2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1302

 

 

 

 

 

 

 

   2025        05         19                                     2025/ШЦТ/1302

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч Н.Ганчимэг,

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ийн Д-д холбогдох эрүүгийн 2406 00000 1115 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ***** төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, **** тоотод оршин суух хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 593 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 583 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн ******** дугаартай, Ц-ийн Д.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ц.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр **** дүүргийн ** дүгээр хороо, **** ** дугаар байрны ** давхарт байрлах *** тоотод хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Б-ийн эзэмшлийн 1.206.000 төгрөгийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй, санахгүй байна...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/,

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/,

Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/

“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн БЗД2-24-1041 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-22 дахь тал/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 28 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27 дахь тал/,

Сэжигтэн Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17 дахь тал/,

Яллагдагч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 85-86 дахь тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ц.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хороо, **** ** дугаар байрны ** давхарт байрлах *** тоотоос хохирогч Б.Б-ийн эзэмшлийн 1.206.000 төгрөгийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Ц.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хороо, *** ** дугаар байрны ** давхарт байрлах *** тоотод хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Б-ийн эзэмшлийн 1.206.000 төгрөгийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, төлбөрийн тухайд шүүгдэгч нь хохирогчид 1.206.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч нь хохирогчийн хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул түүнийг бусдад төлөх 1.206.000 төгрөгийн төлбөртэй гэж үзэж байна. Уг хэрэгт гэрчээр тогтоогдсон М.А гэх хүн нь тухайн зөөврийн компьютерыг хохирогч Б.Б-т буцааж өгөх гэсэн боловч хохирогч нь биш байх тул авахгүй болохоо илэрхийлсэн тэмдэглэл /хх-ийн 31 дэх тал/ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.Д нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Сэжигтэн Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тухайн өдөр болсон асуудлын талаар нэг бүрчлэн санахгүй байна. Ямар ч гэсэн нэг газраас орж зөөврийн компьютер авсан. Компьютерыг ***** худалдааны төв дээр байдаг О гэх нэртэй залууд тухайн үедээ 40.000-50.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,

Яллагдагч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дахь тал/-үүд авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн орчим ***** дүүргийн ** дүгээр хороо *** **-ын ** давхарт *** тоотод байсан өөрийн зөөврийн компьютероо хулгайд алдсан гэдгийг хяналтын камераа шалгаад өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдлээ. Би энэ өнгөрсөн хугацаанд зөөврийн компьютероо байгаа л гэж бодож байсан ба өнөөдөр үзсэн чинь алга болчихсон байхаар нь би хяналтын камераа шүүсэн юм. Dell брэндийн хар өнгөтэй, инч, сериал дугаарыг мэдэхгүй. ...хяналтын камерын бичлэгт үл таних эмэгтэй хүн дүрслэгдсэн байна лээ. Би тэр бичлэгийг нь хуулаад авчихсан. 40 гаруй насны 170 см өндөртэй, ногоон цамцтай, саарал жинсэн өмдтэй, хар куртиктэй, богино түрийтэй хар угтал өмсчихсөн, үсээ боогоод шуучихсан, масктай эмэгтэй хүнийг сэжиглэж байгаа, бүүр авчихсан байгаа. Би тухайн үед өрөөгөө онгорхой орхиод аяга таваг угаах гээд ариун цэврийн өрөө рүү орчихсон байсан. Тухайн өрөө нь миний ажлын өрөө байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/,

Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...зүс мэдэх, архины хамааралтай эмэгтэй над дээр хүрч ирээд саарал өнгийн Dell брэндийн зөөврийн компьютер авах уу гээд цэнхэр өнгийн торон дотор хийчихсэн зөөврийн компьютер гаргаж ирсэн. Би тухайн үед ямар учиртай компьютер вэ гээд асуусан чинь хөдөөгөөс дүү ирсэн, тэрний компьютер байгаа юм, мөнгөний хэрэг гарсан учраас зарах шаардлагатай байна гэж надад хэлсэн. Тухайн үедээ тохиролцоод Долгорсүрэн гэх эмэгтэйд 80.000 төгрөг өгөөд зөөврийн компьютерыг худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/

Мөрдөгчийн: “...Камерын бичлэг дээр тулгуурлан биечилсэн сурвалжилга хийж ****-ийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон гэргүй, архины хамааралтай, тэнэмэл байдлаар амьдардаг 2-3 иргэнээс бичлэгт гарч байгаа зургийг харуулж асуухад “*** **** байна, ***** зах орчмоор архиа уугаад, хулгайгаа хийгээд явж байгаа байлгүй дээ, амьдардаг гэр нь **** дүүргийн ** дүгээр хороо, жаргалантын **а дугаар гудамжны **** тоотод байдаг” гэх яриа өгүүлэлтэй байсан. Тус тоот хаягаар шалгаж ажиллахад тухайн эмэгтэй нь гэртээ байхгүй байсан ба хяналтын камерын дүрс бичлэгийг харуулан Р.Б /РД: ********/-ээс асууж тодруулахад “Д гээд манай төрсөн хүү Б.О-тай хамтран амьдрагчаар амьдарч байгаа архины хамааралтай эмэгтэй мөн байна, тогтсон орон гэр байхгүй, ээжтэй дүүтэй гэж ярьдаг, өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр хулгай хийсэн асуудал дээр нь би очиж батлан даалтаар авч байсан” гэх яриа өгүүлэлтэй байсныг эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл /хх-ийн 28 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27 дахь тал/-ээр шүүгдэгч Ц.Д-ийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 4.3 дахь заалтад “…бага хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош…” ойлгоно гэжээ.

“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн БЗД2-24-1041 дугаартай: “...Шинжилгээний объектын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1.206.000₮-р үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-22 дахь тал/ гарчээ.

Хүндрүүлэх шинжийн хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад “…хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч…” үйлдсэн бол гэж заажээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д-г **** дүүргийн ** дүгээр хороо, **** ** дугаар байрны ** давхарт байрлах *** тоотод хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгчид хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориглосон саад, тэмдэг, тэмдэглэгээг хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно. /УДШ-ийн 2019.10.30-ны №570 тогтоол/

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жоби 72 дугаар байрны 2 давхарт байрлах 208 тоот нь олон нийтийн худалдааны төв доторх ажлын өрөө эсхүл олон нийтэд зориулсан үйл ажиллагаа нээлттэй явуулдаг лангуу аль нь болох эсэх нь мөрдөн байцаалтын шатанд эргэлзээгүй тогтоогдоогүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Ц.Д-г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Ц.Д-ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.206.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Ц.Д нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх бөгөөд хулгайлах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.

Шүүгдэгч Ц.Д-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.Б-т 1.206.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн БЗД2-24-1041 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-22 дахь тал/-ээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Б.Б-т дээрх хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул түүнийг хохирогч Б.Б-т төлөх 1.206.000 төгрөгийн төлбөртэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 09 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор эдэлж дуусаагүй 05 сар, 04 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт 03 жил 04 сар, 04 хоногийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Ц.Д нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дахь тал/,

Иргэний үнэмлэх бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 39 дэх тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж буй зэргийг нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Түүнд энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 11 сар 04 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Ц.Д нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 10 хоногийг түүнд оногдуулсан хорих ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

            2. Шүүгдэгч Ц-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Д-д 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Д-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 04 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 11 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 10 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан хорих ялаас хасаж тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ээс 1.206.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ