээр нь би өөдөөс нь би “айн” гэсэн чинь “зайлаач пизда чинь” гэж хэлэхээр халаасанд байсан электрон тамхи гаргаж ирээд шидсэн чинь тэр залуугийн хүзүүн дээр нь оносон. Тэгээд ширээн дээр байсан хуванцар савтай ус  байхаар нь аваад шидсэн чинь нуруу руу нь оносон. Тэгсэн тэр залуу босож ирээд миний өмсөж байсан цамцны энгэрээс заамдсан. Тэгээд бид хоёр салсан. ...миний үйлдлийн улмаас *******ын биед гэмтэл учирсан бөгөөд хувийн  эмнэлэгт үзүүлж хагалгаанд орох хугацааг тогтоогоод хагалгаанд орсны дараа гарсан зардлыг нөхөн төлөхөөр ярилцсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28, 38, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 04-ний орой 23 цагийн үед Улаанбаатар хотоос ирээд шууд Ахиц лоунжид сууж байгаад шөнийн 01 цагийн үед М баар ороод найзуудтайгаа таарсан. Тэгээд пиво ууцгаагаад доошоо бууж бүжиглэж байгаад буцаад дээшээ гарч суусан. Бид хэд доод давхарт сууж байсан бөгөөд дээд давхар бас манай найзууд сууж  байсан бөгөөд би дээшээ мэнд мэдсэн. Тухайн үед тэд нар хоорондоо маргалдаад байсан. Тэр үед доод давхарт сууж байсан зүс таних ******* дээшээ гарч ирээд миний хажууд суусан. Би тэр үед найзууд руугаа анхаарлаа хандуулсан байсан учраас юу ярьж байгааг нь сонсоогүй бөгөөд би “чи зүгээр яваа, зайлаа” гээд хэлчихсэн. Тэгтэл өөдөөс ширээн дээр байсан хуванцар савтай ус аваад шидэхэд нь миний хамарыг оносон. Тэр үед миний хамарнаас шууд цус гарсан бөгөөд тэр үед найз Золжаргал намайг тэвэрч авсан. Намайг босох үед дахиад миний толгой руу хатуу юмаар шидэх шиг болсон. Тэр үед миний толгойноос цус гарсныг би мэдээгүй. Тэгээд би доошоо буугаад цусаа угааж байтал цагдаа нар ирсэн. Тухайн үед Гантулгын дүү Бөхөө байсан. Бид хоёр хоорондоо маргалдсан. Миний хамар хавдаад их хэмжээний цус гарсан. Би дараа нь эмнэлэгт явж байхдаа толгойн ар хэсгээс цус гарч язарсан байсныг мэдсэн. Дээрх гэмтлүүдийг ******* юм шидэж гэмтэл учруулсан. Би Гантулгын биед хүрээгүй. Би гомдолтой байна. Эмнэлэгт үзүүлсэн хамар гэмтсэн байж магадгүй тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ, цаашдаа эмчилгээ шаардлагатай гэвэл эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13),

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* ах ирээд зогссон. Гэтэл ******* “чи зайл” гэж хэлсэн. Тухайн үед ******* сандал дээр суусан байдалтай ******* ах бага зэргийн зайтай зогсож байсан. Тэгснээ гэнэт ширээн дээр байсан устай хуванцар савыг аваад ******* руу шидсэн. Тэгтэл тэр сав нь *******ын хамар хэсэгт оносон. Тэгтэл *******ын хамраас нь цус гарсан. Тэгтэл дахиад ******* ах лаазтай пиво шидсэн. Тэр үед ******* хамраа дараад доошоо тонгойчихсон байсан. Шидсэн лаазтай пиво нь толгойн ар хэсэгт нь оноод толгойноос нь цус гарсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод боль гээд холдуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 144 дугаартай “******* биед хамрын ясны шинэ хугарал, толгойн ар хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх хамрын ясны хугарал, шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 20-21)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02-03/1818 дугаартай албан бичгээр “Батмөнх овогтой ******* /РД:ФА95022617/ нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, 427 дугаар нээлттэй, хаалттай  хорих ангид ял эдэлж байгаад 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан болно” гэжээ. (хх-ийн 82),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол “Хяналты камерын бичлэг бүхий CD 1 ширхэг ” (хх-ийн 9),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 7-8),

Хохирогч, шүүгдэгч нарын согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 54, 61),

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 64),

Хохирогчийн эмнэлгийн тусламж авахад гарсан зардлыг төлсөн баримт (хх-ийн 65),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 43-50),

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 65, 68-81) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, талууд шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гараагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуудаг М бааранд хохирогч Б.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар электрон тамхи, хуванцар савтай ус шидэж, түүний эрүүл мэндэд хамрын ясны шинэ хугарал, толгойн ар хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

-хохирогч ******* “Тэр үед доод давхарт сууж байсан зүс таних ******* дээшээ гарч ирээд миний хажууд суусан. Би тэр үед найзууд руугаа анхаарлаа хандуулсан байсан учраас юу ярьж байгааг нь сонсоогүй бөгөөд би “чи зүгээр яваа, зайлаа” гээд хэлчихсэн. Тэгтэл өөдөөс ширээн дээр байсан хуванцар савтай ус аваад шидэхэд нь миний хамарыг оносон. Тэр үед миний хамарнаас шууд цус гарсан бөгөөд тэр үед найз Золжаргал намайг тэвэрч авсан. Намайг босох үед дахиад миний толгой руу хатуу юмаар шидэх шиг болсон. Тэр үед миний толгойноос цус гарсныг би мэдээгүй” гэсэн мэдүүлэг,

-гэрч ******* “******* ах ирээд зогссон. Гэтэл ******* “чи зайл” гэж хэлсэн. Тухайн үед ******* сандал дээр суусан байдалтай ******* ах бага зэргийн зайтай зогсож байсан. Тэгснээ гэнэт ширээн дээр байсан устай хуванцар савыг аваад ******* руу шидсэн. Тэгтэл тэр сав нь *******ын хамар хэсэгт оносон. Тэгтэл *******ын хамраас нь цус гарсан. Тэгтэл дахиад ******* ах лаазтай пиво шидсэн. Тэр үед ******* хамраа дараад доошоо тонгойчихсон байсан. Шидсэн лаазтай пиво нь толгойн ар хэсэгт нь оноод толгойноос нь цус гарсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод боль гээд холдуулсан” гэсэн мэдүүлэг,

-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлт,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 9),

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 7-8),

-Хохирогч, шүүгдэгч нарын согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

          Шүүгдэгч ******* нь хохирогч Б.*******той маргалдаж, электрон тамхи, хуванцар савтай ус шидэж, түүний эрүүл мэндэд хамрын ясны шинэ хугарал, толгойн ар хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,500,000 төгрөгийг нэхэмжилнэ гэх хүсэлт гаргасан (хх-ийн 63) боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал 182,574 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Иймд шүүгдэгч ******* хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* цалин хөлс, орлого олох боломж, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CDхэрэгт хавсарган үлдээж, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

             1.Шүүгдэгч .......... овогт ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ......... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ......... гаргасан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

    7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй

     8.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ