| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0129/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/129 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/129
2025 07 01 2025/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
Улсын яллагч Б.Халиунгоо,
Шүүгдэгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2504000000142 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .....оны .......дугаар сарын ........-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой (Монгол хэл, бичиг уншиж, бичиж чадна гэх), мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 5, ээж, 12-18 насны 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум, Баянмөнх 6-05 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, ........ овогт ............ (РД:...........),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Долгорсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 05 дугаар сарын 22-ны орой Багануур дүүргийн 3 дугаар хороо, Холбооны 4 замын уулзварт Toyota Prius-11 маркийн 03-35 ХЭА улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг 2,75 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Зам зуур дэлгүүрээс 1 шил архи аваад хамт ажилладаг залуутай хамт машин дотор хувааж уусан. Тэгээд Багануур дүүргийн 3 дугаар хороонд ажиллаж байсан газартаа очихоор явж байтал цагдаа зогсоож шалгасан бөгөөд 2,75 хувийн согтолттой гэж гарсан. Тухайн үед Toyota Prius-11 маркийн 03-35 ХЭА улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан. 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан. Одоо жолооны эрхгүй. ...Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13, 43-44, хуралдааны тэмдэглэлээс),
Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “...Б.Долгорсүрэн (РД:...........) нь .......... улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2,75 хувийн согтолттой согтуурсан үедээ жолоодсон…” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7),
Цагдаагийн албан хаагчийн “...Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч д/ч Б.Цагааннохой би эргүүлд үүрэг гүйцэтгэх хугацаанд холбооны 4 замаас, хилчин зам дээр 03-35 ХЭА улын дугаартай автомашиныг зогсоон шалгахад Б.Долгорсүрэн нь 2,75 хувийн согтолттой эрхээ хасуулсан үедээ жолоодсон. ...” гэсэн илтгэх хуудас (хх-ийн 8)
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай “...Шүүгдэгч Боржигон овогт Бат-Очирын Долгорсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бат-Очирын Долгорсүрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэсэн шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 27-32),
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээллтэй хорих ангийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01/1349 дугаартай албан бичгээр “Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор Боржигон овогт Бат-Очирын Долгорсүрэн (РД:..........) нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх 1 жил, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ 1 жилийн хугацаагаар тус тус авагдаж шийтгэх тогтоол 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр болж хяналтанд ял эдэлж байгаа болно” гэжээ. (хх-ийн 25)
Жолоочийн лавлагаагаар “...Эрх хасагдсан төлөвтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл эрх хасагдсан” гэсэн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 18),
Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4),
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 6),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 17-22),
Шүүгдэгч Б.Долгорсүрэн нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 23, 27-32) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Долгорсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 05 дугаар сарын 22-ны орой Багануур дүүргийн 3 дугаар хороо, Холбооны 4 замын уулзварт Toyota Prius-11 маркийн 03-35 ХЭА улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг 2,75 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодсон болох нь:
-Шүүгдэгч ******* өгсөн “2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Зам зуур дэлгүүрээс 1 шил архи аваад хамт ажилладаг залуутай хамт машин дотор хувааж уусан. Тэгээд Багануур дүүргийн 3 дугаар хороонд ажиллаж байсан газартаа очихоор явж байтал цагдаа зогсоож шалгасан бөгөөд 2,75 хувийн согтолттой гэж гарсан. Тухайн үед Toyota Prius-11 маркийн ...........улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан. 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан” гэсэн мэдүүлэг,
-Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
-Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
-Жолоочийн лавлагаа, мэдээлэл,
-Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт,
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
Шүүгдэгч Б.Долгорсүрэн нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, шийтэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 22-ны орой Багануур дүүргийн 3 дугаар хороо, Холбооны 4 замын уулзварт Toyota Prius-11 маркийн ............улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг 2,75 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль /хувь/ эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль /хувь/ илэрснийг ойлгоно гэжээ.
Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр шүүгдэгч ******* согтуурлыг драйгер багажаар шалгахад 2.75 хувийн согтолттой гарсан байна.
Шүүгдэгч ******* үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хэргийн хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөргүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоох саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ******* хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Долгорсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч ******* Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 ,2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч ******* энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ......... овогт .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч ******* 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ