| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0198/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/216 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ийн Б-д холбогдох эрүүгийн 2538001950228 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Оийн Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ******** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Мийг бусдадтай хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд хуралт, зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 28-29-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М-н 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 223 дугаартай:
1. Э.М-ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрэх үйлдлээр үүснэ.
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 33-34-р хуудас),
Шүүгдэгч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Э.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэдэн хүмүүстэй нийлж нэг баригад болж хөдөөгүүр явж ямаа самнаж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөнгөө хувааж аваад бид хэд тус бүрдээ 20,000 төгрөг гаргаад караокед сууя гэхээр нь за гээд бид хэд караокед байж байсан чинь манай нөхөр гаднаас ороод ирэхээр нь би Быг цуг сууя гэсэн чинь гараад явчихаар нь би араас нь гараад гэртээ харьсан чинь гэртээ нэг хүнтэй архи уугаад сууж байсан. Хүмүүстэй явсан бол босоогоороо байгаа босож зогс гээд миний нуруу руу цохихоор нь чимээгүй хзвтэж байгаад унтацгаасан. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө цуг ямааанд явж байсан 2 хүүхэн таараад өчигдөр зүгээр үү гэхээр нь зүгээр зүгээр гэж хэлсэн чинь танай нөхөр буруугаар ойлгож магадгүй танай нөхөртай танилцая тэр 2 хүүхний нөхөр бид 6 нэг шил архи хувааж уугаад манайд Ч, Э хоёр тасраад унтацгаасан. Мөн манай нөхөр Б гэрийн баруун талын орон дээр тасраад унтчихаар нь би гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байсан чинь Б гэрээс гарч бие засаад 3 минут орчим болоод буцаж орж ирээд миний дух руу цохисон чинь хамраас бага зэрэг цус гарахаар нь би тонгойгоод байж байсан чинь доороос хөлөөрөө хамар луу нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний хамрын цус маш ихээр гоожоод байж байсан чинь өөрийнхөө бакал гутлын түрүүг нь гартаа ороож байгаад гутлынхаа өсгий хэсгээр нь миний хоёр гуя, хянгар яс, хоёр тохой, цээж хавираг руу хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд би чамайг явалдсан хүнтэй чинь цуг ална гээд орны толгой руу нүдэж эвдчихээд орилж байгаад гэрээс гараад явахаар нь би урд талын гудамжинд байдаг эгчийндээ орсон. Миний эд хөрөнгө буюу утсанд ямар нэгэн хохирол учраагүй...Тухайн үед манай нөхөр үл ялих маргаанаас болоод намайг зоддог байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Манай хүүхдүүд бага болохоор хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэж боддог байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10, 13, 16-р хуудас),
Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд гэртээ байж байхад над руу М эгч залгаад чи манайд хальт хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон чинь М эгч нөхөр нь бас Ч гэдэг ах 3 архи уучихсан хоол хийгээд сууж байсан. Тэгээд хоол идэж байхдаа 0,75 литрийн Хараа нэртэй архи тойруулж уусан. Тэгээд би газраар хэвтэж байгаад унтчихсан байсан. Унтаж байгаад сэрсэн чинь М эгч байхгүй нөхөр нь гэртээ байж байхаар нь М эгч хаачсан юм гэж асуусан чинь бид 2 хоорондоо маргалдаад би нэг удаа алгадсан чинь гараад явчихлаа гэж хэлсэн. Тухайн үед хөлийнх нь ороолт цус болсон байхаар нь би наад ороолт чинь яагаад цус болчихсон юм гэж асуусан чинь миний хамраас цус гараад гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэднийхээс гараад гэртээ харих замдаа М эгч рүү залгаад юу болсон талаар асуухад нөхөртөө аймар зодуулсан гэхээр нь та одоо хаана байгаа юм гэж асуусан чинь урд эгчийндээ байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),
2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээ (хх-ийн 42-р хуудас),
Төрийн банкны 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 50-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч О.Б нь хохирогч Э.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Шүүгдэгч О.Б, хохирогч Э.М нарын эвлэрлийн гэрээ (хх-ийн 42-р хуудас) хэрэгт авагдсан, шүүгдэгч О.Б нь эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 255,720 төгрөгийг төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 50-р хуудас) хэрэг авагдсан байх тул шүүгдэгч О.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч О.Б нь хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2538001950228 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт О-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-ийн Б-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2538001950228 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР