Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч  Д.Дуламжав, шүүгдэгч Г.Энхбаяр, Б.Есүхэй, шүүгдэгч нарын өмгөөлөгч  М.Мандалбаяр, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Энхбаяр, мөн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Есүхэй нарт холбогдох эрүүгийн 201721000071 дугаартай хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 5 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн  Жаргалант сум, 10-р баг, Тахилт 7-11 тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ялтай, Сутай овогт Ганцоожийн Энхбаяр РД ПЮ97051118.

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант сум, 4-р баг Бугат 4-44 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ялтай, Лха овгийн Баярсайханы Есүхэй РД ПЮ91062811,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Энхбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах "Маргад-Эрдэнэ-Оюу” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж 270 000 төгрөг хулгайлж хохирогч Ж.Баатарсүрэнд 270 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10-27 тоот хашаанд байрлах Б.Бямбажавын гэрт буюу орон байранд нэвтэрч 460 000 төгрөг хулгайлж, хохирогч  Б.Байгаль-Эрдэнэд 460 000 төгрөгний хохирол учруулсан,

давтан үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сум Хайрхан багийн 1-р гудамжны 1 тоот хашааны гадна байрлах “Өглөг” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор 2017 оны 05 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө нэвтрэн бэлэн 650 000 төгрөг хулгайлж, хохирогч Э.Ариунзаяад 650 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

давтан үйлдлээр Ховд аймгийн Жаргалант сум Баатархайрхан багийн 1 дүгээр гудамжны 6 тоот хашаанд байрлах “Энхбуян” хүнсний дэлгүүрт 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэвтрэн бэлэн 460 000 төгрөг хулгайлж, хохирогч Б.Чулуунсүрэнд 460 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сум Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “ГЦЦЭ" байрны гадна талын автомашины зогсоолд байрлуулсан 01-11 УНС улсын дугаартай иргэн Д.Даваадоржийн эзэмшлийн Ланд Крузер-80 маркийн тээврийн хэрэгслээс бэлэн 172 000 төгрөг, Нокиа маркийн хар өнгийн гар утас, парламент тамхи гурван хайрцаг болон контейнерын түлхүүр зэрэг эд зүйл хулгайлж, улмаар хулгайлсан түлхүүрээрээ Ховд аймгийн Жаргалагт сумын Алагтолгой багийн нүтаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дотор байрлах Д.Даваадоржийн эзэмшлийн контейнерыг онгойлгож бэлэн 172 000 төгрөг хулгайлж, хохирогч М.Мөнхтуяад нийт 376 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Яллагдагч Б.Есүхэй нь яллагдагч Г.Энхбаярыг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах “Маргад-Эрдэнэ-Оюу” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж 270 000 төгрөг хулгайлж, хохирогч Ж.Баатарсүрэнд 270 000 төгрөгний буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Энхбаяр болон түүний өмгөөлөгч нар 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан давтан үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн, улсын яллагч ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдаанд яллах дүгнэлтийг ялтай байх хугацаанд гэж техникийн алдаа гаргаснаа засуулах хүсэлт гаргасан тул Г.Энхбаярыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.

Иймд түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн ангийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар баривчлах ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуульд баривчлах ял байхгүй тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар түүнийг ялаас чөлөөлөх үндэстэй.

Шүүгдэгч Г.Энхбаяр нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирлоо бүрэн төлсөн тул түүний эзэмшлийн Г-1617003676 дугаар гэрчилгээтэй 829,4 метр квадрат бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, тэрээр нийт 2 сар 10 хоног цагдан хоригдсон болохыг, мөн  201721000071 дугаартай эрүүгийн хэрэгт 201721000172, 201721000155 дугаартай эрүүгийн хэргүүд нэгтгэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Б.Есүхэй нь Г.Энхбаярыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болохыг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба Б.Есүхэй нь шүүх хуралдаанд тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн ба тус гэмт үйлдэлд нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар  Б.Есүхэйд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна.

Б.Есүхэйд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байгаа болон бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 81-02 ХОҮ улсын дугаартай Приус-11 маркийн машин битүүмжилсэн битүүмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лха овогт Баярсайханы Есүхэйд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Есүхэйг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Сутай овогт Ганцоожийн Энхбаярыг бусдын орон байр, агуулах саванд давтан үйлдлээр нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.Энхбаярын эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.Энхбаярыг 5 сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлсүгэй.   

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, Б.Есүхэй 14 хоног, Г.Энхбаяр 2 сар 10 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.   

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Есүхэйгийн эзэмшлийн 81-02 ХОҮ улсын дугаартай Приус-11 маркийн машин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, Г.Энхбаярын Г-1617003676 дугаар гэрчилгээтэй 829.4 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг  тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Г.Энхбаярын бор өнгийн Men bence гэсэн бичигтэй нэг ширхэг түрийвч, түүний 2 хувь цээж зураг, Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн дэвсгэрт буюу 1 доллар, иргэний үнэмлэхний лавлагаа, хар өнгийн 1 хос гутал зэрэг зүйлийг шүүгдэгч Г.Энхбаярт буцаан олгосугай.

8. Шүүгдэгч Г.Энхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн 201721000071 дугаартай хэрэгт эрүүгийн 201721000172, 201721000155 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            П.БАЯСГАЛАН