Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/01762

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М ” ХХК-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн  даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, Г.Э од холбогдох байгууллагад учруулсан хохиролд 2 477 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: ...................шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г.Э  нь 2015 оны 11 дүгээр сард “М ” ХХК-ийн маркетинг борлуулалтын албаны захирлын тушаалаар худалдааны төлөөлөгчөөр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улмаар тушаал дэвшин компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах шаардлагатай хэмээн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “М ” ХХК-ийн захирал А.Отгондарьтай 16/55 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулан тус компанид суваг хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажилласан. Миний бие ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод дүрэм журмаар хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлж, өдөр тутмын ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэж, ажлын гүйцэтгэл өндөр байсан. Жишээлбэл өдөр бүр маршрут мөрдөх, хамтран ажилладаг байгууллагуудтай харилцахдаа цаг тухайд нь тооцоо нийлэх, удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг нэн даруй биелүүлэх, мөн 2016 оны 8 дугаар сар, 10 дугаар саруудад ажлын гүйцэтгэлийг давуулан биелүүлж Кей Пи Ай үзүүлэлт 100 хувиас дээш хувьтай орж цалингийн хувиар шагнагдаж байсан. Түүнчлэн өдрийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн ажилчинд компанийн зүгээс олгодог урамшуулалыг 3 удаа авч байсан зэрэг нь ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж, ямар нэг сахилгын зөрчил, харилцааны доголдол гаргалгүй, ажилдаа чин сэтгэлээсээ хандан ажиллаж ирсэн байдал зэргийг минь илтгэх билээ. Гэтэл “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар тушаалаар  ажлаас чөлөөлөгдсөн болно. Уг тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 10.2, 10.3 дугаар заалт, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3.12.5.7 дахь заалт, борлуулалт, маркетингийн албаны ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн цалин тооцох журмын 3, 4 дүгээр заалт, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудсыг тус тус үндэслэл болгосон нь хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан харилцааг зөрчиж гаргасан тушаал гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан заалтыг үндэслэлгүйгээр уг тушаалд хэрэглэсэн буюу ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын  шийтгэлийг ажилтан Г.Э од ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгож хэрэглээгүй гэж үзэж байна. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн гэрээний 10.2, 10.3 дахь заалтыг үндэслэсэн байх боловч уг гэрээний 10.3-т заалт нь дотроо 10.3.1-ээс 10.3.29 хүртэлх заалттай байхад нэрлэн заагаагүй, тодорхой бус, тушаалын нэг дэх хэсгээс харахад тус компанийн борлуулалт, маркетингийн албаны сураг хариуцсан худалдааны төлөөлөгч албан тушаалтай Г.Э  нь 2017 оны 2 дугаар сарын борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл 40 хувиас доош гүйцэтгэлтэй ажилласан нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудсаар нотлогдож байна гэсэн нь Хөдөлмөрийн гэрээний 10.3.3 дахь заалтыг барьсан мэтээр тодорхой бус харагдах юм. Ажил хөдөлмөрийн ур чадвар дутмаг гэдгийг тодорхойлсон шалган тогтоосон, хэлэлцсэн хурлыг тэмдэглэл байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 10.3.3 дахь хэсгийг үндэслээд ажил хөдөлмөрийн ур чадвар дутмаг гэдгийг хөдөлмөрийн ноцтой зөрчилд оруулсан нь хууль бус гэж үзэж байна. Ажил олгогч тушаал эрх зүйн акт гаргахдаа баримтлах хуулийг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт ажилтан, хөдөлмөрийн ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын болон түвшин тогтоох комис болон эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комиссын албан ёсны шийдвэр гарргасан байхыг ойлгоно. Хөдөлмөрийн гэрээ болон тушаал дээр ажил мэргэжлийн ур чадвар дутмагаас гэрээгээр хүлээсэн үүргээ 80 доош хувь биелүүлсэн гээд байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэг буюу ноцтой зөрчилд тооцогдохгүй. Иймд Г.Э од тохирох сахилгын шийтгэлийг ногдуулаагүй буюу сахилгын шийтгэлийн хүндэдсэн хэлбэрийг авсан гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.  

 

Хариуцагч “М ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э  манай компанид 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр борлуулалтын ажилтан албан тушаал хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс суваг хариуцсан худалдааны төлөөлөгч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан, албан тушаал нь өөрчлөгдсөн. Г.Э той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3.3-т ажилтан мэргэжлийн ур чадвар дутмагаас гэрээгээр хүлээсэн 80-аас доош хувиар биелүүлсэн гэсэн зөрчил гаргасан. Мөн Хөдөлмөрийн гэрээний 10.3.11-т “ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа зохих ёсоор гүйцэтгэхгүй байх” ноцтой зөрчил гаргасан. Ажилтан 2017 оны 2 дугаар сарын борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл 40 хувиас доош гүйцэтгэлтэй ажилласан нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудсаар нотлогдож байгаа. Ажилтан Г.Э од ажлын гүйцэтгэлийг үнэлэх журмыг танилцуулсан, ажлын гүйцэтгэлийг үнэлэх журмын 3 дугаар зүйлийн 3.4-т “...борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл нь 40 хувиас доош орсон худалдааны төлөөлөгчийн тухайн сарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудсыг үндэслэн компанийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж ажлаас халах хүртэл арга хэмжээ авна” гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх заалттай. 2014 оны 02 дугаар сард гүйцэтгэлийн үнэлгээ -7 хувьтай гарсан. Гүйцэтгэлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан талаар баримтуудыг хавтаст хэрэгт байгаа. Мөн 2016 оны 11 дүгээр сард гүйцэтгэлийн үнэлгээ -5 хувьтай гарсан. Г.Э  борлуулалын ажилтаныг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэлийн үнэлгээгээр хэмждэг. Гүйцэтгэлийн үнэлгээг 2 тал гарын үсэг зурдаг. Г.Э ыг Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.3 дахь хэсэгт байгаа гэрээний үүргээ 80 доош хувиар биелүүлсэн гэдгийн ажилтан ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр чөлөөлөөгүй. Мэргэжил ур чадварын хувьд дүгнэлт хийгээд байгаа зүйл биш. Ажлын үр дүн буюу гүйцэтгэлийг хэмжиж байгаа. Иймд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 58 тоот “ажлаас чөлөөлөх тушаал гаргаж” тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн нь хууль зөрчөөгүй.

 

Хариуцагч “М ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохангай” ХХК нь “М ” ХХК-тай байгуулсан худалдааны хамтын ажиллагааны үндсэн гэрээний 5.3-д заасны дагуу хугацаа дуусах барааг 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргийн хүрээнд тус гэрээний 5.4-д заасан мэдэгдлийг и-мэйлээр хүргүүлнэ гэж заасны дагуу “Миний дэлгүүр”-ийн менежер Н.Одгарав [email protected] хаягнаас Г.Э ын ажлын и-мэйл болох [email protected] хаягруу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 7 барааны буцаалтын и-мэйлийг илгээж байсан. Буцаалтын и-мэйлтэй холбоотой ямар нэгэн хариу өгч байгаагүй болон компанид ямар нэгэн байдлаар мэдэгдэж байгаагүйгээс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10 нэр төрлийн 2 477 500 төгрөгийн барааг миний дэлгүүр буцаалт хийсэн. Дээрх үнийн дүнтэй бараа нь манай компанийн хувьд бодит хохирол болоод байгаа юм. Иймд хариуцагч Г.Э оос 2 477 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Нэхэмжлэгч Г.Э  сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан хариу тайлбартаа: Г.Э  миний бие “М ” ХХК-ийн борлуулалт, маркетингийн албаны суваг хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд тус компанитай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд хавсралтанд заагдсан бараа бүтээгдэхүүний нэр төрөл, үнийн дүн нь сар сард хүлээлгэн өгсөн, хүлээн авсан үлдэгдлээр баталгаажиж явна. Тооллогын жагсаалт, тооцоо нийлсэн актаар баталгаажна гэж заасан байна. Миний бие ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа сар тутам, бараа материалыг хүлээлцэх болон мөнхүү ажлаас халсан тухай тушаал гарах үед ажил хүлээлцсэн акт үйлдэж бүх тооцоог нийлж дууссан болно. Гэтэл сөрөг нэхэмжлэлд хариуцагчийн дурдсанаар Сонгинохангай ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 7 барааны буцаалтын имэйлээс шалтгаалан барааны буцаалт хийгдэлгүй компанид хохирол учраад байна гэсэн нь огт үндэслэлгүй. Иймд  хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э  нь хариуцагч “М ” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.   

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу Г.Э  нь “М ” ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 58 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 3 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд гомдлоо гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж дүгнэлээ.

 

           Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.Э  нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “М ” ХХК-д худалдааны төлөөлөгч, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр суваг хариуцсан худалдааны төлөөлөгчөөр тус тус томилогдсон байх бөгөөд талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16/55 дугаар “Хөдөлмөрийн гэрээ” байгуулагдсан талаар зохигчид маргаагүй. /хх5-10/

 

Зохигчид дээрх хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээний 10 дугаар зүйлийн 10.3-т хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийн нэр төрлийг тухайлан тусгасан байна. Иймд уг гэрээг талуудын чөлөөт байдлыг хангасан, хөдөлмөрлөх гол нөхцлийг тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ байна гэж үзэв.

 

            “М ” ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Г.Э ыг 2017 оны 2 дугаар сарын борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл 40 хувиас доош гүйцэтгэлтэй ажиллан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж буруутган Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.2, 10.3-р заалт, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3.12.5.7, Борлуулалт, маркетингийн албаны ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн цалин тооцох журмын 3.4-р заалт, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудсыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна. /хх4/ 

 

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.3-т “Ажил мэргэжлийн ур чадвар дутмагаас гэрээгээр хүлээсэн үүргээ 80-с доош хувиар биелүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тухайн байгууллагаас томилогдсон мэргэжил, ур чадвар тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан” бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахаар талууд харилцаж тохиролцжээ./хх9/

 

“Борлуулалт, маркетингийн албаны ажилтнуудын ажлын үнэдгээний үр дүнгийн цалин тооцох журам”-ын 3.4-т “Борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл нь 40 хувиас доош орсон худалдааны төлөөлөгчийн тухайн сарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудсыг үндэслэн компанийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж ажлаас халах хүртэл арга хэмжээ авна” гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Э  нь дээрх гэрээ, журамд зааснаар 40 хувиас доошгүй борлуулалт хийхээс 2017 оны 1 дүгээр сард 30.4 хувь, 2 дугаар сард -7 хувийн борлуулалт хийсэн  болох нь Супермаркет сувгийн Суваг хариуцсан худалдааны төлөөлөгчийн ажлын үр дүнгийн цалин бодсон хүснэгтээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч энэ үйл баримтад маргаагүй. /хх72, 73/    

 

Ийнхүү нэхэмжлэгч Г.Э  нь гэрээгээр хүлээсэн үүргээ 80-с доош хувиар биелүүлсэн зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.3-т тухайлан заасан зөрчил байх тул “М ” ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 58 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг буруутгах үндэслэлгүй байна.  

 

Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай “М ” ХХК-д холбогдуулан гаргасан Г.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч “М ” ХХК нь нэхэмжлэгч Г.Э од холбогдуулан “...байгууллагад учруулсан хохиролд 2 477 500 төгрөг гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэлтийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, “...Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд хавсралтанд заагдсан бараа бүтээгдэхүүний нэр төрөл, үнийн дүн нь сар сард хүлээлгэн өгсөн, хүлээн авсан үлдэгдлээр баталгаажна. Тооллогын жагсаалт, тооцоо нийлсэн актаар баталгаажна гэж заасан. Миний бие ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа сар тутам, бараа материалыг хүлээлцэх болон мөнхүү ажлаас халсан тухай тушаал гарах үед ажил хүлээлцсэн акт үйлдэж бүх тооцоог нийлж дууссан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.       

 

 Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” байгуулагдсан байх бөгөөд гэрээний 3.1-д “Ажилтан нь баримтаар, хавсралт 1-р олгосон “М ” ХХК-ийн хүнсний бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, хугацаа, чанар, аюулгүй байдлыг бүрэн хариуцаж албан ажлын зориулалтаар хүлээж авсан, хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг зориулалтын дагуу худалдан борлуулах, хадгалах, ажил үйлчилгээ явуулна. Хавсралтад заагдсан бараа бүтээгдэхүүний нэр төрөл, үнийн дүн нь сар сард хүлээлгэн өгсөн, хүлээн авсан үлдэгдлээр баталгаажиж явна. Тооллогоны жагсаалт, тооцоо нийлсэн актаар баталгаажна”, 3.6-д “өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан хохиролыг бүрэн төлнө” гэж тус тус заажээ.  

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Сонгинохангай” ХХК болон “М ” ХХК-ийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан “Худалдааны хамтын ажиллагааны үндсэн гэрээ”-ний 5.4-т “Борлуулагч тал нь барааны хугацаа дуусах гэж буй талаарх мэдэгдлийг сар бүрийн 12-ны өдөр нийлүүлэгч талд амаар, бичгээр, и-мэйл, утас, факсын аль ч хэлбэрээр хүргэж болно” гэж заасны дагуу “Сонгинохангай” ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 12, 10 дугаар сарын 12, 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд нэр бүхий бараа, бүтээгдэхүүний хугацааны буцаалт хийх тухай албан бичгийг Г.Э ын и-мэйл хаягаар хүргүүлсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү баримтад шүүхийн журмаар үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч энэ талаар маргахгүй, и-мэйл ирснийг зөвшөөрнө гэж тайлбарласан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хүсэлтээсээ татгалзаж, шүүх энэхүү баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, харин талуудын маргаагүй үйл баримт гэж дүгнэсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Г.Э  шүүхийн хэлэлцүүлэгт “Мэйл ирсэн. Шаардаж байгаа асуудлыг тухайн үед шийдээд явж байсан. “Сонгинохангай” ХХК-тай сар болгон тооцоо нийлсэн акт үйлддэг байсан. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар нотлогдоно. Ямар нэгэн үлдэлгүй тооцоо нийлсэн” гэж тайлбарласан боловч түүний буруугаас ажил олгогчид 2 477 500 төгрөгийн хохирол учирсан болох нь “Сонгинохангай” ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 12, 10 дугаар сарын 12, 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд нэр бүхий бараа, бүтээгдэхүүний хугацааны буцаалт хийх тухай албан бичиг ирсэн талаар зохигчдын тайлбар, нийлүүлэгч “Сонгинохангай” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 46 700 төгрөг, 216 000 төгрөг, 560 000 төгрөг, 1 436 400 төгрөг, 196 000 төгрөг, 22 400 төгрөг нийт 2 477 500 төгрөгийн бараа материалын орлогын баримт, гэрч Н.Түмэннастын “...Г.Э той холбоотой буцаалтын асуудлууд түүнийг ажлаас гарсны дараа гарсан. И-Март дэлгүүрийн шүүсийг хугацаа дуусахаас өмнө хямдруулж зарж дуусгасан  ” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э оос 2 477 500 төгрөгийг гаргуулан “М ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.                 

 

Г.Э ын нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх иргэний хэрэгт багтах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 54 590 төгрөг гаргуулж хариуцагч “М ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

   1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар “М ” ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Г.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Г.Э оос 2 477 500  төгрөг гаргуулж “М ” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Э  нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 54 590 төгрөг гаргуулж хариуцагч “М ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш 14  хоногийн  дотор  давж заалдах гомдлыг  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  тус  шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.     

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ