Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 00212

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Г.Ганзориг

Шүүгдэгч С.Баярсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баярсайханд холбогдох эрүүгийн 201714000222 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1966 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг толгодын 19-23 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн  551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1.т зааснаар 4 жил, 9 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Баатад овогт Сундуйн Баярсайхан РД:/ГЮ66082474/,

 

Шүүгдэгч С.Баярсайхан нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4 микрийн 14 дүгээр байрны 103 тоотод оршин суух иргэн Г.Ганзоригийн гэрт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цагийн үед согтуу орж ирээд “хаалгаа тайлсангүй удлаа” гэх зүйлээр шалтаглан гал тогоонд байсан хутгыг авч Г.Ганзоригийн дух, баруун гарын шууг зүсч биед хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч С.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр орой Ганзоригтой маргалдсан. Тэгээд айлгах зорилгоор гал тогооноос нь хутга авч ирээд ширээн дээр нь зоочихоод тэгээд гараад явсан. Маргааш нь намайг утсаар дуудаад очиход миний гарыг зүсчихлээ гэсэн. Тэгээд хоёулаа тохирьё 1.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би тэгье гэж хэлсэн. Хэрвээ би тэгсэн бол төлье гэж хэлсэн. Би тэр өдөр 1 шил архи уусан өөрийгөө авч явах чадвартай байсан. Хохирогч бас согтуу байсан. Тухайн үед болсон асуудлыг мэдэж байсан. Маргааш нь уучлалт гуйж хохирлыг нь төлнө гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө манайд Энхбаяр ах ирээд бид 2 нэг шил архи уусан. Энхбаяр ах Баярсайханыг таньдаг юм байна лээ. Тэгээд хамт гарч яваад ирэхдээ согтуу ирсэн. Энхбаяр ах согтоод унаад өгсөн. Тэгээд Баярсайхан гарч яваад орой нь буцаж ирсэн. Манайд орж ирээд хаалгаа удаан онгойлголоо гээд үглээд байж байснаа гал зуухнаас хутга авч ирээд ширээн дээр зоогоод байсан. Би яагаад байгаа юм бэ айлын эд хөрөнгө шүү дээ гээд хутгыг авах гэтэл далайгаад гар зүссэн. Нилээн гүн зүссэн. Одоо эдгэсэн байгаа. Миний биед Баярсайхан гэмтэл учруулсан. Маргааш нь Баярсайханд хэлсэн. Эмнэлэгт үзүүлэхээр цагдаа болчихно. Баярсайхан хэрэггүй гээд байсан. Маргааш нь надаас уучлалт гуйсан. Эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Нэг хувийн эмнэлэгт хэвтсэн. Дараа нь БОЭТ-д мэдрэлийн тасагт 7 хоног хэвтсэн. Тэр үед толгойнд нөлөөлсөн байх, ээрч гацаад байгаа. Үүнийг мэдрэлийн ядаргаа гэж онош тавьсан. Хохирлоо төлүүлмээр байна. Өнөөдрийг хүртэл ганц ч эргэж ирээгүй. Одоо гомдол, санал алга гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Ц.Сосорбарамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хэсэг байж байхад шөнийн 23 цаг өнгөрч байхад манай хаалгыг хүн цохисон юм. Нөхөр Ганзориг очоод хаалгаа онгойлгож өгөхөд Баярсайхан уурлаж яасан удаан хаалгаа онгойлгож өгдөг юм бэ гэж хэлж байсан. Тэрээр Энхбаярын араас ирж байгаа юм байна гэж би бодож байсан. Тэгээд манай том өрөөнд орж ирээд сандал дээр ширээний хажууд зүгээр суусан юм. Уг нь нөхөр нээх удалгүй хурдан л хаалгаа онгойлгож өгсөн юм. Би түүнийг та унтвал унтаач, эсвэл хариач гэж хэлсэн юм. Тэгсэн чинь чамд ямар хамаатай юм бэ чиний айлын авгай гэж юу байдаг юм бэ гэж хэлсэн юм. Тэрээр манай нөхөр бид хоёрыг сүүлд суусан болохоор л тэгж хэлсэн байх гэж бодож байна. Хажуугаас нь манай нөхөр та юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэрээр чимээгүй босоод явсан юм. Тухайн үед нь түүний ОО-ийн өрөө рүү явж бие засах гэж байна гэж бодсон юм. Тэгсэн чинь тэрээр цааш яваад гал тогооны өрөөнөөс манай гэрт байдаг том хар иштэй хутгыг аваад том өрөөнд орж ирээд ширээний хажууд суусан юм. Би та хутгаар яах гээд байгаа юм бэ? гэж хэлсэн чинь тэрээр яадаг юм бэ гэж уурлаад манай ширээг хутгаар 6-7 удаа хатгаж зоосон юм. Тэгэхэд нь манай нөхөр та яагаад байгаа юм бэ наад хутгаа өг гэж хэлсэн чинь тэрээр хутганы ишээр нөхрийн толгой руу нь нэг удаа цохисон юм. Тэгээд дахиад хутгаараа цохих гээд далайхад нь манай нөхөр гараараа хаасан чинь ирээр нь гарыг нь зүссэн юм. Тэгэхлээр нь би айж сандарсандаа гарч гүйгээд хэсгийн цагдаа руу руу явсан юм гэсэн мэдүүлэг /хх 37 ху/,

 

-Гэрч П.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд би Баярсайханы дүүгийнхээс гараад Ганзоригийн гэрт ороод Ганзоригт ах нь унтлаа гэж хэлээд унтсан унтаж байтал хөл рүү цохих шиг болохоор нь сэрээд хартал нэг танихгүй эмэгтэй хүн зогсож байхаар би та яаж байгаа юм гэж хэлтэл намайг энэ гэрээс гарч зайл гэж хэлэхээр нь би босоод Ганзоригоос юу болсон бэ гэж асуусан чинь Ганзориг миний гарыг Баярсайхан хутгаар зүсчихээд гараад явчихлаа гэж хэлж байсан. Би тэгээд гадна хувцасаа өмсөөд Ганзоригийн гэрээс гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 40 ху/ ,

 

-Гэрч Г.Гэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...23 цагийн үед манай төрсөн дүү Ганзориг над руу утсаар ярьж дүү нь хүнд гарандаа хутгалуулсан, цус алдаад үхэх гээд байна гэж хэлсэн. Гэрт нь хүрээд ирэхэд хутгалсан гэх хүн нь гараад явсан, эхнэр нь цагдаа дуудах гээд гараад явсан байсан. Баруун гарынх нь шуу хэсэг нь ярагдаад зүсэгдсэн байсан, их цус гарч байсан. Гэрт нь нэг согтуу хүн унтаж байхлаар нь би уурлаж босгож гаргасан. Би дүүгийн гарыг боож өгөөд гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 41 ху/,

 

-Гэрч С.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Маргааш өглөө нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4-14 байрны урд буланд Ганзориг надтай таараад танай ах Баярсайхан өчигдөр миний гарыг ийм болгочихлоо гээд баруун гарын шуугаа харуулж байсан. Гарын шуу нь жаахан ангайсан зүсэгдсэн шархтай байсан гэсэн мэдүүлэг /хх 42 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 332 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Ганзоригийн биед духанд, баруун гарын шуунд сорви үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр, хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сариулна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Г.Ганзоригийг толгойн компьютер томографийн шинжилгээнд явуулсан боловч ирээгүй тул тархины зүүн тал бөмбөлөгт харвалт өгсөн эсэхийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх 32 ху/,

 

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-15, 18-19, 22 ху/

-Хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 20 ху/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21 ху/

-Эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтооол /хх 23 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51 ху/

-Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоол /хх 53-56, 70-76 ху/

-Шүүгдэгч С.Баярсайханыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 60-63 ху/

-Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай магадлал /хх 77-78 ху/

-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамж /хх 79-80 ху/,

-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамж /хх 81-82 ху/,

            -Хохирлын баримт /хх 110-121 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.Баярсайхан нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-14 дүгээр байрны 103 тоотод оршин суух иргэн Г.Ганзоригийн гэрт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цагийн үед согтуу орж ирээд “хаалгаа тайлсангүй удлаа” гэх зүйлээр шалтаглан гал тогоонд байсан хутгыг авч Г.Ганзоригийн дух, баруун гарын шуунд зүсч хөнгөн хохирол санаатай учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ганзоригийн “...Манайд орж ирээд хаалгаа удаан онгойлголоо гээд үглээд байж байснаа гал зуухнаас хутга авч ирээд ширээн дээр зоогоод байсан. Би яагаад байгаа юм бэ айлын эд хөрөнгө шүү дээ гээд хутгыг авах гэтэл далайгаад гар зүссэн. Нилээн гүн зүссэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Сосорбарам /хх 37 ху/, П.Энхбаяр /хх 40 ху/, Г.Гэрэл /хх 41 ху/, С.Энхбаяр /хх 42 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед духанд, баруун гарын шуунд сорви зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 332 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч С.Баярсайханы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал  болон хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч нь шүүхийн шатанд гэм хорын хохиролд 1.000.000 төгрөгийг нэхэмжилж эм тариа, дуслын систем, хөвөнгийн зардал, КТГ-ын төлбөр зэрэг нийт 349.800 төгрөгний баримтыг ирүүлсэн байх боловч эдгээр нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл эдгээрийг энэ гэмтлийн улмаас гарсан зардал гэж үзэх боломжгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. Харин хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.Баярсайханыг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч С.Баярсайханд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч С.Баярсайхан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Баярсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийг 6.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасуй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар хохирогч Г.Ганзоригийн 1.000.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

   9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА