Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Зулаа,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Шүүгдэгч: Х.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414003260149 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар :

 Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 6-30-128 тоотод гэртээ унтаж байхдаа 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 07 хоногтой өөрийн төрсөн хүүхдийг хөхөөрөө дарж амьсгал бүтэлтэд оруулж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Шүүгдэгч  Х.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Миний бие холбогдох эрх үүрэгтэйгээ танилцсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна. Дахиж яримааргүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 133-134 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай хүүхэд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн. Одоо яг төрөөд 7 хонож байгаа. 2024 оны 5 дугаар  20-ны өдөр эмнэлгээс гараад гэртээ ирсэн байсан. 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгээс гараад гэртээ ирсэн байсан. 2024 оны 5 дугаар сарын 21-22 шилжих шөнө 02 цагийн үед манай хүүхэд эхнэр хоёр унтаж байсан. Би тухайн үед гар утсаа үзээд хэвтэж байгаад унтсан. Тэгээд өглөө 06 цагийн үед сэрээд харах үед манай хүүхэд унтаж байх шиг байсан. Тэгээд өглөө 9 цагийн үед манай эхнэр орилоод босоод ирэхээр нь яасан бэ гэсэн чинь манай хүүхдийн царай нь сонин болсон байдалтай байхаар нь эмнэлэг дуудаад үзүүлсэн чинь манай хүүхдийг нас барсан байна гэж хэлсэн. ...манай эхнэр бага зэрэг ханиад хүрсэн байсан. Манай хүүхэд 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр жаахан хамраас нь цус гараад байсан. тухайн үед нь ханиад хүрч байгаа юм байхаа гэж бодож байсан. Өөр ямар нэгэн өвчин зовуурьтай байгаагүй. Орон дээр би эхнэрийн араар ороод манай эхнэр дунд унтаж байсан. Хүүхэд маань эхнэрийн урдуур унтаж байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 /,

.... Би өмнө нь болсон зүйлийн талаар мэдүүлэг өгсөн учир одоо нэмж ярих зүйл байхгүй. ******* бид хоёр одоогоор хамт амьдарч байгаа. Миний зүгээс ямар нэг сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Тиймээс нэхэмжлэхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

4. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Х.******* нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр намайг жижүүртэй байх үед 00 цаг 55 минутад надад ирж үзүүлж улмаар би шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн үед үзэхэд жирэмсний даралт 5 дахь жирэмслэлт 40-41 долоо хоногтой жирэмсний хожуу хордлоготой байсан учраас биеийн байдлыг үнэлж эмчилгээнд оруулсан. Ингээд эмнэлэгт хэвтсэн байхад нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дахин жижүүртэй байх үед *******ийн биеийг үзэхэд даралт өндөртэй, хаван ихтэй байсан. Улмаар даралт буулгах эмчилгээнүүдийг хийсэн. Намайг *******ийг үзэхэд гэдсэн дэх хүүхэд ямар нэг буруу байрласан, ураг амьгүй болсон, хүүхэд бүтэж байсан гэх хүндрэлийн шинжүүд байгаагүй хэвийн байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Х.******* нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Жаргалсайхан эмчийн хяналтад хэвтээд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би эх барьж 11 цаг 42 минутад төрөх замаар 3.740 грамм, 52 см өндөртэй, апгарын 8 оноотой төрсөн.  Төрөх үеийн онош нь хугацаандаа эмгэг төрөлт гүйцэт нярай апгар 8 оноо гэсэн оноштой төрсөн. Төрсний дараа эх хүүхдийн биеийн байдал хэвийн байсан. Төрсний дараа би 2024 оны 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд эхийн биеийн байдлыг үзээд хэвийн байсан тул эмнэлгээс гаргасан. Х.*******ийг үзэхэд гэдсэн дэх хүүхдэд нөлөөлөх ямар нэгэн хүндрэл бэрхшээл байгаагүй. Эх хүүхэд эрүүл хэвийн төрсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Х.******* нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Миний зүгээс тухайн эхийн хүүхэд буюу нярайн эмчээр ажилласан. Тухайн үед хүүхэд хэвийн, ямар нэгэн зовиургүй, амин үзүүлэлт хэвийн үзүүлэлттэй байсан. Ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй төрсөн байдаг. Тухайн хүүхдэд төрсний дараа заавал хийгддэг тархины цус харвалтаас сэргийлэх витамин-ка, нудний харвалтаас сэргийлж тетрациклины маз хавчуулсан. Эдгээр эмчилгээг эмнэлэгт төрсөн бүх хүүхдэд л хийдэг юм. Өөр ямар нэгэн эмчилгээ хийгээгүй. Амралтын 2 өдөр таараад 5 хоноод эмнэлгээс хэвийн гэрийн хяналтад гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн:...... “-Талийгаач 7 хоногтой нярайн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

-Талийгаач 7 хоногтой нярай нь ам, хамар дарагдсаны улмаас амьсгал механикаар бүтэж нас баржээ.

-Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

-Талийгаач нь нас бараад 9-12 цаг орчим болсон байна....гэх дүгнэлт /хх-ийн 68-72/

8. Нарийн мэргэжлийн эмч нарын 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 47 дугаартай:

-Оролцогч Х.******* нь одоогоор сэтгэц, мэдрэлийн хувьд эрүүл.

-Оролцогч Х.******* нь одоогоор сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэгэн өвчингүй.

-Оролцогч Х.******* нь сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон эмнэлгийн дэвтэр байхгүй.

-Оролцогч Х.******* нь болсон хэрэг явдалтай холбоотой сэтгэл гутрах болон нойрны хямралын шинжүүд илэрч байна.

-Дээрх шинжүүд нь амьдралын нөхцөл байдлын томоохон өөрчлөлт буюу сэтгэлийн дарамт үүсгэсэн нөхцөл байдалд үүсдэг хэвийн хариу урвал буюу уг нөхцөлд дасан зохицох замаар дээрх сэтгэцийн байдал засралд ордог.

-Оролцогч Х.******* нь сэтгэцийн хувьд эрүүл тул хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт /хх-ийн 80-81/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22/, Х.*******ийн төрөхийн өмнөх болон төрөх үеийн эмнэлгийн хяналтын хуудсууд /хх-ийн 86-112/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хүүхэд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн. Одоо яг төрөөд 7 хонож байгаа. 2024 оны 5 дугаар  20-ны өдөр эмнэлгээс гараад гэртээ ирсэн байсан. 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгээс гараад гэртээ ирсэн байсан. 2024 оны 5 дугаар сарын 21-22 шилжих шөнө 02 цагийн үед манай хүүхэд эхнэр хоёр унтаж байсан. Би тухайн үед гар утсаа үзээд хэвтэж байгаад унтсан. Тэгээд өглөө 06 цагийн үед сэрээд харах үед манай хүүхэд унтаж байх шиг байсан. Тэгээд өглөө 9 цагийн үед манай эхнэр орилоод босоод ирэхээр нь яасан бэ гэсэн чинь манай хүүхдийн царай нь сонин болсон байдалтай байхаар нь эмнэлэг дуудаад үзүүлсэн чинь манай хүүхдийг нас барсан байна гэж хэлсэн.  Манай эхнэр бага зэрэг ханиад хүрсэн байсан. Манай хүүхэд 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр жаахан хамраас нь цус гараад байсан. тухайн үед нь ханиад хүрч байгаа юм байхаа гэж бодож байсан. Өөр ямар нэгэн өвчин зовуурьтай байгаагүй. Орон дээр би эхнэрийн араар ороод манай эхнэр дунд унтаж байсан. Хүүхэд маань эхнэрийн урдуур унтаж байсан...” гэх,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Х.******* нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Жаргалсайхан эмчийн хяналтад хэвтээд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би эх барьж 11 цаг 42 минутад төрөх замаар 3.740 грамм, 52 см өндөртэй, апгарын 8 оноотой төрсөн.  Төрөх үеийн онош нь хугацаандаа эмгэг төрөлт гүйцэт нярай апгар 8 оноо гэсэн оноштой төрсөн. Төрсний дараа эх хүүхдийн биеийн байдал хэвийн байсан. Төрсний дараа би 2024 оны 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд эхийн биеийн байдлыг үзээд хэвийн байсан тул эмнэлгээс гаргасан. Х.*******ийг үзэхэд гэдсэн дэх хүүхдэд нөлөөлөх ямар нэгэн хүндрэл бэрхшээл байгаагүй. Эх хүүхэд эрүүл хэвийн төрсөн... гэх мэдүүлэг,

 Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.******* нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Миний зүгээс тухайн эхийн хүүхэд буюу нярайн эмчээр ажилласан. Тухайн үед хүүхэд хэвийн, ямар нэгэн зовиургүй, амин үзүүлэлт хэвийн үзүүлэлттэй байсан. Ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй төрсөн байдаг. Тухайн хүүхдэд төрсний дараа заавал хийгддэг тархины цус харвалтаас сэргийлэх витамин-ка, нудний харвалтаас сэргийлж тетрациклины маз хавчуулсан. Эдгээр эмчилгээг эмнэлэгт төрсөн бүх хүүхдэд л хийдэг юм. Өөр ямар нэгэн эмчилгээ хийгээгүй. Амралтын 2 өдөр таараад 5 хоноод эмнэлгээс хэвийн гэрийн хяналтад гарсан...гэх мэдүүлэг,

Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн:...... “-Талийгаач 7 хоногтой нярайн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

-Талийгаач 7 хоногтой нярай нь ам, хамар дарагдсаны улмаас амьсгал механикаар бүтэж нас баржээ.

-Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

-Талийгаач нь нас бараад 9-12 цаг орчим болсон байна....гэх дүгнэлт зэргээр  шүүгдэгч  Х.******* нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 6-30-128 тоотод гэртээ унтаж байхдаа 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 07 хоногтой, 3.740 грамм жинтэй 52 см өндөртэй  өөрийн төрсөн эрэгтэй хүүхдийг хөхөөрөө дарж амьсгал бүтэлтэд оруулж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон үйл баримт болсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.******* нь хайхрамж болгоомжгүй мөн төрөх үедээ ядарсан байсаны улмаас унтаж байхдаа хөхөөрөө хүүхдээ дарж амьсгал бүтэлтэд оруулж болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон байна гэж дүгнэлээ.

Иймд түүнийг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нотлох баримт хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага  хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй.

Шүүх шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах   үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч   шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.*******т үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанаас бага буюу зургаан сарын  хугацаагаар үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч Х.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.*******т зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5, 6-т зааснаар шүүгдэгч Х.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч Х.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ