| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0239/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/289 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0239/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *************д холбогдох эрүүгийн 2206035590183 дугаартай хэргийг 2025 оны 05 сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************* /РД: *************/, 1985 оны 10 сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн машины машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 01 дүгээр хороо, Уурхайчид ************ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх *************** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 336 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ялаар сольж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/890 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ял дээр нэмж нэгтгэсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *************г ганцаараа 2022 оны 06 сарын 22-нд Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны *** байрны В1 давхрын автомашины зогсоолд байрлуулсан хохирогч ***********н эзэмшлийн Toyota land cruiser200 маркийн **-** УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд хаалганы шилийг хагалж, тээврийн хэрэгсэл дотор байсан Vooda гэх бичиглэлтэй машины зүлгүүр, цахилгаан өрөм, багаж, хэтэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,386,000 төгрөгийн хохирол учруулсан,
***********тай бүлэглэн 2025 оны 01 сарын 24-ний 11:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн Майхант ********** тоот ***********гийн байшин руу нэвтэрч 40 литрийн бидон, зөөврийн компьютер 2 ширхэг, импакт буюу цахилгаан гар өрмийн ком, эмэгтэй хүний үнэгэн малгай, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,680,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 01 сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын ************ тоот хохирогч ***********ын байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч зэсэн домбо, жижиг сувинер авдар, 20 литрийн 2 ширхэг ширмэн тогоо, эмэгтэй хүний арьсан гутал 2 ширхэг, өвлийн хантааз, гар өрөм, iphone XS загварын гар утас, Iphone-6 загварын гар утас, 41 размерын цэнхэр улаан өнгийн Jordan брендийн пүүз 1 хос, 41 размерын цагаан өнгийн NIKE брендийн пүүз 1 хос, 43 размерын хар өнгийн Sprandi гэх бичигтэй пүүз 1 хос зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,930,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 01 сарын 24-өөс 26-ны өдрийн хооронд Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин багийн Хөтөл хорооллын *************** тоот ***********ын байшингийн цонх болон хаалгыг эвдэж хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт 1 ширхэг, халуун баригч сав 1 ширхэг, кофе чанагч 1 ширхэг, эрэгтэй хүний савхин куртик 1 ширхэг, эрэгтэй хавар намрын арьсан гутал 1 ширхэг, тастагч 1 ширхэг, үхрийн цул мах 20 килограмм, үхрийн сүү 5 литр, сүүн ааруул 5 килограмм, хэвийн боов 20 ширхэг, Хөдөлмөрийн хүндэт медаль 1 ширхэг, Алтан гадас одон 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, сангийн бойлуур 1 ширхэг, ногоон өнгийн цүнх 1 ширхэг, десант ногоон өнгийн цүнх 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,528,000 төгрөгийн хохирол, 120,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *************гийн: Баянзүрх дүүрэгт болсон хэрэгт би хохирогчийн машины хаалгыг эвдээгүй, цонхыг нь хагалж ороод эд зүйлс авсан. Дархан-Уул аймагт болсон хэргүүдийн тухайд би Захын ойролцоо Оогий гэдэг хүнтэй танилцсан. Тэгээд Есүсийн сүмд 4 хоносон. Тэр үед Оогий намайг дуудаад архи уусан. *********** өөрийгөө надад Оогий гэж танилцуулсан. Би өөрөө Дарханыг сайн мэдэхгүй учраас *********** надад замчилж байсан. Эхний хоёр айлаас авсан эд зүйлээ мэдэж байна. Харин 3 дахь айлаас авсан эд зүйлээ сайн санахгүй байна. Би архи уугаад тасарчихсан байсан юм. Хохирол төлбөрийг хоригдож байх хугацаандаа цалингаараа төлөх болно гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 23/,
Хохирогч ***********н: 2022 оны 06 сарын 22-ны шөнө 00:00 цагийн үед үл таних эрэгтэй хүн “танай машины цонхыг хагалсан байна” гэж утсаар ярихаар нь нөхөр бид хоёр харсан. Тэгээд машин доторх эд зүйлээ шалгахад багаажинд байсан хайрцаг дотроос машины цахилгаан зүлгүүрийн машин, цахилгаан өрөм, багажууд байсан нь алга болсон байсан. Мөн урд талын хайрцгаас миний улаан өнгийн хэтэвчийг авсан байсан. Хяналтын камерын бичлэгээс харахад өмнө манай байрнаас унадаг дугуй хулгайлж байсан хүн мөн байна гэж манай харуул хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30/,
Гэрч ************гийн: 2022 оны 06 сарын 20-нд ************* гэх ахтай танилцаад “*******” гэх буудалд өрөө авч архи уусан. Тэгээд архиа уугаад дуустал ************* “хоёулаа манай найзын гэр лүү явж мөнгө олж ирье” гээд Кино үйлдвэрийн автобусны буудлын урагшаа байх хашаа дотроо ганц гэртэй айлд очоод намайг “хүн харж байгаарай, гэрт битгий орж ирээрэй” гэж хэлээд ************* тэр айл руу орсон. Тэгээд гарч ирэхдээ том шар өнгийн цүнх үүрч гарч ирээд “энэ дотор багажууд байгаа, хоёулаа зах дээр очиж заръя” гээд Нарантуул захын хойд талд Мангасын ам гэх газарт очоод худалдаачдад хуванцар, хар болон улаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй 2 хайрцаг багаж, зайгаар ажилладаг 2 ширхэг өрөм, нэг ширхэг тасдагч, гурвалжин хэлбэртэй лазер гэрэл асаад байсан тэгш ус шиг зүйл, 3 ширхэг kenwood гэснэ станц цэнэглэгчийн хамт, бас бус зүйлүүдийг “150,000 төгрөгөөр зарчихлаа” гээд намайг худалдаачдын ордог хаалганы ойролцоо зогсож байхад хүрээд ирсэн. Бид хоёр буудал руугаа эргэж очоод тэндээ хоноод маргааш өглөө нь мөнгөгүй, архи ууя гэж ярилцаад буудлаасаа гарч яваад хар хүрэн өнгийн гарааш луу очоод ************* “би ийшээ орчхоод ирье, чи гадаа хүн харж байгаарай” гээд гарааш луу орсон. Тэгээд гарч ирэхдээ хар өнгийн угсардаг аяны ширээ, сандал нэг ширхэг, ногоон эрээн өнгийн мишок 2 ширхэг, даавуун ууттай багц түлхүүр багаж зэргийг авч ирээд “*********” буудлын урагшаа байх байрны ойролцоо явж байсан эмэгтэйд 50,000 төгрөгөөр зараад “Joy” нэртэй буудалд өрөө авч тэндээ архи уучхаад унтаж байтал ************* ах гаднаас “хүний унадаг дугуй хулгайлсан” гээд нэг ахтай цуг орж ирээд тэндээсээ эрүүлжүүлэхэд хоносон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 07 сарын 08-ны өдрийн дугаартай: 2017 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд орж ирсэн Toyota land cruiser 200 маркийн автомашины хойд талын багаажийн хэсгийн цонх нэг ширхэг 1,550,000 төгрөг, 2017 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд орж ирсэн Toyota land cruiser 200 маркийн автомашины хойд талын багаажийн хэсгийн хаалга нэг ширхэг 2,500,000 төгрөг, Vooda гэх бичиглэлтэй машины зүлгүүр нэг ширхэг 114,000 төгрөг, том өргөн, загасан эмэгтэй хэтэвч нэг ширхэг 108,000 төгрөг, цахилгаан өрөм нэг ширхэг 84,000 төгрөг, багажууд нэг багц 30,000 төгрөг, нийт 4,386,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 39-40/,
“************* нь 170 сантиметр өндөртэй, 70 килограмм жинтэй, эрэгтэй, толгойдоо 4 сантиметр орчим хар үстэй, эрүү, уруулын дээд хэсэгт 1 сантиметр орчим урт сахалтай, зүүн хацар, хамар хэсэгт халцарч шалбарсан гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 83-84/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ***********гийн Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 115, 117/,
“Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн Майхантын ************** тоот байх ба хашаа доторх байшин дотор үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад том өрөөний хойд талын шүүгээний 4 дэх тавцан дээр байсан 2 ширхэг зөөврийн компьютер алдагдсан гэх газрыг гэрэл зургийн аргаар баримтжуулан авав...” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 118-124/,
Хохирогч ***********гийн: 2025 оны 01 сарын 24-ний 11:50 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн Майхант ************ тоот гэртээ иртэл манай хашааны хаалга онгорхой, байшингийн хаалганы цоожийг хөшиж эвдчихсэн байхаар нь дотогш ортол манай гэр эмх замбараагүй болчихсон байсан. Манай гэрээс охин н.ийн 2 ширхэг зөөврийн компьютер, 40 литрийн хөнгөн цагаан бидон, эмэгтэй хүний үнэгэн малгай нэг ширхэг, улаан хар өнгийн хайрцагтай импакт гар өрмийн нэг багц, эмэгтэй хүний мөнгөн бөгж нэг ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Алга болсон зөөврийн компьютерын нэг нь DELL загварын мөнгөлөг саарал өнгөтэй, нөгөө нь HP Probook 640 G4 загварын боронзон өнгөн зөөврийн компьютер байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127/,
Гэрчын: *********** нь миний төрсөн ах. 2025 оны 01 сард цагдаагийн байгууллагаас над руу залгахаар нь очиж уулзсан. Гэтэл танай ах *********** нь ************* гэдэг хүнтэй нийлж айлын гэрээс эд зүйл авсан. Хулгайлсан зүйл нь танай аавын гэрт байж магадгүй гэхээр нь би аавын гэрт Дархан сумын Малчин баг, Хөтөл хороолол, ************** тоотод очиж үзэхэд хашаанд хураасан модны доор 2 ширхэг зөөврийн компьютер байхаар нь цагдаагийн байгууллагад өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129/,
Гэрчийн: 2025 оны 01 сарын 24-нд түүхий эд, хөнгөн цагаан худалдаж авдаг лангуу дээрээ ажлаа хийж байтал 30-40 насны шар өнгийн куртиктэй, өтгөн хар хөмсөгтэй, давхраатай нүдтэй болон 30-40 насны арай жижиг биетэй, хар өнгийн куртик, хар өнгийн малгайтай, давхраагүй нүдтэй хоёр залуу 40 литрийн хөнгөн цагаан бидон дамжилж ирсэн. Тэгээд давхраатай нүдтэй нь “манай бидон байгаа юм, мөнгөний хэрэг гараад та авчхаач” гэхээр нь би бэлэн 32,000 төгрөг өгөөд худалдаж авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131/,
Гэрчын: 2025 оны 01 сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг **** нэртэй сүмд өөрийгөө Батнасан гэж танилцуулсан залуутай танилцаад өглөө нь хамт сүмээс гарсан. Тэгээд Батнасан намайг “ганц юмны мөнгө олно, чи Шинэ Дархан захын хаалга дээр зогсож бай” гээд удалгүй Батнасан Оогий гэх залуутай шуудайтай зүйл үүрч ирээд зах руу ороод захын төв хаалга талаасаа хоёр дахь цайны газарт оруулж тавьсан. Тэгээд дэлгүүрээс 0.5 литрийн Хамаг Монгол гэдэг архи худалдаж аваад Батнасан, Оогий бид 3 тэр архийг хувааж уусан. Сүүлд намайг цагдаа дээр ирэхэд Батнасан гэх залуу нь ************* гэж нэртэй, Оогий гэх залуу нь *********** гэж нэртэй байсан. Надад нэрээ буруу хэлж танилцуулсан байсан... гэх мэдүүлэг /-р хх-ийн 133-134/,
Иргэний нэхэмжлэгчын: 2025 оны 01 сарын 24-нд Буян захын таксины зогсоол дээр зогсож байхад 30-40 насны урт шар куртиктэй, бүлтгэр давхраатай нүдтэй, нүүрэндээ лент наачихсан, эрээн алаг өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй, нөгөөх нь хар өнгийн куртиктэй, хууз сахалтай, жартгар нүдтэй 30-40 насны эрэгтэй хүмүүс ногоон өнгийн шуудайтай зүйл үүрчихсэн “импакт авах уу? минийх байгаа юм, хямдхан зарна” гэхээр нь би 30,000 төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136/,
Сэжигтэн ***********ын: ...2025 оны 01 сарын 24-нд Мария сүмд өөрийгөө Батнасан гэж танилцуулсан залуутай танилцаад бид хоёр миний түүсэн шил, лаазыг тушаагаад мөнгөөр нь архи аваад Батнасан, Отгонцогт бид 3 хувааж уусан. Тэгээд Батнасан бид хоёр түүхий эд авдаг газруудын цаашаа явж байтал Батнасан “нэг эзэнгүй айл байна, хоёулаа орж юм хулгайлах уу” гэхээр нь би “өөрөө мэд” гэж хэлсэн. Батнасан цоожийг эвдэж ороод намайг хүн харж бай гэсэн. Удалгүй Батнасан 40 литрийн бидон барьж гарч ирээд надад өгөөд буцаж ороод гарахдаа 2 ширхэг зөөврийн компьютер, импакт буюу гар өрөм барьчихсан гарч ирээд бид хоёр 40 литрийн бидоныг Буян захын таксины зогсоол талаас эхний түүхий эд авах цэгт 40-50 насны ахад 32,000 төгрөгөөр зарсан. Таксины жолоочид импактаа 30,000 төгрөгөөр зараад тэндээс Золоо гэх эмэгтэйг дуудаад бид 3 манай гэрт очиж архи уусан. Цагдаагийн байгууллагад ирээд Батнасанг ************* гэдгийг мэдсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142/,
“Капитал зууч” ХХК-ийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн: DELL загварын хуучин зөөврийн компьютер нэг ширхэг 1,500,000 төгрөг, HP Probook 640 G4 загварын шинэвтэр зөөврийн компьютер нэг ширхэг 1,700,000 төгрөг, импакт гар өрмийн багц нэг ширхэг 300,000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэсэн гэрийн цоож нэг ширхэг 20,000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бөгж нэг ширхэг 100,000 төгрөг, үнэгэн малгай нэг ширхэг 20,000 төгрөг, 40 литрийн бидон нэг ширхэг 40,000 төгрөг, нийт 3,680,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 146-147/,
Шүүгдэгч *************гийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл 1-р хх-ийн 153-154/,
“Иргэний нэхэмжлэгч *********** нь 2 дугаарт байгаа *************гийн зураг, 5 дугаарт байгаа ***********ын зургийг тус тус зааж надад импакт буюу гар өрөм зарсан хүмүүс мөн байна гэв” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 155-158/,
“Гэрч ********** нь 1 дугаарт байгаа ***********, 4 дугаарт байгаа ************* нар нь надтай өөрсдийгөө Батнасан, Оогий гэж танилцуулсан хүмүүс мөн байна гэв” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 159-162/,
“Гэрч ************ нь 2 дугаарт байгаа *************гийн зураг, 5 дугаарт байгаа ***********ын зургийг тус тус зааж надад 40 литрийн бидон зарсан хүмүүс мөн байна гэв” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 163-166/,
Гэрчаас 40 литрийн хөнгөн цагаан бидон, гэрчаас DELL загварын зөөврийн компьютер нэг ширхэг, HP Probook 640 G4 загварын зөөврийн компьютер нэг ширхэг, иргэний нэхэмжлэгч ***********аас улаан өнгийн тагтай, хар өнгийн хайрцагтай импакт зэргийг тус тус хүлээн авч, хохирогч ***********д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 167-168, 170-173, 175-177/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 208/,
“Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг, Хөтөл хороолол *********** тоотод үзлэг явуулж хэрэгт ач холбогдол бүхий баруун зүүн гутлын мөр, гарын мөр зэрэг илэрснийг тэмдэглэлд тусгав...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 209-213/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 сарын 07-ны дугаартай: Хэргийн газраас бэхжүүлэн авсан 3 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хураан авсан ************* гэх хүний гутлын мөртэй тохирч байна. Хэргийн газраас хураан авсан мөрний урт 30 сантиметр урт хэмжээтэй ул хэсэг зах хэсгээрээ хагас зууван, гол хэсгээрээ зууван хэлбэртэй олон тооны дүрслэлтэй гутлын мөр бөгөөд хэргийн газраас хураан авсан гутлын мөрүүд нь нэг хүний гутлын мөр байна. Уг мөр нь бусад хэргийн газраас авсан гутлын мөрүүдтэй тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 215-219/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 02 сарын 07-ны ТХҮ-925-911470 дугаартай: Зэсэн домбо нэг ширхэг, эмэгтэй арьсан гутал 2 хос, жижиг сувинер авдар нэг ширхэг, шимэн 20 литрийн тогоо хоёр ширхэг, хар өнгийн өвлийн хантааз нэг ширхэг, гар өрөм нэг ширхэг, Iphone XS 64GB гар утас нэг ширхэг, Iphone6 32 GB гар утас нэг ширхэг, 41 размерын цэнхэр улаан өнгийн Jordan пүүз нэг хос, 43 размерын саарал хар өнгийн Sprandi гэх бичиглэлтэй пүүз нэг хос зэрэг эд зүйлс 1,930,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 225-228/,
Сэжигтэн ***********аас цэнхэр улаан өнгийн 41 размерын Jordan пүүз нэг хос, 41 размерын цэнхэр цагаан өнгийн Nike пүүз нэг хос, 43 размерын саарал хар өнгийн Sprandi гэх бичиглэлтэй нэг хос пүүз, улбар шар өнгийн цацруулагчтай хантааз нэг ширхэг, ногоон өнгийн цүнх нэг ширхэг эд зүйлсийг хураан авч хохирогч ***********д хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1-р хх-ийн 233-235/,
Хохирогч ***********ын: Би хөдөө уурхайн ажлаасаа 2025 оны 01 сарын 25-нд ирчхээд байрандаа хоноод өглөө нь Хөтөл хорооллын тоот байшиндаа ирэхэд цонх хагалчихсан, доторх эд зүйлийг талын нэг цацаад хаячихсан байсан. Одоогоор модон хийцтэй төмөр цоожтой авдар, зэс домбо, шинээр аваад өмсөөгүй байсан пүүз, шрүп мастер зэрэг эд зүйлс алдагдсан байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 238/,
...өмнө өгсөн мэдүүлэгтээ гэрээс юу алдсан талаар мэдэхгүй байсан, эхнэр н.ийн хамт алга болсон эд зүйлээ шалгаж үзэхэд зэсэн домбо, эмэгтэй арьсан гутал, сувинер авдар, 20 литрийн ширмэн тогоо хоёр ширхэг, хар өнгийн өвлийн хантааз, гар өрөм, Iphone XS 64GB гар утас нэг ширхэг, Iphone6 32 GB гар утас нэг ширхэг, 41 размерын цэнхэр улаан өнгийн Jordan пүүз нэг хос, цагаан өнгийн Nike пүүз нэг хос, 43 размерын саарал хар өнгийн Sprandi гэх бичиглэлтэй пүүз нэг хос, улбар шар өнгийн цацруулагчтай хантааз, ногоон өнгийн цүнхтэй зэрэг эд зүйлс алга болсон байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9/,
Гэрчгийн: ...2025 оны 01 сарын 24-ний шөнө намайг сэрэх үед ногоон өнгийн цүнхтэй хэнийх нь мэдэхгүй пүүз оруулаад ирсэн байсан. Өглөө нь надад Батнасан /*************/-г нэг айл руу орчхоод ирсэн гэж байсан. Батнасан, Отгонбаатар, түүний аав бид дөрөв архи хувааж уугаад байгаад гадаа тамхи татаад зогсож байхад Батнасан “дахих уу яах уу” гээд байхаар нь би “айл руу орж чадахгүй” гэж хэлээд явсан. Шөнө нь буцаж ирээд Отгонбаатарын гэрт хоноод өглөө нь Батнасан, Отгонбаатар нартай ширмэн тогоо, зөөврийн компьютер зарах гэж явж байгаад цагдаад баригдсан. ************* өөрийн нэрээ Батнасан гэж худлаа хэлж танилцуулсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 243-244, 2-р хх-ийн 68-69/,
Сэжигтэн ***********ын: ...2025 оны 01 сарын 26-ны өглөө сэрэх үед ногоон өнгийн цүнхтэй гутал пүүз, кофе чанагч, халуунаа барьдаг сав, гагнуурын аппарат гээд гурван цүнхтэй эд зүйл гэрт оруулж ирээд тавьсан байсан. Тухайн үед би Батнасанг “хажуу талын айл руу орлоо, наад асуудлаа өөрөө даагаарай гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-247, 2-р хх-ийн 76-77/,
Гэрчийн: ...Манай нөхөр ажлаасаа буугаад Дарханд ирээд Хөтөл хорооллын гэрээ 2025 оны 01 сарын 26-нд очиж шалгахад хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс зэсэн домбо, эмэгтэй арьсан гутал, сувинер авдар, 20 литрийн ширмэн тогоо хоёр ширхэг, хар өнгийн өвлийн хантааз, гар өрөм, Iphone XS 64GB гар утас нэг ширхэг, Iphone6 32 GB гар утас нэг ширхэг, 41 размерын цэнхэр улаан өнгийн Jordan пүүз нэг хос, цагаан өнгийн Nike пүүз нэг хос, 43 размерын саарал хар өнгийн Sprandi гэх бичиглэлтэй пүүз нэг хос, улбар шар өнгийн цацруулагчтай хантааз, ногоон өнгийн цүнхтэй зэрэг эд зүйлс алга болсон байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-12/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 37/,
“Эд зүйлс алдагдсан гэх газар нь Дархан сумын Малчин багийн *********** тоот байв. Үзлэг хийхэд байшингийн зүүн талын цонхны порчик хагарсан байв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 38-46/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 сарын 12-ны дугаартай: Хэргийн газраас бэхжүүлэн авсан нэг ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Хэргийн газраас хураан авсан гутлын мөр нь нэг хүний гутлын мөр байна. Уг мөр нь хэргийн газраас авсан гутлын мөрүүдтэй тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 48-49, 51-52/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн дугаартай: жижиг 32 инчийн зурагт нэг ширхэг, халуун баригч сав нэг ширхэг, кофе чанагч нэг ширхэг, эрэгтэй хүний савхин куртик нэг ширхэг, эрэгтэй хүний хавар намрын арьсан гутал нэг хос, тасдагч нэг ширхэг, үхрийн цул мах 20 килограмм, үхрийн сүү 5 литр, сүүн ааруул 5 килограмм, хэвийн боов 20 ширхэг, хөдөлмөрийн хүндэт медаль нэг ширхэг, алтан гадас одон нэг ширхэг, гагнуурын аппарат нэг ширхэг, сангийн войпор нэг ширхэг, ногоон өнгийн десант цүнх нэг ширхэг, ногоон өнгийн цүнх нэг ширхэг, вакум цонхны 70х40 хэмжээтэй поорчик нэг ширхэг зэрэг эд зүйлс нь 1,648,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 57-60/,
Хохирогч ***********ын: ...өнөөдөр 13:00 цагийн үед залгуур авах гээд Малчин баг Хөтөл хороолол ************ тоот гэртээ ирэхэд вакум цонхны жижиг цонхыг хагалсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрт байсан 32 инчийн Sharp загварын зураг, 7 ширхэг одон медаль, авдар дотор байсан нэхий дээл нэг ширхэг, хавар намрын Viaroma нэртэй савхин куртик нэг ширхэг, бор өнгийн тэмээний ноосон цамц нэг ширхэг, бор шаргал өнгийн хавтсан цүнх нэг ширхэг, гар хийцийн төмөр хутга нэг ширхэг, кофе чанагч нэг ширхэг, хар өнгийн халуунаа барьдаг сав нэг ширхэг, 6 килограмм сүүн ааруул, үхрийн мах 20 килограмм, хонины мах 6 килограмм, аарц 5 килограмм зэрэг зүйлс алдагдсан байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66/,
...манай гэрээс алдагдсан зүйл нь жижиг 32 инчийн зурагт нэг ширхэг, халуун баригч сав нэг ширхэг, кофе чанагч нэг ширхэг, эрэгтэй хүний савхин куртик нэг ширхэг, эрэгтэй хүний хавар намрын арьсан гутал нэг хос, тасдагч нэг ширхэг, үхрийн цул мах 20 килограмм, үхрийн сүү 5 литр, сүүн ааруул 5 килограмм, хэвийн боов 20 ширхэг, хөдөлмөрийн хүндэт медаль нэг ширхэг, алтан гадас одон нэг ширхэг, гагнуурын аппарат нэг ширхэг, сангийн войпор нэг ширхэг, ногоон өнгийн десант цүнх нэг ширхэг, ногоон өнгийн цүнх нэг ширхэг зэрэг эд зүйлс байсан. Өмнөх мэдүүлэгт өгсөн нэхий дээл, тэмээний ноосон цамц, бор шаргал өнгийн хавтсан цүнх, гар хийцийн төмөр хутга зэрэг зүйлсийг гэрт байсныг гэрээ эмхэлж цэгцэлж байхдаа олсон. Кофе чанагч, сангийн войпор, гагнуурын аппарат, халуун баригч сав, ногоон цүнх, десант ногоон өнгийн цүнх зэргийг буцаан авсан гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хх-ийн 89-90/,
Гэрчгийн: ...2025 оны 01 сарын 26-нд 3 эрэгтэй хүн Хөтөл хороолол ороод буцаад төвд бууна гээд миний машинд суусан. Хөтөл хороололд очоод нэг айлын гадна ирээд “түлхүүрээ хаячихсан байна, за за гэрийн хаалгаа эвдчих” гэж хоорондоо ярьж байгаад хоёр нь буугаад гэрийн хаалгаа эвдсэн. Тэр айлын цонхыг хагалсан байхаар нь би хулгай орсон байна гэж бодоод тэр 3 залууд “миний машинаас буучих, би та нараас айж байна” гэхэд тэд “ямар нэгэн асуудалд оруулахгүй” гээд Хөтөл хорооллоос 42 дугаар брак байрны гадна буугаад 6,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71/,
Сэжигтэн ***********аас цэнхэр өнгийн хар залгууртай гагнуурын аппарат нэг ширхэг, хар өнгийн Philips гэсэн бичиглэлтэй кофе чанагч нэг ширхэг, Refale гэсэн бичиглэлтэй халуун баригч сав нэг ширхэг, сангийн войпор нэг ширхэг, ногоон өнгийн цүнх нэг ширхэг, десант эрээн цүнх нэг ширхэг зэргийг хүлээн авч хохирогч ***********т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /2-р хх-ийн 78-81/,
*************, *********** нарт холбогдох эрүүгийн 2206035****** дугаартай хэргээс ***********т холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 163/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ************* нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах В1 дүгээр давхрын автомашины зогсоолд байрлуулсан хохирогч ***********н эзэмшлийн Toyota land cruiser-200 загварын **-** УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд хаалганы шилийг хагалж, тээврийн хэрэгсэл дотор байсан “Vooda” гэх бичиглэлтэй машины зүлгүүр, цахилгаан өрөм, багаж, хэтэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 4,386,000 төгрөгийн хохирлыг, шүүгдэгч ************* нь ***********тай бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхант ************ тоотод байрлах иргэн ***********гийн хүн байнга амьдрах зориулалттай байшин руу нэвтэрч 40 литрийн бидон, зөөврийн компьютер 2 ширхэг, импакт буюу цахилгаан гар өрмийн багц, эмэгтэй хүний үнэгэн малгай, мөнгөн бөгж зэргийг нууцаар хууль бусаар авч 3,680,000 төгрөгийн хохирлыг, мөн ***********тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ нэгдэн 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар баг Хөтөл хорооллын ************ тоот хохирогч ***********ын байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч зэсэн домбо, жижиг сувьнер авдар, 20 литрийн 2 ширхэг ширмэн тогоо, эмэгтэй хүний арьсан гутал 2 ширхэг, өвлийн хантааз, гар өрөм, Iphone XS маркийн 64 GB гар утас, Iphone-6 32 GB багтаамжтай гар утас, 41 размерын цэнхэр улаан өнгийн Jordan брэндийн пүүз 1 хос, 41 размерын цагаан өнгийн Nike брэндийн пүүз 1 хос, 43 размерын саарал, хар өнгийн Sprandi гэх бичигтэй 1 хос пүүз зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,930,000 төгрөгийн хохирлыг, ***********тай бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, Хөтөл хорооллын ********** тоот ***********ын эзэмшлийн байшингийн цонх болон гараашны хаалга зэргийг эвдэж, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт 1 ширхэг, халуун баригч сав 1 ширхэг, кофе чанагч 1 ширхэг, эрэгтэй хүний савхин куртик 1 ширхэг, эрэгтэй арьсан гутал 1 ширхэг, тасдагч 1 ширэг, үхрийн цул мах 20 кг, үхрийн сүү 5 кг, сүүн ааруул 5 кг, хэвийн боов 20 ширхэг, хөдөлмөрийн хүндэт медаль 1 ширхэг, Алтан гадас одон 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, сангийн войпор 1 ширхэг, ногоон өнгийн цүнх 1 ширхэг, десант ногоон цүнх 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1,528,000 төгрөгийн хохирлыг, 120,000 төгрөгийн хор уршгийг тус тус учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалган ажиллагааны явцаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгчийн зүгээс маргаж мэтгэлцэх зүйлгүй гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************* нь 2022 оны 06 сарын 22-нд Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны ******** В1 давхрын автомашины зогсоолд байрлуулсан хохирогч ***********н эзэмшлийн Toyota land cruiser-200 маркийн **-** УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд хаалганы 1,550,000 төгрөгийн үнэ бүхий шилийг хагалж, тээврийн хэрэгсэл дотор байсан 336,000 төгрөгийн үнэ бүхий Vooda гэх бичиглэлтэй машины зүлгүүр, цахилгаан өрөм, багаж, хэтэвч зэргийг авсан,
***********тай бүлэглэн 2025 оны 01 сарын 24-ний 11:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн Майхант *********** тоот ***********гийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж 3,680,000 төгрөгийн үнэ бүхий 40 литрийн бидон, зөөврийн компьютер 2 ширхэг, импакт буюу цахилгаан гар өрмийн багц, эмэгтэй хүний үнэгэн малгай, мөнгөн бөгж зэргийг авсан, бидоныг түүхий эд авах цэгт 32,000 төгрөгөөр, импакт буюу цахилгаан гар өрмийн багцыг ***********д 30,000 төгрөгөө тус тус худалдсан,
2025 оны 01 сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын ************** тоот хохирогч ***********ын байшингийн цонхыг хагалж ороод нийт 1,930,000 төгрөгийн үнэ бүхий зэсэн домбо, жижиг сувинер авдар, 20 литрийн 2 ширхэг ширмэн тогоо, эмэгтэй хүний арьсан гутал 2 ширхэг, өвлийн хантааз, гар өрөм, iphone XS загварын гар утас, Iphone-6 загварын гар утас, 41 размерын цэнхэр улаан өнгийн Jordan брендийн пүүз 1 хос, 41 размерын цагаан өнгийн NIKE брендийн пүүз 1 хос, 43 размерын хар өнгийн Sprandi гэх бичигтэй пүүз 1 хос зэргийг авсан,
2025 оны 01 сарын 24-өөс 26-ны өдрийн хооронд Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин багийн Хөтөл хорооллын *************** тоот ***********ын байшингийн цонх болон хаалгыг эвдэж ороод нийт 1,528,000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн зурагт 1 ширхэг, халуун баригч сав 1 ширхэг, кофе чанагч 1 ширхэг, эрэгтэй хүний савхин куртик 1 ширхэг, эрэгтэй хавар намрын арьсан гутал 1 ширхэг, тастагч 1 ширхэг, үхрийн цул мах 20 килограмм, үхрийн сүү 5 литр, сүүн ааруул 5 килограмм, хэвийн боов 20 ширхэг, Хөдөлмөрийн хүндэт медаль 1 ширхэг, Алтан гадас одон 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, сангийн войпор 1 ширхэг, ногоон өнгийн цүнх 1 ширхэг, десант ногоон өнгийн цүнх 1 ширхэг зэргийг авсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд- аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилжээ.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигч рүү чиглэсэн ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл хийхгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг,
“Бусдын эд хөрөнгийг нууцаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц далд аргаар эд зүйлийг нь авсан үйлдлийг,
“Хууль бусаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг тус тус ойлгоно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *************гийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***********д 4,386,000 төгрөгийн хохирол, хохирогч ***********д 3,680,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч ***********д 30,000 төгрөгийн хохирол, хохирогч ***********д 1,930,000 төгрөгийн хохирол, хохирогч ***********т 1,528,000 төгрөгийн хохирол, 120,000 төгрөгийн хор уршиг тус тус учирсан гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон хохирогч ***********н мэдүүлгээр шүүгдэгч нь Toyota land cruiser-200 маркийн **-** УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд хаалганы шилийг хагалж тээврийн хэрэгсэлд орсноос хаалгыг эвдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул хохирогч ***********д учирсан гэх хохирол болох нийт 4,386,000 төгрөгөөс хаалганы үнэ 2,500,000 төгрөгийг хасаж, хохирогч ***********д 1,886,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Хохирогч ***********д учирсан нийт 3,680,000 төгрөгийн хохирлоос 3,540,000 төгрөгийн эд зүйлийг хохирогчид буцаан олгосон, хохирогч ***********д учирсан нийт 1,930,000 төгрөгийн хохирлоос 290,000 төгрөгийн эд зүйлийг хохирогчид буцаан олгосон, хохирогч ***********т алдсан эд зүйлийн нийт үнэ болох 1,528,000 төгрөгийн хохирол дээр цонхны шил хагалсан төлбөр болох 120,000 төгрөг, нийт 1,648,000 төгрөгийн хохирол учирснаас 368,000 төгрөгийн эд зүйлийг хохирогчид буцаан олгосон болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч *************, сэжигтэн ***********, гэрч нараас хураан эд зүйлийг хохирогч нарт тус тус хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хохирогч ***********д учирсан 1,886,000 төгрөгийн хохирол, хохирогч ***********д учирсан хохирлоос 140,000 төгрөгийн хохирол, хохирогч ***********д учирсан хохирлоос 1,640,000 төгрөгийн хохирол, хохирогч ***********т учирсан хохирлоос 1,280,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч ***********д учирсан 30,000 төгрөгийн хохирол тус тус нөхөн төлөгдөөгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Шүүгдэгч ************* нь 2022 оны 06 сарын 22-нд хохирогч ***********н тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн тул ***********д учирсан 1,886,000 төгрөгийн хохирлыг дангаараа хариуцах бөгөөд хохирогч ***********гийн төлөгдөөгүй 140,000 төгрөгийн, хохирогч ***********ын төлөгдөөгүй 1,640,000 төгрөгийн, хохирогч ***********ын төлөгдөөгүй 1,280,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч ***********д учирсан 30,000 төгрөгийн хохирлыг тус тус ***********тай хамтран буюу хувь тэнцүүлэн хариуцах нь зүйтэй юм.
Иймд шүүгдэгч *************гээс нийт 3,431,000 төгрөг гаргуулж хохирогч ***********д 1,886,000 төгрөгийг, хохирогч ***********д 70,000 төгрөгийг /140,000:2=70,000/, хохирогч ***********д 820,000 төгрөгийг /1,640,000:2=820,000/, хохирогч ***********т 640,000 төгрөгийг /1,280,000:2=640,000/, иргэний нэхэмжлэгч ***********д 15,000 төгрөгийг /30,000:2=15,000/ тус тус олгож, хохирогч ***********н 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ************* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ганцаараа амьдардаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь 2025 оны 01 сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 сарын 05-ны өдрийг хүртэл 128 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************г 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *************д оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************гийн цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *************гээс нийт 3,431,000 /гурван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулж
- хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо , тоотод оршин суух, /РД:, утас: /-д 1,886,000 /нэг сая найман зуун наян зургаан мянга/ төгрөгийг,
- хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг, Майхант тоотод оршин суух, /РД:, утас: /-д 70,000 /далан мянга/ төгрөгийг,
- хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг, Хөтөл хороолол тоотод оршин суух, /РД:, утас: /-д 820,000 /найман зуун хорин мянга/ төгрөгийг,
- хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, тоотод оршин суух /РД:, утас: /-т 640,000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг,
- иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 06 дугаар баг, Тээвэрчид тоотод оршин суух /РД:, утас: /-д 15,000 /арван таван мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч ***********н нэхэмжлэлээс 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР