| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2017/01586/И |
| Дугаар | 183/ШШ2017/01814 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2017/01814
| 2017 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2017/01814 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоотод байрлах, “Жи мобайл” ХХК/рд:5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 29 дүгээр гудамжны 2Б тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Боржигон овогт Ганхуягийн Пүрэвсүрэн/рд:ЗЮ84121360/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Пүрэвсүрэн нь манай компанитай 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Г.Пүрэвсүрэн нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 220 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Г.Пүрэвсүрэнгээс “төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 110 000 төгрөг буюу нийт 330 000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Г.Пүрэвсүрэнд холбогдуулан төхөөрөмжийн үнэ 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг нийт 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, Жи-Мобайл ХХК нь 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 интернетийн төхөөрөмжийг зээлээр өгч, худалдан авагч Г.Пүрэвсүрэн нь урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон байх ба төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги төлөхөөр тохиролцжээ.
Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч Г.Пүрэвсүрэн NP10 төхөөрөмжийг хүлээн авсан байх боловч дээрх гэрээний хугацаанд 20 000 төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн талуудын байгуулсан гэрээний 5.3-т “хэрэглэгч нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд компани нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувиар алданги тооцно” гэж тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хэтрүүлсэн хугацааны хоног тутам алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Пүрэвсүрэнгээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг нийт 330 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүх хариуцагч Г.Пүрэвсүрэнд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хариуцагч нь 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлээ тайлбарлаж, нотлох баримт гаргах үүргийг хүлээсэн боловч дээрх хугацаанд хариу тайлбараа гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.
Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа өгөөгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүх шийдвэрлэн, шүүх хуралдааны товыг хариуцагчийн 99035906 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийнг 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Ганхуягийн Пүрэвсүрэнгээс 330 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ