| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0178/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/210 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Ц.М***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц***н М*****-д холбогдох эрүүгийн 2538000000162 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж****с овогт Ц***н М*****, 19** оны *** дугаар сарын ***-ний өдөр Хөвсгөл аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн *************** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М***** нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн ************* гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 10.184 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 3,096,505 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.М***** нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн ************* гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 10.184 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 3,096,505 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлууд хангалттай нотлогдон тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 14-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-24-р хуудас),
Модон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 25-27-р хуудас),
Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 28-29-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 30-31-р хуудас),
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 36 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл (хх-ийн 33-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 34-р хуудас),
Хөвсгөл аймгийн Э***********р сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3 дугаартай: “...экологи эдийн засгийн үнэлгээ 3,096,505 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 66-67-р хуудас),
Хөвсгөл аймгийн Б***** 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дугаартай: “...Иргэн Ц.М*****-н бэлтгэсэн гэх мод нь 10.184 метр куб хэмжээтэй 41 ширхэг хуурай шинэс мод. Иргэн Ц.М*****-н бэлтгэсэн модонд экологи эдийн засгийн үнэлгээг тооцож гаргах. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 49.4.1-д заасны дагуу хохирол нөхөн төлбөр тооцсон. Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт 9,289,515 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 76-р хуудас),
**** ХХК-ний шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ТХҮ-925-12068 дугаартай: “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр БНХАУ-д үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй ****г нэртэй цахилгаан хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 100,000 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээний тайлан (хх-ийн 83-86-р хуудас),
****ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1002208 дугаартай: “...Б.****-ийн эзэмшлийн ****** улсын дугаартай 1987 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн 131 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 4,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 109-110-р хуудас),
Шүүгдэгч Ц.М*****-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн үед Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн нутаг ********** гэдэг газраас хүүхдэдээ байшин барих зорилгоор 18 ширхэг босоо унагааж, 4 метрийн урттайгаар тайрч нийтдээ 41 ширхэг мод болгоод 10 дугаар сарын 20-ны өдөр **** гээд хадам дүүгээ ачаад өгөөч гэж гуйгаад түүний тээврийн хэрэгслээр ачиж оруулж ирээд сумын төвд байдаг хүүгийнхээ хашаанд буулгасан. Тэгээд рамд өгч модоо зүсүүлнэ гэж бодоод мөнгө төгрөгийн асуудалтай байсан учир зүсүүлж барьж чадаагүй байж байгаад байгаль хамгаалагч нар болон экологийн цагдаагийн албаны хүмүүст шалгагдаж эхэлсэн...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Э****с-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн нутаг ************* гэдэг газарт тус багийн иргэн Ц.М***** гэдэг хүн шинэс төрлийн 10 гаруй ширхэг босоо мод унагааж, хууль бусаар мод бэлтгэсэн эсэх талаар 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай сумын экологийн асуудал хариуцсан алба хаагч нар ирж ажиллах үед мэдсэн...тус сумын 3 дугаар баг хариуцсан байгаль хамгаалагчаар ажилладаг Ц.М***** гэдэг хүн мод бэлтгэх эрхийн бичиг баримт надаас аваагүй. Учир нь надтай энэ талаар уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),
Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад айлын хашаанд 40 гаруй тооны дүнз мод буулгасан байхыг хараад очиж шалгахад тухайн хашаа нь эзэнгүй хүн байхгүй байсан тул ойр орчимд байх айлуудаас асуухад Ц.М***** гэдэг хүний хашаа гэхээр нь уг хүнийг дуудаж уулзаад тухайн модны бичиг баримт байгаа эсэхийг асууж тодруулахад надад манай дүү Б мод бэлтгэх эрхийн бичиг авсан байгаа. Би тухайн эрхийн бичгээр нь 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр мод бэлтгэсэн тэгэхдээ 10 гаруй ширхэг мод унагааж 4 метрээр тайрч хүн гуйж хүний ****** маркийн тээврийн хэрэгслээр ачуулсан гэж мэдэгдсэн тул энэ талаар тус цагдаагийн газрын хоногийн мэдээнд оруулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас),
Гэрч Б.****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орчим хадам ах болох М***** гэдэг хүнд өөрийн ****** маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслээр 40 гаруй ширхэг мод ачиж өгсөн нь үнэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-51-р хуудас),
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би Ц.М***** ахад 2023 оны хавар байхаа тус аймгийн **** сумын Р **** дугаар багийн нутаг Х гэдэг газраас мод бэлтгэх №23008427 дугаартай эрхийн бичиг өгсөн нь үнэн. Тухайн үед би өөрийн нэр дээр мод бэлтгэхээр эрхийн бичиг авсан боловч өөрөө ашиглаж чадаагүй нагац ах Ц.М*****-д тухайн эрхийн бичгийг өгсөн байгаа... Би тухайн үед мөнгө төгрөгийн боломжгүй болоод тэгээд ч манай ах Ц.М***** гэдэг хүнд мод бэлтгэх эрхийн бичиг хэрэгтэй байна гэхээр нь ах та мөнгийг нь төлөөд уг эрхийн бичгийг аваарай гэж хэлсэн. Тэгээд ах тухайн цаг хугацаанд мод бэлтгэж авч чадаагүй 2024 оны 09 дүгээр сард уг модыг тус сумын Р **** дугаар багийн нутаг ************* гэдэг газраас босоо мод унагааж бэлтгэсэн талаар ахаас өөрөөс нь сонссон...миний авсан мод бэлтгэх эрхийн бичигт босоо мод унагаах талаар заагаагүй. Зөвхөн цэвэлрэгээний ажлаар тус сумын **** дугаар багийн нутаг Х гэдэг газрын мод бэлтгэхээр заасан байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-р хуудас),
Гэрч С.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би уг эрхийн бичиг хийж өгсөн **** сумын Р **** дугаар багийн нутаг Х гэх газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг хийж өгсөн. Б гэх хүнд олгогдсон мод бэлтгэх эрхийн бичгээр М***** гэх хүн мод бэлтгэж болохгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 61-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2538000000162 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.М*****-н үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.М*****-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.М***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа....” гэв.
Шүүгдэгч Ц.М***** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “.... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн да**** баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан зэргийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.М***** нь дээрх хуулиудын шаардлагуудыг зөрчиж ойгоос мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авалгүйгээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн ************* гэх газраас 10,184 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг бэлтгэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 9,289,515 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Тодруулбал хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгодог.
Шүүгдэгч Ц.М*****-н мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрээс мод бэлтгэсэн үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг болох юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.М*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний....эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Ц.М***** нь хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 3,096,505 төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 9,289,515 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 76-р хуудас)-ээр тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.М***** нь экологи эдийн засагт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.М*****аас экологи эдийн засагт учруулсан хохирол 9,289,515 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.М*****-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...Харин модны үнэлгээг экологи эдийн засгийн хохиролд оруулан тооцуулах, яллах дүгнэллтэд хууль бусаар мод бэлгтгэсэн гэж ялласан учир *** маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна...” гэв.
Шүүгдэгч Ц.М*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан Хөвсгөл аймгийн **** сумын Р багийн Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 99-101, 103-108-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Ц.М***** нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 63-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.М***** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт мал маллан амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн шүүх хуралдаанд гаргасан: “...модны үнэлгээг экологи эдийн засгийн хохиролд оруулан тооцуулах, яллах дүгнэллтэд хууль бусаар мод бэлгтгэсэн гэж ялласан учир *** маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй...” гэх санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм. Хэрэв гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид нь олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж, улсын орлого болгуулахаар хуулиар зохицуулсан байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 2-т "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус зохицуулсан. Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэх бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлийнх биш болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг албадан гаргуулахаар хуульчлагдсан.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.М***** нь зохих зөвшөөрөлгүйгээр 10.184 м³ хуурай шинэс модыг бэлтгэсэн, мод бэлтгэхэд *** маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан ба уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэн Б-н **** (хх-ийн 108-р хуудас) болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлогод оруулах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх юм.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн байх тул шүүгдэгч Ц.М*****-н хууль бусаар бэлтгэсэн 10.184 метр куб модыг экологи эдийн засагийн хохирол нөхөн төлөхөд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2538000000162 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 10.184 м³ хуурай шинэс модыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгийн үнэлгээтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хураан авч улсын орлогод оруулахыг, шүүгдэгч Ц.М*****-н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ****** маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Ц.М*****аас гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.М***** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М*****-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж****с овогт Ц***н М*****-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц***н М*****-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М*****-д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.М***** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М*****аас 9,289,515 (есөн сая хоёр зуун наян есөн мянга таван зуун арван тав) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2538000000162 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 10.184 м³ хуурай шинэс модыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгийн үнэлгээтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хураан авч улсын орлогод оруулахыг, шүүгдэгч Ц.М*****-н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ****** маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Ц.М*****аас гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Ц.М***** нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М*****-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР